| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2020/0696/Э |
| Дугаар | 713 |
| Огноо | 2020-07-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 713
2020 7 29 2020/ШЦТ/713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,
улсын яллагч Н.Уранбайгаль,
шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Олгонууд овогт Г-гийн Аэд холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 58 настай, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, “___ дугаарын регистртэй, Олгонууд овогт Г-гийн А.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г-гийн А нь 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цаг 40 минутын үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын 22 дугаар зөрлөг буюу 683 дугаар километрийн 7 дугаар зуутад байрлах гарам дээр Тоёота Ланд Круйзер 200 маркийн 08-22 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 17.1-д заасан “Жолооч төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг зүтгүүрийг урьдчилан өнгөрүүлнэ”, 17.2-т заасан “Төмөр замын гарамд ойртон ирсэн жолооч хурдаа хасах ба зайлшгүй тохиолдолд гарамын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гарамын жижүүрийн заалтыг удирдлага болгон”, 17.3-т заасан “Төмөр замын гарамын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсхүл дуут дохио (хонх) ажиллаж байхад, түүнчлэн гарамын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно”, 17.4-т заасан “Үзэгдэх хүрээнд галт тэрэг ойртон ирж байвал гарамын жижүүр, хаалт, гэрэл буюу дуут дохио ажиллаж байгаа эсэхээс үл хамааран гарам руу орохыг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ТЭМ2-1257 дугаартай илчит тэрэгтэй мөргөлдсөний улмаас, Тоёота Ланд Круйзер – 200 маркийн 08-22 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Б.Т /4 настай, эрэгтэй/-гийн эрүүл мэнд хүнд хоирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ:
“...Өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас болж гаргасан энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Аийн өгсөн:
“...2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн үдээс хойш Б, Т хоёрыг хүргэж өгөх гээд би өөрийнхөө 08-22 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ажил дээрээс гарсан. Тэгээд л осолд орчихсон. Осол болох үед автомашинаа би өөрөө жолоодож явсан.
Ослын үеэр Б-ын биед толгой доргисон гэмтэл байсан болохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн, харин түүний хүү Тгийн тархинд цусан хураа үүсэж, зулайн ясны хугарал гэсэн гэмтлүүд оношлогдсон бөгөөд хүүгийн эмчилгээний зардалд 7,320,000 төгрөг зарцуулсан. Буруу үйлдэл гаргаснаа ухамсарлаж байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-н 58-60/,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Т-ын өгсөн:
“...Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн эзэмшилд байдаг ТЭМ-2-1257 дугаартай илчит тэргэнд мал хамагч цохигдож цөмөрсөн, мал хамагчний суурийн бэхэлгээ боолтууд хугарсан, тоормозны гол хоолойн турба цохигдож муруйсан, урд буферний гэрлийн 2 ширхэг шил хагарсан, урд буферний тар цохигдож гажсан, авто угсрааны татуургын гинж тасарсан, сойгч муруйсан, туслах талын шат муруйсан гэмтлүүд учирсан байсан бөгөөд эдгээр гэмтлүүдийг засварлаж хэвийн ажиллагаанд оруулахад нийтдээ 6,073,679 төгрөг болж байгаа юм. Үүнээс гадна ослын улмаас галт тэрэгний өөрийнх нь сул зогссоны төлбөр нь 187,860 төгрөг, мөн тухайн замаар аялал хийх байсан бусад галт тэрэгнүүдийн сул зогсолтын төлбөр нь 1,168,965 төгрөг болж байгаа юм. Ингээд нийтдээ 7,430,504 төгрөгийн зардал гарсан учраас энэ хохирол нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 51-52/,
Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бын өгсөн:
“...Би хүү Ттэй хамт Аийн ажил дээр 2 хоногийн өмнө очсон байсан. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өглөө 11 цагийн орчим Аийн 08-22 УНВ дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгслээр явахаар болсон. Би машиных нь урд талын суудал дээр хүү Ттэйгээ хамт суугаад А жолоо бариад явсан. ...Гарам руу ойртон очихдоо А бид хоёр хоорондоо юм яриад л хөгжим сонсоод явж байсан. Гарам руу яг орж байхад галт тэрэг ирж байгаа нь харагдсан, тэгээд л юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд л машин дотроос таТ-аад ухаан орсон.
Ослын улмаас миний хүү Тгийн гавлын яс цөмөрсөн учраас толгойд нь хагалгаа хийлгэсэн. Одоогоор биеийн байдал нь дээрдсэн. Алхаж гишгээд юм яриад хэвийн байгаа. Миний зүгээс гомдол санал байхгүй. Миний биед гэмтэл гээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 57-58/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.О-ын өгсөн:
“...2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 11 цаг өнгөрч байхад 43661 дүгээр галт тэрэг ТМ-1257 илчит тэрэгтэй Шивээговь сумын чиглэлийн гол замаар шууд явах захирамж авсан. Тэгээд анхааруулах, оруулах, гаргах дохионууд ногоон гэрэл ассан байсан. Уг дохио нь шууд явсан гэсэн захирамж дохио байгаа юм.
...Тэгээд зөвшөөрсөн гарах дохио өнгөрөх үед Шивээговь сумын 2-р баг 2-р зөрлөгийн төмөр замын гарамд ойртох үед багцаагаар 100 метрийн наана явж байх үед хар өнгийн автомашин баруун гар талаас орж ирсэн. Тэгэхээр нь жолоодлогын бариулыг 0 байдалд тавьж, дуун дохио өгч яаралтай тормоз гишгэсэн. Тэгээд л машин урдуур орчихсон. Хүүхдийн нүүр хэсэгт цус болсон харагдаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 85-87/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Г-гийн өгсөн:
“...Би машинч О- ахын хамт 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өглөө Сайншандаас 05 цагийн орчимд 0461-р галт тэрэгтэй ТМ-2-1257 илчит тэрэгтэй Говьсүмбэр аймаг Шивээ-Овоо зөрлөг орохоор гарсан. 11 цаг өнгөрч байхад Шивээговь сумын 22-р зөрлөг дээр ирэхэд Шивээговь сумын өртөөний жижүүрээс гол замаар шууд явах захирамж өгсөн ба анхааруулах, оруулах, гаргах дохио ногоон гэрэл асч байсан учир бид хоёр зогсолт хийлгүй шууд явсан.
...Манай машинч бүдүүн сигнал нилээд удаан өгсөн. Тэгээд яаралтай тормоз хийсэн. Тэгээд би өөрийнхөө талыг хартал төмөр замын гарам хар өнгийн машин мөргүүлээд унаж байгааг харсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 88-90/,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.П-ын өгсөн:
“...Би 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цагийн орчим Шивээ овоо уурхайгаас гэр лүүгээ эхнэртээ эм тариа дөхүүлж өгөх гээд явж байсан юм. Тэгэхэд төмөр замын гарам руу ойртож явахад зүүнээсээ баруун зүгт хар өнгийн автомашин гармаар гарах гэж байгаад галт тэргэнд мөргүүлсэн. Намайг машин дээр очиход машины дэргэд нэг эрэгтэй хүн ухаангүй хэвтэж байсан. Машины гадна нэг жаахан хүүхэд уйлаад алхаж байсан. Машины зүүн талаас нэг эмэгтэй татаж гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 91-92/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4692 тоот:
1. Б.Тгийн биед зүүн зулайн ясны ар хэсгээс урагш титэм заадас дайран баруун дух яс руу үргэлжилсэн хугарал, дух ясны цөмөрсөн хугарал, дух, зулайн орой, зүүн зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-н 126-128/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн 2295 тоот:
1. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Landcruiser-200 маркийн, 0822 УНВ улсын дугаартай, JTMHU01J5141762 тоот арлын дугаартай автомашины тоормоны ABS системийн эд ангиуд бүрэн, ил харагдах эвдрэл гэмтэлгүй байна.
2. Урд хоёр тоормосны тэлэгч ажиллаж байна. Асаалтын түлхүүр ирүүлээгүй тул тоормосны системийн бүрэн ажиллагааг шалгах боломжгүй. Зориулалтын багажгүй тул тоормосны хүч, идэвхижилтийг шалгах боломжгүй.
3. Уг автомашинд бүхээг, урд, хойд салхины шил, зүүн талын шилнүүд, 4 далбаа, зүүн талын хойр хаалга, доторлогоо, тээшний хаалга, баруун урд хаалга, дээвэр, дээврийн доторлогоо, зүүн талын урд, хойд, голын багана, урд, арын басбай, зүүн их гэрэл, арын гэрлүүд, зүүн урд дохионы гэрэл, баруун, зүүн талын гадна толь, голын толь, жолооч, зорчигчийн аюулгүйн хийн дэрүүд, жолоочийн болон арын зүүн талын суудал, хөгжим, зай хураагуур, зүүн хойд хаймар дугуй, обуд, хойд тэнхлэгийн хөндлөн татуурга, урд нүүр, никель эмжээр, капот, банкны таг зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй байна гэх дүгнэлт /1-р хх-н 164-190/,
Тээврийн цагдаагийн алба цагдаагийн газар техникийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 15 тоот:
1. Тоёота Ланд круйзер маркийн 08-22 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван долоо. “Төмөр замын гарам нэвтрэх”, “17.1 Жолооч төмөр замын зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг (зүтгүүр)-ийг урьдчилан өнгөрүүлнэ.”, “17.2. Төмөр замын гарамд ойртон ирсэн жолооч хурдаа хасах ба зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно.”, “17.3. Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсхүл дуут дохио (хонх) ажиллаж байхад, түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно.” “17.4. Үзэгдэх хүрээнд галт тэрэг ойртон ирж байвал гармын жижүүр, хаалт, гэрэл буюу дуут дохио ажиллаж байгаа эсэхээс үл хамааран гарам руу орохыг хориглоно.” гэх заалтуудыг зөрчсөнөөс болж уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт /1-р хх-н 204/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 11-18/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 37-42/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 94-99/,
- Насанд хүрээгүй хохирогч Б.Тгийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-н 130-140/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:
- иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 218/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 219/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Г.А нь 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цаг 40 минутын үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын 22 дугаар зөрлөг буюу 683 дугаар километрийн 7 дугаар зуутад байрлах гарам дээр Тоёота Ланд Круйзер 200 маркийн 08-22 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 17.1-д заасан “Жолооч төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг зүтгүүрийг урьдчилан өнгөрүүлнэ”, 17.2-т заасан “Төмөр замын гарамд ойртон ирсэн жолооч хурдаа хасах ба зайлшгүй тохиолдолд гарамын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гарамын жижүүрийн заалтыг удирдлага болгон”, 17.3-т заасан “Төмөр замын гарамын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсхүл дуут дохио (хонх) ажиллаж байхад, түүнчлэн гарамын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно”, 17.4-т заасан “Үзэгдэх хүрээнд галт тэрэг ойртон ирж байвал гарамын жижүүр, хаалт, гэрэл буюу дуут дохио ажиллаж байгаа эсэхээс үл хамааран гарам руу орохыг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ТЭМ2-1257 дугаартай илчит тэрэгтэй мөргөлдсөний улмаас, Тоёота Ланд Круйзер – 200 маркийн 08-22 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Б.Т /4 настай, эрэгтэй/-гийн эрүүл мэнд хүнд хоирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Г.Аийн “...2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн үдээс хойш Б, Т хоёрыг хүргэж өгөх гээд би өөрийнхөө 08-22 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ажил дээрээс гарсан. Тэгээд л осолд орчихсон...” гэх мэдүүлэг,
хохирогч Б.Т-ын “...Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн эзэмшилд байдаг ТЭМ-2-1257 дугаартай илчит тэргэнд мал хамагч цохигдож цөмөрсөн, мал хамагчний суурийн бэхэлгээ боолтууд хугарсан, тоормозны гол хоолойн турба цохигдож муруйсан, урд буферний гэрлийн 2 ширхэг шил хагарсан, урд буферний тар цохигдож гажсан, авто угсрааны татуургын гинж тасарсан, сойгч муруйсан, туслах талын шат муруйсан гэмтлүүд учирсан байсан...” гэх мэдүүлэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бын “...гарам руу ойртон очихдоо А бид хоёр хоорондоо юм яриад л хөгжим сонсоод явж байсан. Гарам руу яг орж байхад галт тэрэг ирж байгаа нь харагдсан, тэгээд л юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд л машин дотроос таТ-аад ухаан орсон.
Ослын улмаас миний хүү Тгийн гавлын яс цөмөрсөн учраас толгойд нь хагалгаа хийлгэсэн...” гэх мэдүүлэг,
гэрч Б.О-ын “...зөвшөөрсөн гарах дохио өнгөрөх үед Шивээговь сумын 2-р баг 2-р зөрлөгийн төмөр замын гарамд ойртох үед багцаагаар 100 метрийн наана явж байх үед хар өнгийн автомашин баруун гар талаас орж ирсэн. Тэгэхээр нь жолоодлогын бариулыг 0 байдалд тавьж, дуун дохио өгч яаралтай тормоз гишгэсэн. Тэгээд л машин урдуур орчихсон. Хүүхдийн нүүр хэсэгт цус болсон харагдаж байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Г-гийн “...Манай машинч бүдүүн сигнал нилээд удаан өгсөн. Тэгээд яаралтай тормоз хийсэн. Тэгээд би өөрийнхөө талыг хартал төмөр замын гарам хар өнгийн машин мөргүүлээд унаж байгааг харсан...” гэх мэдүүлэг,
гэрч Ц.П-ын “...Би 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цагийн орчим Шивээ овоо уурхайгаас гэр лүүгээ эхнэртээ эм тариа дөхүүлж өгөх гээд явж байсан юм. Тэгэхэд төмөр замын гарам руу ойртож явахад зүүнээсээ баруун зүгт хар өнгийн автомашин гармаар гарах гэж байгаад галт тэргэнд мөргүүлсэн. Намайг машин дээр очиход машины дэргэд нэг эрэгтэй хүн ухаангүй хэвтэж байсан. Машины гадна нэг жаахан хүүхэд уйлаад алхаж байсан. Машины зүүн талаас нэг эмэгтэй татаж гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 91-92/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4692 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн 2295 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн алба цагдаагийн газар техникийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 15 тоот дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Насанд хүрээгүй хохирогч Б.Тгийн өвчний түүхийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Г.Аэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Аийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар
Хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Тгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Б.Тгийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-аас “...хохирол бүрэн төлж барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт 2 дугаар хавтаст хэргийн 87 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Аэд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Г.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Аийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Олгонууд овогт Г-гийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Аийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ