Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 1144/2019/0010/З |
Дугаар | 221/МА2022/0139 |
Огноо | 2022-02-18 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2022/0139
Б.Б нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Д, Б.Ц, И.Л нар
Нэхэмжлэгч: Ж.О нарын нэр бүхий 66 иргэн
Хариуцагч: Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Гуравдагч этгээд: Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоол, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолын Хар бэлчирийн хөндийн 25 га газар, 8 дугаар бригадын 13 га газруудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, И.Д, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.С, хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Т.Г хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа
Хэргийн индекс: 114/2019/0010/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нараас “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоол, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолын Хар бэлчирийн хөндийн 25 га газар, 8 дугаар бригадын 13 га газруудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /е/, /з/, Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч нарын Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоол, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолын Хар бэлчрийн хөндийн 25 га газар, 8 дугаар бригадын 13 га газруудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг бүхэлдээ хангаагүй.
3.2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд:
3.2.1. Анх шүүхэд нэр бүхий 66 иргэн нэхэмжлэл гаргасан бөгөөд эдгээр иргэд нь амьдралын нөхцөл боломжоос шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй байсан тул нэр бүхий 4 иргэнд шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон байдаг. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан тул итгэмжлэл олгосон нэхэмжлэгч иргэдийн эрх зүйн байдлыг тодруулах зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 30 иргэнээс шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг дахин авсан байдаг. Үлдэх 36 иргэнээс тодорхой шалтгааны улмаас /хөдөө малчин иргэд тул холбоо барьж уулзахад бэрхшээлтэй/ итгэмжлэлийг дахин хийлгүүлж амжаагүй байдаг. Иймд итгэмжлэл дахин олгоогүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч гэх статусаас оролцож байгаа эдгээр нэр бүхий 30 иргэний Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрх үүргийг хязгаарлаж тэдэнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн эсэх, хэргийн материал танилцуулсан эсэх нь тодорхойгүйгээр шүүх хуралдаан явуулж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
3.2.2. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шат эхлэхээс өмнө хариуцагч талаас шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нотлох баримттай танилцах хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс удаа дараа тавьсан боловч тус нотлох баримтыг танилцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.
3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.4 дэх хэсэгт зааснаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдлыг нотлох баримтыг өөрөө цуглуулах үүрэгтэй, хэргийн оролцогч шүүхээс нотлох баримт баримт цуглуулахыг шаардах эрхтэй буюу захиргааны хэргийн шүүхийн онцлох зарчим болох мөрдөн шалгах зарчмаа хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
3.3.1. Тус хэрэг нь хамгийн сүүлд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 117 дугаар магадлалаар анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаагдсан бөгөөд магадлалд дурдагдсанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх зөрчиж ач холбогдолтой нотлох баримтыг шүүх бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагын маргасан үндэслэлд дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгч иргэдийн нэхэмжлэлд дурдагдсан газрын зарим байршилт газрын давхцал газрыг ор тас орхигдуулсан байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч 66 иргэн тус бүрийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж, нэр бүхий иргэдийн хэн нь өвөлжөө, хаваржааны газар давхацсан гэх үндэслэлээр, хэн нь тариалангийн талбайд шилжүүлсэн газрын хилийн цэсээс ойролцоо өвөлжөө, хаваржаатай болох, нэхэмжлэгч нарын ямар эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа болох, нэхэмжлэгч нар хэн нь нэхэмжлэлээ дэмжиж байгаа хэн нь татгалзаж байгаа зэрэг тэдний эрх зүйн байдлыг тодруулах, нотлох баримтыг цуглуулах, Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт зөрчигдсөн эсэхийг, нэр бүхий хэн гэх иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байгааг тогтоох нь захиргааны хэргийн шүүхийн эрхэм зорилго үндсэн чиг үүрэгт нийцнэ гэж дүгнээд эдгээр ажиллагааг явуулсны үндсэн дээр хэргийг дахин шийдвэрлэх тухай дүгнэлтийг хийсэн атал өнөөдрийг хүртэл дээрх ажиллагаа бүрэн дүүрэн явагдаагүй тус анхан шатны шүүх хуулиар хүлээсэн нотлох үүргээ буюу мөрдөн шалгах зарчмаа хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
3.3.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоолоор шинжээч томилсон боловч тус шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасан шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой хийх гэсэн хуулийн шаардлага хангаагүй, байх тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус гэх үндэслэлээр нэмэлт шинжилгээг хийлгүүлэх хүсэлтийг гаргасан боловч шүүх тус хүсэлтийг хүлээн аваагүй нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарахгүйгээр нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч талаас шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч өөрсдөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор мэргэжлийн хэмжилтийн байгууллагаар маргаан бүхий газар дээр хэмжилт хийлгэж 776 га буюу нэг хэсэг байрлалтай газар дээр 9 цэг дээр давхцал болон Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт зөрчигдөж байгааг харуулсан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд тус баримтад тулгуурлан шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж буйгаа илэрхийлж хуулийн дагуу хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээж авахаас татгалзсан нь буруу юм.
3.3.3. Тус анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 113 дугаартай “Даалгавар гүйцэтгүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамж гаргасан. Нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн зүгээс 113 дугаар захирамжаар хийлгүүлэхээр заасан ажиллагаанд бус тус ажиллагааг хийлгүүлэх томилсон шүүхийг нь эс зөвшөөрч гомдол гаргасны үндсэн дээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 445 дугаар тогтоолоор 113 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хэдий тийм боловч анхан шатны шүүх даалгавраар хийлгүүлэхээр төлөвлөсөн 9 төрлийн ажиллагаанаас тус захирамж хүчингүй болсноос хойш нэг ч төлийн ажиллагааг хийгээгүй байгаа нь шүүх нотлох үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно. Тиймээс дээрх 9 төрлийн ажиллагааг газар дээр нь үзлэг хийх замаар нэхэмжлэгч нартай нэг бүрчлэн уулзаж тодруулах ажиллагааг явуулах шаардлагатай нотлох баримтыг үзлэг хийх замаар бүрдүүлэх шаардлагатай хэмээн хүсэлт гаргасан боловч мөн хүсэлтийг хүлээж аваагүй нь шүүх хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх, цуглуулах, улмаар мөрдөн шалгах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
4. Анхан шатны шүүх “итгэмжлэл дахин олгоогүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч гэх статусаас оролцож байгаа нэр бүхий 30 иргэний Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрх үүргийг хязгаарласан” гэх гомдлын шаардлагын тухайд,
4.1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 69 дүгээр захирамжаар Ж.О, Б.Ц, И.Д, Н.Л, Л.Т нарын нэхэмжлэлээр Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байх боловч тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 167 дугаар захирамжаар дээрх шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтаас Л.Тамирхүү гэснийг хасч, “Б.Б, Б.Баттүвшин, А.Оюунцэцэг, Ё.Сүхбат, Я.Сарангэрэл, Ш.Бааст, Т.Өлзийбаяр, Х.Гантөгс, Г.Долгорсүрэн, Г.Гантөмөр, Г.Бадамцэцэг, Б.Сүрэнжав, Ч.Энхтуяа, Ц.Найдан, С.Цэрэнхүү нарын 15 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, Т.Чимэгсайхан, Ц.Зоригтбаатар, Ц.Дарьсүрэн, Д.Амарзаяа, Ц.Дамдинсүрэн, М.Туяа, Б.Нямаа, Ц.Алтангэрэл, Я.Отгонбаяр, М.Мөнхзул, Б.Лхагважав, Л.Сангийндалай, С.Галбаатар, Г.Анхцэцэг, Б.Отгонбаяр, Г.Анхбат, Д.Отгончимэг, Б.Отгонтамир, Б.Нарантуяа, Ц.Энхжаргал, Б.Гансүх, Г.Эрдэмсайхан, Т.Баатаржав, Б.Алтанзул, Г.Цогтсайхан, Б.Бүрэнхишиг, П.Ганболд, Х.Халтар, С.Наранцэцэг, Г.Гантулга, Б.Цэрэндолгор, Г.Билэгдэмбэрэл, Ж.Ванчинсүрэн, А.Оюунтуул, Н.Цэнд-Очир, Э.Өлзийхишиг, Х.Зоригоо нарын 37 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогзолмаа, И.Даваасүрэн, Л.Тамирхүү, Д.Баасандорж, Ш.Мишигдорж, Ш.Баяраа, Б.Рабигаа, Ш.Шагдарсүрэн, В.Алтанцэцэг, М.Давааний, Б.Энхбайгаль, Л.Мөнхцэцэг нарын 10 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвасүрэн нарын нэхэмжлэлээр” гэж өөрчлөлт оруулжээ.
4.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Ж.Од Д.Баатар, Б.Баттүвшин, А.Оюунцэцэг, Ё.Сүхбат, Я.Сарангэрэл, Ш.Бааст, Т.Өлзийбаяр, Х.Гантөгс, Г.Долгорсүрэн, Г.Гантөмөр, Г.Бадамцэцэг, Б.Сүрэнжав, Ч.Энхтуяа, Ц.Найдан, С.Цэрэнхүү нараас, Н.Лхагвасүрэнд И.Даваасүрэн, Л.Тамирхүү, Д.Баасандорж, Ш.Мишигдорж, Ш.Баяраа, Б.Рабигаа, Ш.Шагдарсүрэн, В.Алтанцэцэг, М.Давааний, Б.Энхбайгаль, Л.Мөнхцэцэг нараас, Б.Цогзолмаа, И.Даваасүрэн нарт Т.Чимэгсайхан, Ц.Зоригтбаатар, Ч.Дарьсүрэн, Д.Амарзаяа, Ц.Дамдинсүрэн, М.Туяа, Б.Нямаа, Ц.Алтангэрэл, Я.Отгонбаяр, М.Мөнхзул, Б.Лхагважав, Л.Сангийндалай, С.Галбаатар, Г.Анхцэцэг, Б.Отгонбаяр, Г.Анхбат, Д.Отгончимэг, Б.Отгонтамир, Б.Нарантуяа, Ц.Энхжаргал, Б.Гансүх, Г.Эрдэмсайхан, Т.Баатаржав, Б.Алтанзул, Г.Цогтсайхан, Б.Бүрэнхишиг, П.Ганболд, Х.Халтар, С.Наранцэцэг, Г.Гантулга, Б.Цэрэндолгор, Г.Билэгдэмбэрэл, Ж.Ванчинсүрэн, А.Оюунтуул, Н.Цэнд-Очир, Э.Өлзийхишиг, Х.Зоригоо нараас тус тус 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон боловч 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс буюу итгэмжлэлийн хугацаа дууссанаас хойш 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Т.Чимэгсайхан, Ц.Дамдинсүрэн, Х.Зоригоо, Ч.Энхтуяа, Ц.Энхжаргал, Б.Цэрэндолгор, Д.Баатар, М.Мөнхзул, Д.Отгончимэг, Г.Анхбат, Я.Отгонбаяр, Б.Алтанзул, Ч.Дарьсүрэн, Ц.Зоригтбаатар, Г.Эрдэмсайхан, Г.Бадамцэцэг нараас нэхэмжлэгч Б.Цогзолмаад, Ш.Бааст, Я.Сарангэрэл, Л.Сангийндалай, Ё.Сүхбат, Ц.Алтангэрэл, Б.Нямаа нараас нэхэмжлэгч Ж.Од, Б.Отгонтамир, Б.Сүрэнжав, Г.Гантөмөр, Б.Отгонбаяр, Б.Баттүвшин, Б.Нарантуяа, Н.Цэнд-Очир нараас нэхэмжлэгч Н.Лхагвасүрэнд, Б.Бүрэнхишиг, П.Ганболд, Г.Цогтсайхан, М.Туяа, Б.Лхагважав нараас нэхэмжлэгч И.Даваасүрэнд тус тус итгэмжлэл олгосон байна.
4.3. Нийт 66 иргэн маргаан бүхий тогтоолуудын улмаас эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан атлаа итгэмжлэлийн хугацаа дууссан нэхэмжлэгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээ эдлээгүйд шүүхийг буруутгах боломжгүй.
4.4. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрхийг хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т “Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд хэргийн оролцогчдын хэн аль нь шүүх хуралдааны товыг өөрийн санаачлагаар шүүхээс лавлах үүрэгтэй байхаас гадна давж заалдах гомдолд дурдаад буй нэхэмжлэгч нарын эрхийг эдлүүлээгүй гэх үндэслэлийг нотлох холбогдох баримт хэрэгт байхгүй, тэдгээрээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор ямарваа нэг хүсэлт гаргаж байсан нь тогтоогдохгүй энэ тохиолдолд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хэргийн материалтай танилцуулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.
5. Хариуцагч талаас шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нотлох баримттай танилцах хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс удаа дараа тавьсан боловч тус нотлох баримтыг танилцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлын тухайд,
5.1 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар цахимаар оролцсон байх бөгөөд бусад нэхэмжлэгч нарын хувьд шүүх хуралдаанд биечлэн оролцсон болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна.
5.2. Энэхүү шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс 47 хуудас, хариуцагчаас 2 хуудас баримтыг шинээр гаргаж өгсөн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өгсөн 2 хуудас нотлох баримтыг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тус тус танилцуулсан, түүнээс гадна шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах үед уг баримтыг шинжлэн судалсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаагаас үзвэл давж заалдах гомдолд дурдаж буй нотлох баримтыг танилцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн журмын зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.
5.3 Түүнчлэн, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Содболд анхан шатны шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлт гаргаж, уг хүсэлтийн дагуу түүнийг цахимаар шүүх хуралдаанд холбож оролцуулсан боловч шүүх хуралдаан эхлэх үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас өгсөн 2 хуудас баримттай танилцах шаардлагатай гэх агуулгаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдаан үргэлжилж байх шатанд цахим холболтоо тасалсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
6. Анхан шатны шүүх хуулиар хүлээсэн нотлох үүргээ буюу мөрдөн шалгах зарчмаа хэрэгжүүлээгүй гэх гомдлын тухайд,
6.1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 113 дугаар захирамжаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, нэхэмжлэгч иргэдээс тайлбар авч, асуултыг тодруулахыг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд даалгасан боловч уг шүүгчийн захирамжид нэхэмжлэгч талаас гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 445 дугаар тогтоолоор “Шүүгчийн захирамжид дурдсан даалгаварууд нь бүхэлдээ нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах, тэдний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл, зөрчигдөж болзошгүй, ямар эрхээ, хэрхэн сэргээлгэх, нөхөрлөлүүд нь хуулийн этгээдийн хувиар эсхүл, гишүүдийн хувиар нэхэмжлэл гаргасан эсэх, нэхэмжлэгч нарын хэнийх нь өвөлжөөний болон хаваржааны газартай ойн сан бүхий газар болон маргаан бүхий актуудад заасан газар аль хэсгээрээ давхцаж байгаа, хэн нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, нэхэмжлэгч нарын итгэмжлэлийг тодруулах зэрэг агуулгатай байна. ...Эдгээр нөхцөл байдлыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасны дагуу нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргийг нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид хугацаатай албан бичиг явуулж шаардах, нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нартай онлайн урьдчилсан хэлэлцүүлэг хийх, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчтэй тэдний зүгээс гаргаж өгөх нотлох баримт, итгэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлыг хэрхэн шуурхай шийдвэрлэх арга замыг урьдчилан хэлэлцэх, мөн газрын давхцал, өвөлжөө, хаваржаа, ойн сан бүхий газрын талаар орон нутгийн газар зохион байгуулалтын асуудал хариуцсан, геодези зураг зүй, байгаль орчны асуудал хариуцсан захиргааны байгууллагуудаас албан бичиг явуулж тодруулах, агаар, сансрын зураг зэргийг гаргуулах байдлаар хангуулах боломжтой байгааг дурдах нь зүйтэй” гэж дүгнэн захирамжийг хүчингүй болгосон байна.
6.2. Энэхүү тогтоолын дагуу анхан шатны шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлэг товлосон боловч нэхэмжлэгч талаас урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нөгөө талаар шүүхээс шинжээч томилж, холбогдох баримтуудыг цуглуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх энэ тохиолдолд шүүх нотлох зарчмаа хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй.
7. Нэхэмжлэгчийн зүгээс нэмэлт шинжилгээ хийлгүүлэх хүсэлтийг гаргасан боловч шүүх тус хүсэлтийг хүлээн аваагүй нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаараагүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх гомдлын тухайд,
7.1. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 174 дүгээр захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. Уг захирамжийн дагуу Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар Газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бүрэн-Эрдэнэ, Захиргаа хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Дүүрэнжаргал нарыг шинжээчээр томилжээ.
7.2. Улмаар 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “дүгнэлтийг үндэслэл бүхий болоогүй, шинжээчээс тодруулахыг хүссэн асуудал тодорхойгүй, бүрэн бус ойлгомжгүй” гэх үндэслэлээр дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргажээ.
7.3. Ийнхүү анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар захирамжаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дахин шинжээчийн дүгнэлт гарсан байна.
7.4 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд хоёр дахь шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч хэргийн оролцогчдоос дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул “шинжилгээ хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй” гэх гомдол үндэслэлгүй.
7.5. Дээрхээс дүгнэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдлын үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулаагүй гэж үзэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ