Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 17

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Балжмаа даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч С.Төмөрбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:  иргэн Б.Б-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох

            Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/286 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/92 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Д-, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Г.Л-, иргэдийн төлөөлөгч Н.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хэнтий аймгийн Засаг даргын 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 92 тоот захирамжийн дагуу Хэрлэн сумын 5 дугаар багт 6000 м2 газрыг эзэмшихээр болсон. Тэгээд газрын гэрчилгээгээ авах гэж хөөцөлдөж явсаар авч чадаагүй байсан. Гэтэл аймгийн Засаг дарга 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг минь хүчингүй болгосон байсан. Энэ тухай би 2014 оны 4 дүгээр сард мэдээд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарт өргөдөл гаргасан. Аймгийн Засаг дарга асуудлыг шийдэж өгнө гэсээр байгаад ажлаа өгсөн. Дараагийн Засаг дарга Ганбямбад удаа дараа өргөдөл өгсөн. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр хариу өгөхдөө, газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээх боломжгүй гэсэн хариу өгсөн.

            Аймгийн Засаг даргаас ийм хариу өгсөн тул захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний газар эзэмших эрхийн гэрчилгээ 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гарсан байхад надад энэ тухай мэдэгдэлгүй, гэрчилгээг гардуулан өгөөгүй атлаа газар эзэмших гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх тухай 2009 оны захирамжийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Иймд аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/286 дугаар захирамжийг хүчингүй болгож, 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/92 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийг минь сэргээж өгнө үү” гэв.

            Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Б- нь аймгийн Засаг даргын 2009 оны 92 дугаар захирамжаар Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Суно уурын зуухны урд талд үйлдвэрлэлийн зориулалтаар 6000 м2  газрыг шилжүүлэн авсан боловч 2012 он хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй тул аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/286 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

            Аймгийн Засаг даргаас Б.Б-од 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр хариу өгсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргахгүй” гэв.

            Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Б-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нэг үндэслэл нь тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл байсан. Иймээс газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Миний хувьд Газрын албанд 2013 оны 10 дугаар сард ажилд орсон. Б.Б-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж 2013 оны 6 дугаар сард гарсан байсан. Газрын албанд ажилладаг Билэгсайханаас энэ тухай лавлахад, Б.Б- нь хүрэлцэн ирээгүй учраас газрын гэрчилгээг нь хүчингүй болгосон гэж хэлсэн.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан хөөн хэлэлцэх хугацааны талаар маргахгүй. Газрын асуудлаа хөөцөлдөөд явдаг байсныг нь ажилд орсон цагаасаа мэднэ” гэв.

            Шүүхийн иргэдийн төлөөлөгч Н.А- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Иргэн Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байсан гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Б- нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа “Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/286 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмшүүлэх тухай 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/92 дугаар захирамжийг хүчинтэйд тооцуулах” гэж ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа: “аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/286 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/92 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийг сэргээлгэх” гэж тодруулсан болно.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

            Хэнтий аймгийн Засаг даргын 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 92 дугаар захирамжаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах “Өндөрхаан” ХК-ийн эзэмшлийн газраас хэсэгчлэн, 6000 м2 газрыг нэхэмжлэгч Б.Б-од шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Гэвч хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга нь 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр А/286 дугаар захирамж гаргаж, Б.Б-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэж, үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2009 оны 92 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.

            Хариуцагч нь маргаан бүхий А/286 дугаар захирамждаа, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг баримтлан,  “газар эзэмших эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй” гэх үндэслэл дурдаж,  Б.Б-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

            Нэхэмжлэгч Б.Б- нь, “аймгийн Засаг даргын 2009 оны 92 дугаар захирамж гарснаас хойш газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авахаар Газрын албанд удаа дараа хандаж байсан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрт нь гардуулж өгөөгүй,  уг гэрчилгээ 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гарсан байсныг маргаан бүхий, 2013 оны А/286 дугаар захирамж гарснаас хойш, 2014 онд мэдсэн” гэж тайлбарлаж байна.

            Аймгийн Засаг даргын 2009 оны 92 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч Б.Б-од Хэрлэн сумын 5 дугаар багийн нутагт 6000 м2  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон болох нь 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0387398 тоот гэрчилгээгээр нотлогдож байгаа бөгөөд уг гэрчилгээ нь Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт эх хувиараа байгаа болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна. Үүнээс үзвэл, газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсныг тухайн үед нь мэдэгдээгүй, өөрт нь гардуулаагүй тухай нэхэмжлэгч Б.Б-ын тайлбар үндэслэлтэй байна.

            Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасан.

            Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өндөрхаан” ХК-ийн эзэмшлийн газраас 6000 м2 газрыг иргэн Б.Б-од шилжүүлэн эзэмшүүлэх тухай Хэнтий аймгийн Засаг даргын 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 92 дугаар захирамж гарсан, уг захирамжийн дагуу Газар эзэмших эрхийн 0387398 тоот гэрчилгээ 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гарсан байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн гэж үзнэ.

Ийм байхад,  нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан, “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь хууль бус байна.

            Иймд, нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/286 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүх, маргаан бүхий 2013 оны А/286 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэснээр, уг захирамжийн “Гурав”  дахь заалт, “аймгийн Засаг даргын 2009 оны 92 дугаар захирамжийг хүчингүй болгох” тухай заалт мөн хүчингүй болох тул  нэхэмжлэгч Б.Б-од газар шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, Хэнтий аймгийн Засаг даргын 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 92 дугаар захирамж хүчин төгөлдөр байж, тухайн газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрх хэвээр гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлага ёсоор “газар эзэмших эрхийг сэргээх” тухай заалтыг шүүхийн шийдвэрт тусгах шаардлагагүй юм.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, нэхэмжлэгч гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тайлбарласан. Гэвч маргаан бүхий А/286 дугаар захирамжид энэ тухай тусгагдаагүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэл болгоогүй тул хариуцагчийн дээрх тайлбарыг шүүх хүлээн авч, дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч Б.Б-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тул гомдол гаргах хугацааг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан хугацаагаар тооцох боловч хариуцагч захиргааны байгуулага нь эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай шийдвэрээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу мэдэгдээгүй тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй талаар буруутгах үндэслэлгүй байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй учраас шүүх уг асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

            “Өндөрхаан” ХК-ийн эзэмшлийн газраас хэсэгчлэн газар шилжүүлэн эзэмшүүлэх тухай Хэнтий аймгийн Засаг даргын захирамжийн огноо нь, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсарган өгсөн захирамжид “2009 оны 4 дүгээр сарын 8” гэж, Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн захирамжид “2008 оны 4 дүгээр сарын 8” гэж он зөрүүтэй бичигдсэн байсан ба шүүхээс гаргасан хүсэлтийн дагуу Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн захирамжаас[1] үзэхэд уг захирамж нь 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр гарсан 92 тоот захирамж болох нь тогтоогдсоныг дурдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/286 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын ажлын алба-Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-од олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.БАЛЖМАА

    ШҮҮГЧИД                                                                  С.ТӨМӨРБАТ

                                                                                                         Б.МӨНХ-ЭРДЭНЭ