Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 739

 

 

 

 

 

 

 

     2020          8            13                                      2020/ШЦТ/739                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,  

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Д.Б,

хохирогч Ч.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиргис овогт Д-гийн Бд холбогдох эрүүгийн ...... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, ам бүл 4, ___ дугаарын регистртэй, Хиргис овогт Д-гийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 5 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 13а байрны цахилгаан шатны хаалгыг дотроос нь өшиглөж хаалганы оптик гэрлэн мэдрэгчийг эвдэлсний улмаас 342,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:

“...2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр найзтайгаа тааралдаад гэрт нь очиж хамт архи уусан. 2 шил 0.75 граммын архи уусан. Тэгээд гэртээ харих гээд гарсан. Лифтэнд суусан чинь лифт гацсан. Товчлуур дараад болохгүй. Хүн дуудаад ч ирэхгүй байсан. Лифтний хаалгыг өшиглөхөд хаалга нь онгойсон. Тухайн үед би их согтсон байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Ц мэдүүлэхдээ:

“...2020 оны 5 дугаар сарын 31-ний өглөө манай 13а байрны СӨХ-нд ажилладаг үйлчлэгч Б- над руу утсаар залгаад цахилгаан шатны хаалга хаагдахгүй байна гэж хэлэхээр нь би лифтчин П руу залгаад лифт ажиллахгүй эвдэрсэн байна гэж надад хэллээ. Аюулгүй байдлын үүднээс лифтээ унтраачих гэж хэлсэн. Тэгээд 9 цагийн үед лифтний инженер Х руу залгаад дуудлага өгсөн. Тэгээд лифт засдаг механикч Э нэг залуугийн хамт ирээд лифтний эвдрэлийг харснаа лифтний хаалга дотроосоо гажиж эвдэрч, хаалга нь замаасаа гарсан байна. Ингэж гажихын тулд дотроос нь цохиж, өшиглөж байж ингэж эвдэрнэ гэж хэлсэн. Тэгээд би 13а байрны хяналтын камер шүүж үзэхэд 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 23 цаг 30 минутын орчим 40 орчим насны саравчтай малгайтай, гадуур хүрэм нь гэрэл ойлгогчтой дотуур цамц, пудволк нь цагаан өнгийн босоо байрлалаар бичсэн бичигтэй, хар цагаан өнгөтэй пүүз загварын гутал өмссөн согтуу байдалтай харагдаж байсан эрэгтэй 3 давхраас 1 давхар луу бууж ирээд гарч ирснээ буцаж лифт рүү ороод 4-5 минут орчмын дараа лифтнээс гарч ирэхэд лифт буюу цахилгаан шатны хаалга гүйцэд хаагдахгүй, хаагдаж нээгдээд эвдэрсэн байдалтай байсан...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Бийн өгсөн:

“...2020 оны 5 дугаар сарын 30-ны шөнө би өөрийн найз Б-ын гэрийн орцны лифтэнд суугаад гэр лүү нь явж байхдаа би лифтэн дотор гацсан. Тухайн үед миний гар утас цэнэггүй болсон, лифтний тусламж дууддаг товчийг дараад хүн ирэхгүй байсан. Тэгэхээр нь би аргаа барахдаа лифтний хаалга руу нь 2 удаа өшиглөхөд лифтний хаалга онгойсон бөгөөд лифтнээс буугаад эргээд харахад лифтний хаалга өөрөө онгойж, хаагдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-н 89-90/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Цгийн өгсөн:

“...2020 оны 5 дугаар сарын 31-ний өглөө манай 13а байрны СӨХ-д ажилладаг үйлчлэгч Б- над руу утсаар залгаад цахилгаан шатны хаалга хаагдахгүй нээгдэж хаагдаад ажиллахгүй байна гэж хэлэхээр нь би лифтчин П руу залгаад лифт ажиллахгүй эвдэрсэн байна гэж надад хэлээд аюулгүй байдлын үүднээс лифтээ унтраачих гэж хэлсэн. Тэгээд 9 цагийн үед лифт засдаг инженер Х гэдэг хүн рүү залгаад дуудлага өгсөн. Лифт засдаг инженер Э нэг залуугийн хамт ирээд лифтний хаалга нь дотроосоо гажиж, эвдэрч, хаалга нь замаасаа гарсан байна, ингэж гажихын тулд дотроос нь цохиж, өшиглөж байж ингэж эвдэрнэ гэж хэлсэн. Хяналтын камер шүүж үзэхэд 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 23:30 цагийн орчимд 40 орчим насны саравчтай малгайтай, гадуур хүрэм нь гэрэл ойлгогчтой дотуур цамц, фудволк нь цагаан өнгийн босоо байрлалаар бичсэн бичигтэй, хар цагаан өнгөтэй пүүз загварын гутал өмссөн согтуу байдалтай харагдаж байсан эрэгтэй хүн 3 давхраар лифтээр 1 давхар луу бууж ирээд гарч ирснээ буцаж лифт рүү ороод 4-5 минут орчим  минутын дараа лифтнээс гарч ирэхэд лифт буюу цахилгаан шатны хаалга гүйцэд хаагдахгүй хаагдаж, нээгдээд эвдэрсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-н 54-56/,  

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 16-49/,

- Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 72-74/,

- Зарлагын баримт /хх-н 83/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 94/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 96/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 5 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 13а байрны цахилгаан шатны хаалгыг дотроос нь өшиглөж хаалганы оптик гэрлэн мэдрэгчийг эвдэлсний улмаас 342,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Бийн “...би аргаа барахдаа лифтний хаалга руу нь 2 удаа өшиглөхөд лифтний хаалга онгойсон бөгөөд лифтнээс буугаад эргээд харахад лифтний хаалга өөрөө онгойж, хаагдаад байсан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Ч.Цгийн “...Хяналтын камер шүүж үзэхэд 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 23:30 цагийн орчимд 40 орчим насны саравчтай малгайтай, гадуур хүрэм нь гэрэл ойлгогчтой дотуур цамц, фудволк нь цагаан өнгийн босоо байрлалаар бичсэн бичигтэй, хар цагаан өнгөтэй пүүз загварын гутал өмссөн согтуу байдалтай харагдаж байсан эрэгтэй хүн 3 давхраар лифтээр 1 давхар луу бууж ирээд гарч ирснээ буцаж лифт рүү ороод 4-5 минут орчим  минутын дараа лифтнээс гарч ирэхэд лифт буюу цахилгаан шатны хаалга гүйцэд хаагдахгүй хаагдаж, нээгдээд эвдэрсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Бийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүгдэгч Д.Бийн үйлдлийн улмаас хохирогч байгууллага болох “Удвал цэцэг” сууц өмчлөгчдийн холбоонд 342,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэргийн 73 дугаар талд авагдсан эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтаар тогтоогдож байх бөгөөд хохирогч Ч.Ц шүүх хуралдаанд “...Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг өгч байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Д.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хиргис овогт Д-гийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ