Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , улсын яллагч Т.Өсөхболд,  шүүгдэгч Ч.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар,

  Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт Чын Цд  холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Ч.Ц нь 2020 оны 07 дугаар сраын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалат сумын ******* багийн 16 дугаар гудамжны ******* тоот хашаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах болох Чын Цтай маргалдаж улмаар Чын Цын биеийн зүүн суганы доод хэсэгт  аяганы хагархайгаар зүсэж, хэвлийн зүүн дээд хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн дугаартай хавтаст хэргээс:

1. Хохирогч Ч.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13-р хуудас/,

2. Яллагдагч Ч.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг  /хавтаст хэргийн 53-54-р хуудас/,

3. Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58-р хуудас/,

4.  Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 562  дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 48-р хуудас/,

            5. Яллагдагч Ч.Цын Ховд аймгийн Прокурорын газарт 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт  /хавтаст хэргийн 70-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ц нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалат сумын ******* багийн 16 дугаар гудамжны ******* тоот хашаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах болох Ч.Цтай маргалдаж улмаар шкафнаас аяга авч хагалаад хагалсан яганы хагархайгаар хохирогч Ч.Цын биеийн зүүн суганы доод хэсэгт  зүсэж, хэвлийн зүүн дээд хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогджээ.      

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Цыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Ч.Ц нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалат сумын ******* багийн 16 дугаар гудамжны ******* тоот хашаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах болох Ч.Цтай маргалдаж улмаар хохирогч Ч.Цын биеийн зүүн суганы доод хэсэгт  аяганы хагархайгаар зүсэж, хэвлийн зүүн дээд хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

            Хохирогч Ч.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн үед хамаатан садангууд нийлээд гол дээр гарч амарсан. Тэгээд орой 17 цагийн үед буцаад гэртээ ирээд хоол идчихээд унтаж байтал гадаа хүмүүс орилолдоод шуугиад байхаар нь гараад иртэл Ц, Г хоёр согтуу ирчихсэн манай эмэгтэй дүү болох уйлуулчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би “Больцгоо та нар, юу болоод байгаа юм” гэж хэлээд Цыг гэрлүүгээ оруулж  “наанаа унт эсвэл хадмындаа очиж унт” гэж хэлээд зогсож байтал  Г намайг чирээд гарахаар нь “чи яахаараа намайг чирдэг юм” гэж хэлээд 2 гартай нь давхар тэвэрч аваад “болохгүй шүү” гэж хэлээд байж байтал манай ээж, , Ц нар гарч ирээд “боль” гээд бид хоёрыг салгасан. Тэгтэл гэрээс Ц гүйж гарч ирээд над дээр ирсэн, тэгэхээр нь “танай энэ найз чинь хүн цохиод алчихлаа шүү дээ, одоо яв чи” гэж хэлээд Цд хандаж хэлтэл Ц миний гар цус болсныг хараад Гийг дагуулаад гараад явсан. Ц хурц ирмэгтэй зүйлээр миний хэвлийн зүүн дээд хэсэгт зүсэж гэмтээсэн байсан, юугаар зүссэн талаар мэдээгүй, сүүлд нь Цаас асуухад аяганы хагархайгаар зүссэн гэж хэлж байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, миний хохирлыг Ч.Ц бүрэн барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13-р хуудас/,

            Гэрч Ч.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц миний зүүн хавирганы доод хэсэгт хурц үзүүртэй зүйлээр зүсэж гэмтээсэн...Эмнэлэгт очиж үзүүлсэн. Миний зүүн хавирганы доод хэсэгт бага зэрэг зүсэгдсэн. Одоогоор өвдөж зовуурлаж байгаа зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р хуудас/,

            Гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг ухаан ороход ах намайг далайж ирээд гараараа цохиод байсан. Тэгэхээр би зөрүүлээд баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгтэл ах урагшаа 4 мөчлөөд унасан. Тэгэхээр нь би угтуулаад баруун хөлөөрөө толгой хэсэгт нь нэг удаа өшиглөхтэй зэрэгцээд Ц ах гэрийн гадаа “пиздаануудаа хүн аллаа, намайг хутгалчихлаа” гээд орилж байхаар нь хартал Ц ахын зүүн доод хэсэг цус болчихсон юмаар дарчихсан байсан. ...Цагдаагийн машинд суучихаад Ц тухайн цагдаад хандаж “Би ахыгаа гэмтээчихсэн юм, миний найзыг явуулчих” гээд уйлаад байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-*******-р хуудас/,

            Гэрч Ч.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Тэгтэл манай төрсөн ах болох Ц гэрт байж байхад “чи наад айлын жирэмсэн авгайг цохих нь чи яах гээд байна” гэтэл Ц гүйж очоод “пизда минь та нар яах гээд байна” гээд Ц ахыг баруун гараараа зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр манай хадам дүү болох очоод Цыг бариад авсан. ... Ц “би та нарыг алчихья” гэж хэлээд дээд талд байх гэрт ороод хутга хайгаад шургуулга татаад дотор нь байсан аяганууд хагалсан. Тэгээд нөхрийгөө сэрээх гээд байж байтал Ц алчихья та нарыг гээд баруун гартаа аяганы хагархай барьчихсан гүйгээд ирэхээр нь би түлхээд явуулсан. Тэгтэл манай ах Ц намайг хутгалчихлаа гэхээр нь би гүйж очоод хартал гайгүй юм шиг байхаар нь нөхрөө сэрээх гээд толгой дээр нь ус хийгээд сууж байтал Ц аяганы хагархай барьчихсан бүгдийг нь алчихья гэж гүйгээд ирэхээр нь би цааш нь түлхээд явуулсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,

            Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Тэгээд бүр сүүлд нь ахыг ухаан орох үед Сугарцэцэг эгч “хүн цус алдаж байна, боох юм аваад ир” гэхээр нь би гэрлүү гүйж ороод улаан өнгийн пудболк авчирч Ц ахын цус алдаж байгаа хэсэгт нь тавьж өгөөд Ц ахыг гэмтсэн талаар нь мэдсэн” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 28-р хуудас/,

            Яллагдагч Ч.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Тэгтэл Хөлөгөө гаднаас орж ирж манай ах Цыг салгаж аваад гараад явахаар нь би уурандаа гэрийн зүүн доод хана дагуу байсан хоолны шкафны дээд тавцанд байсан 3 ширхэг аягыг газар шидэж хагалаад, хагарсан хагархайгаас нь нэгийг аваад гарсан. Тэгтэл манай ах надруу дахиад дайрахаар нь би тэвэрч аваад зогсоочих санаатай, урдаа нь очихдоо гартаа аяганы хагархай байснаа мартаад тэвэрчихсэн юм. Тэгэхээр нь би Ц ахыг зүссэнээ мэдсэн бөгөөд аяганыхаа хагархайгаа жорлонлуу шидчихээд Хөлөгөөг дагуулаад гараад явсан... Одоо бид хоёрын дунд хохирол мөнгөний ямар нэгэн маргаан байхгүй. Бид хоёр  эв зүйгээ олсон байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54-р хуудас/,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 560 дугаартай “ Дүгнэлт: 1. Ч.Цын  биед гэмтэл тогтоогдлоо. 2. Ч.Цын биед хэвлийн зүүн дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Ч.Цын биед  учирсан гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. 3. Ч.Цын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  4. Ч.Цын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-р хуудас/, 

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10-р хуудас/, 

Хохирогч Ч.Цын Ховд аймгийн Прокурорын газарт 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан “Ч овогтой Ц миний бие ямар нэгэн гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 69-р хуудас/, 

-Яллагдагч Ч.Цын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Ч овогтой Ц миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд хохирогчтой ямар нэгэн гомдол санал хохирол байхгүй. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Иймээс миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болно. Миний бие өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлөн хэргийн ажиллагаанд оролцох болно” гэх хүсэлт /хавтаст хэргийн 70-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Ч.Цэдэлбалын  архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах болох Ч.Цтай маргалдаж улмаар түүний биеийн зүүн суганы доод хэсэгт  аяганы хагархайгаар зүсэж, хэвлийн зүүн дээд хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймээс шүүгдэгч Ч.Цын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ч.Цыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Цын биеийн зүүн суганы доод хэсэгт  аяганы хагархайгаар зүсэж, хэвлийн зүүн дээд хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Ц нь хохирогч Ч.Цд учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь  “Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг Ч.Ц бүрэн барагдуулсан байгаа” гэх /хавтаст хэргийн 13-р хуудас/  хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Цтай маргалдаж улмаар шүүгдэгч хохирогчийн биед нь халдаж биеийн зүүн суганы доод хэсэгт  аяганы хагархайгаар зүсэж, хэвлийн зүүн дээд хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хэрэг учрал болох үед шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.Ц урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 58-р хуудас/ нотлогдож байгаа ба урдаас төлөвлөж хохирогч Ч.Цыг гэмтээх гэсэн санаа зорилго агуулсан нь тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Цын хувийн байдлын талаар гэрч Ч.Цэцэгчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай ах Ц төлөв даруу зантай, үг дуу цөөнтэй, жижиг асуудал дээр уурлаад байдаггүй, аливаа зүйл дээр эв зүйгээр хандчихдаг шударга зантай хүн.  Миний мэдэхээр гэмт хэрэг болон зөрчилд холбогдож байгаагүй.  2015-2016 оны хооронд Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн ангид алба хааж хугацаа дуусаад халагдаж ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/,

Гэрч Б.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай найз болох Ч.Ц нь хүнд тусархаг, элдэв төрлийн зан ааш гаргаад байдаггүй, төлөв даруу зантай залуу байгаа юм. Миний мэдэхээр гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Ховд аймгийн *******т сумын 3 дугаар дунд сургуульд суралцаж 8-р анги төгссөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33-р хуудас/, Ховд аймгийн *******т сумын ******* багийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 303 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: Шүүгдэгч Ч.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулж, шүүгдэгчид  таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгийн торгох ял оногдуулах, хохирогч хохирол, хор уршиг нэхэмжилсэн талаарх баримтаа ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай гэв. 

Шүүхээс шүүгдэгч Ч.Цыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 550000 төгрөгийн торгох ялыг 15 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  шүүгдэгчид тайлбарлав. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 6 сарын хугацаагаар хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

Эрүүгийн  2036000000168 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Чын Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Чын Цд таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Ч.Цд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 6 сарын хугацаанд хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Цд мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цд оногдуулсан  таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  15 /арван тав/ хоногийн хугацаанд төлүүлсүгэй. 

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ч.Цд  тайлбарласугай.

 7. Эрүүгийн 2036000000168 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ч.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ө.БАХЫТБЕК