Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/108

 

2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр                        Дугаар 2020/ШЦТ/108                                               Ханбогд сум

 

                                                                                                                         

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран даргалж,

         

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

          Улсын яллагч Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Б.Амармөрөн

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Т.Нэргүй

          Шүүгдэгч: Ч.Ө /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Өад холбогдох эрүүгийн 2029001120080 дугаартай  хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Ө нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Уурхайчин хорооллын 5-131 тоотод оршин суух иргэн Т.Нэргүйн гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч компьютерийн дэлгэц, гар, хулгана, мөнгөн гинж, хүүхдийн унадаг дугуй, сийлбэрийн 25 ширхэг хутга, гар дрилл, хөөрөг, гар цүнх зэргийг хулгайлж бусдад 1.925.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ч.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2029001120080 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ө мэдүүлэхдээ:

“...2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 13-14 цагийн үед уурхайчин хороололд айл хайж яваад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Уурхайчин хорооллын 5-131 тоот хашааны хаалга нь онгорхой байхаар нь гэр болон амбаарын цоожийг хөшиж ороод компьютерийн дэлгэц, хүүхдийн унадаг дугуй, сийлбэрийн хутга, гар дрилл, хөөрөг, гар цүнх авсан. Хөөргийг бол замдаа хүнд 15.000 төгрөгөөр худалдсан, мөнгөн гинж бол аваагүй, бусад зүйлийг цагдаад баригдахдаа хүлээлгэн өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв”.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Нэргүй мэдүүлэхдээ:

“...Би 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нөхөр хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Хот явсан хойгуур гэрт хулгай орсон байсан. Гэрээс компьютерийн дэлгэц, цүнх, гар дрилл, хүүхдийн унадаг дугуй, 25 ширхэг сийлбэрийн хутга, мөнгөн гинж, шүрэн толгой, зэсэн нуухтай халтар мана хөөрөг алга болсон. Одоо халтар мана хөөрөг, мөнгөн гинжны төлбөрт 1.525.000 төгрөгийг нэхэмжилж байна. Бусад хулгайд алдсан зүйлээ буцаан авсан” гэв.

 

  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-21/,

 

  • Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23/,

 

  • Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-26/,

 

  • Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 27/,

 

  • Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-29/,

 

  • Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Нэргүйн мэдүүлэг /хх-ийн 33-35,36-38/,

 

  • Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 39-41/,

 

  • Шүүгдэгч Ч.Өын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-44/,

 

  • “Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №ТХҮ-620/015 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 47-48/,

 

  • Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ч.Өын өгсөн мэдүүлэг /хх-51-54 54/
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-68/,
  • Шүүгдэгч Ч.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа, гарын дардас /хх-64, 66/,

 

  • Багахангай, налайх дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 003 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоол /хх-69-72, 83-85/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Ч.Ө нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Уурхайчин хорооллын 5-131 тоотод оршин суух иргэн Т.Нэргүйн гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч компьютерийн дэлгэц, гар, хулгана, мөнгөн гинж, хүүхдийн унадаг дугуй, сийлбэрийн 25 ширхэг хутга, гар дрилл, хөөрөг, гар цүнх зэргийг хулгайлж бусдад 1.925.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

- Хохирогч Т.Нэргүйн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нөхөр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Тэгээд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Уурхайчин хорооллын 5-131 тоот дахь өөрийн гэрээ цоожлоод явсан юм. Тэгээд Улаанбаатар хотод байж байтал 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манай хажуу айлын хүн залгаад “Танай гэрт чинь хулгай орчихсон юм шиг байна. хашаанаас чинь нэг эрэгтэй хүн хүүхдийн дугуйг чинь аваад гараад явж байна” гэсэн тэгэхээр нь би Цогтцэций сумын төвд байсан төрсөн эгч Т.Хувьтай руу залгаад “манайд яваад очоод үзээч, манай гэрт хулгай орсон юм шиг байна, хажуу айлын хүн залгаж байна” гэж хэлсэн. Тэгээд “хажуу айлын хүн цагдаа дуудчихсан” гэж хэлсэн, тэгээд ахиад эгчтэй утсаар холбогдоход “амбаар гэр хоёрын чинь хаалга онгорхой байна гэж” хэлсэн. Тэгээд би маргааш нь Улаанбаатар хотоос гараад ирсэн, манай гэрээс гол хоймор хэсэгт байсан телевизрын суурин пдээр байсан хар өнгийн HP маркийн компьютерийн дэлгэж, гар, хулгана бас яг доор нь байсан шар модон хайрцаг дотор байсан сийлбэрийн хутганууд, гэрийн баруун талын шилэн хаалгатай тавилга дотор малгайн доор байсан дайланд байсан шар халтар өнгийн халтар мана хөөрөг, зүүн талын шилэн хаалгатай тавилган дотор байсан мөнгөн гинж, угаалгын машины урд байсан гар дрилл, гадна амбаараас хүүхдийн дугуй, цэнхэр өнгийн цүнх зэрэг зүйлүүд алга болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

 

-  Гэрч Д.Отгонбаярын: “Би 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэртээ хүүхдүүдтэйгээ байж байгаад дэлгүүр яваад хүүхдүүддээ ундаа, зайрмаг аваад ирж байтал манай хажуу талын хашаанаас нэг залуу хүүхдийн унадаг дугуй, бас нэг тортой зүйл барьчихсан гарч ирсэн. Тэгээд би очоод “юун хүн яваад байгаа юм наадах чинь эзгүй айл гэж хэлсэн” Тэгсэн чинь нөгөө залуу “Энэ айлаас дугуй аваад явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би наад айл чинь эзгүй айл” гэж хэлээд дугуйг нь аваад өөрийнхөө хашаа руу ороод нөгөө залуу цагаан тортой зүйлээ бариад явсан. Тэгсэн манай хүүхэд гарч ирээд “аав наадах чинь энэ хажуу айлын хүүхдийн унадаг дугуй гэсэн” Тэгэхээр нь буцаж гараад нөгөө залууг хартал булан тойроод эргээд явчихсан. Тэгээд би хажуу айлынхаа хашаа руу ортол хашааны хажуу талд нэг цүнхтэй юм байхаар нь харсан чинь дотор нь компьютерийн дэлгэц, гар, цахилгаан дрилл байсан. Тэгээд би гэрийн хаалга руу харсан чинь эвдэрчихсэн харагдсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ ороод эхнэртээ хэлээд тэгээд эхнэр хажуу айлын эмэгтэй рүү яриад “танайд хулгай орсон юм шиг байна. энэ хүүхдийн шар дугуй танай хүүхдийн дугуй юу?” гэж асуусан чинь тийм гэсэн. Тэгээд би цагдаа дуудаад цагдаа ирэхээр нь “энэ хашааны дотор цүнхтэй юм байна” гэж хэлж өгөөд бас хүүхдийн дугуй зэргийг өгөөд “нөгөө залууг би харвал танина” гээд явсан замаар нь араас нь хайгаад цагдаатай хамт явж байтал нөгөө залуу Цэций хорооллын засмал зам руу гарч байсан. Тэгээд цагдаа очиж барьж аваад цагдаа руу аваад явсан гэх мэдүүлэг” /хх-ийн 40-41/,

 

  • “Ашиг билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №ТХҮ-620/015 тоот үнэлгээ хийсэн: “100.000 төгрөгийн “HP монитор /инч тодорхойгүй/, кейбоард, маус -1 ш, 25.000 төгрөгийн мөнгөн гинж /загвар болон гр тодорхойгүй/-1 ш, 100.000 төгрөгийн унадаг дугуй /хүүхдийн загвар тодорхойгүй/-1 ш, 150.000 төгрөгийн сийлбэрийн хутга /25 ш загвар тодорхойгүй/-1 ш , 35.000 төгрөгийн гар дрилл /ken/-1 ш, 1.500.000 төгрөгийн хөөрөг /чулуу тодорхойгүй, орчин цагийн хийцтэй, зэс нуух, шүрэн толгойтой гэх/-1 ш, 15.000 төгрөгийн гар цүнх /загвар тодорхойгүй/-1 ш” гэсэн дүгнэлт /хх-ийн 47-48/,

 

- Шүүгдэгч Ч.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Цогтцэций сумын уурхайчин хороололд 13-14 цагийн үед явж байтал 5-131 тоот хашааны хаалга нь онгорхой байхаар нь орж хашаанд дотор оо-д нь орж бие засчихаад гарч ирээд гэрийн нь үүдэнд ирэхэд гэр нь ногоон өнгийн цоожтой байхаар нь нэг төмрөөр хөшиж онгойлгоод орж дахиад давхар хаалгатай тэр нь цоожтой байсныг төмрөөр хөшиж онгойлгож ороод гэрийн хойд талын шилэн хаалгатай шаргал өнгийн тавилгын баруун дээд талд тавиур дээр малгайнуудын доор даалинтай хөөрөг байхаар нь хөөргийг нь аваад тэгээд уг тавилгын гол хэсэгт байх модон шар өнгийн хайрцагнаас сийлбэрийн 20-иод хутгыг авсан. Тэгээд гэрийн зүүн хойд талд байх шаргал өнгийн тавилга дээр компьютерийн дэлгэц, гарыг хулганы хамт авсан тэгээд гэрээс гарч гадаах амбаарын цоожийг цүүгээр нь хөшиж онгойлгоод дотор нь ороход хувцас хийж байсан цүнхүүд байхаар нь нэг цүнхийг аваад, хүүхдийн унадаг дугуйн хамт аваад амбаараас гарч буцаж гэр рүү ороод түрүү цуглуулж орхисон эд зүйлээ цүнх рүү хийгээд сийлбэрийн хутгануудыг нь цагаан өнгийн гялгар торонд ууталж бариад гэрээс авч гараад хар өнгийн цүнхтэй эд зүйлээ хашааны үүдний хэсэгт тавьж үлдээгээд дугуй болон тортой сийлбэрийн хутгануудыг эхэлж гаргаж байтал нэг залуу алхаж ирээд наадах чинь эзгүй айл гээд тэгэхээр нь би дугуйг нөгөө залууд өгөөд сийлбэрийн хутга хийсэн ууттай юмаа бариад, компьютер хийсэн цүнхээ тэнд нь үлдээгээд гялгар ууттай сийлбэрийн хутгуудаа гартаа бариад, хөөргөө халаасандаа хийгээд хашаанаас гараад баруун тийш явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-54/,

 

  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-21/,

 

  • Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-29/,

 

- Шүүгдэгч Ч.Өын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас  шүүгдэгч Ч.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хоёр. Хохирол төлбөрийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Нэргүйд гэм хорын хохиролд 1.925.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Нэргүйн мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №ТХҮ-620/015 тоот үнэлгээ хийсэн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Нэргүй хулгайд алдсан зүйлээс 100.000 төгрөгийн компьютерийн дэлгэц, 100.000 төгрөгийн хүүхдийн унадаг дугуй, 150.000 төгрөгийн сийлбэрийн 25 ширхэг хутга, 35.000 төгрөгийн гар дрилл, 15.000 төгрөгийн гар цүнхээ эргүүлэн авсан. Харин 25.000 төгрөгийн мөнгөн гинж, 1.500.000 төгрөгийн хөөргөө эргүүлж аваагүй учир мөнгөн гинж, хөөрөгний төлбөрт 1.525.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

Шүүгдэгч Ч.Ө шүүхийн хэлэлцүүлэгт хохирлыг нөхөн төлнө гэсэн боловч хэзээ хэрхэн төлөхөө илэрхийлээгүй болно.

 

Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өаас гэм хорын хохиролд нийт 1.525.000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Нэргүйд олгохоор шийдвэрлэлээ.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Шүүх шүүгдэгч Ч.Өын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, хохирлоо барагдуулахаа бодитоор илэрхийлж чадаагүй, хувийн байдал урьд хулгайлах гэмт хэргээр ял шийтгүүлсэн, дээр дурьдсан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан үзээд Ч.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ялтан Ч.Ө нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 2020/ЦХШЗ/21 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба 29 хоног /2020/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-т заасан хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон цагдан хоригдсон 7 хоног + 2020.05.13-2020.06.04-ний өдөр дуусталх 22 хоног = 29 хоног/ -ийн хорих ялыг эдэлж, 11 сар 01 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоол /хх-83-85/, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ЦХШЗ/21 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 03 жил 11 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурьдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртлэх хугацаанд Ч.Өад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.