Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/109

 

2020 оны 07 дугаар  сарын 24-ний өдөр                       Дугаар 2020/ШЦТ/109                                     Ханбогд сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,

Шүүгдэгч: Ш.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн №2587/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Бд холбогдох эрүүгийн 2029000910092 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 35 км-ын зайд байрлах Дэмчогийн хийд гэх газарт Д.Болдтой ажил тасаллаа гэх шалтгаанаар маргалдан түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Бд холбогдох эрүүгийн 2029000910092 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б мэдүүлэхдээ:

“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Улсын яллагчаас санал болгосон 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг дэмжиж байна. 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлтэй байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр гаргасан дүгнэлтдээ:

“...шүүгдэгч Ш.Б нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Тэрээр хохирогч Д.Болдод гэм хорын хохиролд 5 сая төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ нотариатаар баталгаажуулан тодорхойлолтыг хэргийн материалд хавсаргасан байгаа. Улсын яллагчийн санал болгосон 10 сая төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч байна. Торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Болдын өгсөн:

“...Дэмчигийн хийд дээр ирээд байж байтал тэр хийдийн захирал Ганчимэгийн нөхөр Б надтай ирж уулзаад ажил хаяж архи ууж явлаа гээд бид 2 маргалдаж байсан Б намайг цохих шиг болоод би ухаан алдаад нэг сэрэхэд хүмүүс намайг сэрээх гээд нүүр рүү ус цацаад байсан. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би хагас унтаа байдалтай биеэ авч явах чадваргүй байж байгаад таталт өгч Ханбогд сумын эмнэлэг очсон...Бтай маргалдаж зогсож байгаад гараараа миний нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгээд би ухаан алдсан. Баруун зүүн тархинд цус харвалттай, баруун зулайн ар хажуугаас урагш чамархай руу үргэлжилсэн шугаман хугаралттай, чамархайн харалдаа цус хуралттай, баруун чамархайн зулайн хэсэгт тархины эдэд няцралттай гэмтэлтэй байгаа” гэх мэдүүлэг /хх-13-15/,

 

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Болдын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-90-91/,

 

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Болдын хохирол төлбөр төлөгдсөн тухай тодорхойлолт, дансны хуулга, шилжүүлгийн баримт  /хх-98-100/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Оюунжаргалын өгсөн мэдүүлэг /хх-16-19/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Ганбаагийн өгсөн мэдүүлэг /хх-22-23/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Т.Дүүрэнбилэгийн өгсөн мэдүүлэг /хх-24-25/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5953 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-39-41/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ш.Бы өгсөн мэдүүлэг /хх-48-52/,

 

- Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хуулбарлан авсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Болдын өвчний түүх, хэвлий хэт авиан оношлогоо, компьютерт томографи, эмнэлгээс өвчтөнд илгээх хуудас /хх-55-64/,

 

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-65/,

 

- Шүүгдэгч Ш.Б иргэний мэдээллийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний гэрлэлтийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, “Чулуун богц” ХХК-ийн Ш.Быг ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ  /хх-66, 69-72, 101-106/,

 

-Шүүгдэгч Ш.Бы Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газарт хандан гаргасан “хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” тухай хүсэлт /хх-97/,

 

- Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын 5/34 дугаартай тогтоол, хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан прокурорын санал /хх-107, 112/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 35 км-ын зайд байрлах Дэмчогийн хийд гэх газарт Д.Болдтой ажил тасаллаа гэх шалтгаанаар маргалдан түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

- Шүүгдэгч Ш.Бы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Болдын өгсөн:

“...Дэмчигийн хийд дээр ирээд байж байтал тэр хийдийн захирал Ганчимэгийн нөхөр Б надтай ирж уулзаад ажил хаяж архи ууж явлаа гээд бид 2 маргалдаж байсан Б намайг цохих шиг болоод би ухаан алдаад нэг сэрэхэд хүмүүс намайг сэрээх гээд нүүр рүү ус цацаад байсан. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би хагас унтаа байдалтай биеэ авч явах чадваргүй байж байгаад таталт өгч Ханбогд сумын эмнэлэг очсон...Бтай маргалдаж зогсож байгаад гараараа миний нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгээд би ухаан алдсан. Баруун зүүн тархинд цус харвалттай, баруун зулайн ар хажуугаас урагш чамархай руу үргэлжилсэн шугаман хугаралттай, чамархайн харалдаа цус хуралттай, баруун чамархайн зулайн хэсэгт тархины эдэд няцралттай гэмтэлтэй байгаа” гэх мэдүүлэг /хх-13-15/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Оюунжаргалын өгсөн: “...Дүүрэнжаргал гэх эмэгтэй ирээд 4 хоолны захиалга ирлээ гээд нөхөр чинь түрүү ирсэн захирлын нөхөртэй муудалцаад байна ухаан алдаж унасан ус цацаж сэрээнэ гээд усанд явчихлаа би тэгээд наашаа өөрт чинь хэлэхээр ирлээ гэхээр нь би хийдээс байрлаж байгаа байр руугаа очтол манай нөхөр ирчихсэн үйлчлүүлэгчийн өрөөнд шалан дээрээ суугаад ор налсан байдалтай унтаж байсан. Тэгээд юу болсон талаар Дүүрэнжаргал, Ганбаатар нараас асуухад захирлын нөхөртэй муудалцаад арагшаа саваж унасан Ганбаатар ус цацаж сэрээсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-16-19/

 

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Ганбаагийн өгсөн: “...Захирлын нөхөр Б Болд ахыг түлхэж унагааж байгаа харагдсан. Намайг очиход ажилчдын байрны дотор үүд хэсэгт нь Болд ах ухаан алдсан байсан болохоор эхнэрийг нь дууд гээд Дүүрэнбилэгийг явуулсан. Захирлын нөхөр Б Болд ахыг чирээд ор налуулж суулгасан. Тэгээд Б хамрынх нь доор дараад сэрэхгүй байхаар нь би ус авчирч цээж, толгой хэсгийг норгосон. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өглөө гал тогооны өрөөнд ортол Болд ахын нүд нь хөхөрчихсөн нэг гар нь хөдлөхгүй амьсгаа нь давчдаад ярьж хэлж байгаа нь ойлгогдохгүй байсан...Надтай Болд ах тааралдахад ямар нэгэн цохиулж зодуулсан гэх зүйлгүй харагдаагүй нүд нь зүгээр байсан. Өмд нь шороо болсон харагдсан...Би хүмүүст гэр үзүүлээд явж байхад 2 хүн зодолдоод байна гэхээр нь хартал захирлын нөхөр Баяр Болд ахыг түлхээд Болд ах арагшаа унаж байгаа л харагдсан” гэх мэдүүлэг /хх-22-23/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Т.Дүүрэнбилэгийн өгсөн: “...Гэр авах гэж ирсэн гадны хүн гадаа хүмүүс зодолдоод байна гэхээр нь би гэрээс гараад харсан чинь Болд ах Баяраа ах 2 барилцаад зогсож байсан Баяраа ах орж унт гээд түлхсэн чинь ажилчдын байрны босгонд тээглээд арагшаа унасан чинь Баяраа ах цээжээр нь тэврээд татаж байсан” гэх мэдүүлэг,

 

- Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ш.Бы өгсөн: “...Болд ах зуны байшингийн араас согтуу гараад ирсэн. Өмссөн хувцас нь нилээн тоос шороо болсон байсан. Тэгээд миний хажууд явахдаа би энд чинь гуйж ажиллагаагүй шүү чи хэн юм гэж хэлээд та энд хүн амьтан ихтэй байхад архи дарс уугаад хаагуур тэнээд байгаа юм гэсэн чинь миний өдөөс чи хэн юм чамд хамаагүй шүү гэж хэлэхээр нь энд гуйж ажиллуулдаггүй шүү энэ чинь албан газар шүү гэж хэлсэн чинь чамд хэн болохоо харуулна гээд байхаар нь орж унт гээд түлхсэн чинь 6 дугаартай ажилчдын байрны босгонд тээглээд унахаар нь ухаан алдчих уу гээд хамрынх нь доор дарсан манай ажлын залуу ганбаа ирэхээр нь ор руу өргөж тавиал Болд ахын цамцны энгэрийг тайлаад Ганбаагаар ус цацуулсан чинь Болд хурхаад газар унтаад өгсөн. Би Болдыг арагш нь түлхэж унагаахад байшингийн хаалганы баруун талыг мөргөж унасан” гэх мэдүүлэг /хх-51-52/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5953 дугаартай шинжээчийн: “...1. Д.Болдын биед гавлын баруун зулай, чамархай ясны шугаман далд хугарал, тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, тархины баруун зулай, чамархай, зүүн чамархайн тархины эдийн няцрал, тархины аалзан хальсны доорх цус харвалт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-39-41/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас  шүүгдэгч Ш.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Быг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ш.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хоёр. Хохирол төлбөрийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Ш.Бы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5953 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-39-41/-ээр тогтоогдож байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь Д.Болд нь “Ш.Баас эмчилгээний зардалд 5.000.000 /таван сая/ төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан тул гомдолгүй гэдгээ нотариатаар баталгаажуулан уламжилж байна. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тодорхойлолтыг гаргасан байна. /хх-98/

 

Иймд шүүгдэгч Ш.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Болдод гэм хорын хохиролд 5.000.000 төгрөгийг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Болд нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Ш.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, мөн шүүгдэгчийн ажил төрөл эрхэлж байгаа байдлыг харгалзан үзэж Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэгдсэн болон тусгаарласан хэрэг байхгүйг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртлэх хугацаанд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.