Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/110

 

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр                        Дугаар 2020/ШЦТ/110                                        Ханбогд сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,

Шүүгдэгч: Г.О /өөрийгөө өмгөөлсөн/,

Хохирогч: Ж.Амартүвшин,

Хохирогчийн өмгөөлөгч: Н.Энхтөр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн №2587/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Од холбогдох эрүүгийн 2029000000090 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн орчим Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан 5 дугаар багийн нутаг Цагаан хаданд иргэн Ж.Амартүвшинтэй маргалдан, толгойн духны дээд хэсгийн үснээс зулгааж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Од холбогдох эрүүгийн 2029000000090 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газарт 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр газрын албаныхан газар хэмжиж хуваарилалт хийгээд явж байсан. Тухайн үед Амартүвшин болон манайх аль аль нь газраа худалдаад авчихсан байсан.  Ж.Амартүвшин нь тэр өдөр засаг даргыг дуудаад манай газар 3 метр байна, хойд талын газраас 2 метр газар авмаар байна гэж хэлэхэд засаг дарга та нар өөрсдөө зохицоод газраа ав гээд яваад өгсөн. Тэгсэн Амартүвшин би энэ айлын хажууд баймааргүй байна. Энэ айл бол хулгайч, дандаа манай юмнаас хулгай хийдэг, танай нөхөр чинь дугуй засварын газраас багц багцаар боодолтой юм авдаг гэж манай нөхөр бид хоёрыг доромжлоод байсан. Тэгэхээр нь би “танай нөхөр чинь архичин, та хоёрыг энд ирээд удсаныг чинь мэдэхгүй юм гээд” хэлэхэд Амартүвшин шороо цацаад, намайг үсдсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд үсдээд авсан. Би буруу зүйл хийгээгүй, миний буруутай үйлдэл байхгүй. Амартүвшингээс уучлалт гуйх шаардлагагүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Амартүвшин гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд 2020 оны 05 дугаар сарын 28, 29-нөөс эхлээд тэр хавийн айлуудын газарт хэмжилт хийж эхэлсэн, О болохоор Норвоо гэдэг хүнээс би болохоор Уранцэцэг гэдэг хүнээс газар авсан. Газар хатгалт эхэлсэн үеэс Норовоо, О 2 намайг дарамталж эхэлсэн. 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр газрын албанаас хэмжилт хийхэд би манай газар 3 метр, газраа хойшоо сунгуулах талаар Засаг даргатай ярилцаад байж байтал цайны газар ажиллуулдаг О хүрээд ирсэн. Засаг дарга өөрсдөө зохицоод газраа хэмжилт хийгээд авбал ав, тэгж чадахгүй бол газар олгохгүй гэх утгатай зүйл хэлээд яваад өгсөн. Тэгсэн О “танай нөхөр чинь архичин биздээ” гээд манай нөхрийг архичнаар нь дуудаад байсан. Тэгэхээр нь би түүн рүү дөхөөд очтол О миний үсийг дараад зулгаасан. Би уурандаа үсэнд нь бол хүрсэн. Одгэрэл “2 нүдний булай минь болиоч гэгээн цагаан өдөр зодолдоод” гээд 2-лаа зэрэг үсээ тавь гэхэд би үсээ тавьчихаад байхад О үс тавихгүй, үс зулгааж байгаад тавьсан. Огийн зулгааснаас миний үс халцарсан. Би үс суулгуулах шаардлагатай байна. Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Амартүвшингийн өмгөөлөгч Н.Энхтөр, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Шүүгдэгч Г.О хохирогч Ж.Амартүвшинтэй маргалдаж, улмаар үсдэж авсаны улмаас хохирогч Ж.Амартүвшингийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтууд болон шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Г.Огийн гэм буруутай үйлдлээс учирсан гэм хорын хохиролд шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтын хүрээнд нийт 2.900.232 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Амартүвшинд олгож өгнө үү” гэв.

 

- Хохирогч Ж.Амартүвшингийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-7/,

 

- Хохирогч Ж.Амартүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-14-16, 17-18/,

 

- Гэрч Б.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-23/,

 

- Гэрч Н.Одгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-24/,

 

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 339 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-28/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.Огийн өгсөн мэдүүлэг /хх-36-38/,

 

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/,

 

- Хохирогч Ж.Амартүвшингийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-44/,

 

  • Хохирогч Ж.Амартүвшингийн хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-45-55, 91-96/,

 

- Шүүгдэгч Г.Огийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-56-60/,

 

- Шүүгдэгч Г.Огаас хохирогч Ж.Амартүвшинд 2020.07.01-ний өдөр 1.073.350 төгрөг төлсөн баримт /хх-78/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн орчим Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан 5 дугаар багийн нутаг Цагаан хаданд иргэн Ж.Амартүвшинтэй маргалдан, толгойн духны дээд хэсгийн үснээс зулгааж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

- Хохирогч Ж.Амартүвшингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

 

- Хохирогч Ж.Амартүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт үйл ажиллагаа явуулдаг өөрийн дугуй засварын зүүн талд газраа хэмжүүлэх гээд байж байтал Ханбогд сумын Засаг дарга хүрээд ирэхээр нь би засаг даргад жаахан газраа сунгуулаад авмаар байна гээд саналаа хэлтэл засаг дарга та нар өөрсдөө хоорондоо ярилцаад газраа ав гэж хэлээд яваад өгсөн, тэгээд байж байтал Г.О танай нөхөр архи уудаг гээд орилоод байхаар нь би Г.О гэх хүүхэн рүү уурлаад шороо газраас аваад шидсэн чинь Г.О намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би адилхан үсдэлцээд байж байтал хажуу талаас Н.Одгэрэл, Б.Оюунгэрэл нар ирээд та нар гэгээн цагаан өдөр ичихгүй нүдний булай гэж хэлээд Г.О бид хоёрыг салгах гэтэл Г.О миний үснээс тавихгүй байсан. Тэгтэл Б.Оюунгэрэл одоо та хоёр зэрэг үсдсэн гараа тавь гээд хэлтэл Г.О гараа тавихгүй байхаар нь би эхлээд гараа түрүүлээд тавьтал Г.О намайг гараа тавьсаны дараа жаахан байж байгаад миний үснээс зуурсан гараа тавьтал үс зулгаагдах шиг болсон. Тэгээд би гэртээ ороод үсээ боох гэтэл миний үс туг тугаараа унаад ирсэн. Г.О бид хоёр үсдэлцээд авсны дараа миний үс зулгараад ирсэн. Өөрөөр намайг цохиж зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-14-18/,

 

- Гэрч Б.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.Амартүвшин, Г.О хоёр хоорондоо газраа булаацалдаад хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд би гэртээ ороод гарч иртэл тэр хоёр үсдэлцээд зогсож байхаар нь Н.Одгэрэл ах бид хоёр болиоч гээд тэднийг салгах гээд байж байсан. Би очоод та хоёр үсдсэн гараа зэрэг тавь гээд хэлтэл тэр хоёр нэг нэгнийгээ үсдсэн гараа тавьсан. Тэгээд би Г.Ог гэр рүү оруулчихаад гараад иртэл Ж.Амартүвшин танай найз намайг ийм болгосон гээд толгойгоо үзүүлсэн. Тэгтэл Ж.Амартүвшингийн үс нь халцарсан байсан” гэх мэдүүлэг /хх-23/,

 

- Гэрч Н.Одгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нэг харахад Ж.Амартүвшин, Г.О хоёр нэг нэгнийгээ үсдэлцээд зогсож байхад нь Гэрэлээ гэж бид нар дуудаад хүүхэд бид хоёр очоод салгаад явуулсан” гэх мэдүүлэг /хх-24/,

 

- Шүүгдэгч Г.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг өөрийн Эрдэнэт булган цайны газар дээр байж байхад газрын албанаас хүмүүс ирээд газар хэмжээд энэ танай газар гэж хэмжиж өгөөд байж байтал Ж.Амартүвшин би танай газраас хоёр метр газар авна гээд Ж.Амартүвшин Засаг даргад хэлээд байж байтал засаг дарга та нар өөрсдөө наад газраа зохицуулаад өөрсдөө аваарай гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд байж байтал Ж.Амартүвшин над руу уурлаад танай нөхөр чинь архи уудаг янхан банзал гэх зэргээр уурлаад над руу шороо цацаад хүрч ирээд намайг мөрлөөд авахаар нь би уурлаад та цаашаа бай гээд түлхээд өөрөөсөө холдуулаад байж байтал намайг ирээд үсдээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд үсдэлцээд авсан. Тэгээд байж байтал Н.Одгэрэл, Б.Оюунгэрэл нар ирээд бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг /хх-36-38/,

 

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 339 дугаартай шинжээчийн: “...1.Ж.Амартүвшингийн биед толгойн духны дээд хэсгийн хуйхны үс халцарч байхгүй болсон, дух болон хамрын зүүн хэсгийн зөөлөн эдэд битүү няцралт, баруун гарын бугуйн үений арьсанд өнгөц зурагдалт үүссэн гэмтэлтэй байна. 2.Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, 3.Уг гэмтэл нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй, 4.Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Ж.Амартүвшингийн дух, хамрын зөөлөн эдийн битүү гэмтэл, баруун гарт үүссэн зурагдалт нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй учир гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ж.Амартүвшингийн биед учирсан толгойн духны дээд хэсгийн хуйхны үс халцарч байхгүй болсон гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-28/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос  шүүгдэгч  Г.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Г.Ог гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Ж.Амартүвшингийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 339 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-28/-ээр тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Ж.Амартүвшинг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

 

Хохирогч Ж.Амартүвшин нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм хорын хохиролд 1.073.350 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Г.О нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Ж.Амартүвшингийн ХААН банкны 5585221314 тоот дансанд шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт /хх-78/-аар нотлогдохоос гадна талууд үүн дээр маргаагүй болно.

 

Хохирогч нь шүүх хуралдааны шатанд хууль зүйн туслалцаа авсаны төлбөр 200.000 төгрөг, замын зардалд 180.000 төгрөг, эм тарианы 20.232 төгрөг, үс суулгуулах зардал 2.500.000 төгрөг нийт 2.900.232 төгрөгийг нэхэмжилж, баримтуудыг гаргаж өгсөн.

 

Үйл явдал болохоос өмнө 2020.05.11-ний өдөр худалдан авсан эмний мөнгө болох 22.449 төгрөгийг нэхэмжлэхээс хохирогч өөрөө татгалзсан болно.

 

Хохирогчоос үс суулгуулах зардлыг тодорхойлж “Pro one” арьс гоо заслын эмнэлэгээс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гаргаж өгсөн тодорхойлолт, үс суулгуулах урьдчилгаа төлбөрт 1.000.000 төгрөг төлсөн гэх баримтуудыг шинжлэн судлахад: “эмнэлгийн тодорхойлолт дээр 6114113 регистрийн дугаартай “ГНЭ” ХХК гэсэн тамга дарагдсан”, тухай эмнэлгийн санхүүд 1.000.000 төгрөг төлсөн гэх “санхүүгийн баримтад 6236367 регистрийн дугаартай “Гоёл медикал” ХХК гэсэн санхүүгийн тэмдэг дарагдсан” байна. /хх-95-96/

 

Үүнээс дүгнэж үзэхэд үс суулгуулахаар хандсан гэх эмнэлгийн тодорхойлолт, санхүүгийн баримтууд нь байгууллагын нэр болон регистрийн дугаарууд зөрүүтэй, үс суулгуулаагүй мөртлөө 1.000.000 төгрөг урьдчилан төлсөн гэх тайлбар нь эргэлзээтэй байх тул үс суулгуулахтай холбоотой иргэний нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, үс суулгуулах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Г.Огаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

Хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсаны төлбөр 200.000 төгрөг /хх-91/-ийг хохирогчид учирсан зайлшгүй зардал гэж үзээгүй бөгөөд өмгөөллийн хөлс төлсөн баримт хэрэгт авагдаагүй үндэслэлээр, 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговиос-Улаанбаатар хот руу Альпард машинаар явсан /хх-93/ гэх, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс Улаанбаатар хотоос-Өмнөговь руу Альпард машинаар явсан /хх-93/ гэх замын зардал 60.000 төгрөг нэхэмжилсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, гараар бичсэн баримтад замын зардалд хэдэн төгрөг авсан, өгсөн  болох нь тусгагдаагүй тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн дээрх шаардлага болох нийт 260.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

харин 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд оролцохоор ирэхэд гарсан замын зардал /бензин хийсэн/ 120.000 төгрөгийг /хх-92/, “Цомбоговь” ХХК-иас 2020.07.26-ны өдөр эм тариа худалдан авсан 20.232 төгрөг /хх-94/, нийт 140.232 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Огаас гаргуулж хохирогч Ж.Амартүвшинд олгохоор тус тус шийдвэрлэлээ.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Г.О бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Г.Ог тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж Г.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэгдсэн болон тусгаарласан хэрэг байхгүйг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртлэх хугацаанд түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.