| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2020/0099/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/113 |
| Огноо | 2020-07-29 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/113
2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дугаар 2020/ШЦТ/113 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Оргил /үнэмлэхийн №1259/,
Шүүгдэгч: Ц.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг /үнэмлэхийн №2091/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн 2029000960084 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 23 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 2-р баг Зүүн Цанхийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-д ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан Kawasaki 135ZV загварын тээврийн хэрэгслээс 250 литр дизель түлшийг завшиж 545.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2029000960084 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ:
“...2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орой өмнө нь машинаа янзлуулж байсан эгчид түлш өгч байгаад газар дээрээ баригдсан. Хохиролд 545.000 төгрөгийг төлсөн. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. 5 сартайгаас 14 насны 4 хүүхэдтэй зэргийг харгалзан үзээд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Оргил гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
“...Хавтас хэрэгт авагдсан баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр Ц.Б нь байгууллагын хөрөнгөөс завшсан гэм буруутай болох нь тогтоогдож байна. Тиймээс хариуцлага хүлээх нь зайлшгүй, гэхдээ хариуцлага нь тохирсон байх ёстой. Хөрөнгө завшсан хүнд торгуулийн ял оногдуулах, мөн тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй учир торгуулийн ялыг биелүүлэхэд хүндрэл учирч улмаар торгуулийн ялыг хорих ялаар солих асуудал яригдана, ажлын хариуцлага алдаж, байгууллагадаа хохирол учруулсан хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжгүй, харин түүнд хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон эрүүгийн хариуцлага болно” гэв.
-Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Алдарчулууны өгсөн мэдүүлэг /хх-15-17/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Янжиндуламын өгсөн мэдүүлэг /хх-35-36/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Жавхланбаярын өгсөн мэдүүлэг /хх-35-36/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Наранбилэгийн өгсөн мэдүүлэг /хх-18-20/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Баянтүмэнгийн өгсөн мэдүүлэг /хх-21-22/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Гантулгын өгсөн мэдүүлэг /хх-28-30/,
- “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 549 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-43/,
- 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11/,
- Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Бын өгсөн мэдүүлэг /хх-49-52/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/,
- Шүүгдэгч Ц.Бын бакалаврын диплом, сертификат, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-74-91, хх-221-232/,
- Гэрэл зураг /хх-112-113/,
- Хохирол төлбөрт 545.000 төгрөг төлсөн баримт /хх-138/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 23 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 2-р баг Зүүн Цанхийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-д ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан Kawasaki 135ZV загварын тээврийн хэрэгслээс 250 литр дизель түлшийг завшиж 545.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
- Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Алдарчулууны өгсөн “...Жавхланбаяр, Янжиндулам хоёр 2020 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө хариуцлагатай жижүүр буюу гэнэтийн шалгалтаар явж байх үедээ Быг түлш хүнд өгч байхыг нь үйлдэл дээр нь барьж таслан зогсоосон. Ц.Б нь манай компанийн төлөвлөгөөт ажлыг хийж гүйцэтгэлгүй түлш шамшигдуулж бусдад өгсөн” гэх мэдүүлэг /хх-15-17/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Янжиндуламын өгсөн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 19 цагаас илүү цагаар ажилласан юм. Тэгээд би ашиглалтын ерөнхий инженер Жавхланбаяртай цуг шөнийн хяналтаар зүүн цанхи гэх уурхайн хэсэгт явж байх үедээ замын хажууд лодер /ачигч техник/ зогсож байхыг харсан. Тэгээд тэр лодер руу яваад очиход манай нэг ажилтан лодероосоо портер маркийн машинтай хүмүүс 4 ширхэг пошиг ачаан дээрээ аччихсан тэр пошиг руу нь түлш хийж байхад нь барьж авсан. Тэгээд хэн түлш өгч байгааг харахад манай “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн ажилтан Цэрмаагийн Б тэр портертой хүмүүст пошгинд нь түлш өгч байсан” гэх мэдүүлэг /хх-35-36/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Жавхланбаярын өгсөн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө уурхайн үйл ажиллагааг хяналтаар шалгалт хийж байсан шалгалт хийж уурхайн замын ажилтай танилцаж байх үедээ Л.Янжиндуламтай хамт явж байсан. Тэгээд өмнө нь уурхайн битүүмжийг сэтэлсэн мөр байдаг байсан юм. Тэгээд би өмнө нь сэтлэгдэж байсан газруудаар явж үзээд явж байхад лодер /ачигч техник/ хүмүүст түлш өгсөн байсан. Тухайн үед манай ажилтан Ц.Б түлш хүнд өгч байсан” гэх мэдүүлэг /хх-37-39/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Наранбилэгийн өгсөн “...Над руу Б гэдэг хүн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр залгаад түлш зармаар байна. Мөнгөний хэрэг гараад зарах гэж байна гэсэн. Тэр үед би Даланзадгад суманд байсан тэгээд намайг хэзээ ирж авах юм гэхээр би энүүгээр ажилтай завгүй байгаад байна гэхэд та хурдан ирээд энэ түлш аваадах гэсэн. Тэгээд манай нөхөр Цогтцэций суманд ирж шланз маркийн машины мотор янзалчихаад Даланзадгад руу буцах гэж байхад Б над руу яриад та хэдэн пошиг олж ирээд надаас түлш яаралтай аваадах гэсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр таньдаг хүнээсээ 4 ширхэг пошиг 1 ширхэг урт хар шланк аваад Бын байгаа газар руу очиход Б овоолоостой байсан шороог унаж байсан ковшоороо тэгшлээд манай машиныг оруулан дагуулж явж зогсоод ковшныхоо банкнаас түлш пошигонд шилжүүлж хийсэн эхний нэг пошиг дүүрээд дараагийн пошигондоо хийж байхад уурхайн ажилчдад баригдсан. Б 1 литрийг нь 1.000 төгрөгөөр бодоод гэж хэлсэн...Би Бгаас түлш авч болох юм уу гэж асуухад надад авч болно гэж хэлж байсан. Би тэр түлшийг нууцаар авч байгааг мэдээгүй би зүгээр уурхайн ажилчнаас түлш худалдан авч байна гэж бодсон. Харин ажилчдад нь баригдах үедээ хулгайн түлш гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-18-20/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Баянтүмэнгийн өгсөн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бэлэн мөнгөөр ачдаг уурхайн аман дээр очиж машины мотор янзлаад Даланзадгад сум руу явах гэж байгаад хүнээс түлш авахаар тохироод пошигонд түлш авч байгаад баригдсан. 400 литр түлш авах гэж байгаад пошгонд 250 литрийг хийсэн байх үедээ баригдсан” гэх мэдүүлэг /хх-21-22/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Гантулгын өгсөн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 10-ны шөнө ээлжиндээ гарч байсан. Тэгэхэд Б над руу залгаад миний ажлыг зохицуулаад өгөөч гэж хэлсэн. Би яасан юм. Бие нь зүгээр үү юу болсон бэ гэхэд Б авах хүн нь найдвартай би жоохон түлш гаргаадахья гэхэд нь би GPS-тэй болохгүй боль гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би ерөнхий инженертэй салхин сэнсний тэнд уулзчихаад буцаад хүмүүсээ хоолонд оруулах гээд авч явж байхад ерөнхий инженер залгаад чиний хариуцаж байгаа 135-6 хаана юу юу хийж байгааг мэдэж байна уу гэж асуусан тэгэхэд нь би 1560 отвол дээр замын чулуунуудыг зайлуулах ёстой би одоо ажлыг нь зааж өгөх гэж байна хэлсэн тэгсэн Шимт хөрсний 14 овоолгын энд түлш хулгай хийж байгаад надад баригдлаа гэж хэлээд чи хүрээд ир гэсэн тэгэхээр нь яваад очтол Б өөрийн унаж байсан 135-6 гэх парк дугаартай дугуйт ачигчныхаа хажууд нэг цэнхэр өнгийн портер загварын машин зогсоочихсон түлш пошигонд авч байсан. Тэр машины тэвшин дээр 4 ширхэг пошиг байсан” гэх мэдүүлэг /хх-28-30/,
- “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 549 дугаартай шинжээчийн: “...250 литр дизель түлш нэгж үнэ 2.180 төгрөг нийт 545.000 төгрөгийн үнэлгээтэй” гэх дүгнэлт /хх-43-р хуудас/,
- 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Бын өгсөн “...би 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хуучин машинаа янзлуулж байсан нэг эгч рүү залгаад түлш авах уу гэж асуусан. Тэгэхэд тэр эгч авья хаанаас авах юм гэсэн. Тэгэхээр нь би Эрдэнэс таван толгойн туслан гүйцэтгэгч Ти Ти Жи Ви Си Өү-н отволын ард ирээд аваарай гэж хэлээд хэзээ ирэх талаар нь асуухад 2020 оны 04 дүгээр сарын 10-ны шөнө 2 дугаар ээлж аваад ажилд гарсан. Ажлаа дуусгачихаад түр паркалсан чинь мастер намайг цайнаас хойш отвол дээр гарч ажилла. Тэрүүгээр хөмсөгнүүдийг хэлбэржүүл гэсэн. Тэгээд би хөмсөг янзалж хэлбэржүүлж байхдаа түлш авна гэсэн хүн рүү залгаад та хаана байна ирж байна уу гэсэн. Тэгсэн тэр хүн очиж байна гэхээр нь би энд хөмсөг сэтлээд таныг орж ирэхэд бэлэн болгоод байж байя гэсэн. Тэгсэн удалгүй ирээд миний Лодер 135 №6 хажууд машинаа байрлуулж зогсоогоод шланкаар 200 литрийн пошиг руу түлж авч байхад эргүүлүүд ирж намайг түлш гарган зарж байгааг мэдсэн. Би 1 литр түлшийг 1.000 төгрөгөөр бодоод 400 литр түлш 400.000 төгрөгөөр зарах гэж байсан. Би 200 литрын нэг пошиг дүүргэчихсэн. Дараагийн пошигонд хийгээд тал хэсэг рүүгээ хүрч байхад нь баригдсан...уг 2 хүнд зөвшөөрөлгүй түлш гэж хэлээгүй. Мөнгөний хэрэг гараад байна түлш авах уу гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-49-52/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-д гэм хорын хохиролд 545.000 төгрөг /250 литр түлш/-ийн хохирол учирсан болох нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр түлшинд үзлэгийн: “1.ALPHA гэсэн бичиглэлтэй улаан, ягаан өнгийн пошигны тагийг авч хэмжихэд эхний пошгинд 200 литр түлш байв. 2.Дараагийн пошигонд үзэхэд мөн адил ALPHA гэсэн бичиглэлтэй улаан ягаан өнгийн пошигны тагийг авч хэмжихэд 50 литр түлш, нийт 250 түлш пошигонд байв” тэмдэглэл, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 549 дугаартай шинжээчийн: “...250 литр дизель түлш нэгж үнэ 2.180 төгрөг нийт 545.000 төгрөгийн үнэлгээтэй” гэсэн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчээс 545.000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн 3000001440 тоот дансанд тушаасан болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.
Мөн мото цагийн зөрүү төлбөрт “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-д 2.289.553,07 төлсөн гэж тайлбарлаж байгаа болно.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Ц.Б нь компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/-аар тогтоогдож байх бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулж, мөн тэрээр хохирлоо бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшсэн, 5 сартайгаас-14 насны 4 хүүхэдтэй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /Хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртлэх хугацаанд шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.