Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 0926

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Н,   

Улсын яллагч Б.У,  

Шүүгдэгч П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд   нээлттэй хийсэн хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт П-ийн Ц-д холбогдох 2008 0000 01112 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Говь-Аптай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Номин” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 20 дугаар гудамж 20-24 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овгийн П-ийн Ц /РД:................../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :  

Шүүгдэгч П.Ц нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Анхны Хишиг” худалдааны төвийн урд иргэн М.Э-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас гараараа нүүрэн тус газар нь цохиж, түлхэж унагаан баруун хөлийнх нь шагай орчимд 2 удаа дэвсэж эрүүл мэндэд нь баруун шагайн гадна хавчаар ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цээж, баруун тохойнд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч П.Ц нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Анхны Хишиг” худалдааны төвийн урд иргэн М.Э-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь :     

-хохирогч М.Э-ын “...Би 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед найз Д-гийн  гэрт очоод бид хоёр 0,5 литрийн Хараа нэртэй архи уусан. Тэгээд би гэртээ харихаар ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Анхны Хишиг” худалдааны төвийн урдуур гараад явах зуур урд зогсоолын дундуур машин явах замыг хаагаад хар өнгийн 86-18 УАК улсын дугаартай суудлын автомашин зогссон байхаар нь жолооч талын цонхон дээр очоод 50 гаруй насны жолооч эрэгтэйд хандан “замаа чөлөөлөөд зогсохгүй бол араас чинь ирсэн автомашин зогсож болохгүй болоод байдаг, та нар өөрсдөө ингэж зогсоод байхаар яадаг юм” гэж хэлсэн чинь “юу гээд байгаа юм бэ”  гэж хэлэхээр нь би хаалганаас нь холдох зуур машинаасаа бууж ирээд миний зүүн талын шанаа орчим гараараа нэг цохиод хөлөөрөө зүүн талын бүдүүн гуяанд өшиглөсөн...“Чи яаж байгаа юм”, “чи яагаад намайг зодоод байгаа юм” гэж хэд хэдэн удаа хэлэхэд намайг тухай бүр хэд  хэдэн удаа түлхэж унагаасан...ба хамгийн сүүлд баруун хөлийн шагай орчим хөлөөрөө 2 удаа дэвссэн. Тухайн үед миний хөл эвгүй болоод би “ёо” гээд орилсон...тухай  мэдүүлэг /х-12-13/,     

- шинжээчийн дүгнэлт ;...М.Э-ын биед баруун шагайн гадна хавчаар ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цээж, баруун тохойнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.../хх-16-17/,  

- гэрч Л.Ц-гийн...намайг 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байхад 19 цагийн үед миний гар утас руу дугаараа нууцалсан дугаараас нэг 70 гаруй насны эмээ залгаад “нөхөр чинь хүнд зодуулсан байна” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад “Анхны Хишиг” худалдааны төвийн гадаа ирсэн. Тэгтэл нөхөр Эрдэнэцогт “намайг нэг танихгүй хүн зодчихоод явчихсан, миний хөл хавдаад гишгэж чадахгүй байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-22-23/,

- гэрч Б.Х-ийн “...2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр орой хадам аав бид хоёр машин дотор байхад дэлгүүрийн автомашины зогсоол дээр эмэгтэй, эрэгтэй хүн маргалдаад байсан. Удалгүй хэрэлдэж байсан согтуу эрэгтэй хүн ирээд аав Ц-тай “юм яримаар байна” гэж хэлсэн, хадам аав Ц “юу ярих билээ, архичин минь цаашаа бай” гэж хэлээд цонхоо хаатал...нөгөө согтуу хүн машины цонхыг гараараа нүдээд хадам аавтай маргалдахад нь аав машинаасаа буугаад гараараа түлхэхэд нөгөө согтуу хүн газар унасан. Тэгээд босч ирээд хадам аав руу дайраад тэр 2 маргалдаад байсан. Би машинаас буугаад аавыг нөгөө эрэгтэйг цохих гээд далайхаар нь “ аав та болиоч” гэж хэлсэн бөгөөд маргалдааныг болиулж чадахгүй байсан болохоор машиндаа суусан...”гэх мэдүүлэг /хх-30-31/,  

- гэрч Ц.Н-гийн“...би дэлгүүр ороод хүнсний ногоо аваад хэсэг хугацааны дараа гарч ирэхэд “Анхны Хишиг” худалдааны төвийн үүдэнд хүнтэй хэрэлдээд байсан эрэгтэй манай машины хажууд амнаас нь бага зэрэг цус гарсан бололтой сууж байсан...Нөхөр Ц надад...“наадах чинь машины шил толь хагалчих гээд нулимаад байхаар нь цохисон” гэж хэлсэн. Тэрний оронд цагдаа дуудаад өгчихгүй гэж хэлсэн чинь нөгөө зодуулсан эрэгтэй босоод хазагнаад явахаар нь нөхөр хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-34-35/

- шүүгдэгч П.Ц-ийн...2020 оны 06 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Анхны Хишиг” худалдааны төвийн үүдэнд ирж зогсоход эхнэр Н хоолны ногоо авахаар дэлгүүр орсон...бэр охин Хөгжилийн хамт худалдааны төвийн урд талбай дээр зам дагуу машинаа байрлуулан сууж байхад үл таних согтуу эрэгтэй хүн ирээд “юу байна хөгшөөн, яриа байна” гэхээр нь би уурлангуй “чамтай юу ярьдаг юм” гэж хэлээд машиныхаа цонхыг хаахад, машины цонх гараараа тогшоод цонх руу нулимаад байхаар нь машинаасаа буугаад ирсэн чинь “чи эр хүн юм байгаа биз дээ, чамтай яагаад юм ярьж болдоггүй юм” гэхээр нь би “цаашаа яв, чамтай ярих юм байхгүй” гээд түлхсэн. Тэгсэн цаашаа өнхрөөд унасан бөгөөд босч ирээд намайг заамдаж аваад “чи яасан их хүн түлхдэг чадалтай юм” гээд дайраад байхаар нь гараараа шанаа руу нь цохиод газар унагасан. Тэгтэл дахин босч ирээд “чи намайг хэн гэдгийг мэдэх үү” гээд явахгүй зууралдаад байхаар нь дахин гараараа шанаа руу нь цохиод унагаасан...Хэл амаар доромжлоод байхаар нь хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн...гараараа шанаа хэсэг рүү нь цохиж, хөлөөрөө хавсарч унагасан...гэх мэдүүлэг /хх-73-74/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.       

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.      

Иймд шүүгдэгч П.Ц-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 500.00 төгрөг авсан, цаашид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн /х-68, 81-84/ байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзнэ.   

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :  

Хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтын эх сурвалжаар /хх-30-31, 34-35, 73-74, 59/ тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгчтэй зүй бус харьцсан асуудлаас буюу тухайн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас тус гэмт хэрэг үйлдэгдсэн, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан  нөхцөл байдлууд тогтоогджээ.     

Шүүгдэгч нь ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, өндөр настай бөгөөд хүнд өвчтэй эцгээ асардаг, “Номин” компанид 540.000 төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг, автомашины өмчлөгчөөр бүртгэгдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг түүний хувийн байдалд хамаарах нотлох баримт тус хэрэгт /х-45, 47-48, 49-58 шүүх хуралдааны тэмдэглэл/ цугларсан байна.               

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан шүүгдэгчид 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.          

 Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь :      

 

1. Шүүгдэгч П.Ц-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Ц-мыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Ц-д оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Ц нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч П.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР