Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 659

 

Г.Чимгээ, Ч.Баяндүүрэн нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/00206 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Чимгээ, Ч.Баяндүүрэн нар,

Хариуцагч С.Нарангэрэл, Б.Гүрдорж нарт холбогдох,

 

Эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 916 270 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Г.Чимгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баяндүүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Чимгээгийн эзэмшлийн 63-06 УБП улсын дугаартай Тоёото Креста маркийн суудлын автомашиныг Ч.Баяндүүрэн би жолоодож явах үед 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Барилгачдын талбайн зүүн урд замд Тоёото Приус маркийн автомашиныг С.Нарангэрэлийн хүү Б.Гүрдорж жолоодож яваад эргэх үйлдэл хийх үедээ миний автомашиныг мөргөсөн. Би замын цагдаа дуудаж хэмжилт хийлгүүлсэн ба Приус маркийн автомашины буруутай талаар дүгнэлт гарч 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1946 дугаар Тээврийн прокурорын газрын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Тухайн үед миний толгой доргисон тул эмчид үзүүлсэн. Нийт хохирлыг тооцвол автомашины хохирол үнэлүүлсний төлбөр 28 000 төгрөг, автомашины эвдрэл хохирол 598 500 төгрөг, нотариатын зардал 7 000 төгрөг, бензин 76 000 төгрөг, эм тариа авсан зардал 56 770 төгрөг, толгойны зураг авахуулсан зардалд 150 000 төгрөг, нийт 916 270 төгрөг болсон. Хариуцагч нараас хохирол гаргуулах талаар удаа дараа шаардсан боловч одоог хүртэл өгөөгүй. Иймд Б.Гүрдорж, С.Нарангэрэл нараас гэм хорын төлбөрт 916 270 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Гүрдорж миний бие 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Барилгачдын талбайн зүүн урд талд явж байтал Ч.Баяндүүрэнгийн жолоодож явсан 63-06 УБП улсын дугаартай Тоёота Креста маркийн автомашинаар урдуур гэнэт гарч ирсэн. Миний бие түүнийг хараад зогссон боловч тэр чигээрээ ирээд шүргээд гарсан. Тухайн үед миний бие Ч.Баяндүүрэнтэй уулзаж бодит хохирлыг барагдуулъя гэсэн боловч надтай уулзахаас удаа дараа зугтааж уулзахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Тухайн үед цуг явж байгаад орсон засварын газруудаар үнэлүүлэхэд одоогийн нэхээд байгаа хохирлын мөнгөнөөс хамаагүй бага үнэлж байсан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан хохирол 916 270 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй, 500 000 төгрөгийн хохирлыг бол барагдуулах боломжтой. Үлдэх төлбөрийн хэмжээ нь бодит байдлаас зөрүүтэй их, эмнэлэг болон үнэлгээ хийлгэхэд хамт яваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Энэ мөнгийг төлөх санхүүгийн боломж ч байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Гүрдорж, С.Нарангэрэл нараас 776 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Чимгээ, Ч.Баяндүүрэн нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  139 770  төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 23 186 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 540 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Баяндүүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгосон 139 670 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийг өгнө, 276 500 төгрөгийг өгөх боломжгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Г.Чимгээ, Ч.Баяндүүрэн нар нь хариуцагч С.Нарангэрэл, Б.Гүрдорж нарт холбогдуулан эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 916 270 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Замын цагдаагийн газрын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн акт болон 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал, /хх 12-14, 53/ Тээврийн прокурорын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1946 дугаар тогтоол, /хх 18/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, /хх 18/ зохигчдын тайлбараас  үзвэл хариуцагч Б.Гүрдорж нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Тоёота приус маркийн 89 55 УБХ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасныг зөрчиж, нэхэмжлэгч Ч.Баяндүүрэнгийн жолоодож явсан Тоёота Креста маркийн 6306 УБП улсын дугаартай автомашиныг мөргөж, эд хөрөнгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо барагдуулахаар буруутай этгээдээс шаардах эрхтэй, хариуцагч нь хохирлыг барагдуулах үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч Ч.Баяндүүрэн нь эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг “Хөрөнгө Эстимэйт” ХХК-иар хийлгэхэд автомашинд 598 500 төгрөгийн эд анги солих болон засвар хийх зардал гарсан нь тус компанийн “Авто машин техникийн үнэлгээний тайлан”-гаар /хх 19-20/ тогтоогдсон, уг үнэлгээний хөлс 28 000 төгрөг /хх 22/ болсон байна.

Мөн ослын улмаас тархинд гэмтэл авсан эсэхийг тодорхойлуулахаар “Мөнгөн гүүр” эмнэлэгт компьютер томографын оношилгоо хийлгэхэд 150 000 төгрөгийн зардал гарсан баримт /хх 8/ хэрэгт авагдсан тул анхан шатны шүүх нийт 776 500 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэн уг хохирлыг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Харин шатахууны зардал 76 000 төгрөг, эм, тарианы зардал 56 770 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 7 000 төгрөгийн хохирол шаардаж гаргасан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт гэж үзэхгүй. Иймд шүүх эдгээр баримтыг хохирлыг эргэлзээгүй нотлохгүй гэж үзэж үлдэх 139 770 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/00206 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 4 850 төгрөг, хариуцагчаас төлсөн 8 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ