Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 124/2021/0087/З |
Дугаар | 221/МА2022/0155 |
Огноо | 2022-02-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2022/0155
С.З-ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагч С.З
Гомдол гаргагч: С.З
Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э
Гомдлын шаардлага: “Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын 2021 оны 11 дүгээр сары 04-ний өдрийн 0000947 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 73
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч С.З, хариуцагч Ч.Э нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа
Хэргийн индекс: 124/2021/0087/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч С.З нь “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0000947 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 73 дугаар шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч С.З-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргасан байна.
3.1. Монгол Улсын иргэн хэн боловч Үндсэн хуульд заасан тэгш шударга байх, талуудын тэгш байдал хангах, сонгох, сонгогдох эрхтэй гэж заасныг зөрчсөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль бүхэлдээ сонгууль зохион байгуулах үйл ажиллагааг хуульчилсан. Энэ хуулийн 25-д нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацааны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилсан. Би Монгол Ардын Намын нэрийн өмнөөс Улаангом сумын 5 дугаар багт нэр дэвшин өрсөлдсөн. Бид сонгуульд анх орохдоо бүх материалаа бүрдүүлэн Улаангом сумын Монгол Ардын намын хороогоор дамжуулан бүртгүүлж, нэр дэвших эрхээ олж авсан. Сонгууль эрхэлсэн байгууллага нь Монгол Ардын нам байсан. Гэтэл хариуцагч Ч.Э болон төрийн аудитын газрын ахлах аудитор нарын тайлбарт “намуудад тайлан авах талаар албан тоот хүргүүлсэн. Хавсралтаар журам маягтуудыг хүргүүлсэн” гэж дурджээ. Гэтэл би энэ журам, маягтуудтай огт танилцаагүй бөгөөд надад хэн ч хэлээгүй өнгөрсөн байсан. Би үүний төлөө 10 сая төгрөгөөр торгуулах шийтгэл хүлээж байгаад гомдолтой байна.
3.2. Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн тухай хуульд заасан шударга ёс тэгш байдлыг хангадаг бол сонгуулийн хороо, сонгууль эрхэлсэн байгууллага болох Монгол Ардын намын хороо, яг үнэндээ аймгийн Аудитын байгууллага ч гэсэн тэгш шударгаар хандаж тэр албан тоот, журам, маягтуудаа бидэнд тухайлбал надад илгээж болох байсан шүү дээ.
3.3. Би мэдсэн мөртлөө биелүүлээгүй бол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Албан тушаалтнуудыг ширээнээс ширээнд дамжсан журам зааврын төлөө ганцхан би хариуцлага хүлээх нь тэгш байдлыг хангах зарчмыг зөрчиж байна. Тийм ч учраас надад шийтгэл ногдуулахаасаа өмнө зөвлөмж байдлаар надад мэдэгдсэн эсэх, сонгуульд эрхэлсэн байгууллагаас тайлан авах талаарх албан тоотыг танилцуулсан эсэхийг тогтоох ёстой байсан. Гэтэл энэ нөхцөл байдлыг тогтоогоогүй.
3.4. Зөвлөн туслах үүргээ аудитын байгууллагаас гадна Монгол Ардын намын хороо биелүүлээгүй гэж үзэж байна. Аливаа эрх үүргийг тэнцүү байдлаар шударга ёсны зарчимд үндэслэн тэгш эрхийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Амьдралын наад захын жишээг харахад аймгийн Аудитын газраас иргэн, аж ахуйн нэгжид тавьсан торгууль, замын цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын шийтгэл нь хууль дүрмээ тв, сонин хэвлэлээр байнга сурталчилсан, иргэдэд ойлгуулж зөвлөсөн байхаас гадна удаа дараа зөрчил гаргасан, бодит хохирол эсхүл хор уршиг учруулж болох нөхцөл байдалд анхаарсан байдаг.
3.5. Гэтэл энэ хуулиас ч өмнөх хуульд ийм заалт байсан байх. Гэв гэнэт энэ жил торгууль ногдуулж байгаа нь ойлгомжгүй байна.
3.6. Тийм учраас тэгш байдлын зарчим алдагдсан гэж үзэж гомдол гаргаж байна. Хуульчилсан зарчмаа зөрчиж шийддэг ёс гэж байхгүй ээ. Тэгвэл тэгш шударга байдлаар сонгууль эрхэлсэн байгууллага бас хариуцлага хүлээх учиртай.
Аливаа хэргийн нотлох баримтыг хуулийн дагуу бүрдүүлж буруутай этгээдэд шийтгэл ногдуулдаг нь хуулийн зарчим төдийгүй зайлшгүй шалган шийдвэрлэх учиртай тул доорх асуудлыг шалгаж тогтоолгохоор хэргийг аудитын газарт буцааж өгөхийг хүсч байна. Үүнд
3.7. Аймгийн аудитын газар зөвлөн туслах, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх үүргээ хэрхэн биелүүлснийг шалгаж, хэрэгт хавсаргах. Энэ талаар ямар ч асуудал аудитын байгууллага шийтгэл ногдуулахаас өөр үүрэггүй байгаад иргэн би харамсаж байна. Би санаатайгаар зөрчил гарган улсад хор хохирол учруулсан асуудал огт байхгүй тул маш их гомдолтой байна.
3.8. Би арга хэмжээ авах буруутай үйлдэл огт хийгээгүй бөгөөд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг жирийн иргэн байтугай хуульчид ч мэдэхгүй байгаа нь бодит үнэн шүү дээ. Үүний төлөө би хохирох ёсгүй гэж үзэж байна. Ард түмний тэгш эрхийг зөрчиж эрх зүйт төрийн шинж энэ юм уу, арай л биш гэж бодож байна.
3.9. Би Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон онцгой эрх болох сонгох, сонгогдох эрхээ эдэлсний төлөө хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг би хэнд ч ямар ч хохирол учруулаагүй байж 10 сая төгрөгөөр торгуулах болсондоо харамсаж байна. Би энэ төлбөрийг төлөх чадваргүй. Би улс төрийн эрхээ эдэлж, нэг хүний саналаар ялагдсан нь надад сургамж болсон ч нийт 2.400.000 төгрөгийн орлого олж, зарлага гаргаж байсан дансыг хаасан нь батлагдсан байхад хаанаас би 10 сая төгрөг олох юм бэ.
3.10. Яг шулуухан хэлэхэд цар тахлын улмаас сүүлийн 2 жил ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Би ард түмний дуу хоолой болох гэж 5 дугаар багт шийдэх ёстой асуудлын санал өрнүүлж нутгийн захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэх гэж сонгуульд нэр дэвшсэн болохоос албан тушаал горилоогүй.
3.11. Аливаа гэмт хэрэг зөрчилд холбогдсон хүн ял шийтгэлийг ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 3.1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасан. Би эс үйлдэхүйгээр ямар шинжид хамаарч хэр хэмжээний хохирол учруулаад байгаагаа ойлгохгүй байна. Тэр тайланг нөхөж гаргаж өгч болдоггүй юм уу. Нөхөж гаргах өгөх байтугай хойшлуулбал гэсэн заалт байдаг юм байна. Нөхцөл байдал тогтоогдоогүй байхад эс үйлдэхүй гэж таамаглан хуульд заасан хариуцлага хүлээлгэж байгаа нь буруу. Хуулийн туршилтад жирийн иргэн бид Үндсэн хуульд заасан эрхээ эдэлсний төлөө золиослогдох ёсгүй. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Зөрчлийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
3. Шүүх бүрэлдэхүүн гомдол гаргагч С.З-ын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
3.1. Гомдол гаргагч С.З-аас “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0000947 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.
3.2. Анхан шатны шүүх “...холбогдогч С.З нь сонгуулийн зардлын дансны тайлангаа хуульд заасан хугацаанд Төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг хангаж байх тул хариуцагч шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт хийж гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцжээ.
3.3. Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбаруудаас үзэхэд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын 2021 оны 11 дүгээр сары 04-ний өдрийн 0000947 дугаар шийтгэлийн хуудсаар нэр дэвшигч С.З- нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь заалтыг зөрчсөн нь холбогдогчийн мэдүүлэг, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 396 дугаар албан бичиг зэргээр тогтоогдож байна хэмээн үзэж 10.000 нэгжээр торгох шийтгэл ногдуулжээ.
3.4. Дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргагчаас “..төрийн байгууллага нь сонгуульд нэр дэвшигчтэй уялдаа холбоотой ажилласан бол асуудал үүсэхгүй байх байсан. Холбогдох төрийн байгууллагын зүгээс энэ асуудлаар мэдээ мэдээлэл дамжуулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ аваагүй гэж үзэж байна. Миний бие ямар нэг хохирол учруулаагүй. Гэтэл бүтэн жилийн хугацаанд ийм дүрэм журам байдгийг албан ёсоор мэдэгдэж сануулаагүй байтал нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасны дагуу 10.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргажээ.
3.5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж зааснаас үзэхэд тухайн сонгуульд нэр дэвшигчид өөрт нь сонгуулийн зардлын тайлангаа төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэхийг шууд үүрэг болгосон, ийнхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д зааснаар хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тодорхой хуульчилсан байна.
3.6. Гэвч Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 5 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч С.З нэр дэвшигчийн зардлын тайлангаа төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хуульд заасан хугацааны дотор хүргүүлэх үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан гомдол гаргагчийн “би энэ журмыг мэдээгүй, тайлан хүргүүлэх талаар ямар ч төрийн байгууллагаас надад мэдэгдээгүй” гэсэн мэдүүлэг болон хариуцагчийн тайлбар, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын нийцлийн аудитын тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
3.7. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч С.З нь 2020 оны ээлжит сонгуулиар Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 5 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасны дагуу Увс аймаг дахь Төрийн аудитын газарт өөрийн биеэр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй болохоо үгүйсгэж маргаагүй, энэхүү зөрчил нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.
3.8. Гомдол гаргагч “сонгууль эрхлэх байгууллага нь Монгол Ардын намын хороо байсан, намуудад тайлан авах талаар албан тоот, хавсралтаар журам, маягтуудыг хүргүүлсэн боловч надад энэ талаар танилцуулаагүй, мэдэгдээгүй тул тайлан хүргүүлээгүй гэх хариуцлагыг би хүлээх нь шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй” гэх боловч энэ нь хуулиар нэр дэвшигчид өөрт нь хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүйд ногдуулсан шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, С.З-ын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 73 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ