| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0177/Э |
| Дугаар | 087 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 087
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дк даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б,
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Б-ын Б-т холбогдох 2013000710065 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, У овогт Б-ын Б- 1986 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Н сумын 5 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд БӨ аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар БЗ............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын эхээр БӨ аймгийн Н сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох Хар бураа гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон 1 толгой зэгсний гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, доторх гэдсийг нь авч хадгалсан хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 05-06-ны үед БӨ аймгийн Н сумын нутаг дэвсгэрээс 1 толгой зэгсний /бодон/ гахай агнасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Зэрлэг гахай агнаж болохгүй хориотой ан гэдгийг мэдэж байсан боловч томоогүй зангаасаа болж агнаж, хэрэгтэн болсондоо маш их харамсаж байна. Би анхнаасаа хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гахайн үнэ болох 2900000 төгрөгийг мөрдөгчийн бичиж өгсөн дансанд тухайн үед тушаасан.” гэв.
Эрүүгийн 2013000710065 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ий 7-102-р хуудас/,
3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-19-р хуудас/,
4. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 тооны зэгсний гахай, зэгсний гахайг агнасан иж-18 маркийн гол төмөр 1708801643 дугаартай галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-21-р хуудас/,
5. Иргэний нэхэмжлэгч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 30-31-р хуудас/
“... Яллагдагч Б.Б- нь Н сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Хар бураа” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон 1 толгой зэгсний гахай агнасан байна. Шинжээчийн дүгнэлтээр 2900000 төгрөгийн хохирол учруулсан байсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх ёстой. Ингэхлээр 5800000 төгрөг болох юм. Яллагдагч Б.Б- үндсэн үнийг буюу 2900000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Үлдсэн мөнгийг нь удахгүй хийж барагдуулах болно гэдгээ илэрхийлээд байгаа” гэх мэдүүлэг,
6. Гэрч Ү.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 34-р хуудас
“... Н сумын 5 дугаар багийн иргэн Б.Б-ын зэрлэг буюу зэгсний гахай агнасан гэж үзүүлсэн газар нь БӨ аймгийн Н сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт орох Шар мод гэх газар юм” гэх мэдүүлэг,
7. Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 35-р хуудас/
“...манай дүү миний бууг байхгүй байхад гэрээс аваад явсан байна. Тэрнээс биш гахай агнах гэж байгаа гэж буу авч байгаагүй юм. Би шувууны буутай ба манай дүү Б.Б- нь тухайн буугаар гахай агнасан гэж надад хэлж байсан юм”. гэх мэдүүлэг,
8. Шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтэд: /хх-ийн 39-р хуудас/
“...шинжилгээнд ирсэн 1 толгой ан амьтан нь Зэгсний зэрлэг гахайны эд эрхтэн мөн ба латин нэр нь /Sus scrofa nigripes/ Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Ховор амьтны жагсаалтад болон Монгол Улсын Улаан номонд орсон” гэх дүгнэлт,
9. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: хх-ийн 49-50-р хуудас/
“Миний бие 2020 оны 01 дүгээр сарын эхээр Н сумын 5 дугаар багийн “Шар” мод гэх газарт мал хариулж явахдаа ахын нэр дээр бүртгэлтэй шувууны бууг үүрч явсан юм. Гэтэл нэг тооны зэрлэг гахай явахаар нь би уг буугаар цээж тус газар нь буудаж унагаасан. Тэгээд уг гахайгаа би гэртээ хүргээд тавьсан байхад хэд хоногийн дараа цагдаа нар ирээд гахай агнасан байна уг гахай хаана байна гэхэд нь би гаргаж үзүүлж үнэнээ хүлээсэн, ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй юм. Би уг гахайг ганцаараа малд явахдаа буудаж авсан, тухайн үед үед үзэж харсан хүн байгаагүй харин сүүлд гэрт авч ирсний дараа манай гэрийнхэн мэдсэн, өөр хүн мэдээгүй. Тусгай зөвшөөрөлгүй нэг тооны зэрлэг гахай агнасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
10. Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:
- Шүүгдэгч урьд ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/,
- БӨ аймгийн Н сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Тус багийн 5 дугаар багийн иргэн Б овогтой Б нь БЗ.......... регистрийн дугаартай, ам бүл 5, 1986 онд төрсөн, 34 настай тус багийн бүртгэлтэй оршин суугч мөн. 2019 оны мал тооллогоор бүгд 185 толгой мал тоолуулсан. Үүнээс үхэр 8, хонь 67, ямаа 110 толгой малтай. Б.Б нь төлөв даруу зантай иргэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 55-57/,
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/271 дугаартай “Б.Б /БЗ........../-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар мэдээллийн санд бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэл байхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 61/,
- 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БЗ.........., овог:У, эцэг/эх/-ийн нэр:Б-, нэр:Б, яс үндэс:Урианхай, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:БӨ , Н сум, төрсөн огноо:1986-03-27, хаяг:БӨ , Н , 5-р баг, Ямаат, хүчинтэй хугацаа:2031-03-27, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62/
- БӨ аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-68/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
1. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй ба хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, холбогдох байгууллагаас хяналтаа сул тавьсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 5-6-ны үед БӨ аймгийн Н сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох Хар бураа гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон 1 толгой зэгсний /бодон/ эр гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, доторх эрхтнийг авч хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзнэ.
Зэгсний зэрэг гахай нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолоор батлагдсан Ховор амьтны жагсаалтад болон Монгол улсын улаан ном ( 1987: 1997: 2013)-онд орсон байна. Амьтны тухай хууль (2012)-ийн 9.1.1 дэх заалтаар зэрлэг гахайг жил бүрийн 12-р сарын 01-ний өдрөөс дараа оны 8-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглодог байна.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн амьтны экологи-эдийн засагт учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнасан, доторх эрхтнийг нь авч хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох” тухай 23-р тогтоолын 1 дүгээр хавсралтаар эр зэгсний зэрлэг гахайн экологи-эдийн засгийн үнэлгээг 2900000 төгрөгөөр тогтоосон байна.
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасны дагуу шүүгдэгч Б.Б-аас 5800000 төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэлээ.
Учир нь, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж хуульчилсан учраас шүүгдэгч Б.Б-ын хохиролд төлсөн гэх 2900000 төгрөгийг БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Төрийн сан дахь 100020013001 дугаар данснаас буцаан гаргуулж, мөн үлдэгдэл хохирол болох 2900000 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзлээ.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэгэст заасныг удирдлага болгон шүүгдэгч Б.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “...миний үйлчлүүлэгч Б.Б-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч Б.Б-ын хувийн байдлыг шалгаж үзэхэд урьд 2002 оны Эрүүгийн хуулийн Хорин дөрөвдүгээр бүлэгт заасан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг” үйлдэж БӨ аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор түүнийг буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, биелэн эдлүүлсэн байна. Гэтэл шүүгдэгч Б.Б- нь уг үйлдлээ ухамсарлахгүйгээр дахин амьтны аймагт хохирол учруулсныг шүүхээс ял оногдуулахдаа харгалзан үзэж оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 тооны зэгсний бодон гахайг БӨ аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах зориулалттай өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн байгууллагатай хамтран устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 475000 төгрөгийн үнэ бүхий иж-18 маркийн гол төмөр 1708801643 дугаар, замагны 8802230 дугаар галт зэвсгийг эзэмшигч Б.Г-т буцаан олгож, уг зэвсгийн үнэ болох 475000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулж, улсын орлого болгохыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй нас бие гүйцсэн 3 тооны үхрийг битүүмжилсэн тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.
4. Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Б- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч У овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнасан, доторх эрхтнийг авч хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын ойн санд учруулсан хохиролд үлдэгдэл 2900000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөг, мөн түүний хохиролд төлсөн гэх 2900000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Төрийн сан дахь 100020013001 дугаар данснаас буцаан гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7-р зүйлд заасан Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан зэгсний гахайг агнасан иж-18 маркийн гол төмөр 1708801643 дугаар, замагны 8802230 дугаартай галт зэвсгийг эзэмшигч Б.Г-т буцаан олгож, уг галт зэвсгийн үнэ болох 475000 /дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулж улсын орлого болгохыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 тооны зэгсний /бодон/ гахайг БӨ аймаг дахь Цагдаагийн газартай хамтран устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Шүүгдэгч Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй нас бие гүйцсэн 3 тооны үхрийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК