| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0120/Э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2020-05-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 128
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.А,
Шүүгдэгч Е.Н-, Ж.Р-, Б.А-, Т.Н- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е.Н-, Ж.Р-, Б.А-, Т.Н- нарт холбогдох 2013001350136 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын харьяат, яс үндэс казах, 1993 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, БӨ аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, У овогт Е-н Н-, регистрийн дугаар БГ.........
2. Монгол Улсын харьяат, яс үндэс казах, 1993 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суудаг, урьд БӨ аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж байсан, Б овогт Ж-ийн Р-, регистрийн дугаар БЮ..............
3. Монгол Улсын харьяат, яс үндэс казах, 1993 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 26 настай. эрэгтэй, дээд боловсролтой, нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжилтэй, “Монос” ХХК-ны БӨ аймаг дахь салбарт худалдааны төлөөлөгч ажилтай, Баян- Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суудаг, урьд БӨ аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж байсан, Н овогт Б-ын А-, регистрийн дугаар НД...........
4. Монгол Улсын харьяат, яс үндэс казах, 1993 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, БӨ аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суудаг, урьд БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг 2 жил 5 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн, Х овогт Т-ын Н-, регистрийн дугаар БЮ..............
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
БӨ аймгийн Ө сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Тэс” шатахуун түгээх станцын хажуугийн нүүрс зардаг машинуудын зогсоол дээр 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн үед Х.М-ийг Е.Н-, Б.А-, Т.Н- нар согтуугаар, бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, иргэн Ж.А-ийг Т.Н-, Ж.Р- нар согтуугаар, бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Е.Н- мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэм хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Р- мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэм хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэм хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н- мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэм хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.
Эрүүгийн 2013001350136 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
1. Иргэн Х.М гаас 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад хандаж гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-рх/,
2. Шүүгдэгч Б.А-, Е.Н-, Ж.Р-, Т.Н-, хохирогч Ж.А- нарын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 8-12-рх/,
3. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргагдах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17-рх/,
4. 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүнд хавсаргагдах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25-рх/,
5. Хохирогч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 43-46-рх/,
“... Тухайн зодолдож байсан залуучуудын нэг нь намайг өшиглөсөн бөгөөд энэ үед нь надтай хамт нүүрс зардаг Ж-ийн хүүхэдтэй хамт машины ойролцоо очих үед миний ар нуруу хэсэг рүү тухайн залуучуудын нэг нь ирээд цохисон. Миний бие газарт унасан байх үед өндөр нуруутай залуу болон түүний хажууд байсан дунд зэргийн нуруутай хар хувцастай залуу нар ирээд миний толгой, нүүр, хэвлий хэсгүүд рүү өшиглөж байсан. Намайг 3 залуу өшиглөж байсан цааш нь юу болсон талаар санахгүй байна.” гэх мэдүүлэг,
6. Хохирогч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 50-52-рх/,
“...нэг мэдэхэд зодоон болж байсан бөгөөд би нүүрсээ хиллэж дуусаад нүүрс авсан хүнийг явуулчхаад зодоон болж байгаа газарт очсон чинь 2 хүн газар уначихсан ноцолдож байсан. Тэдний хажууд Х.М- хамгийн өндөр залуутай маргалдаж байсан. Би Х.М- руу очиж чи боль гэж хэлээд эргэхийн хооронд сахалтай намхан нуруутай нэг залуу ирж миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Араас нь Х.М-тэй маргалдаж байсан өндөр залуу миний цээж рүү гараараа 2 удаа цохих үед газар суучихсан бөгөөд хөмсөгнөөс цус гарчихсан. Тэгээд би зугтаад очиж нэг портерын дотор ороод суучихсан. Тэр үед Х.М-ийг миний цээж рүү цохисон залуу болон хамгийн өндөр нуруутай шар залуу хоёр тал талаас нь өшиглөж байсан бөгөөд удалгүй бүгд зугтаагаад явсан. Тэр үед нэг залуу үлдчихсэн бөгөөд тухайн залуу нь Х.М-ийг анх цохиж унагаасан залуу юм. Тэр залуу цохиж унагаагаад дараа нь өшиглөсөн бөгөөд хажууд нь нийлж өшиглөсөн гэх залуу нь үлдсэн гэх залуугаас өндөр харагдаж байсан юм.
... 6 номерыг барьсан намхан нуруутай, сахалтай залуу миний нүд рүү цохисон залуу мөн байна. 1 номерыг барьсан өндөр нуруутай хар өнгийн хувцас өмссөн залуу миний цээж рүү маш хүчтэй хоёр удаа цохисон залуу мөн байна.
... Х.М-ийг 5 гэсэн номерыг барьсан залуутай маргалдаж байсан. Уг 5 номерын тоог барьсан залуу анх маргаан зодооныг эхэлсэн. Тэр Х.М-тэй маргалдаж байгаад шууд цээжний хэсэг рүү цохиход Х.М- газарт унасан. Х.М-ийг газарт унангуут нь 4-ийн тоо болон 6-ийн тоог барьсан залуучууд өшиглөж зодож байсан. ” гэх мэдүүлэг,
7. Гэрч Ш.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 56-57-рх/,
“...Тэр үед Х.М-ийг Б.А- цээж хэсэгт нь гараараа нэг цохиход Б.А-ийг С.А- барьж аваад ноцолдох үед Б.А-ийн цамц урагдсан. Б.А-тэй маргалдаж байгаа С.А-ыг Ж.Р- хүрч ирээд нэг цохисон. С.А-, Ж.Р- нар хоорондоо зууралдаж газар унасан. Би тэд нарыг ганцаараа салгаж аваад эргэж харсан чинь Х.М- газар хэвтэж байсан. Ж.Р- Х.М- рүү ирж байхаар нь Ж.Р-д зайл гэж хэлээд хөөгөөд явуулсан чинь Б.А-, Ж.Р-, А-, Т.Н- нар таксинд суугаад яваад өгсөн. Зодоон болсон газарт Е.Н- үлдсэн. Би Х.М- рүү очиж харсан чинь нүүр нь тэр чигээрээ цус болсон, хавдсан байсан ба С.А- тэврээд сууж байсан.” гэх мэдүүлэг,
8. Гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 62-63-рх/,
“... Тухайн үед цагаан өнгийн машин ирээд бид нарын ойролцоох зам дагуу зогсож уг машинаас 2 үл таних залуу бууж ирээд хоорондоо зодолдож эхэлсэн юм. Тэрээр Х.М-ийн хамт зодолдож байсан хоёр залууг салгах гэж очиход Е.Н-, Т.Н- гэх хоёр залуу байсан. Тухайн хоёр залууг миний бие салгахад уг 2 залуу Х.М- бид хоёр руу дайрсан. Энэ үед машинаас 2 залуу бууж ирсэн ба уг хоёр залуу нь Б.А-, Ж.Р- нар байсан юм. Тэрээр уг 4 залуу нийлээд бид хоёр руу дайрах үед Х.М- машин руугаа зугтаасан. Энэ үед би Б.А-ийг барьж авсан юм. Тэгээд Б.А-тэй барьцалдаж байх үед түүний цамц нь урагдсан. Тэрээр Б.А-тэй барьцалдаж байх үед Х.М- нь нүүрс зарж байсан машинуудын ойролцоо газарт хэвтэж байсан. Миний бие гүйж очиход түүний толгой нүүр хэсэг нь тэр чигтээ цус болчихсон байсан. Яаж зодож, цохисон талаар хараагүй юм. Нэг харахад газарт хэвтэж байсан юм. ...Ж.А- гэх залуугийн зүүн талын нүд хөхөрчихсөн байсан юм" гэх мэдүүлэг,
9. Гэрч Х.Т-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 64-65-рх/,
“...Х.М- нь машиныхаа хажууд алхаж явж байгаа харагдсан. Энэ үед улаан өнгийн майк өмссөн үл таних залуу Х.М-ийн ар талаас нь ирээд цохиж газарт унагаасан үед өндөр нуруутай залуу, намхан нуруутай сахалтай залуу, улаан майктай үл таних залуу нар нийлээд Х.М-ийг газарт унагааж хөлөөрөө өшиглөж байсан. Энэ үед тухайн газарт байсан жолооч нар очиж болохгүй, очих юм бол бөөн зодоон болно гэж хэлээд очиж салгаж чадахгүй байсан юм." гэх мэдүүлэг,
10. Гэрч И.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 66-67-рх/,
“...Тэрээр Х.М- машиныхаа хажууд очиж байх үед түүний араас улаан майктай үл таних залуу, өндөр нуруутай шар залуу, сахалтай намхан залуу нар Х.М-ийг араас нь очиж газарт унагаж өшиглөж эхэлсэн” гэх мэдүүлэг,
11. Гэрч Ж.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 68-69-рх/,
“...Тэрээр Х.М- машин руугаа буцаад явж байсанд түүний араас тухайн үл таних 4 залуу явахад нь С.А- нь биерхүү нэг залууг барьж авсан юм. Тэрээр Х.М- машиныхаа хажууд очиж байх үед түүний араас улаан майктай үл таних залуу, өндөр нуруутай шар залуу, сахалтай намхан залуу нар Х.М-ийн араас нь очиж газарт унагааж өшиглөж эхэлсэн.” гэх мэдүүлэг,
12. Хохирогч Х.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82-рх/,
13. Хохирогч Ж.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-рх/,
14. Шинжээч К.Х-ын 2020 оны 04 дүгэр сарын 24-ний өдрийн “Ж.А-ийн биед үүссэн цээжний дунд хэсэгт цохих юм уу өшиглөх үед үүсэх боломжтой цээжний дунд хэсэгт хавдартай гэмтэл үүсэх үед уг гэмтлээс гадна хохирогчийн биед тархины доргилт үүсэх боломжтой юм. Иймд дээрх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн баруун нүдэнд дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, нүдний салстад цус харвасан, баруун хөмсөгөнд шархтай гэмтлүүд ч гэсэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл юм. Түүнчлэн Ж.А-ийн биед үүссэн тархины доргилт гэмтэл нь түүний нүүр рүү цохих, цээж рүү цохих аль алинд нь үүсэх боломжтой юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 82-рх/,
15. Шүүгдэгч Е.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 120-121-рх/,
“Х.М-, Ж.А- нарыг хэн хэрхэн яаж зодсон болохыг би мэдэхгүй, зодоон болохын хувьд болж Б.А-, Т.Н-, Ж.Р- бид дөрөв зодоонд оролцсон. Харин сайн санахгүй байгаа юм. Бид дөрөв хүн зодож гэмтээсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Мөн Х.М-, Ж.А- нарт учирсан хохирлыг бүлэн барагдуулж уучлал гуйсан, иймд хэргийг хурдан хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
16. Шүүгдэгч Ж.Р-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 124-125-рх/,
“Тэгэхээр нь бид нар яагаад аяга шидээд байгаа юм бэ гэж асуухад энд зодолдож болохгүй гэж хэлээд Х.М- бидэн рүү дөхөж ирэхэд машинаас А- болон Б.А- нар бууж ирсэн. Тэгээд л зодоон эхэлсэн. Тухайн газарт хэн нь хэнийгээ хэрхэн яаж зодож цохиж өшиглөсөн талаар би мэдэхгүй байна. Учир нь би хэтрүүлэн архи хэрэглэж маш их согтсон байсан юм. ...Би Ж.А-ийн цээж рүү гараараа цохисноо санаж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ж.А-т учирсан хохирлыг бүрэн барагдуулж уучлал гуйсан, иймд хэргийг хурдан хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. “ гэх мэдүүлэг,
17. Шүүгдэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 128-129-рх/,
“...Х.М-ийг зодож цохисноо хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ би өөрөө сайн санахгүй байгаа, хүмүүс намайг Х.М-ийг зодсон гэж хэлсэн тул би өөрийнхөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм. Би зодооны талаар сайн санахгүй байгаа юм. Би найзуудтайгаа согтуу явж байгаад хүмүүс зодож гэмтээсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм.” гэх мэдүүлэг,
18. Шүүгдэгч Т.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 132-133-рх/
“...Гэхдээ Ж.А- болон Х.М- нарыг зодсоноо хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид өөрөө тэгж хэлсэн юм. Би өөрөө юу болсныг санахгүй байгаа юм. Гэхдээ хохирогч нарын хохирлыг найзуудын хамт төлж барагдуулж өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хурдан хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү" гэх мэдүүлэг,
19. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/639 дугаартай “Ж.Р- /БЮ............./-ын нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим санд Ө сумын 9-р багт 528 м.кв талбайтай, Г********** тоот улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар бүртгэгдсэн байна. Мөн Е.Н- /БГ......../, Т.Н- /БЮ............./ нарын нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим санд ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 134/,
- 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр олгосон “РД:БГ........, овог:У, эцэг /эх/-ийн нэр: Е, нэр:Н, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1993/08/03, төрсөн газар:БӨ ,Б , хаяг:БӨ ,Б , 3-р баг, бүртгэлийн дугаар:831317661413, хүчинтэй хугацаа:2038/08/03, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 135/,
- 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгосон “РД:БЮ............., овог:Хожа, эцэг /эх/-ийн нэр:Т, нэр:Н, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1993/08/22, төрсөн газар:БӨ , Ө , хаяг:БӨ , Ө , 6-р баг, Хөх толгой, 9 гудамж, 13 тоот, бүртгэлийн дугаар:830152351381, хүчинтэй хугацаа:2018/08/22, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 136/,
- 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БЮ............., овог:Б.к, эцэг /эх/-ийн нэр:Ж, нэр:Р, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1993/07/15, төрсөн газар:БӨ , Ө , хаяг:БӨ , Ө , 9-р баг, Хөх хад, 35 гудамж, 02 тоот, бүртгэлийн дугаар:830182371969, хүчинтэй хугацаа:2018/07/15, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 137/,
-Шүүгдэгч Б.А-, Ж.Р- нарт холбогдох БӨ аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 159-160/,
- Шүүгдэгч Т.Н-д холбогдох БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 161-163/,
- Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 164-167/,
- БӨ аймгийн Ө сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Тус багийн иргэн Б овогтой А нь НД......... регистрийн дугаартай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт оршин суудаг.” гэх тодорхойлолт /хх-ийн 168/,
- БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Тус багийн иргэн Ж овогтой Р нь БЮ............. регистрийн дугаартай.” гэх тодорхойлолт /хх-ийн 170/,
- БӨ аймгийн Ө сумын 10 дугаар багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Тус багийн иргэн Т овогтой Н нь БЮ............. регистрийн дугаартай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт оршин суудаг. Тодорхой эрхэлсэн ажилгүй, тус багийн нэн ядуу өрхийн тоонд ордог.” гэх тодорхойлолт /хх-ийн 172/,
- БӨ аймгийн Ө сумын * дугаар багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Тус сумын 3-р багийн иргэн Е- овогтой Н нь БГ........ регистрийн дугаартай, ам бүл 3, тус багт оршин суудаг. Нэн ядуу өрх бөгөөд бүтэн өнчин 2 хүүхэд, дүү нарын хамт амьдардаг.” гэх тодорхойлолт /хх-ийн 174/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
БӨ аймгийн Ө сумын * дугаар багийн нутагт байрлах Тэс ШТС-ын хажуугийн нүүрс зардаг машинуудын зогсоол дээр 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн үед Х.М-ийг Е.Н-, Б.А-, Т.Н- нар согтуугаар, бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, иргэн Ж.А-ийг Т.Н-, Ж.Р- нар согтуугаар, бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь иргэн Х.М гаас 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад хандаж гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-рх/, Б.А-, Ж.А-, Е.Н-, Ж.Р-, Т.Н- нарын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 8-12-рх/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргагдах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17-рх/, 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүнд хавсаргагдах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25-рх/, хохирогч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-46-рх/, хохирогч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх- ийн 50-52-рх/, гэрч Ш.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 56-57-рх/, гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 62-63-рх/, гэрч Х.Т-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 64-65-рх/, гэрч И.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 66-67-рх/, гэрч Ж.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 68-69-рх/, хохирогч Х.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82-рх/, хохирогч Ж.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-рх/, шинжээч К.Х-ын 2020 оны 04 дүгэр сарын 24-ний өдрийн мэдүүлэг/хх-ийн 82-рх/, шүгдэгч Е.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 120-121-рх/, шүүгдэгч Ж.Р-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 124-125-рх/, шүүгдэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 128-129-рх/, шүүгдэгч Т.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 132-133-рх/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь өөрсдийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ж.А-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлтээр, хохирогч Х.М-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаартай шинжээчийн дүгнэлт, тархины тодосгогч бодисгүй соронзон резонанст томограф дүрслэлийн шинжилгээ /хх-ийн 178-181/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 185-190/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Е.Н-, Ж.Р-, Б.А-, Т.Н- нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ж.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Ж.А-ийн “БӨ аймгийн Ө сумын 06 дугаар багийн иргэн Ж.А- намайг маргааны улмаас 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Т.Н-, Ж.Р- нар зодож миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан юм. Хохирогч Ж.А- миний бие яллагдагч Т.Н-, Ж.Р- нартай сайн дураараа эвлэрсэн. Одоо надад эд материалын хохирол болон нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд одоо яллагдагч Т.Н-, Ж.Р- бид нарын дунд ямар нэгэн хохирлын маргаан байхгүй болно. Одоо миний зүгээс цаашид ямар нэгэн гомдол, саналгүй тул яллагдагч Т.Н-, Ж.Р- нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно.” гэх баталгаа /хх-ийн 203/-г үндэслэн шүүгдэгч Т.Н-, Ж.Р- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Х.М-ийн “БӨ аймгийн Ө сумын 06 дугаар багийн иргэн Х.М- намайг маргааны улмаас 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Е.Н-, Б.А-, Т.Н- нар зодож миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан юм. Хохирогч Х.М- миний бие яллагдагч Е.Н-, Б.А-, Т.Н- нартай сайн дураараа эвлэрсэн. Одоо надад эд материалын хохирол болон нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд одоо яллагдагч Е.Н-, Б.А-, Т.Н- бид хоёрын дунд ямар нэгэн хохирлын маргаан байхгүй болно. Одоо миний зүгээс цаашид ямар нэгэн гомдол, саналгүй тул яллагдагч Е.Н-, Б.А-, Т.Н- холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно.” гэх баталгаа /хх-ийн 204/-г үндэслэн шүүгдэгч Е.Н-, Б.А-, Т.Н- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Е.Н-, Ж.Р-, Б.А-, Т.Н- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Е.Н- урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Харин шүүгдэгч Ж.Р-, Б.А-, Т.Н- нар гэмт хэрэг үйлдэж байсан болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Е.Н-, Ж.Р-, Б.А-, Т.Н- нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Е.Н-, Ж.Р-, Б.А-, Т.Н- нарын үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж нь 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4.Бусад асуудлаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Е.Н-, Ж.Р-, Б.А-, Т.Н- нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч Е.Н-, Ж.Р-, Б.А-, Т.Н- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Е-н Н-, Б овогт Ж-ийн Р-, Н овогт Б-ын А-, Х овогт Т-ын Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Е.Н-, Ж.Р-, Б.А-, Т.Н- нарын тус бүрийг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Н-, Ж.Р-, Б.А-, Т.Н- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний хувийн бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Е.Н-, Ж.Р-, Б.А-, Т.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК