| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0121/Э |
| Дугаар | 130 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 130
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Д даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
орчуулагч, хэлмэрч А.Е,
улсын яллагч Б.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгчид Т.Б, Х.Б,
шүүгдэгч С.Б-, Ш.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-, Ш.Ж- нарт холбогдох 2013001310101 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын харьяат, яс үндэс казах, 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суудаг. Урьд БӨ аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, БӨ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, С овогт С-гийн Б-, регистрийн дугаар БЮ...........
2. Монгол Улсын харьяат, яс үндэс казах, 1982 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, БӨ аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ш-ын Ж-, регистрийн дугаар БЭ.........
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
- Шүүгдэгч Ш.Ж-, С.Б- нар нь Баян- Ө аймгийн Ө сумын 1 дүгээр багт орших иргэн Ш овогтой К-гийн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшинд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр эзгүй байхад үеэр цонхоор нь хууль бусаар нэвтрэн орж 291.000 төгрөгийн үнэ бүхий 3 халаалтын пар хулгайлахаар завдсан,
- Шүүгдэгч Ш.Ж-, С.Б- нь БӨ аймгийн Ө сумын 1 дүгээр багт орших иргэн М овогт А-ийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Олжас" хүнсний дэлгүүрт 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хаалганы цоожны цүүг эвдэж хууль бусаар нэвтрэн орж 258550 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ж- мэдүүлэхдээ: “С.Б- гэх найзтайгаа хамт архи уугаад Ш.К- гэдэг хүний байшингийн хажуугаар өнгөрч яваад цонх нь онгорхой байхаар нь дотор нь юу байгаа бол гэж сонирхоод орсон. Дотор нь ороход 3 ширхэг паар байсан. Түүнийг аваад гадаа гаргаж байхад хүн харагдахаар нь үлдээгээд явсан. Дараа нь С.Б-тай хамт явж байхад Ж- гэдэг цагдаа барьж аваад цагдаагийн байгууллагад авчирсан. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна.” гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б- мэдүүлэхдээ: “Бид хоёр согтуу Ш.К- гэдэг хүний байшингийн хажуугаар өнгөрч явж байхад цонх нь онгорхой байсан. Байшингийн дотор юу байгаа бол гэж сонирхоод цонхоор нь ороход 3 паар сул байсан. Тэгэхээр нь тэр 3 паарыг гадаа гаргасан. “Олжас” гэх дэлгүүрт шөнө архи авах гээд очсон. Тэгэхэд хаалгыг нь тогшоод үзэхэд хүн гарахгүй байхаар нь орсон байна. Гараараа татахад онгойсон. Ямар нэгэн багаж зэвсэг хэрэглээгүй. Тухайн дэлгүүрээс авсан эд зүйлсийг дараа нь эзэнд нь буцааж өгсөн. Уух ундаа, идэх юм авсан байсан. Бид хоёр дэлгүүрт алдагдсан эд зүйлсийн үнэ 70 хэдэн мянган төгрөг, пааранд 290.000 төгрөг төлж өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.
Эрүүгийн 2013001310101 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-19-рх/,
2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-28-рх/,
3. Хохирогч К.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 51-50-рх/
“Намайг очиход аавын өвлийн байшингийн баруун талын унтлагын өрөөний цонхыг хагалж дотроос нь байшингийн халаалтын 3 ширхэг парыг цонхоор гаргаж авч явахаар бэлдсэн байдалтай, мөн гал тогооны өрөөний 1 парыг хагалсан байдалтай байсан болно” гэх мэдүүлэг,
4. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 59-рх/
“Өчигдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 16-ны орой 17 цагийн үед би гадаа нүүрс, түлээ бэлдэж нүүрсний хашаанаас гарч ирж байхад тас түс хийсэн чанга дуу чимээ гарч эхлэхээр нь юу болов хэмээн харахад манай хөрш айл Ш.К-н өвлийн байшингийн цонхыг хагалсан байдалтай 2 хүн цонхноос халаалтын пар гаргаж шидэж байсан харагдав. Тэгэхээр нь би орилоод гүйхэд нөгөө 2 хүн хашаа давж зугтаад явсан ба би уг 2 хүнийг сайн харж аваад гэрийн эзэн Ш.К- гэх хүн хотод байдаг болохоор нь уг хүний ***** дугаарын гар утас руу нь залгаж болсон асуудлыг хэлээд улмаар түүний охин К.А- цагдаагийн байгууллагад хандсан юм. Уг хулгай хийж байсан 2 хүнийг би хараад шууд таньсан. Тэд нар бол Ш овогтой Ж-, нөгөөдөх нь Б- гэх хүн байсан ба Б-ы овгийг би сайн мэдэхгүй байна. Тэгээд цагдаагийн байгууллагын хүмүүс ирээд хэргийн газрын үзлэг бусад холбогдох ажиллагааг хийж нөгөө 2 хүнийг маш хурдан олж тогтоож надад үзүүлсэн ба би ч мөн хэмээн тэдэнд хэлсэн.” гэх мэдүүлэг,
5. Паарны үнэлгээ тогтоосон шинжээч Х.К-ын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 20/024 дугаартай дүгнэлт,
6. Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х.Б-гийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаартай дүгнэлт: /хх-ийн 86-89-рх/
“хэргийн газраас /матраснаас/ гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан 1 ширхэг гутлын мөр нь хар өнгийн хагас түрийтэй, түрийний хоёр хажуу талд цахилгаан товчтой, арзгар хээтэй гутлын улны хээтэй ерөнхий шинж тэмдгээр тохирч байна" гэх дүгнэлт,
7. Уг арзгар хээтэй гутлыг Ш.Ж-аас хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-33-рх/,
8. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл.гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23-рх/,
9. Хохирогч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 55- 56-рх/
“Манай нөхөр М овогтой А бид хоёр ажлын хажуугаар Ө сумын 1 дүгээр багт 1023 тоотод байрлах манай хашаанд “Олжас” нэртэй жижиг дэлгүүр ажиллуулдаг. Уг дэлгүүрийг манай нөхөр ажилгүй тул ерөнхийдөө ажиллуулдаг гэж хэлж болно. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 22:00 цагт манай нөхөр бид хоёр дэлгүүрээ хааж, хашааны дотор талд байрлах гэрт орж 22:30 цагийн үед амарсан. Хүүхдүүд шөнийн 03 цаг хүртэл тухайн өдөр зурагт үзэж сууж байсан гэж хэлсэн ба тэд ямар нэгэн зүйл хараагүй, мэдээгүй байна лээ. Маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 08:30 цагийн үед манай нөхөр М.А- гадаа бие засахаар гараад “Олжас” хүнсний дэлгүүрийн хашаа дотор байрлалтай, бидний орж гардаг хаалга онгорхой байсныг харж намайг гэрээс дуудсан. Нөхөр бид хоёр дөхөж очиход хаалганы цоожны цүүг эвдэж хулгай орсон байдалтай байсан ба нөхөр бид хоёр дэлгүүр лүү шууд нэвтэрч ороход дотроос нь эд зүйл алдагдсан байдалтай байв.” гэх мэдүүлэг,
10. Хулгайлагдсан эд зүйлийн үнэлгээг тогтоосон шинжээч Х.К-ын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 20/029 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-81-рх/,
11. Хулгайд алдагдсан эд зүйлсийг яллагдагч С овогтой Б-, Ш овогтой Ж- нараас хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 34-41-рх/,
12. Шүүгдэгч С.Б-, Ш.Ж- нарыг Бугат сумын 4 дүгээр багийн нутаг “Их булан” гэдэг газарт арал дотор гадаа амьдарч байсан газраас нь, “Олжас” нэртэй дэлгүүрээс хулгайлсан эд зүйлсийн хамт олж ирүүлсэн тухай цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх-ийн 133, 138-140-рх/,
13. Шүүгдэгч Ш.Ж-, С.Б- нарын хэргээ хүлээн мэдүүлж өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 122-123, 128-129-рх/,
14. Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд:
- Шүүгдэгч С.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Хэрэгт холбогдохоос өмнө ямар нэгэн ажил эрхэлж байгаагүй. Өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй, аав, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Мөн 57-10 БӨТ улсын дугаартай, Ниссан маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан ба бусдад зарж борлуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 124/,
- Шүүгдэгч Ш.Ж-ын согтуурлын хэмжээг шалгасан тухай 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 55 минутад үйлдсэн тэмдэглэл /2,34 промилль/,
- Шүүгдэгч С.Б-ы согтуурлын хэмжээг шалгасан тухай 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 55 минутад үйлдсэн тэмдэглэл /3,36 промилль/,
- Шүүгдэгч Ш.Ж- урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 141/,
- Шүүгдэгч С.Б- урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 142/,
- БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоол, БӨ аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 144-147/,
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/514 дугаартай “С.Б- /БЮ........../, Ш.Ж- /БЭ......../ нарын нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 151/,
- 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр олгосон “РД:БЭ........, овог: Б.е, эцэг/эх/-ийн нэр:Ш, нэр:Ж, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:БӨ , Ө , төрсөн огноо:1982-02-15, хаяг:БӨ , Ө , 1-р баг, Хуст арал, 23 гудамж, 3 тоот, хүчинтэй хугацаа:2027-02-15, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 152/,
- 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр олгосон “РД:БЮ.........., овог: С, эцэг/эх/-ийн нэр:С, нэр:Б-, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:БӨ , аяннуБур, төрсөн огноо:1985/10/10, хаяг:БӨ , ББ, 4-р баг, Шар цэхээ, хүчинтэй хугацаа:2030-10-10, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 153/,
- БӨ аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 51 дугаар “С.Б- /БЮ........../-ны нэр дээр 5810 БӨТ улсын дугаартай, Ниссан сани маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Ш.Ж- /БЭ......../-ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 155/,
- БӨ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 201 дугаар “БЮ.......... регистрийн дугаартай С овогтой Б-ы эзэмшил өмчлөлд газар бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 157/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
1. Шүүгдэгч С.Б-, Ш.Ж- нарын гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Харин Монгол улсын Үнсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийнх нь гэм бурууг өөрөөр нь нотлуулахгүй байх тухай зарчмуудыг удирдлага болгон шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх үнэлээгүй болно.
1. Шүүгдэгч Ш.Ж-, С.Б- нар нь Баян- Ө аймгийн Ө сумын 1 дүгээр багт орших иргэн Ш овогтой К-гийн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшинд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр эзгүй байхад үеэр цонхоор нь хууль бусаар нэвтрэн орж 291.000 төгрөгийн үнэ бүхий 3 халаалтын пар хулгайлахаар завдсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-19-рх/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-28-рх/, хохирогч К.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 51-50-рх/, гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 59-рх/, парны үнэлгээ тогтоосон шинжээч Х.К-ын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 20/024 дугаартай дүгнэлт, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х.Б-гийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаартай дүгнэлт /хх-ийн 86-89-рх/, цг арзгар хээтэй гутлыг Ш.Ж-аас хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-33-рх/, шүүгдэгч Ш.Ж-, С.Б- нарын хэргээ хүлээн мэдүүлж өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 122-123, 128-129-рх/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Ж-, С.Б- нар нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдаж, бусдад мэдэгдэлгүй, цонхоор нь нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулахаар завдсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн дээрх баримтуудаар нотлогдож байна.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.
Гэтэл шүүгдэгч нар нь 3 ширхэг паарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч тэдний хүсэл зоригоос үл хамаарах буюу тухайн үед Ш.К-н хөрш болох Х.Б- харж орилсон учраас 3 ширхэг паарыг авч чадахгүй, өөрсдийнх нь хүсэл зорилгоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас 3 ширхэг паарыг орхиж зугтсан буюу гэмт хэргээ төгсөөгүй тул дээрх хууль бус үйлдэл нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Ш.Ж-, С.Б- нар иргэн Ш.К-н өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдэхээр завдсан нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байшин нь хүн байнга амьдрах орон байранд хамаарна.
Иймд шүүгдэгч Ш.Ж-, С.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл орон байранд орж, машин механизм ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нар нь 3 ширхэг парыг харангуутаа хулгайлж борлуулах зорилготой байсан тэдний мэдүүлгээр тогтоогдож байх тул уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ш.Ж-, С.Б- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсэн байх тул дээрх иргэнд учирсан үр дагавар бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол юм.
Шүүгдэгч Ш.Ж-, С.Б- нарын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Ш.К-н өмчлөх эрхэд халдаж 291000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, эд зүйлсийн зураг зэргээр нотлогдож байх тул учирсан хохирлын хэмжээ үнэн зөв байна.
Шүүгдэгч нар нь 3 ширхэг паарыг авалгүй үлдээсэн, хохирогч К.А-ийн бичиж өгсөн баримт /хх-ийн 164/ зэргээр хохирогч Ш.К-д төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
2. Шүүгдэгч Ш.Ж-, С.Б- нь БӨ аймгийн Ө сумын 1 дүгээр багт орших иргэн М овогт А-ийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Олжас" хүнсний дэлгүүрт 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хаалганы цоожны цүүг эвдэж хууль бусаар нэвтрэн орж 258550 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан буюу амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын гэрт нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23-рх/, хохирогч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 55- 56-рх/, хулгайлагдсан эд зүйлийн үнэлгээг тогтоосон шинжээч Х.К-ын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 20/029 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-81-рх/, хулгайд алдагдсан эд зүйлсийг яллагдагч С овогтой Б-, Ш овогтой Ж- нараас хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 34-41-рх/, шүүгдэгч С.Б-, Ш.Ж- нарыг Бугат сумын 4 дүгээр багийн нутаг “Их булан” гэдэг газарт арал дотор гадаа амьдарч байсан газраас нь, “Олжас” нэртэй дэлгүүрээс хулгайлсан эд зүйлсийн хамт олж ирүүлсэн тухай Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх-ийн 133, 138-140-рх/, шүүгдэгч Ш.Ж-, С.Б- нарын хэргээ хүлээн мэдүүлж өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 122-123, 128-129-рх/ зэргээр тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог бөгөөд шүүгдэгч нар нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд шүүгдэгч С.Б-, Ш.Ж- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.Б-, Ш.Ж- үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж эд зүйл хулгайлснаас хохирогч М.А-д 258550 төгрөгийн хохирол учирсан гэж үзлээ.
Хохирогч М.А-д учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч М.А-ийн бичиж өгсөн баримт /хх-ийн 163/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Б-, Ш.Ж- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан БӨ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С овогт С-гийн Б-, Б овогт Ш-ын Ж- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь шүүгдэгч нар дээрх 2 удаагийн хулгайн гэмт хэргийн үйлдлээ тус тус өөр цаг минутанд үйлдсэн боловч шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч С.Б-, Ш.Ж- нар нь үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн, хохирогч нарт төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч тус бүрд байгааг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Б-, Ш.Ж- нарыг уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзлээ.
Шүүгдэгч С.Б- нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь хавтаст хэргийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.
С.Б-, Ш.Ж-ын “хулгай хийх санааг бид хоёр хоёулаа гаргасан” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч С.Б-, Ш.Ж- нарыг энэ гэмт хэргийн гүйцэтгэгч гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Б-, Ш.Ж- нь уг гэмт хэргийг урьдаас төлөвлөж санаатайгаар хийсэн байх тул тохиолдлын шинжтэй гэх нөхцөл байдалд хамаарахгүй учир Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүйг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж...болно”, 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлаж шүүгдэгч С.Б-, Ш.Ж- нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хэлбэрт нь тохирсон хуульд заасан хорих ялыг ялгамжтай оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Б-ы үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял,
- шүүгдэгч Ш.Ж-ын үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж байна.
Шүүгдэгч Ш.Ж- нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 54 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Ш.Ж-ын цагдан хоригдсон 54 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.
Шүүгдэгч С.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 34 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Ш.Ж-ын цагдан хоригдсон 34 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, тэдний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч С.Б-, Ш.Ж- авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан БӨ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С овогт С-гийн Б-, Б овогт Ш-ын Ж- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч С овогт С-гийн Б-, Б овогт Ш-ын Ж- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бүлэглэж хулгайлсан, мөн хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ш.Ж-ыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Б-ыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ж-т оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ял, шүүгдэгч С.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ы баривчлагдаж, цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг, шүүгдэгч Ш.Ж-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч С.Б-, Ш.Ж- нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйл шүүхэд ирүүлээгүй, тэдний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч С.Б-, Ш.Ж- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК