Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 134

 

Баян-Ө аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч А.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч, Баян-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Б.Б,

Шүүгдэгч С.Ц- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Ө аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ц-т холбогдох 2013001860145 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, яс үндэс урианхай, 1981 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, цэргийн тэтгэвэртэн, Баян-Ө аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суудаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт С-ын Ц-, регистрийн дугаар БЮ................

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.Ц- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Ө аймгийн Ө сумын 8 дугаар багт орших өөрийн гэртээ 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн үед хүргэн ах нь Х овогтой Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ц- мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

Эрүүгийн 2013001860145 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

1. Хохирогч Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 19-21-рх/,

“..Миний бие 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн үед тус аймгийн Б сумын Өмнөгол гэх газраас аймгийн төвд орж ирээд Ө сумын 8 дугаар багт байрлах миний хадам дүү болох С.Ц-ынд очсон юм. Тэгээд С.Ц-ын гэрт байж байгаад 15 цагийн үед охин Тосонхүүгийн хамт аймгийн Тирлик зах ороод ахуйн хэрэгцээний зүйлсээ худалдан аваад буцаж С.Ц-ын гэрт нь ирсэн юм. Энэ үед С.Ц- нь зочны өрөөндөө ганцаараа сууж байсанд миний бие С.Ц-ын хажууд очиж суусан. Тухайн үед С.Ц- нь надад хандаж “та захаас мал худалдаж авна гэж байсан, малаа худалдаж авсан уу” гэж асуусан. Энэ үед нь би өнөөдөр мөнгө бүтсэнгүй гэж хэлсэн юм. Энэ үед С.Ц- намайг “та яах гэж худлаа ярьж байгаа юм, чамд мал, хөрөнгө байдаг юм уу, миний үхэрнүүдийг нааш нь авч ирээд хашаанд хашчих” гэж хэлээд миний хажууд сууж байснаа босож ирээд гараараа миний толгой руу цохиж, миний хоолойг боосон юм. Тэрээр намайг буйдан дээр дарж унагаагаад миний хэвлий хэсэгт өвдгөөрөө дарсан. Энэ үед миний охин Б.Т- ирээд С.Ц-ыг надаас салгасан. С.Ц-ын үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлыг С.Ц- төлж өгөх юм бол өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ...надад ямар нэгэн гомдол санал байхгүй, хадам дүү С.Ц- надаас уучлалт гуйж буруугаа хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр болох 657640 төгрөгийн төлбөрийг хадам дүү С.Ц- төлж барагдуулсан, надад С.Ц-аас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

2. Гэрч С.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 24-25-рх/

“ ....2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр миний бие нөхөр С.Ц- 3 хүүхэд, хүргэн ах Х.Б-гийн охин Б.Т- нарын хамт Ө сумын 8 дугаар багт байрлах өөрийн гэртээ байсан. Энэ өдрийн 14 цагийн үед хүргэн ах Х.Б- нь хөдөөнөөс ирсэн юм. Тэрээр хүргэн ах Х.Б- хөдөөнөөс ирээд манай гэрт цай уугаад охин Б.Т-гийн хамт дэлгүүр орохоор гараад явсан. Энэ үед миний шүд өвдөж байсан болохоор би хэвтэж байгаад унтчихсан байсан. Тэрээр намайг унтаж байх үед хүмүүсийн хэрэлдэж байгаа чанга чимээ сонсогдоход би сэрээд харахад манай гэрийн зочны өрөөнөөс нөхөр С.Ц-, хүргэн ах Х.Б- нар хоорондоо хэрэлдэж байгаад хүргэн ах Х.Б- гараад явсан. Энэ үед нь нөхөр С.Ц-аас юу болсон талаар асуухад хүргэн ах Х.Б- нь намайг хэл амаар доромжлоод байхаар нь хоорондоо маргалдсан юм гэж хэлсэн. Тэрээр удалгүй манай гэрт цагдаа нар орж ирээд нөхөр С.Ц-ыг аваад явсан юм." гэх мэдүүлэг,

3. Гэрч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 22-23-рх/

“...миний бие 15 цагийн үед аав Х.Б-тай хамт аймгийн Тирлик зах ороод эд зүйлс худалдан авч буцаж 16 цагийн үед Ө сумын 8 дугаар багг байрлах нагац ах С.Ц-ын гэрт ирсэн юм. Энэ үед нагац ах С.Ц- нь зочны өрөөндөө байсан. Харин түүний эхнэр болох С.С- нь унтлагын өрөөндөө унтаж байсан юм. Энэ үед аав Х.Б- нь зочны өрөө рүү ороод нагац ах С.Ц-тай хамт хоорондоо юм яриад сууж байсан юм. Нагац ах С.Ц- нь согтуу байсан бөгөөд миний бие унтлагын өрөөнд байсан. Тэрээр хэсэг хугацааны дараа аав Х.Б-, нагац ах С.Ц- нар хоорондоо хэрэлдэж байгаа юм шиг чанга, чанга дуу гарч байсанд миний бие зочны өрөө рүү очиход нагац ах С.Ц- нь аав Х.Б-гийн цамцны захаас нь барьчихсан байсан. Би очиж салгаж та хоёр яагаад хоорондоо зодолдож байгаа талаар асуухад нэг нэгнийгээ хэл амаар доромжилж байсан. Энэ үед аав Х.Б- гараад явчихсан юм. Тэгээд удалгүй цагдаа нар орж ирээд нагац ах С.Ц-ыг аваад явсан юм.” гэх мэдүүлэг,

4. Шүүгдэгч С.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 39-40-рх/

“... 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр миний бие Ө сумын 8 дугаар багт байрлах гэртээ байсан ба тухайн өдөр 14 цагийн үед миний хүргэн ах Х.Б- тус аймгийн Б сумаас Ө сумын 8 дугаар багт байрлах манай гэрт ирээд цай уугаад сууж байгаад охин Б.Т-гийн хамт дэлгүүр орохоор гарч явсан юм. Тэрээр миний бие Ө сумын 8 дугаар багт байрлах өөрийн гэртээ байж байгаад манай гэрийн ойролцоох дэлгүүрээс “Ерөөл" нэртэй 350 граммын хэмжээтэй жижиг архинаас 1 шилийг худалдан авч өөрийн гэртээ ирээд уусан юм. Тухайн үед манай гэрт миний эхнэр С.С- байсан ба унтаж байсан юм. Тэрээр 16 цагийн үед хүргэн ах Х.Б- нь охин Б.Т-гийн хамт гаднаас орж ирсэн. Энэ үед миний бие зочны өрөөндөө гар утсаараа юм үзээд сууж байсан юм. Энэ үед хүргэн ах Х.Б- нь миний сууж байсан зочны өрөөнд орж ирээд бид хоёр хоорондоо ярилцаад сууж байсан юм. Энэ үед би хүргэн Х.Б-д хандаж та миний үхэрнүүдийг Ө д авч ирж миний хашаанд хашна гэж ярьж явдаг юм байна гэж хэлэхэд хүргэн ах Х.Б- нь намайг уурлаж тэгвэл чи үхрээ одоо очиж ав гэж надад хэлэхэд миний уур хүрээд босож хүргэн ах Х.Б-гийн цамцны захаас барьж аваад хоорондоо зууралдаж байхдаа нэг, хоёр удаа цохисон байсан. Яаж цохисон талаараа сайн санахгүй байна. Хүргэн ах Х.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би Х.Б-гаас уучлалт гуйсан. Хүргэн ах Х.Б- надаас аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр болох 657.640 төгрөгийг төлж өгөөрэй гэж хэлсэн. Миний бие тухайн 657.640 төгрөгийг аймгийн нэгдсэн эмнэлэгт төлж барагдуулсан юм. Надаас өөр нэхэмжилсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

5. Хохирогч Х.Б-гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 05 сарын 21-ний өдрийн №-209 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32-рх/,

6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11-рх/,

7. С.Ц-ын согтуурлын байдлыг шалгасан тэмдэглэл “...үлээлгэхэд согтуурал шалгах багажийн заалт нь 2.14 хувь гарч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон болно” /хх-ийн 12-рх/,

8. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- Шүүгдэгч С.Ц-ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45/,

- Иргэн С.Ц- /БЮ.............../-ын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 43/,

- БЮ............... регистрийн дугаартай, Ө овогтой С-ын Ц нь Баян-Ө , Ө , 8-р баг, Ах хус тау, 11 гудамж, 22 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 42/,

- 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр олгосон “РД:БЮ..............., овог:Ө,  эцэг /эх/-ийн нэр:С-, нэр:Ц, яс үндэс:Урианхай, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1981/02/14, төрсөн газар:Баян-Ө , Ө , хаяг:Баян-Ө , Алтай, 4-р баг, Чихэртэй, бүртгэлийн дугаар:831620521107, хүчинтэй хугацаа:2026/02/14, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/,

- Баян-Ө аймгийн Ө сумын 8 дугаар багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Тус багийн иргэн С- овогтой Ц нь БЮ............... регистрийн дугаартай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт 207 тоотод оршин суудаг.” гэх тодорхойлолт /хх-ийн 41/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Шүүгдэгч С.Ц- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө сумын 8 дугаар багт орших өөрийн гэртээ 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн үед хүргэн ах нь Х овогтой Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Хохирогч Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-21-рх/, гэрч С.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-рх/, гэрч Гэрч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-рх/ шүүгдэгч С.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39-40-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч Х.Б-гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 05 сарын 21-ний өдрийн №-209 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32-рх/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11-рх/, шүүгдэгч С.Ц-ын согтуурлын байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12-рх/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Х.Б-гийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 сарын 21-ний өдрийн №-209 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Ц-ын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.    

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Х.Б-ын “...Миний бие Б сумын 3 дугаар багийн иргэн Х овогтой Б- би эрүүгийн 2013001860145 дугаартай хэргийн хохирогч бөгөөд миний хадам дүү болох яллагдагч С.Ц- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйж миний бие аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр болох 657.640 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан тул миний бие уучилсан юм. Надад хадам дүү С.Ц-аас өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо эвлэрсэн тухай баталгаа гаргаж байна. Энэ хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү.” гэх баталгаа /хх-ийн 64/-г үндэслэн шүүгдэгч С.Ц-ыг  хохирогч Х.Б-д төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Ц-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч  С.Ц- урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч С.Ц-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Ц-ын үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4.Бусад асуудлаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй байна.   

Шүүгдэгч С.Ц-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт С-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ц-ыг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч С.Ц- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч С.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ДАУРЕНБЕК