Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 135

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч, БӨ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,

Шүүгдэгч Д.Д-гийн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч М.Ж-, Д.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ж-, Д.Д- нарт холбогдох 2013000380012 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын харьяат, Ж овогт М-гийн Ж-, 1942 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 77 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, БӨ аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БВ...........

2. Монгол Улсын харьяат, Б овогт Д-ийн Д-, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Ховд аймгийн Э сумын 2 дугаар баг “Намарзан” багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ПО........

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч М.Ж- нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Э сумын 2 дугаар багийн иргэн Д овогтой Д-д нэн ховор амьтан болох Б хотон шувууны 3 ширхэг хошууг нэг мориор сольж худалдсан, Б хотон шувуу нь гэмт хэргийн улмаас олсон хотон шувууны хошуу гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан,

Шүүгдэгч Д.Д- нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэг мориор хотон шувууны 3 ширхэг хошууг иргэн М.Ж-аас худалдан авсан, уг хотон шувууны хошуу нь гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч М.Ж-, Д.Д-  нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Ж- нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Э сумын 2 дугаар багийн иргэн Д овогтой Д-д нэн ховор амьтан болох Б хотон шувууны 3 ширхэг хошууг нэг мориор сольж худалдсан, Б хотон шувуу нь гэмт хэргийн улмаас олсон хотон шувууны хошуу гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан,

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэг мориор хотон шувууны 3 ширхэг хошууг иргэн М.Ж-аас худалдан авсан, уг хотон шувууны хошуу нь гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэл:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

1. Шүүгдэгч М.Ж-ы өгсөн: “Хотон шувууны хошууг хадгалсан, бусдад худалдан борлуулсан, гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдсан гэмт үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Харин 3 толгой Б хотон шувууг буудаж алаагүй. Экологийн хохирол учруулаагүй тул нөхөн төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг,

2. Шүүгдэгч Д.Д-гийн өгсөн: “Миний бие хотон шувууны хошуу хориотой гэдгийг мэдээгүй. Сумдаа очиж байгаль хамгаалагч, сумын цагдаад үзүүлээд ямар зүйл болох, Монгол айлд байхад сайн байдаг гэсэн юм гэж асуугаад явсан. Уг хошууг нууж хаагаагүй. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хамгийн анх аавдаа үзүүлэхэд  аав маань “аюултай эд яагаад авсан юм вэ” гэж уурласан.  Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад:

1.Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад А.С-ы 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8-12-р хуудас/

2.Иргэний нэхэмжлэгч Х.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 25-р хуудас/

 “...Ан агнуурын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалтанд тусгаснаар зөвшөөрөл аваагүй хотон, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан этгээдийг тухайн зүйл амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ноогдуулна гэсэн байна. Иймд энэхүү хэрэгт нийт 3 ширхэг хотонгийн хошуу худалдсан, худалдан авсан үйлдэл байгаа тул 1 ширхэг хотонгийн эдийн засгийн үнэлгээ болох 6 570 000 төгрөгөөр бодоод 3 ширхэг хотонгийн хошуу нийлээд 19 710 000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлэн, 39 420 000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

3. Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 126-128-р хуудас/

“...түүнээс өмнө М.Ж- надаас нэг удаа хотон шувууны хошууг юунд хэрэглэдэг юм, ямар үнэ өртөгтэй эд юм гэж асууж байсан байна, одоо санаж байна. Тухайн үед би түүнд хотонгийн хошуу маш ховор байдаг, Монгол хүн билэгшээдэг, хурдан морины хөлсийг авдаг эд юм, их л үнэтэй байх гэж хэлж байсан. ...2019 оны 11 дүгээр сард байх, Ж.Е-ын гэрт өвлийн идэш бэлдэж, мал нядалж байхад аав нь надад ирээд “надад хотон шувууны хошуу байгаа, уг хошууг хүнд өгөөд малаар солиулмаар байна" гэж хэлж байсан. ...Маргааш нь өглөө нь би Ж.Е-ын утсаар над руу залгаад орж ирэхээр нь би утсаа авахад М.Ж- байсан бөгөөд надад 3 ширхэг хошууг Ж.Е-аар өгөөд явуулъя, чи наад хүмүүсийн авчирсан мориноос гайгүй морийг нь Ж.Е-ад өгчих” гэхээр нь би за гээд утсаа тасалсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Ж.Е- уутанд хийсэн 3 хошууг авчраад Д.Д- өгч байсан. Харин Д.Д- түүнд “хүрэн халзан” зүсмийн хязаалан морийг өгч байсан...” гэх мэдүүлэг,

4. Гэрч Г.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 30-31-р хуудас/

 “...Б сумын байгаль хамгаалагч гэх Ж.Е- гэдэг хүнтэй танилцуулж, бид нарын ачиж очсон хурдан морь хүрэн халзан зүсмийн морийг 2 сая төгрөгөөр үнэлж зарсан. Тэгээд 2 сая төгрөгийг оронд нь хотон шувууны 3 ширхэг хошууд сольж авсан, буцах замд 3 ширхэг хотон шувууны хошууг харахад 1 ширхэг нь алга болсон байсан. ..” гэх мэдүүлэг,

5.Байгал орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч Б.Ш-ий 2020 оны 01 сарын 14-ний өдрийн №01 дугаартай дүгнэлт: /хх-ийн 38-40-р хуудас/

 “....Шинжилгээнд ирсэн 2 хошуу нь Б хотон шувууны эд эрхтэн ба хошуу байна. Уг 2 ширхэг хошуу нь хэзээ агнагдсан ангийн эд эрхтэн гэдгийг тогтоох боломжгүй. Амьтны бүтэн биеийн хэлбэр байхгүй байна. Уг амьтны бүтэн бие байхгүй тул хүйсийг тогтоох боломжгүй ба Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан нэн ховор амьтан болох Б хотон шувууны экологи эдийн засгийн үнэлгээ нь 6570000 мянган төгрөг байна. Тухайн 2 ширхэг хошуу нь 2 амьтны эд эрхтэн байна. Уг ан амьтны бүтэн бие нь байхгүй учир юугаар агнасан эсэхийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт,

6 .Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн Шувуу, Шавьж судлалын Лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Э-гийн 2020 оны 04 дүгээр сарын 08- ны өдрийн дүгнэлт: /133-134-р хуудас/

“...Шинжилгээнд 2 бодгаль шувууны толгой, хушууны дээд, доод ирүүний хамт ирүүлсэн бөгөөд эдгээр нь амьтны түүхий эд мөн. Эд мөрийн баримт нь Хотонгийнхон /Реlесаnide/ овгийн, хотон төрөлд хамаарагдах 2 бодгаль Б хотон /Реlесаnide crispus/ шувууны хошуу мөн болохыг тогтоолоо. Уг эд мөрийн баримтын толгойн хэсгийн өдний өнгө цайвар саарал, духны урагш түрж орсон өдөөр хучигдсан хэсэг нь тэгш өнцөгт хэлбэртэй, нүд тойрсон сарьс /нүцгэн арьс/-ны хэмжээ жижиг, хошууны уг нарийн зэрэг шинж тэмдгээр Б хотон болохыг тогтоож байна. А-хушууны урт 37,5 см, толгой 7,5 см хэмжээтэй. Б-хошууны урт 38,4 см, толгой 7 см хэмжээтэй байсан. Уг зүйл нь Монгол оронд өндөглөн зусдаг, нэн ховор нүүдлийн шувуу юм. Их нууруудын хотгорын цөөн нууранд үрждэг. Говийн нуур, цөөрмүүдээр нүүдлийн үедээ ховор тохиолддог. Уг шувууны толгой болон хошуугаар агнагдсан цаг хугацаа, нас, хүйсийг тодорхойлох боломжгүй. Б хотон шувуу нь Монгол орны улаан номонд бүртгэлтэй. Мөн Амьтны тухай хуулийн 7.1 заалтаар Нэн ховор зүйлийн жагсаалтанд орсон байдаг /АТХ, 2012/. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны шалгуураар олон улсын хувьд “эмзэг”, Монгол орны хувьд “устаж болзошгүй” зэрэглэлд хамаарна. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийн олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын /СITES/ нэгдүгээр хавсралтанд бүртгэлтэй. Б хотон шувууны экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны Экологи-Эдийн засгийн үнэлгээ”-нд тусгагдсанаар 6570000 төгрөг байна.” гэх дүгнэлт,

7. Шүүгдэгч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 145-146-р хуудас/

“...Тэнд очиход С.А- надад “манай суманд нэг хөгшин хүнд хотон шувууны хошуу байгаа юм байна, мориор солих уу” гэхээр нь би тэгье гээд зөвшөөрсөн. Очсон орой нь С.А- утсаар нөгөө хөгшиг хүн рүү ярьж байсан бөгөөд нөгөө хүн цаанаас нь маргааш болъё, гэрт хүмүүс байгаа гээд утсаа тасалсан. Тэгээд тэр өдрийн орой нь Г.Ц- бид хоёр С.А-ийн гэрт архи дарс хэрэглээд хамт хоносон. Маргааш өглөө нь Ж.Е- гэх хүн уутанд хийсэн 3 ширхэг хошуу авчирсан. Уг нь С.А- нь надад “хөгшин хүн авчирна” гэж хэлсэн боловч түүний хүү нь гээд Ж.Е- гэдэг залуу 3 ширхэг хотон шувууны хошуу авчирч өгөхөөр нь би өөрийнхөө ачиж ирсэн хүрэн халзан зүсмийн хязаалан морио өгөөд оронд нь 3 ширхэг хошууг авсан. Дараа нь дөрвүүлээ 2 шил архи уугаад тэгээд Г.Ц- бид хоёр орой нь яваад өгсөн. Суманд очих үед уутанд байсан 3 ширхэг хошуунаас нэг ширхэг нь алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг,

8. Шүүгдэгч М.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 147-148-р хуудас/

“...Тэр хүн дээрх хошууг надад үлдээхдээ “...танай сумын Цагаан арал багийн нэг иргэн ирээд авна, надад тийшээ очих завгүй байна, хошууг авах хүн Казахстан улс руу явчихсан байна, иймд уг хошууг танайд үлдээлээ, тэр хүн нэг өдөр ирж авна” гэж хэлчхээд манайд нэг хоночхоод буцаад Казахстан улс руу явчихсан. Тэр хүн анх уг 3 ширхэг хошууг авчраад үлдээхдээ гадна талын гялгар уутаар ороогоод нарийн цаасан хайрцаганд хийгээд авчирсан бөгөөд надад зөвхөн шувууны хошуу байгаа юм гэж л хэлж байсан. Тэгээд ч тухайн үед би ямар шувууны хошуу болох, хэн ирж авах, юунд зориулагдсан хошуу гэдгийг нь асуугаач үгүй, тэр хүн ч надад хэлээгүй. Дээрх хошуунууд нь хайрцагтайгаа 2018 он хүртэл манай гэрийн амбаарт хадгалагдаж байсан бөгөөд 2018 онд миний бие тус хайрцгийг онгойлгож үзэхэд дотор нь 3 ширхэг шувууны хошуу байсан. Дараа нь би К хочтой, жинхэнэ нэр нь С.А-ээс “хотон шувууны хошууг юунд хэрэглэдэг юм, ямар эд байдаг вэ” гэж зүгээр нэг асууж байсан бөгөөд тэр надад хэлэхдээ “хотонгийн хошууг Монгол хүмүүс ихэнхдээ хэрэглэдэг, морины хөлсийг авахад хэрэглэдэг” гэж хэлэхээр нь би түүнд “тэгвэл чамд олон таньдаг Монгол хүмүүс байдаг, тэд нараас хошууг худалдаж авах хүн байвал хэлээрэй” гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд саяхан 2019 оны 12 дугаар сард над руу С.А- залгаад “манайд хоёр хүн ирсэн байгаа. танд нөгөө шувууны хошуунууд байгаа юу, энэ хүмүүс хурдан мориор солих уу” гэж байна гэхээр нь би зөвшөөрөөд уг 3 ширхэг хотонгийн хошууг С.А-ийн гэр лүү хүргүүлсэн юм. Би өөрөө таягтай явж чадахгүй болохоор хүү Ж.Е-ад машины гараашнаас хотон шувууны хошууг гаргаж өгөөд “С.А-ийн гэрт хоёр хүн ирээд уг 3 хошууг хурдан мориор солих уу гэж байна, чи хүргэж өгөөд морийг аваад ир” гэж хэлээд өгөөд явуулсан. Тэгээд орой нь С.А-ийн хүүхэд нь манайд хүрэн халзан өнгийн хязаалан морийг унаад авчирч өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д-, М.Ж- нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь тогтоогдож байна.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт, цаг хугацааг хангалттай зөв тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Нэн ховор амьтанд ... Б хотон /Pelicanus crispus/...зэрэг амьтан хамаарна” гэж хуульчилсан байх бөгөөд Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн Шувуу, Шавьж судлалын Лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Э-гийн 2020 оны 04 дүгээр сарын 08- ны өдрийн дүгнэлт, Байгал орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч Б.Ш-ий 2020 оны 01 сарын 14-ний өдрийн №01 дугаартай дүгнэлтүүдээр Б хотон шувууны хошуу мөн болох нь тогтоогдсон байна. 

Шүүгдэгч М.Ж- нь Б хотон шувуу нь гэмт хэргийн улмаас олсон хотон шувуу гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, шүүгдэгч Д.Д- нь Б хотон шувуу нь гэмт хэргийн улмаас олсон хотон шувуу гэдгийг мэдсээр байж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Ж-, Д.Д- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан”, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нэн ховор амьтны түүхий эдийг худалдан авсан, худалдсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Ж-, Д.Д- нарт дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг:

Иргэний нэхэмжлэгч Х.С- нь мөрдөн шалгах ажиллагаанд “Ан агнуурын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалтанд тусгаснаар зөвшөөрөл аваагүй хотон, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан этгээдийг тухайн зүйл амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ноогдуулна гэсэн байна. Иймд энэхүү хэрэгт нийт 3 ширхэг хотонгийн хошуу худалдсан, худалдан авсан үйлдэл байгаа тул 1 ширхэг хотонгийн эдийн засгийн үнэлгээ болох 6 570 000 төгрөгөөр бодоод 3 ширхэг хотонгийн хошуу нийлээд 19 710 000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлэн, 39 420 000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь амьтны аймагт хохирол учруулах гэдэг нь тухайн этгээд хууль бусаар уг амьтныг агнаж хохирол учруулахыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Д-, М.Ж- нар нь уг 2 Б хотон шувууг ангаж амьтны аймагт хохирол учруулаагүй зөвхөн бусдаас буюу М.Ж-аас худалдан авсан, шүүгдэгч М.Ж нь Д.Д-д худалдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл уг хотон шувуунуудыг М.Ж-, Д.Д- нар агнасан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч  М.Ж-, Д.Д- нараас амьтны аймагт учирсан хохирол төлбөрийг төлүүлэх боломжгүй гэж үзлээ.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч М.Ж-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 000 000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг ялыг тусад нь эдлүүлэх,

Шүүгдэгч Д.Д-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 000 000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлэх саналтай гаргасан.

Шүүх шүүгдэгч М.Ж-, Д.Д- нарт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн бөгөөд тэдэнд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.Ж-, Д.Д- нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 78-79 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Ж-, Д.Д- нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэлээс торгох ялыг сонгож улсын яллагчийн санал болгосон тухайн гэмт хэрэгт оногдуулах торгох ялын хэмжээ болох 10000 /арван мянга/ нэгж буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Ж-, Д.Д- нарт 1 жилийн хугацаагаар тэнсэж,  1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтов.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө орлого, тогтсон ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 10000000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч М.Ж-, Д.Д- нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Ж-, Д.Д- нар нь бусдад төлөх төлбөргүй тул шүүгдэгч Д.Д-гийн эзэмшлийн “Портер” маркийн  67-66 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч М.Ж-ы 4 настай үрээ, 2 даага зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

     Энэ хэрэгт шүүгдэгч М.Ж-, Д.Д- нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Д.Д-гийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, цахим иргэний үнэмлэх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Б хотон шувууны хошууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж байна.

Шүүгдэгч М.Ж-, Д.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Д-, Ж овогт М-гийн Ж- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан”, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нэн ховор амьтны түүхий эдийг худалдан авсан, худалдсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Ж-, Д.Д- нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-, Д.Д- нарыг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан шүүгдэгч М.Ж-, Д.Д- нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан шүүгдэгч М.Ж-, Д.Д- нарыг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-, Д.Д- нарт оногдуулсан 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-, Д.Д- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-, Д.Д- нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай. 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч М.Ж-, Д.Д- нарыг тэнссэн хугацаанд хяналт тавихыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нэхэмжилсэн 39 420 000 /гучин есөн сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн хэрэгсэхгүй болгосугай.

10.  Энэ хэрэгт шүүгдэгч М.Ж-, Д.Д- нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Д.Д-гийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, цахим иргэний үнэмлэх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

11. шүүгдэгч Д.Д-гийн эзэмшлийн “Портер” маркийн  67-66 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч М.Ж-ы 4 настай үрээ, 2 даага зэргийг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хотон шувууны хошууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

13. Шүүгдэгч М.Ж-, Д.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         А.ДАУРЕНБЕК