Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 7021

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Жем интернэшнл ХХК-ийн байр хаягт байрлах Жем трейд ХХК /рд:2822067/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар, Баянзүрх  дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг, 10-413 тоот хаягт байрлах БЭНН ХХК /рд:2740427/-д холбогдох,

 

4,380,840.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Жем трейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

 

Хариуцагч БЭНН ХХК-ийн Захирал Д.Баярмаад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Жем трейд ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч БЭНН ХХК-тай Худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нийт 2,920,840.00 төгрөгийн барааг нийлүүлсэн.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар худалдан авагч тал нийлүүлсэн барааны төлбөрийг тухайн сарын 30-ны өдөр төлөх үүрэгтэй юм.

 

Гэтэл хариуцагч БЭНН ХХК-иас худалдан авсан барааныхаа 2,920,840.00 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна.

 

Бидний 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Тооцоо нийлсэн актаар хариуцагч тал уг төлбөрийг төлөөгүй, өнөөдрийн байдлаар гэрээнд зааснаар алданги 1,460,000.00 төгрөг болсон.

Иймд, хариуцагч БЭНН ХХК-иас үндсэн төлбөр 2,920,840.00 төгрөг, алданги 1,460,00.00 төгрөг, нийт 4,380,840.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Хариуцагч БЭНН ХХК-ийн Захирал Д.Баярмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

“Миний бие Жем трейд ХХК-иас бараа бүтээгдэхүүн авч байсан, тухайн үед гэрээ хийж амжаагүй, борлуулагчтай нь тохиролцоод авч байсан ба эхний падаан болох 1,680,000.00 төгрөгийн барааг би өөрөө хүлээж авсан.

 

Харин дараагийн барааг манайд худалдагч хийж байсан н.Мөнгөнхундага дээр буусан гэж байгаа.

 

Иймд, би нэхэмжилсэн хүү, алдангийг төлж чадахгүй, би энэ талаар гэрээ байгуулаагүй” гэжээ.

 

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жем трейд ХХК-иас хариуцагч БЭНН ХХК-д холбогдуулан 4,380,840.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч БЭНН ХХК-иас 1,680,000.00 төгрөгийн үнэтэй бараа авсан, харин 1,240,840.00 төгрөгийн барааг өөрөө хүлээн аваагүй, худалдагч н.Мөнгөнхундага хүлээн авсан, алданги 1,460,000.00 төгрөгийг төлөхгүй, энэ талаар гэрээ, хэлэлцээр байгуулаагүй хэмээн мэтгэлцэж байна.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Жем трейд ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч БЭНН ХХК-тай Худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

 

Тус гэрээгээр худалдагч Жем трейд ХХК-иас худалдан авагч БЭНН ХХК-д бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагчаас нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг тухайн сарын 30-ны өдрийн дотор төлөх, мөн талууд үйл ажиллагааны онцлогоос хамаарч нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний лангуу дээрх эзлэх хувь, өрөлт, түүний стандатын талаар тохиролцсон байна.

 

Зохигчид гэрээнд худалдан авагч буюу БЭНН ХХК-ийг “борлуулагч” хэмээн нэрлэж, худалдагч Жем трейд ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг бусдад худалдах үүрэгтэй байдлаар нэрлэсэн хэдий ч гэрээний агуулга, зорилго, талуудын хүлээх эрх, үүргээс тус тус дүгнэвэл тэдгээрийн хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Өөрөөр хэлбэл, гэрээнд хариуцагч БЭНН ХХК-ийг “борлуулагч” гэж нэрлэсэн хэдий ч зохигчдын хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлд заасан Худалдааны зуучлал, 415 дугаар зүйлд заасан Худалдааны төлөөлөгч болон комиссын гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч БЭНН ХХК нь бараа бүтээгдэхүүнийг худалдахад зуучлах, өөрийн болон бусдын нэрийн өмнөөс борлуулсаны төлөө хөлс, шагнал, шимтгэл авахаар харилцан тохироогүй, харин худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд барааны төлбөрийг төлсөн тохиолдолд тодорхой хөнгөлөлт эдэлж байхаар тохиролцжээ. 

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Хэдийгээр талуудын хооронд ийнхүү Худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулагдсан болон бараа өгөх, авах талаар харилцан тохиролцоо байсан хэдий ч тохиролцсон бараа бүтээгдэхүүнийг бодитоор шилжүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д хөдлөх эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно, 111 дүгээр зүйлийн 111.2.1-д эд хөрөнгийг өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийн өмчлөх эрх үүснэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч Жем трейд ХХК-иас гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Тооцоо нийлсэн актаас үзвэл хариуцагч БЭНН ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 2,920,840.00 төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүн авсан байна.

 

Гэтэл хариуцагч БЭНН ХХК-ийн Захирал Д.Байгалмаа нь 1,680,000.00 төгрөгийн үнэтэй бараа авсан, харин 1,240,840.00 төгрөгийн барааг өөрөө хүлээн аваагүй хэмээн мэтгэлцэж байна.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж мөн 211.2-д “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд тухайн үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж тус тус заасан.

Энэ нь, худалдагч Жем трейд ХХК-ийн зүгээс гэрээнд заасан бараа бүтээгдэхүүнийг худалдан авагч БЭНН ХХК-д хүлээлгэн өгсөн эсхүл түүний зөвшөөрсөн эрх бүхий бусад этгээдэд хүлээлгэн өгсөн тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүргээ гүйцэтгэсэнд тооцно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Тооцоо нийлсэн акт, хариуцагч БЭНН ХХК-ийн шүүхэд гаргасан “эхний падаан болох 1,680,000.00 төгрөгийн барааг би өөрөө авсан, харин дараагийн барааг манайд худалдагч хийж байсан н.Мөнгөнхундага дээр буусан” хэмээх тайлбараас тус тус дүгнэвэл худалдагч буюу нэхэмжлэгч Жем трейд ХХК-ийн зүгээс нийт 2,920,840.00 төгрөгийн үнийн дүн бүхий барааг худалдан авагч БЭНН ХХК-д хүлээлгэн өгсөн гэх үндэслэлтэй байна.

 

Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Талуудын хооронд байгуулсан Худалдааны хамтын ажиллагааны гэрээнд зааснаар худалдан авагч БЭНН ХХК-иас бараа бүтээгдэхүүний үнийг тухайн сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна, өөрөөр хэлбэл, зохигчид нийлүүлсэн болон худалдан авсан барааны төлбөрийг төлөх хугацааг гэрээгээр тохирч, хариуцагч БЭНН ХХК-иас дээр дурьдсан үнэ бүхий барааны төлбөрийг гэрээнд зааснаар 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээжээ.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. 

 

 Нэгэнт зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т худалдан авсан барааны төлбөрийг тухайн сарын 30-ны өдөр төлнө гэж заасан байх тул хариуцагч БЭНН ХХК-иас бараа бүтээгдэхүүнийг төлбөрийг 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй болно.

 

Гэвч хариуцагч БЭНН ХХК-иас ийнхүү гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ” гэсний дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Учир нь, хариуцагч БЭНН ХХК-иас авсан барааны төлбөрийг 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх үүргээ зөрчиж өнөөдрийг хүртлэх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд энэ талаар нэхэмжлэгч талын гарсан тайлбар, татгалзлыг баримтаар үгүйсгэхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Мөн тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан ба хариуцагч БЭНН ХХК-иас 1,680,000.00 төгрөг болон 1,240,840.00 төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүн хүлээн аваагүй болон 2,920,840.00 төгрөгийг зохих ёсоор төлсөн гэдгээ баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, нэхэмжлэгч Жем трейд ХХК нь хариуцагч БЭНН ХХК-иас 2,920,840.00 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй юм.

 

Зохигчдын хооронд байгуулсан Худалдааны хамтын ажиллагааны гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох Анзыг хэрэглэхээр тохирчээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.6 “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заажээ.

 

Талуудын Худалдааны хамтын ажиллагааны гэрээний алдангийн талаарх тохиролцоо нь хуульд заасан шаардлагыг хангаж байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагч талаас үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдал байсан талаар нотлохгүй байна.

 

Иймд, хариуцагч БЭНН ХХК нь бараа бүтээгдэхүүний төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн учраас тэрээр гэрээний дагуу нэхэмжлэгч талд алданги төлөх үүрэг хүлээх бөгөөд гагцхүү энэхүү алданги нь хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй юм.

 

Хариуцагч БЭНН ХХК-ийн гүйцэтгэвэл зохих үндсэн үүрэг 2,920,8400.00 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд зааснаар алдангийг тооцоход нэхэмжлэлд заасан хэмжээ болох 1,460,420.00 төгрөг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байна  /2,920,840x0.5%=14,605x579хоног=8,456,295/.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсныг тус тус үндэслэн хариуцагч БЭНН ХХК-иас   үндсэн төлбөр 2,920,8400.00 төгрөг, нэхэмжилсэн алданги 1,460,000.00 төгрөг, нийт 4,380,840.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Жем трейд ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч БЭНН ХХК-иас үндсэн төлбөр 2,920,8400.00 төгрөг, алданги 1,460,000.00 төгрөг, нийт 4,380,840.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Жем трейд ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Жем трейд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,100.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч БЭНН ХХК-иас 85,100.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Жем трейд ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МАНДАЛБАЯР