| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0168/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2020-06-08 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 140
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Д даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
улсын яллагч Б.Б,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.З,
шүүгдэгч Ц.Ц-А-, Т.Д-Я-, Е.Е- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц-А-, Т.Д-Я-, Е.Е- нарт холбогдох 2013001530124 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын харьяат, яс үндэс дөрвөд, 1977 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Увс аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суудаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Ц-ын Ц-А-, регистрийн дугаар ОБ...........
2. Монгол Улсын харьяат, яс үндэс казах, 1987 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны ажилтан, эрх зүйч мэргэжилтэй, Хилийн цэргийн 0285 дугаар ангид жижүүрийн офицер ажилтай, БӨ аймгийн Н сумын 9 дүгээр баг Ц тосгонд оршин суудаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш.д овогт Е-ын Е-, регистрийн дугаар БМ...........
3. Монгол Улсын харьяат, яс үндэс халх, 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны ажилтан, Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, Хилийн цэргийн 0285 дугаар ангид хилийн боомтын аюулгүй байдал шалган нэвтрүүлэх тасгийн дарга ажилтай, БӨ аймгийн Н сумын 9 дүгээр баг Ц тосгонд оршин суудаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Т-ийн Д-Я-, регистрийн дугаар ТГ..........
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Ц-А- /Цогтхүү хочтой/ нь ховор амьтан болох Зэгсний зэрлэг гахайн бүтэн эд эрхтнийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны үед Увс аймгийн Б сумын төвд дэлгүүр ажиллуулж байгаад үл таних 2 залуугаас 100.000 гаруй төгрөгийн бараагаар сольж худалдаж авсан байх бөгөөд улмаар өөрийн 6299 УВЗ улсын дугаар бүхий “Мустанг-5" маркийн мотоциклээр 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр БӨ аймгийн Өлгий суманд хүргэж ирж иргэн С.А-ын амбаарт тавьж хадгалж байгаад 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус аймгийн Н сумын Ц тосгон руу таксигаар Е.Е-д хүргүүлж өгсөн ба шүүгдэгч Е.Е- нь уг зэгсний зэрлэг гахайн эд эрхтнийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн үед хүлээн авч гэртээ хадгалж байгаад 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хамт ажилладаг Т.Д-Я-д 100.000 төгрөгөөр тохирч худалдсан бөгөөд Т.Д-Я- нь гэртээ авч ирж хуйхалж янзлаад, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хамт ажилладаг М.Ү-ын гэрт оруулж тавьж хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Е.Е- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр БӨ аймагт ажиллаж байхад О- гэдэг хүн залгаад гахай авах хүн байна уу, худалдаад өгөөч гэсэн. Тухайн үед ажил ихтэй байсан учир сураглаад өгье гэсэн. Дараа нь ажил тараад гэртээ сууж байхад 18:30 минутын үед дахин дахин залгаад асуусан уу гээд байсан. Би асуугаагүй байна, асуугаад өгье гэхэд асуух шаардлагагүй би танайх руу явуулсан байгаа тосоод аваарай гэсэн. Яагаад явуулж байгаа юм бэ гэхэд машин явах гээд байхаар нь өгөөд явуулсан гэсэн. 20 цагийн үед ирсний дараа өөрөө ачиж авсан. Маргааш өглөө нь ажилтай байсан. 2020 оны 03 дугаар сарын 29-ний өглөө Т.Д-Я-д ийм гахай байна авах уу гэхэд, том байвал авъя гэсэн. Тухайн үед ховор амьтан гэдгийг нь мэдээгүй. Худалдах ашиг олох санаа, зорилго байгаагүй. Худалдаад өгөөч гэсэн учир авсан. Цаанаасаа хэлсэн үнэ нь 100.000 төгрөг байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэв.
2. Шүүгдэгч Ц.Ц-А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би анх дэлгүүрт сууж байгаад хоёр танихгүй залуугаас худалдаж авсан. Хямдхан өгнө гэхээр нь эрүүл мэндэд хэрэглэх зорилгоор авсан байсан. Сүүлд нь ийм хэрэгт орооцолдчихлоо. Тилеген гэх найзаараа дамжуулан Ц тосгонд ажилладаг энэ хүмүүст зарсан. Энэ хүмүүсийг урьд өмнө нь таньдаггүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
3. Шүүгдэгч Т.Д-Я- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Е.Е- надад бүтэн гахай байна авах уу гэсэн.Бид хоёр урьд өмнө нь Ц тосгоны хил дээр хамт ажиллаж байсан. Тухайн үед ямар нэгэн хууль бус ангийн мах гэдгийг бодоогүй байсан. Өөрөө гахай идэхгүй болохоор надад худалдах гэж байх гэж бодоод 100.000 төгрөгөөр авсан. Аваад задалж хуйхлах үед энгийн гахай биш гэдгийг мэдсэн. Нэн ховор амьтан гэдэг талаар мэдээгүй. Хууль дүрэм мэдэхгүйн улмаас ийм хэрэгт орооцолдсон.” гэв.
Эрүүгийн 2013001530124 дугаартай хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
1.Эд мөрийн баримтаар Зэгсний зэрлэг гахайн 34.11 кг эд эрхтнийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 17-22-рх/,
2. Эд мөрийн баримтаар хураагдсан Зэгсний зэрлэг гахайн эд эрхтэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 23-27-рх/,
3. Иргэний нэхэмжлэгч Б.Ш-ий 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 33-рх/,
4. “Миний бие Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Ж-ын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан №06 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Яллагдагч нарын хадгалсан нэг тооны зэрлэг гахай нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон зэгсний гахайг шинжээч үнэлгээгээр гаргасан үнийг яллагдагч нар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2-д зааснаар 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлж өгөхөө илэрхийлсэн боловч одоогоор хохирлыг барагдуулаагүй байна.” гэх мэдүүлэг,
5. Гэрч С.Л-гийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 36-37-рх/
“..2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед Х.Б- гэгч над руу залгаж та таксинд явж байгаа юу, надаас нэг юм аваад Ц тосгон руу хүргээд өгөөч, Хилийн цэргийн нэг хүн өөрөө очоод авна гэж хэлсэн. Би тус өдөр өөрийн эзэмшлийн 87-97 БӨТ улсын дугаартай, Истана маркийн машинаар хувийн ажлаар Өлгий сумын төвд явж байсан ба Х.Б-д за гэж хэлсэн. ...17 цагийн үед Х.Б-гийн гэрт очиж ногоон өнгийн шуудайнд битүү боосон эд зүйл аваад машины хойд талд нь хийгээд Ц тосгонд ирсэн. Тус өдрийн 20 цагийн үед Хилийн 0285 дугаар ангид ажилтай, офицер цолтой Е.Е- гэгч залгаад танд нэг хүн эд зүйл өгсөн үү гэж хэлэхэд би өгч явуулсан, манай гэрээс ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Е.Е- манай гэрт ирээд аваад явсан. Иргэн Байжума надад ногоон өнгийн шуудайнд битүү боосон эд зүйл өгч явуулсан. Дотор нь яг ямар эд зүйл байсныг мэдээгүй. Малын мах юм шиг эд зүйл байсан. Х.Б-гаас ямар эд зүйл гэдгийг асуугаагүй юм” гэх мэдүүлэг,
6. Гэрч Х.Т-ий 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 47-48-рх/
“Миний хөл өвдөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад буюу 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр юм шиг санагдаж байна. Надад Ц.Ц-А- залгаж надад нэг гахайн мах байгаа /бүтэн/ зарах хэрэгтэй байна гэж хэлсний дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Е.О- гэх хүнд Б гөөс нэг залуу холбогдоод гахайн бүтэн мах байгаа авах хүн байна уу гэж асууж байна гэхэд Е.О- нь Ц тосгонд байдаг нэг хүнтэй утсаар яриад тийшээ явуулахаар болсон бөгөөд тэрний дараа би Ц.Ц-А-д залгаж Ц тосгонд нэг хүмүүс авах юм шиг байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
7. Гэрч Е.О- 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 40-рх/
“Миний бие аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт Х.Т- гэх залуугийн хамтаар хэвтэн эмчлүүлж байсан ба 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед миний хажууд хамт хэвтэн эмчлүүлж байсан Х.Т-ий гар утас руу нэг залуу залгаж “надад нэг толгой зэгсний зэрлэг гахайн эд эрхтэн байна, худалдаж авах хүн байна уу” гэж асуусан юм. Тэгээд би Ц ын төвд байгаа хилийн цэргийн 0285 дугаар ангийн ажилтан Е.Е- гэх залуу руу залгаж танай алба хаагч нарын дунд зэгсний зэрлэг гахай авах хүн байна уу гэж асуухад би лавлаад өгье гэсэн юм. Тэр хооронд нөгөө гахай зарна гээд залгасан залуу Х.Т- руу дахиж залгаад нөгөө зэгсний зэрлэг гахайн бүтэн биеийг Ц Өлгий хоёрын дунд такси хийдэг С.Л гэх хүний машинд тавьчихлаа, нөгөө зэрлэг зэгсний гахайг Өлгийгөөс С.Л-гаар тавьж явууллаа, тосож аваарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
8. Гэрч Х.Б-гийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 41-рх/
“...2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр надад Увс аймгийн Б сумын иргэн Ц.Ц-А- буюу Цогтхүү гэх залуу залгаж Ц ын таксинд 1 толгой зэгсний зэрлэг гахай тавьж явуулмаар байна. Чи С-ын бага хүү А гэх залуутай уулзах юм бол тэр залуу чамд өгнө. Би тэр залууд өгсөн байгаа, чи Ц Өлгий хооронд такси хийдэг С.Л-д өгөөд явуулаарай гэж хэлсний дагуу С-ын хүү А-тай холбогдож очиход цагаан өнгийн шуудайгаар ороосон нэг гулууз мах шиг зүйл аваад Ц Өлгий хооронд явдаг такси хийдэг хүн болох С.Л-д өгч явуулсан юм.” гэх мэдүүлэг,
9. Гэрч С.А-ын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 49-рх/
“...Ц.Ц-А- манай бөөний төвөөс байнга хүнсний бараа авдаг бөгөөд өөрөө бараа авахаар ирж явж байгаад манай агуулахад бор өнгийн шуудайнд ороосон нэг зүйл тавьсан бөгөөд дараа нь 2020 оны 03 дугаар сарын сүүлээр юм шиг байна, яг өдрийг сайн санахгүй байна, нэг хүн над руу залгаж Ц.Ц-А-ын тавьсан зүйлийг авъя гэж утсаар ярьсны дагуу нэг залуу ирээд аваад явсан. Ямар нэгэн ангийн эд эрхтний талаар надад мэдэх зүйл алга. Би зөвхөн тавьсан ачааг нь авъя гэсэн хүнд нь өгөөд явуулсан юм.” гэх мэдүүлэг,
10. Гэрч М.Ү-ын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 38-39-рх/
“ би 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 13 цаг 30 минутын үед гэртээ цай уугаад сууж байхад Хилийн 0285 дугаар ангийн Боомтын аюулгүй байдал шалган нэвтрүүлэх тасгийн дарга, ахмад Т.Д-Я- ганцаараа манай гэрт хуйхалсан гахайг оруулж ирсэн. Т.Д-Я- надад хандаж “манай гэрт байхаар хүүхэд айгаад байна, танай гэрт түр зур тавьчихъя" гэж хэлсэн. Би юу ч бодоогүй галын хажууд тавьчих гэж хэлсэн. Тэгээд Т.Д-Я- манай гэрийн галын хажууд хуйхалсан гахай үлдээгээд явсан, би ч ажил руу яваад өгсөн. Тус өдрийн орой 20 цагийн үед Т.Д-Я- манай гэрт ирээд хуйхалсан гахайны доод талын хэсгийг эвдэж, жижиглээд дээд талын хэсэг нь хөлдсөн байхаар нь манай гэрийн үүдний амбаарт оруулаад яваад өгсөн. Тэрнээс хойш Т.Д-Я- дахиж манай гэрт ирээгүй. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагийн үед цагдаа нар манай гэрийн үүдний амбаарт байсан хуйхалсан гахайн махыг хураагаад аваад явсан. Т.Д-Я- Хилийн 0285 дугаар ангийн Хилийн албаны тасгийн шуурхай жижүүр, ахмад Е.Е-гаас авсан гэж хэлсэн юм. Яг хэн хэний хамт авсныг мэдэхгүй. Т.Д-Я- манай гэрт хуйхалсан гахай оруулж ирсэн ба тус гахай нь тэжээвэр гахай, эсхүл: зэрлэг гахайн аль нь болохыг мэдээгүй. Учир нь хуйхалсан гахай байсан” гэх мэдүүлэг,
11. Шинжээч И.Ж-ын гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтээр хураагдсан ан /ангийн эд эрхтэн/ нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон Зэгсний зэрлэг гахай мөн болох нь тогтоогджээ. /хх-ийн 53-рх/,
12. Шүүгдэгч Е.Е-гийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 77-78-рх/
“2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутын үед хүргэн ах болох Е.О- аймгаас над руу залгаж “Мэнд ёс асууж, бодон /зэрлэг гахай/ худалдаж авах хүн байна уу, энд нэг хүн зарах гэж байгаа юм байна, надад зарж өгөөч, чи худалдаж авах хүн байвал сураглаач, танай ажлын хүмүүс худалдаж авч магадгүй” гэж хэлэхэд би “мэдэхгүй, ажлынхаа алба хаагч нараас асуугаад үзье, үнэ хэд юм бэ” гэж асуухад Е.О- “үнэ нь 100.000 төгрөг юм байна” гэж хэлээд утсаа тасалсан. Тус өдрийн 18 цагийн үед Е.О- дахин над руу залгаж чи нөгөөдхөө асуусан уу, авах хүн олдсон уу гэж асуухад би асууж амжаагүй гэж хэлсэн. Е.О- “за тэгвэл зэрлэг гахайг чам руу С.Лхагва гэгчээр өгч явуулсан байна, чи ямар ч байсан зараад өгөөрэй гэж хэлэхэд би “Та яагаад явуулж байгаа юм бэ, худалдаж авах хүн олдохгүй бол яах юм бэ” гэж хэлэхэд Е.О- аймгийн төвд байвал муудах юм шиг байна, нөгөө эзэн нь бэлэн машин олдохоор өгч явуулсан байна, чи ямар ч байсан зарж өгөөч, С.Л- руу залгаад авчаарай гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн үед би С.Л-гийн гар утас руу залгаж танд нэг хүн шуудайтай эд зүйл өгч явуулсан уу гэж хэлэхэд С.Л- өгч явуулсан, манай гэрээс ирээд авчих гэж хэлсэн. Би машинтай С.Л-гийн Ц тосгоны төвд байрлах гэрт очиж, шуудайнд битүү боосон эд зүйлийг авсан ба ирээд ногоон өнгийн шуудайг онгойлгож, дотор талд нь байгаа зүйлийг үзэхэд бор өнгийн үстэй зэрлэг гахай байсан юм. Тэгээд би өөрийнхөө эзэмшлийн амбаарт оруулаад тавьсан юм. 2020 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед Хилийн цэргийн 0285 дугаар ангид шуурхай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад ахмад Т.Д-Я- руу залгаж зэрлэг гахай авах уу гэж асуухад Т.Д-Я- маргааш очоод үзье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагийн үед Т.Д-Я- манай гэрт ирж уг бодон гахайг амбаараас үзэж хараад за авъя гэж хэлээд машиныхаа хойно хийгээд аваад явсан юм. Би үнэ нь 100 000 төгрөг гэж байна, мөнгийг нь хэзээ егөх вэ гэж асуухад Т.Д-Я- би хэдэн хүмүүстэй хувааж авах гэж байгаа, цуглуулаад өгье гэж хэлээд зэрлэг гахайг аваад явсан. Тэгээд би уг зэрлэг гахайны мөнгийг хэн нэгнээс аваагүй” гэх мэдүүлэг,
13 Шүүгдэгч Т.Д-Я-ын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 71-72-рх/
“Миний бие 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэртээ амарч байхад ангид шуурхай жижүүрээр ажилладаг Е.Е- над руу залгаж “Та гахайн мах авах уу, надад 1 толгой бүтэн гахай байна, авах уу гэж асуусан юм. Тэгээд би гэрээс гарч Е.Е-н гэрт очиход амбаарт нь шуудайнд ороосон гахай байхаар нь 100000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож мөнгийг нь дараа өгөхөөр болж тухайн махыг аваад явсан юм. Тэгээд гэрт очиж түлээний амбаарт оруулж тавиад задалж үзэхэд зэрлэг зэгсний гахай эд эрхтэн юм байна гэдгийг мэдсэн ба тэр орой хуйхалж янзалж, цэвэрлээд буцааж амбаарт оруулж тавьчхаад маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өдрийн цагаар хамт ажилладаг М.Ү-ын амбаарт хэлж тавьсан юм" гэх мэдүүлэг,
14. Яллагдагч Ц.Ц-А- 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 74-75-рх/
“Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Б сумын төвд байдаг “Хар булаг” нэртэй хүнсний дэлгүүртээ худалдаа хийж байхад гаднаас үл таних 2 залуу орж ирээд ахаа та гахай авах уу, хямд үнээр өгье гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрч бараа оролцуулж 100.000 төгрөгөөр уг зэрлэг гахайг авсан. БӨ аймаг руу явах ажил байсан болохоор өөрийн мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклдоо ачиж БӨ аймагт 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр авч ирж С.А-ын дэлгүүрийн агуулахад нэг буланд ууттай нь тавиад үүнийг хадгалж байгаарай гэж хэлсэн. С.А-ад уутанд юу байгаа талаар тодорхой хэлээгүй, ачаа байгаа юм, хэн нэгэн ирж авах үед би чам руу ярина, чи зүгээр явуулчхаарай гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг,
15. Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 1/573 дугаартай “Танай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 29/1528 тоот албан бичгийн дагуу манай цахим мэдээллийн сангаас шалгаж үзэхэд Е.Е- /БМ........../-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар Н сумын 9-р багт байрлах 1091.2м.кв талбайтай, Г-0208000402 улсын бүртгэлийн дугаартай газар, мөн тус багт байрлах 128м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн байна. М.Ү- /ОЮ......./, Т.Д-Я- /ТГ........./ нарын нэр дээр цахим мэдээллийн санд бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэл байхгүй байна.” гэх албан бичиг /хх-ийн 80/,
- 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БМ.........., овог:Ш.д, эцэг/эх/-ийн нэр:Е, нэр:Е, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:БӨ , Ц , төрсөн огноо:1987-04-22, хаяг:БӨ , Н , 9-р баг, Ц , хүчинтэй хугацаа:2032-04-22, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81/
- 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр олгосон “РД:ТГ........., овог:Х, эцэг/эх/-ийн нэр:Т, нэр:Д-Я, яс үндэс:Халх, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Сэлэнгэ, Мандал, төрсөн огноо:1992-02-29, хаяг:БӨ , Н , 9-р баг, Ц , хүчинтэй хугацаа:2037-02-28, хэд дэх:3” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83, 89/,
- 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр олгосон “РД:ОБ........, овог:Ш, эцэг/эх/-ийн нэр:Ц, нэр:Ц-А, яс үндэс:Дөрвөд, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Увс, Б , төрсөн огноо:1977-12-05, хаяг:Увс, Б , Хар алтат, хүчинтэй хугацаа:2022-12-05, хэд дэх:3” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84/,
- БӨ аймгийн Ц тосгоны захирагчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Хилийн 0285-р ангид ажилтай ТГ......... тоот регистрийн дугаартай Т овогтой Д-Я нь Ц тосгонд оршин суудаг. Ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Хувийн хашаа байшинтай, төлөв даруу зантай, хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.” гэх тодорхойлолт /хх-ийн 85/,
- Хилийн 0285-р ангийн захирагч В.Б-ын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Тус ангийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, ахмад Т овогтой Д-Я нь 2014 онд Оросын Холбооны Улсын Холбооны аюулгүй байдлын албаны Курган хотын хилийн цэргийн дээд сургуулийг “Хилийн албаны ажилтан, олон улсын эрх зүйч” мэргэжлээр төгссөн. Хилийн 0285 дугаар ангид 2014 оны 07 дугаар сард томилогдон хилийн заставын орлогч, боомт хамгаалалтын заставын дарга, автозамын шалган нэвтрүүлэх заставын даргаар тус тус ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сараас ангийн төвд Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн даргын албан тушаалд ажиллаж байна. Ахмад Т.Д-Я- нь эрхэлсэн ажил албандаа идэвх, санаачилга гарган ажилладаг хамт олондоо нэр хүндтэй, ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /хх-ийн 86/,
- Шүүгдэгч Т.Д-Я-д холбогдох тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 87/,
- Иргэн Т.Д-Я- ТГ.........-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 88/,
- Шүүгдэгч Т.Д-Я- урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 91/,
- БӨ аймгийн Ц тосгоны захирагчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Хилийн 0285-р ангид ажилтай БМ.......... тоот регистрийн дугаартай Е овогтой Е нь Ц тосгонд оршин суудаг. Ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Хувийн хашаа байшинтай, төлөв даруу зантай, хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.” гэх тодорхойлолт /хх-ийн 98/,
- Хилийн 0285-р ангийн захирагч В.Б-ын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Тус ангийн Хилийн албаны тасгийн шуурхай жижүүр, ахмад Е овогтой Е нь 2008 онд Улаанбаатар хот дахь хилийн цэргийн дээд сургуулийг “Хилийн албаны ажилтан” мэргэжлээр төгссөн. Хилийн 0285 дугаар ангид 2010 оны 06 дугаар сард томилогдон хилийн заставын орлогч, заставын даргаар тус тус ажиллаж байгаад 2019 оны 01 дүгээр сараас ангийн төвд Хилийн албаны тасагт шуурхай жижүүрийн албан тушаалд ажиллаж байна. Ахмад Е.Е нь эрхэлсэн ажил албандаа идэвх, санаачилга гарган ажилладаг хамт олондоо нэр хүндтэй, ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй болохыг тодорхойлов..” гэх тодорхойлолт /хх-ийн 86/,
- Шүүгдэгч Е.Е-д холбогдох эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 99/,
- Шүүгдэгч Е.Е-д холбогдох тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 100/,
- шүүгдэгч Е.Е- урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 104/,
- Увс аймгийн Б сумын Байшинт багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 180 дугаар “ОБ........ Регистрийн дугаартай иргэн Ц овогтой Ц-А нь ам бүл 6, тус багийн хар булаг хороололд байнга оршин суудаг. Ц.Ц-А- нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр 12 жил дараалан сонгогдсон сумандаа нэр хүндтэй, сум орон нутгаас зохион байгуулсан аливаа нэгэн ажилд идэвх санаачилгатай бусдыгаа манлайлан оролцдог, хөдөлмөрч хичээнгүй шилдэг залуу бизнесмен үнэн болно.” гэх тодорхойлолт /хх-ийн 105/,
- шүүгдэгч Ц.Ц-А- урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 106/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
1. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, холбогдох байгууллагаас хяналтаа сул тавьсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ц.Ц-А- /Цогтхүү хочтой/ нь ховор амьтан болох Зэгсний зэрлэг гахайн бүтэн эд эрхтнийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны үед Увс аймгийн Б сумын тевд дэлгүүр ажиллуулж байгаад үл таних 2 залуугаас 100.000 гаруй төгрөгийн бараагаар сольж худалдаж авсан байх бөгөөд улмаар өөрийн 6299 УВЗ улсын дугаар бүхий “Мустанг-5" маркийн мотоциклээр 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр БӨ аймгийн Өлгий суманд хүргэж ирж иргэн С.А-ын амбаарт тавьж хадгалж байгаад 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус аймгийн Н сумын Ц тосгон руу таксигаар Е.Е-д хүргүүлж өгсөн ба шүүгдэгч Е.Е- нь уг зэгсний зэрлэг гахайн эд эрхтнийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн үед хүлээн авч гэртээ хадгалж байгаад 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хамт ажилладаг Т.Д-Я-д 100.000 төгрөгөөр тохирч худалдсан бөгөөд шүүгдэгч Т.Д-Я- нь гэртээ авч ирж хуйхалж янзлаад 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хамт ажилладаг М.Ү-ын гэрт оруулж тавьж хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзлээ.
Зэгсний зэрэг гахай нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолоор батлагдсан Ховор амьтны жагсаалтад болон Монгол улсын улаан ном ( 1987: 1997: 2013)-онд орсон байна. Амьтны тухай хууль (2012)-ийн 9.1.1 дэх заалтаар зэрлэг гахайг жил бүрийн 12-р сарын 01-ний өдрөөс дараа оны 8-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглодог байна.
Хэрэгт тусгагдсан иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгч нарын дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн.
Мөн амьтны экологи-эдийн засагт учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч Ц.Ц-А-, Т.Д-Я-, Е.Е- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарыг “Ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан БӨ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ц-А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгээс “Тээвэрлэсэн” гэснийг хэрэгсэхгүй болгож, яллах дүгнэлтийн бусад хэсгийг хэвээр үлдээв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Ш- нь мөрдөн шалгах ажиллагаанд “шүүгдэгч Ц.Ц-А-, Т.Д-Я-, Е.Е- нараас амьтны аймагт учруулсан хохирол болох 5.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь амьтны аймагт хохирол учруулах гэдэг нь тухайн этгээд хууль бусаар уг амьтныг агнаж хохирол учруулахыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.Ц-А-, Т.Д-Я-, Е.Е- нар нь уг гахайг ангаж амьтны аймагт хохирол учруулаагүй зөвхөн бусдаас худалдан авсан, худалдсан, хадгалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд шүүгдэгч Ц.Ц-А-, Т.Д-Я-, Е.Е- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т “ Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ц.Ц-А-, Т.Д-Я-, Е.Е- нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Ц.Ц-А-, Т.Д-Я-, Е.Е- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарлан гэмшсэн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дүгнэхэд шүүгдэгч Е.Е-г уг зэрлэг гахайг хадгалах, худалдах, худалдан авах гэмт хэрэг үйлдэхэд зуучилж дэмжлэг үзүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчийг уг гэмт хэргийн хамжигч гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Ц-А- нь ховор амьтныг худалдаж авсан, хадгалсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн, мөн үргэлжлүүлэн хадгалах, бусдад худалдах гэмт хэргийг зохион байгуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж заасныг үндэслэн түүнийг энэ гэмт хэргийн гүйцэтгэгч, зохион байгуулагч гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Д-Я- нь ховор амьтныг худалдаж авсан, хадгалсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж заасныг үндэслэн түүнийг энэ гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзлээ.
Шүүгдэгч нар урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91, 104, 106/-аар тогтоогдож байна.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Ц-А-, Т.Д-Я-, Е.Е- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.
4. Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зэгсний эр /бодон/ гахайн эд эрхтнүүдийг БӨ аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримтыг хадгалах зориулалттай өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц БӨ аймаг дахь Цагдаагийн газартай хамтран устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Ц.Ц-А-ын өмчлөлийн 62-99 УВЗ улсын дугаартай, “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Учир нь шүүгдэгч Ц.Ц-А- нь уг гэмт хэрэг үйлдэгдэж төгссөнөөс хойш худалдан борлуулах зорилгоор тээвэрлэсэн байх тул гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр хурааж улсын орлого болгох үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Ц-А-, Т.Д-Я-, Е.Е- нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Д-Я-, Е.Е- нарын хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Ц-А-ын тээврийн хэрэгслийг гэрчилгээг өөрт нь буцаан олгож, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан БӨ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ц-А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгээс “Тээвэрлэсэн” гэснийг хэрэгсэхгүй болгож, яллах дүгнэлтийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Ш овогт Ц-ын Ц-А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, бусдад худалдсан, худалдан авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ш.д овогт Е-ын Е-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, бусдад худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Х овогт Т-ийн Д-Я-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, бусдаас худалдан авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-А-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Е-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-Я-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-А-, Т.Д-Я-, Е.Е- нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Ц.Ц-А-, Т.Д-Я-, Е.Е- нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шүүхийн шийтгэх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавьж ажиллахыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
6. Шүүгдэгч Ц.Ц-А-, Т.Д-Я-, Е.Е- нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Д-Я-, Е.Е- нарын хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Ц-А-ын №01896374 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт нь буцаан олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нэхэмжилсэн 5 800 000 /таван сая найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Шүүгдэгч Ц.Ц-А-ын өмчлөлийн 62-99 УВЗ улсын дугаартай, “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эр /бодон/ зэгсний гахайн эд эрхтнүүдийг БӨ аймаг дахь Цагдаагийн газартай хамтран устгахыг шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Ц-А-, Т.Д-Я-, Е.Е- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК