Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01135

 

“КЭЭА”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00011 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 614 дүгээр магадлалтай,

“КЭЭА” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“МТЗ”ТӨХК, “МУХБ” ХХК-д тус тус холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7 273 934 890 төгрөгийг “МТЗ”ТӨХК-аас гаргуулах, санхүүжилтийг шийдвэрлэхийг “МУХБ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “МТЗ”ТӨХК-ний төлөөлөгч Б.Цэнгэлийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бум-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Цогтсайхан, хариуцагч “МТЗ”ТӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгалан, Б.Болор-Эрдэнэ, Ж.Энхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч С.Батбаяр, хариуцагч “МУХБ” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолын 2.4-т Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг 2010 онд багтаан эхлүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаж, эхний үе шатанд барьж эхлэх төмөр замын суурь бүтцийн чиглэлийг давхар тодорхойлсон.Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарч, эхний үе шатанд барихаар төлөвлөсөн төмөр замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг “МУХБ”аар дамжуулан шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасан.Улмаар 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Их хурлаас Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 15-р тогтоол гарсан бөгөөд уг тогтоолын 1-д Монгол Улсын Их хурлын шийдвэрт заасан төсөл, хөтөлбөрийг “МУХБ”ны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгож, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг уул зээлийн санхүүжилтэд хамааруулсан байна.Төрийн эрх барих дээд байгууллагын эдгээр тогтоол, шийдвэрүүдийг төмөр замын мэргэжлийн байгууллагын хувьд манай компани анхааралтай харж дэмжиж байсан бөгөөд биднийг тухайн бүтээн байгуулалтад оролцох итгэл үнэмшлийг төрүүлж байсан юм. Ингээд төмөр замын барилгын ажил гүйцэтгэх хүсэлтээ Зам, тээврийн яаманд явуулсныг тус яамны Зам, тээврийн бодлогын газрын дарга Б.Махбалын 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 5/1651 тоотоор “МТЗ”ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзаяад уламжилсан байсан.Улмаар 2011 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр “МТЗ”ТӨХК ба манай компанийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. Ингээд 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр захиалагч “МТЗ”ТӨХК-тай 1/006 тоот Хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулж, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Батзаяагаас 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 1/82 тоотоор ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноор Даланзадгад-Тавантолгой-Цагаан суврага-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн 1165 км төмөр замын доод бүтэц, далан барих ажлыг зургийн дагуу Урт өртөөнөөс 905.2436 км-ээс 855.2436-аар км хүртэл 50 км зайд Ү-700135.301 Х-5162728.668 координаттай эхлэлийн цэгээс Ү-654811.211 Х-5143330.249 координаттай төгсгөлийн цэгийн хооронд хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн юм.Энэ гэрээний дагуу манай компани нь Шинэ төмөр зам төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоос Дорноговь аймгийн Сайншанд хотын чиглэлд 51.180 км төмөр замын хөрс хуулалтын ажлыг дээрх координатуудын хооронд батлагдсан зургийн дагуу 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлын гүйцэтгэл, тайланг захиалагчид хүргүүлсэн. Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний 15.1-д зааснаар ажлыг гүйцэтгэхэд шаардагдах ажлын хөлс нь нийт 4.849.289.927 төгрөг байхаар тохирсон.Гэвч өнөөдрийг хүртэл захиалагч буюу “МТЗ”ТӨХК манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нэг ч төгрөг төлөөгүй, өөрөөр хэлбэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй юм. Гэрээний 9.1-д зааснаар гэрээний дагуу гүйцэтгэх ажлыг талууд болон тухайн үед байсан сайд Х.Баттулга нарыг оролцуулан ярилцаж, гурван сарын хугацаанд гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэхээр хугацааг тохирч, уг ажлыг манай компани заасан хугацаанд нь дуусгасан болно. Манай компани нийт 4.849.289.927 төгрөгийн ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаад энэ тухай захиалагч буюу “МТЗ”ТӨХК-д албан ёсоор мэдэгдэж, ажлын гүйцэтгэл тайланг хүргүүлсэн, харин захиалагчийн төлөөлөгч газар дээр нь очиж ажлын гүйцэтгэлтэй танилцсан боловч ажил хүлээлцэх комиссыг гэрээнд заасны дагуу хамтран байгуулж, ажлыг хүлээлцэх үүргээ захиалагч биелүүлээгүй болно.Захиалагч гэрээнд зааснаар ажлын хөлсний урьдчилгаа төлөх ёстой байсан ч захиалагчийн хүсэлтийг харгалзан, ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэх зорилгоор манай компани өөрийн хөрөнгөөр уг ажлыг эхлэн гүйцэтгэсэн ба нэгэнт төлбөр гэрээний дагуу хийгдэхгүй байсан тул олон компани, хувь хүнээс зээл авч захиалагч тал төлбөрийг хиймэгц буцаан төлөхөөр ажлыг гүйцэтгэсэн. Захиалагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, хөрс хуулалтын ажлын гэрээ-ний 15, 16, 17.3, 17.10-т тус тус заасны дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, мөн гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргийг огт биелүүлээгүйгээс болж ажил гүйцэтгэгч буюу манай компанийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд маш их хохирол учирч, байгууллагын бизнесийн нэр хүнд ихээхэн унасан болно. Захиалагч буюу “МТЗ”ТӨХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, мөнхүү гэрээний 22.3-т заасны дагуу 2 424 644 963 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.2, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус баримтлан хөрс хуулалтын ажлын хөлс 4 849 289 927 төгрөг, алданги 2 424 644 963 төгрөг нийт 7 273 934 890 төгрөгийг хариуцагч “МТЗ”ТӨХК-аас, “КЭЭА”ХХК болон “МТЗ”ТӨХК-ийн хооронд байгуулагдсан хөрс хуулалтын ажлын гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний санхүүжилтийг “МУХБ” ХХК-аас тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “МТЗ”ТӨХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1/006 тоот хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээг “КЭЭА”ХХК-тай байгуулсан. Тус гэрээний 16.1-д зааснаар “МУХБ”наас холбогдох санхүүжилт хийгдсэний дараагаар гэрээт ажлын хөлс болох 50 хувийн урьдчилгааг гүйцэтгэгч талд шилжүүлэх, тус гэрээний 16.2-д зааснаар төрийн эрх бүхий байгууллага болон Захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын хөлсний үлдэх хувийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон.Захиалагчийн зүгээс ажил эхлүүлэх зөвшөөрлийг 2011 оны 5 дугаар сарын 13-нд олгосон ба уг албан тоотоор гүйцэтгэгчийг гэрээний хэрэгжилтийг хангуулах чиглэмжийг өгсөн. Гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг зохих журмын дагуу хийгээгүйгээс гадна гэрээт ажлыг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй. 2013 онд Засгийн газраас “МУХБ”аар дамжуулан санхүүжилт олгохтой холбогдуулан гарсан шийдвэрийн дагуу Сүхбаатар аймагт газар дээр нь захиалагчийн зүгээс хяналт шалгалт хийхэд гэрээгээр хөрс хуулалтын ажлыг 330 558 м3 байхаар харилцан тохиролцсон байхад 65 759м3 (ажлын хөлс нь 65,759 м3 *14,700 = 964 684 530 төгрөг)-ийн хөрс хуулалтын ажлыг хийсэн нь тогтоогдсон.Уг хяналт шалгалтыг хийхэд “КЭЭА”ХХК-аас 8 хүний бүрэлдэхүүн байлцсан бөгөөд үүнийг гүйцэтгэгч компани хүлээн зөвшөөрдөг.Энэхүү хяналт шалгалттай уялдуулан захиалагчийн зүгээс гүйцэтгэгчид гэрээний 11-т заасан үүргээ биелүүлэхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.Захиалагчийн зүгээс гүйцэтгэгч компанид гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээт ажлын хөлсийг шийдэхийн тулд холбогдох эрх бүхий байгууллагад хандаж байсан ба үүний эцэст Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолын 2-т зааснаар ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “МУХБ”ны төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан. Засгийн газрын 28 дугаар тогтоолын хүрээнд гүйцэтгэгч компаниас ирүүлсэн тайлан, гүйцэтгэлийг Зам, тээврийн яамаар дамжин хянасны дараагаар “МУХБ”наас ажлын тайлан гүйцэтгэлийг баталгаажуулдаг. Гэтэл гүйцэтгэгч компани болох “КЭЭА”ХХК нь өөрийн хийж гүйцэтгэсэн ажил болох 65 759 м3-ийн хөрс хуулалтын ажлыг зохих журмын дагуу хүлээлгэн өгөлгүй өнөөдрийг хүргээд байна.Иргэний хуулийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Гэтэл гүйцэтгэгч компани гэрээт ажлаа зохих журмын дагуу хэрэгжүүлээгүйгээс улбаалан захиалагчийг болоод өөрийн компанийг санхүүгийн эрсдэлд оруулсан. Манай компанийн хэрэгжүүлж байгаа төслийн үйл ажиллагаанд шууд нөлөөлсөн төр, засгийн шийдвэрийн тогтворгүй, хяналтгүй, хариуцлагагүй, залгамж уялдаагүй байдлын улмаас гэрээний хэрэгжилттэй холбоотой захиалагчаас үл хамаарсан хүнд нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотой харилцааг гэрээний 23.2, 22.6 дахь заалтуудад зохицуулсан. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэрээний хэрэгжилттэй холбоотойгоор захиалагч “МТЗ”ТӨХК-д гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл үүссэнийг тодорхойлж гэрчилгээ олгосон. Талууд гэрээг 2011 оны 4 дүгээр сарын 25-нд байгуулсан, санхүүжилтийн талаарх Засгийн газрын 266 дугаар тогтоол 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Санхүүжилттэй холбоотой үүсч болзошгүй энэ нөхцөл байдлыг талууд тооцоолсон учраас гүйцэтгэгч эхний ээлжинд өөрийн санхүүжилтээр ажлыг гүйцэтгэх, “МУХБ”ны санхүүжилт хийгдмэгц захиалагч тогтоосон хугацаанд урьдчилгаа төлбөрийг шилжүүлэхээр харилцан тохирсон. Гэрээнд заасан төлбөрийн үүргээ биелүүлэх боломжгүй захиалагчаас үл хамаарах дараах нөхцөл байдал үүссэнээр гэрээний 16 дугаар зүйлд заасан захиалагчийн үүргийн биелэлтэд гэрээний 22.6 дахь заалтыг зайлшгүй харгалзах шаардлага үүссэн. Тодруулбал захиалагчийн хувьд 2011 оны 8 сард Засгийн газрын 266 дугаар тогтоол гарсан даруй санхүүжилтийн асуудлаар “МУХБ”инд удаа дараа хандаж байсан. Анх хүсэлт хүргүүлсэн өдрөөс хойш 8 сарын дараа буюу 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын 93 дугаар тогтоолоор “МТЗ”ТӨХК-ийн тусгай зөвшөөрөл цуцлагдаж, төсөл хэрэгжүүлэх эрхгүй болсон.Энэ хугацаанд “МУХБ”наас санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдээгүй. Үүний улмаас төлбөрийг хувааж хийх гэрээний нөхцөл ач холбогдолгүй болж, гагцхүү ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн мэргэжлийн актыг үндэслэн гүйцэтгэлээр төлбөрийг бөөн төлөх нөхцөл үлдсэн.Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоол хүчингүй болж тусгай зөвшөөрөл цуцлагдсан даруйд “МУХБ”ны зүгээс “МТЗ”ТӨХК-ийг шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэгч хэмээн үзэх боломжгүй болсон, банкны хувьд холбогдох санхүүжилтийг олгож болох этгээд нь төслийн хууль ёсны хэрэгжүүлэгч компани байх шаардлагатай, зээлийн талаар холбогдох ажлын хэсгийн буюу ЗТБХБЯ-ны дүгнэлт гарч, ажлын хөлс, төлбөрийн хэмжээ тогтоогдож, “МТЗ”ТӨХК-ийн хийсэн ажлуудыг хүлээн авах хуулийн этгээд тодорхой болсон даруйд санхүүжилтийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх боломжтой болохыг бичгээр мэдэгдсэн.Хэдийгээр “МТЗ”ТӨХК төсөл хэрэгжүүлэгч биш болсон ч санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг Төмөр замын газар, ЗТБХБЯ-нд хүргүүлсээр байсан. Манайхаас 2012 оны 4 сард Төмөр замын газарт хүргүүлсэн албан бичгийн дагуу Төмөр замын газраас дараа сард нь буюу 5 сард “КЭЭА”ХХК-д ажлын гүйцэтгэл, тайланг ирүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн байдаг. Гүйцэтгэгчээс 2012 оны 10 дугаар сарын 25-нд хөрс хуулалтын ажлыг мэргэжлийн комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон тул ажлыг хүлээн авахыг хүсч, хөрс хуулалтын ажлын тайлан, ажлын гүйцэтгэлийг “МТЗ”ТӨХК-д ирүүлсэн ба манай компани тусгай зөвшөөрөлгүй, төсөл хэрэгжүүлэх эрхгүй болсон байсан.Мөн өдөр Зам, тээврийн яамнаас ажлын гүйцэтгэлийг гаргаж баталгаажуулах шаардлагатай тул ажлын гүйцэтгэлийг ирүүлэхийг манайд албан бичгээр мэдэгдсэн ба гүйцэтгэгчийн ирүүлсэн ажлын гүйцэтгэлийн материалуудыг Зам, тээврийн яаманд хүргүүлсэн.Энэ үед үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасан гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ захиалагч биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Зам, тээврийн яам нь хөрс хуулалтын ажлын талаар холбогдох тайлбар бүхий баримт бичгийг боловсруулан санхүүжилт шийдвэрлэхийг хүссэн албан бичгийг “МУХБ”инд 2012 оны 12 дугаар сарын 10-нд хүргүүлсэн байх ба “МУХБ”наас Зам, тээврийн яаманд хариу ирүүлээгүй байна. Улмаар Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор “МТЗ”ТӨХК Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт заасан эхний болон хоёрдугаар үе шатны төслийг хэрэгжүүлэх, төслийг үргэлжлүүлэх эрхтэй болсон, Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 266 тогтоолоор Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоолд заасны дагуу санхүүжилтийг олгох шийдвэр гарсан.Засгийн газрын 28 дугаар тогтоол гарснаас хойш 1 сарын дараа “МУХБ”, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам, тээврийн яам, “МТЗ”ТӨХК-ийн хооронд Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ 2013 оны 2 дугаар сарын 20-нд байгуулагдсан. Зам, тээврийн яамнаас санхүүжилт шийдвэрлүүлэх хүсэлтийг “МУХБ”инд хүргүүлсэн, банк татгалзаж шийдвэрлэсэн хариу ирүүлээгүй тул захиалагчийн зүгээс “МУХБ”ыг хянан баталгаажуулж байна гэж ойлгон хүлээж байсан. Дээрх нөхцөл байдал нь төрийн эрх бүхий байгууллагаас хамааралтайгаар захиалагч үүргээ гүйцэтгэхэд саад учирсан тохиолдол тул талууд гэрээний 22.6 дахь заалтыг баримталж үүссэн нөхцөл байдлыг зохицуулах учиртай.Санхүүжилт олгогдохгүй, тодорхойгүй нөхцөл байдал үргэлжлэх шинжтэй болсон тул ажлын гүйцэтгэлийн дүнд үндэслэн төлбөрийн санхүүжилтийн хүсэлтийг дахин гаргах шаардлагатай болсон боловч өмнөх санхүүжилтийн хүсэлт “МТЗ”ТӨХК-иас ангид явсан, гэрээний нийт үнийн дүнгээр төлбөрийн хэмжээг шууд тодорхойлох нь ...төлбөрийг гүйцэтгэлээр төлнө гэсэн гэрээний төлбөрийн нөхцөлд нийцэхгүй, ажлын гүйцэтгэлийг шалгаж хүлээн зөвшөөрсөн тухай мэргэжлийн акт Захиалагчид ирээгүй зэргээс санхүүжилтийн хүсэлтийг шууд гаргах боломжгүй байсан. Гэрээнд заасан ажлын гүйцэтгэлийн хэмжээг талуудын төлөөллүүд хамтран тогтоож баталгаажуулсан нь захиалагчаас үл хамаарсан тул гэрээний 22.6 дахь заалтыг талууд баримтлах, улмаар Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасан үүргээ захиалагч зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Тиймээс Захиалагчийг 351.2-т зааснаар тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэхгүй. Гэрээний заалт ёсоор эрх бүхий байгууллагын мэргэжлийн актаар ажлын гүйцэтгэл баталгаажигдаагүй байхад захиалагчийн зүгээс ажлын гүйцэтгэлийг үнэн зөв, үндэслэлтэй тодорхойлж гүйцэтгэлээр төлбөрийг төлөх гэрээний үүргийг биелүүлэх, төлбөрийн санхүүжилтийн хүсэлтийг Зам, тээврийн яам болон “МУХБ”инд уламжлах боломжгүй байсан. Талууд анхнаасаа “МУХБ”ны санхүүжилт шийдэгдэх хүртэл гүйцэтгэгч өөрийн санхүүжилтээр ажлыг гүйцэтгэхээр тохирсон нь гэрээний 16 дугаар зүйл, заалт дахь төлбөрийн нөхцөлд тусгалаа олсон. Гэтэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан үүргээ захиалагч зөрчөөгүй гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдлуудыг үл харгалзаж төлбөр төлөх хугацаа хэтэрсний алдангийг 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Захиалагчаас үл хамаарах давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдал үүссэнийг гэрээний 23.2-т заасан этгээд тодорхойлсон болон уг нөхцөл байдал үүссэн үеийн харилцааг талууд гэрээний 22.6-д нарийвчлан тохиролцсон. Гэрээний заалт ёсоор эахиалагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн, хэдийгээр ийм нөхцөл байдал үүссэн ч өөрөөс хамаарах боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Шинэ төмөр зам төсөл нь Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-ийн хэрэгжилтийн хүрээнд салбарын яамаар дамжуулан төр засгийн удирдамж чиглэлийн дагуу хэрэгжсэн ба санхүүжилтийн эх үүсвэр нь “МУХБ”ны зээлийн санхүүжилтээр, эргээд улсын төсвийн хөрөнгөөс эргэн төлөгдөх онцлогтой. Гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс захиалагч төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн зэрэг болно гэжээ.

Хариуцагч “МУХБ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Шинэ төмөр замын төслийн санхүүжилтийн тухай 266 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын туршилтын хөрс хуулалт хэсгийн 2-т “МТЗ”ТӨХК-ийн, “КЭЭА”ХХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 1/006 дугаар гэрээ, нийт дүн 4.849.290 төгрөг гэж заасан байдаг.Дээрх тогтоолуудыг болон “МУХБ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоол, зээлийн хорооны 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 41 тоот шийдвэрүүдийг үндэслэн “МУХБ” ХХК, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, “МТЗ”ТӨХК нарын хооронд 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай З-ТЗ-Б 2013-5 дугаарын гэрээ байгуулагдсан.Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-д зааснаар санхүүжилтийн дүн нь 55 сая ам.доллар хүртэл бөгөөд 2.1.15-д Санхүүжилт олгох боломжит хугацаа нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал санхүүжилтийг олгох боломжтой, боломжит хугацаа дууссаны дараа ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдана гэж заасан. Түүнчлэн энэхүү гэрээний 3 дугаар зүйлд санхүүжилт олгоход тавигдах шаардлагын талаар тусгасан.Гэтэл энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш төсөл хэрэгжүүлэгч болох “МТЗ”ТӨХК-аас “КЭЭА”ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын гүйцэтгэлийн тайлан, төсөл хэрэгжүүлэгчийн гүйцэтгэл баталгаажуулсан тухай албан хүсэлт, төлбөрийн даалгавар зэрэг холбогдох материалыг ирүүлээгүй. Мөн салбар хариуцсан яам болох Зам, тээврийн яамнаас баталгаажуулсан төслийн гүйцэтгэл, санхүүжүүлэх хүсэлт зэрэг холбогдох материалуудыг одоог хүртэл ирүүлээгүй.Ийнхүү “МУХБ” ХХК-иас уг ажлыг санхүүжүүлэх нөхцөл бүрдээгүй байхад талуудын гэрээгээр тохиролцсон санхүүжилт олгох хугацаа дуусгавар болж, ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан тул ажлын гүйцэтгэл баталгаажсан ч уг ажлыг гэрээний хүрээнд “МУХБ” ХХК-иас санхүүжүүлэх боломжгүй болсон.Түүнчлэн Төсөл санхүүжүүлэх эргэн төлөлтийг зохицуулах гэрээ-ний дагуу санхүүжүүлсэн хөрөнгийн эргэн төлөлтийг хангах, төсөвт тусган батлуулах, бүхий л үйл явцад оролцон хяналт тавих, “МУХБ” ХХК-д төлбөрийг төлөх үүргийг тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байсан боловч Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар Эдийн засгийн хөгжлийн яам нь татан буугдаж Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх ажлын хүрээнд байсан улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал, зээл, тусламжийн нэгдсэн бодлого, концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт, агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал зэргийг Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээнд оруулсан. Улмаар энэхүү хууль болон Засгийн газрын тогтоолтой уялдуулан Сангийн яам, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, “МУХБ”, “МТЗ”ТӨХК нар нь 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан.Уг гэрээний хавсралтаар “МУХБ” ХХК-иас Шинэ төмөр зам төслийн бэлтгэл ажилд зориулан санхүүжүүлсэн дүн болох 22.517.000 ам.доллараар санхүүжилтийн олголт, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталж, талууд тохиролцсон болно.Өнөөдрийн байдлаар Сангийн яам нь энэхүү эргэн төлөлтийн хуваарийн дагуу санхүүжилтийн хүүгийн төлбөрийг “МУХБ” ХХК-нд төлж байна. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар “МУХБ”ны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг баталсан бөгөөд тус жагсаалтад Шинэ төмөр зам төслийн бэлтгэл ажилд зориулсан санхүүжилт тусгагдаагүй юм....Мөн “МУХБ” ХХК нь “КЭЭА”ХХК болон “МТЗ”ТӨХК нарын хооронд 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан Хөрс хуулалтын ажлын гэрээ-нд тал болж оролцоогүй, тус гэрээгээр санхүүжүүлэх үүрэг хүлээгээгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан асуудал нь захиалагч, гүйцэтгэгч нарын хоорондын асуудал болно. Энэ тухайгаа “МУХБ” ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2/226 дугаартай албан бичгээр Зам, тээврийн сайд А.Гансүхэд, 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2/216 тоот албан бичгээр “КЭЭА”ХХК-д, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2/540 тоот албан бичгээр “МТЗ”ТӨХК-д тус тус хүргүүлж, саналаа илэрхийлж байсан. Иймд “КЭЭА”ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нэхэмжлэлд дурдсан дүнг “МУХБ” ХХК-иас санхүүжүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зам тээврийн яам шүүхэд гаргасан тайлбартаа: “КЭЭА”ХХК нь шинэ төмөр замын төслийн хүрээнд “МТЗ”ТӨХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1/006 дугаар Хөрс хуулалтын ажлын гэрээ-г байгуулан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.Засгийн газрын 2011 оны Шинэ төмөр замын төслийн санхүүжилтийн тухай 266 дугаар тогтоолоор шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 сая ам.долларын хөрөнгийг “МУХБ”наас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2011 оны 266, 2012 оны 121, 2013 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-ын I, II үе шатны төмөр замын суурь бүтцийг барих төслийг санхүүжүүлэх, санхүүжилтийг эргэн төлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр “МУХБ”, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам, тээврийн яам, “МТЗ”ТӨХК нь 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ-г байгуулсан.Энэхүү гэрээгээр төсөл хэрэгжүүлэгчийн буюу “МТЗ”ТӨХК-ийн гаргасан санхүүжилт олгох хүсэлтийг Зам, тээврийн яам баталгаажуулсныг үндэслэн “МУХБ” санхүүжүүлэхээр зохицуулсан. Уг төслийн хүрээнд хийгдсэн ажлын гүйцэтгэлийг “МТЗ”ТӨХК нь 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/365 дугаар албан бичгээр төслийн хүрээнд хийгдсэн геологи, геодезийн судалгааны ажил, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон хөрс хуулалтын ажлуудын гүйцэтгэлийн материалуудыг ирүүлсэн.Ингээд “МУХБ”ны санхүүжилтээр санхүүжигдэх шинэ төмөр замын суурь бүтцийн ажлын хөрс хуулалтын ажлын гүйцэтгэгч “КЭЭА”ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг тус яам хянан баталгаажуулж, санхүүжилтийн хүсэлтийг нь Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ-ний 6.4-т заасны дагуу 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/2111 дугаар албан бичгээр “МУХБ”инд хүргүүлсэн болно гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00011 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч "Монголын төмөр зам" ТӨХК-аас 6 304 076 905 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Кей Эйч Эн Ар" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 969 857 985 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, "Хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний санхүүжилтийг шийдвэрлэхийг хариуцагч "“МУХБ”" ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 200 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 31 327 624 төгрөгийг “КЭЭА” ХХК-аас гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч "Монголын төмөр зам" ТӨХК болон "“МУХБ”" ХХК нараас улсын тэмдэгтийн хураамж /хангасан хэмжээ 6 304 076 905 төгрөгт ногдох/ нийт 31 678 335 төгрөгийг тус бүрээс 15 839 167,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “КЭЭА” ХХК-д, “КЭЭА” ХХК-аас шинжээчийн ажлын хөлс 57 420 000 төгрөгийг гаргуулан "Лэндс" ХХК-д, хариуцагч "Монголын төмөр зам" ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 79 112 000 төгрөгийг гаргуулан "Монголын төмөр замын нэгдсэн холбоо" НҮТББ-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 614 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00011 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад болгож гэсний дараа Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “МУХБ” ХХК-д холбогдуулан гаргасан хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийг шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хариуцагч “МТЗ”ТӨХК болон “МУХБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж нийт 31 678 335 төгрөгийг тус бүрээс 15 839 167.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “КЭЭА”ХХК-д гэснийг хариуцагч “МТЗ”ТӨХК-аас 31 678 335 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “КЭЭА”ХХК-д гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Монгол Услын “МУХБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 404 399 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэнгэл хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул хариуцагч “МТЗ”ТӨХК дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсгийн 17 дугаар талын 3 дахь догол мөрөнд “Төмөр замын суурь бүтцийн ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “МУХБ”инд үүрэг болгосон 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолыг Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасан иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр гэж үзэхгүй. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан тогтоол нь Засгийн газрын үйл ажиллагааныхаа хүрээнд хийх зохион байгуулалтын шинжтэй байна" гэж дүгнэж “МУХБ”инд 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж шийдвэрлэснийг дараах хууль зүйн үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. 1. “МУХБ” санхүүжүүлэх үүрэгтэй болох тухай: 1.1 Засгийн газрын тогтоолоор хариуцагч “МУХБ”инд үүрэг хүлээлгэсэн тухай: Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоол, 2013 оны 28 дугаар тогтоолуудаар хариуцагч “МУХБ”инд шинэ төмөр замын төслийг санхүүжүүлэхийг зөвшөөрсөн байдаг. “МУХБ” нь тусгай чиг үүрэгтэй бөгөөд удирдлага, зээл олгох зарчим, үндэслэл зэрэг нь бусад арилжааны банкуудаас өөр байдаг. “МУХБ”ны тухай хуулийн 8.1-д ““МУХБ” нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална”, мөн хуулийн 16.2- т ““МУХБ”ны хувь нийлүүлэгч нь Монгол Улсын Засгийн газар байх бөгөөд Хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан. харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр нь иргэний эрх зүйн харилцааг үүсгэх үндэслэл болохоор заасан. Энэ хүрээнд Засгийн газар нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар “МУХБ”ны тухай хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол гаргасан байгааг иргэний эрх зүйн харилцааг үүсгэх үндэслэл болсон захиргааны шийдвэр гэж үзнэ. Өөрөөр хэлбэл “МУХБ”инд үүрэг үүсгэсэн захиргааны шийдвэр гаргаж болох талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасан, дээрх шийдвэрийг гаргах эрхийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7.2 дахь хэсэгт олгосон юм. Өөрөөр хэлбэл Засгийн газар нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “...хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, ...гаргаж биелэлтийг хангана” гэсэн заалтын дагуу Монгол Улсын Их Хурлын тогтоолоор баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд санхүүжилт хийхийг “МУХБ”инд зөвшөөрсөн байгаа нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7.2 дахь хэсэгт нийцсэн бөгөөд тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.8 “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэсний дагуу “МУХБ” Засгийн газрын тогтоол шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Тодруулбал, Улсын Их Хурлын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан шинээр барих төмөр замын төслийг “МУХБ”ны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Үүний дагуу Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоол гарч “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55,0 сая ам долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг “МУХБ”ны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн. Улсын Их Хурлын 2011 оны 15-р тогтоолыг үндэслэн Засгийн газрын 28 дугаар тогтоол 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гарсан. Уг тогтоолын 2 дахь хэсэгт “Энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх ...арга хэмжээ авахыг “МУХБ”ны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан” бөгөөд тогтоолын 1 дүгээр хавсралт дахь “Туршилтын хөрс хуулалт” хэсгийн 2 дахь мөрөнд “нийт дүн 4 849 290 төгрөг, үндэслэл нь “МТЗ”ТӨХК, “КЭЭА” ХХК-тай 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 1/006 дугаартай гэрээ” гэж заасан байдаг. Дээр дурдсан шийдвэрүүд нь “МУХБ”инд үүрэг хүлээлгэсэн хүчин төгөлдөр шийдвэрүүд мөн төдийгүй “МУХБ” нь хөрс хуулалтын ажлыг санхүүжүүлэх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, “МТЗ”ТӨХК-тай “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай 4 талт гэрээ”-г байгуулсан байдаг. Дээрхээс үзэхэд “МУХБ” аль төсөл, хөтөлбөрт зээл олгохоо өөрөө шийдэх биш, Улсын Их Хурал шийдвэрлэсний дагуу уг төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг, Засгийн газар хувь нийлүүлэгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг тул Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу санхүүжүүлэх үүрэгтэй болох нь тодорхой харагдаж байна. 1.2 Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод заасан шинээр барих төмөр замын төслийг “МУХБ” санхүүжүүлэх талаар: Түүнчлэн “МУХБ”ны тухай хуулийн 8.1-д заасныг үндэслэн Улсын Их Хурлын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоол гарч мөн УИХ-ын 2011 оны 15 дугаар тогтоолыг үндэслэн “Шинэ төмөр замын төслийн санхүүжилтийн тухай” Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоол гарч, “Шинэ төмөр зам төсөл”-ийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55.0 сая ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг “МУХБ”ны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн. Улмаар Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны 53 дугаар тэмдэглэлд Засгийн газрын 266 дугаар тогтоолд заасан санхүүжилтийг энэ оны 11 дүгээр сард багтаан шийдвэрлэхийг “МУХБ”ны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан болохыг шүүх анхааран үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. 1.3. Засгийн газар зээлийн баталгаа гаргасан тухайд: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар тогтоолоор 800 тэрбум төгрөгийн үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргасан, 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 285 дугаар тогтоолоор “МУХБ”ны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлсэн. Энэ нь шинэ төмөр зам төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг төр, засаг тухайн үед аль хэдийнэ шийдвэрлэж, тус санхүүжилтийг “МУХБ” санхүүжүүлэх үүрэгтэй болохыг нотолж байна. Засгийн газрын 2013 оны 238 дугаар тогтоолын 3-т “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 85, 286 дугаар тогтоолын дагуу олгосон зээлийн баталгааны хүрээнд “МУХБ”ны бондын эх үүсвэрээс улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцлөөр санхүүжсэн төсөл, хөтөлбөрийн зээлийн үндсэн төлбөрийг “МУХБ”инд улсын төсвөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр багтаан төлөхөөр холбогдох гэрээнд өөрчлөлт оруулахыг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасан. Үүний дагуу талууд зээлийн санхүүжилтийн гэрээнд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулсныг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харж болно. Төслийн санхүүжилттэй холбоотой УИХ, Засгийн газрын шийдвэрүүд гараагүй байсан бол “МТЗ”ТӨХК болон “КЭЭА” ХХК-ийн хооронд анхнаасаа гэрээ байгуулагдахгүй, ажил хийгдэхгүй, төслийн ажлууд эхлэхгүй байсан. Нэгэнт төрийн холбогдох шийдвэр гарсан тул эхний ээлжинд гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэх, “МУХБ”наас санхүүжилт олгогдмогц захиалагч (төсөл хэрэгжүүлэгч) төлбөрийг төлөх нь гэрээний гол нөхцөл байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль тогтоомж, “МУХБ”ны тухай хууль тогтоомж, Компанийн тухай хууль тогтоомж болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд ч Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг “МУХБ” хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй боловч үүргээ биелүүлээгүйн улмаас олгох ёстой санхүүжилтийг зохих ёсоор олгоогүй. Тиймээс давж заалдах шатны шүүхийн магадлалаар ““МУХБ”инд Хөрс хуулалтын ажлын гэрээг санхүүжүүлэх үүрэг үүсээгүй гэж буруу дүгнэсэн, Засгийн газрын тогтоол нь үйл ажиллагааны дотоод хүрээнд хийх зохион байгуулалтын шинжтэй гэж үзэн “МУХБ”ыг санхүүжилт хийх үүргээс чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2 Шүүх нотлох баримтыг буруу үнэлж хэрэг шийдвэрлэсэн тухайд:Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2018/00011 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “Иргэний хуулийн 343.1, 232.8дахь хэсэг, 9.4.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч “МТЗ”ТӨХК-аас 6 304 076 905 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “КЭЭА” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 969 857 985 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож...” гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй болох нь дараах байдлаар тогтоогдоно. 2.1 Гүйцэтгэсэн ажлын хэмжээг 4 849 289 927 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлгүй болох талаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2018/00011 дугаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэгч “КЭЭА” ХХК-ийг 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний үүргээ ямар ч доголдолгүй, 100 хувь бүрэн гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, ...үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Талуудын хооронд байгуулсан 1/006 дугаартай гэрээний 8 дугаар зүйл, гэрээний хавсралт дахь ажлын даалгаварт ажил гүйцэтгэгч нь 12 метрийн өргөнтэй, 0.3-0.7 метрийн гүнтэй хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэнэ гэдгийг тодорхой заасан. Гэтэл ажил гүйцэтгэгч нь батлагдсан трасс, гэрээнд заасан ажлын даалгаврын дагуу ажлаа гүйцэтгэх ёстой байтал ажлыг зохих ёсоор, гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй, захиалагчаас өгсөн трассаас зөрж гүйцэтгэсэн болох нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Шинжээчийн дүгнэлтийн 7 дугаар талд “121 дүгээр зуутаас 194 дүгээр зуут 7.3 км, 198 дугаар зуутаас 287 дугаар зуут 8.9 км нийт 16.2 км урттай хэсэгт “КЭЭА” ХХК-ийн гүйцэтгэл нь “Геомастер” ХХК-ийн трассаас холдсон байна. Энэ уртад хамаарах гүйцэтгэлийн хэмжээг тооцоолж бодоход анх хийсэн ажлын хэмжээгээр 123 215 мЗ байна. “КЭЭА” ХХК-ийн гүйцэтгэлийн урт 51 173,18 м урттай гарсан бөгөөд Теомастер” ХХК-ийн 50 000 м урттай трассаас илүү хийгдсэн ажлын хэмжээ нь 10 694 мЗ байна. Трассаас зөрсөн, трассаас илүү хийгдсэн ажлын хэмжээг нэмж бодоход 133 909 мЗ болж байна. “КЭЭА” ХХК-ийн гүйцэтгэл нь “Геомастер” ХХК-ийн трасстай давхацсан анхны гүйцэтгэл нь 228 598 мЗ байна” гэж дүгнэсээр байхад шүүх нэхэмжлэгч “КЭЭА” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь бүрэн гүйцэт гүйцэтгэсэн гэж дүгнэж нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 2.2 Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, хариуцагч болон шинжээчийн тайлбарыг хуульд нийцүүлэн бодитой үнэлээгүй талаар: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15 дахь талын 4 дэх догол мөрөнд “Шинжээчдийн багийн дүгнэлтээр нэхэмжлэгч “КЭЭА” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болох нь нотлогдон тогтоогдсон ба хариуцагч “МТЗ”ТӨХК нь ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлыг хугацаанд нь хүлээн авах Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2 дахь хэсэгт заасан “гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах” үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэл болж байна. /4хх-229-238/” гэж шинжээчийн дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлаа доголдолгүй, 100 хувь бүрэн гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. “КЭЭА” ХХК-ийн нэхэмжлэлтэй энэхүү хэрэг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2016/00495 дугаар тогтоолоор шинжээчийн дүгнэлт хууль бус үндэслэлээр анхан шатны шүүхэд буцаан дахин шийдвэрлэгдсэн. Үүний дагуу өмнөх шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул хариуцагч “МТЗ”ТӨХК-ийн хүсэлтээр шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Монголын төмөр замын нэгдсэн холбоо” ТББ-ыг шинжээчээр томилох захирамж гаргаж, шинжээч 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд дүгнэлтээ ирүүлсэн. Дээрх шинжээчийн дүгнэлт нь шүүхээс тавигдсан асуултуудад бүрэн гүйцэд хариулт өгөөгүй, шинжээчийн дүгнэлт илэрхий дотоод зөрчилдөөнтэй, бүрэн гүйцэд бус үндэслэлээр хариуцагч “МТЗ”ТӨХК-ийн зүгээс хоёр ч удаа нэмэлт шинжилгээ хийлгэх талаар дэлгэрэнгүй үндэслэл бүхий хүсэлтүүдийг гаргасан ч шүүх хүлээн аваагүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүх бүрэн бус, дотоод зөрчилтэй, улмаар алдаатай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 116.2 “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана”, 40 дүгээр зүйлийн 40.1 “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 40.3 “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн. 1. Тухайлбал, шинжээч 2017 оны 04 дүгээр сарын байдлаарх булагдаагүй үлдсэн ажлын хэмжээг 242 491 м3 гэж тогтоосон (Шинжээчдийн багийн дүгнэлтийн 5 тал), мөн захиалагч ба гүйцэтгэгчийн хамтарсан 2013 оны 12 дугаар сарын хэмжилтээр 212 612 м3 гэж тогтоосныг үндэслэлтэй (Шинжээчдийн багийн дүгнэлтийн 10 тал) гэж үзсэн. Эдгээр нь нэг талбайд 3 жил 4 сарын зайтай хийгдсэн хэмжилт юм. Хөрсийг нь хуулж ухсан талбай жил өнгөрөх тусам шороонд булагдах нь байгалийн жам бөгөөд энэ хэрээр ажлын тоо, хэмжээ багассан үзүүлэлттэй гарах нь бодит үнэн. Гэтэл хөрс хуулалтын ажлын 2013 оны 12 дугаар сарын байдлаарх гүйцэтгэл 3 жил 4 сарын дараа 1 м3 ч шороо нэмж булагдаагүй, эсрэгээрээ тухайн үеийнхээс 29 879 м3 хөрс “өөрөө ухагдаж”  гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ нэмэгдсэн мэтээр дүгнэсэн нь бодит байдалд илт нийцэхгүй байгааг шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Үүнээс гадна хэрэв дээрх дүгнэлт үнэн байсан бол, 2017 оны 04 дүгээр сарын байдлаарх 242 491 мЗ гэх ажлын тоо, хэмжээг шинжлэн тооцоолсны үндсэн дээр 2011 оны анхны гүйцэтгэлийг 362 507 мЗ гэж тогтоосон нь эргэлзээтэй, зөрчилдөөнтэй, ойлгомжгүй байдлыг үүсгэсэн. Учир нь 2013 оны хэмжилтээс хойш 2017 оны хэмжилт хүртэл хөрс хуулсан талбай булагдсан бус ухагдсан гэх дүгнэлт гарч байгаа бөгөөд 2011 оны хийсэн ажил булагдаагүй байх ёстой гэсэн логик дүгнэлт гарах ёстой. 2. 2013 оны байдлаар ““КЭЭА”ХХК-ийн эрх бүхий этгээдийн гарын үсэг зурж, хамтран тогтоосон нийт ажлын хэмжээ /гэрээнд заасан хөрс хуулалтын өргөн гүнийг зөрчиж хийсэн хэмжээг оролцуулан/ 212 612м2 байсныг үндэслэлтэй гэсэн хэр нь шүүгчийн тавьсан Д асуултад шууд хамаарах тоо, хэмжээ болох геомастерын трассын дагуу гүйцэтгэсэн 84 608 м3 , Геомастерын трассын дагуу гүйцэтгэсэн ажлаас Хөрс хуулалтын ажлын гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-/12метрийн өргөн, 0.3-0.8 метрийн гүн/-т заасны дагуу гүйцэтгэсэн 69 141.0914м3  ажлын талаар огт дүгнээгүй орхисон. Өөрөөр хэлбэл, Шинжээчийн багийн дүгнэлтийн хаана ч ажлыг хэмжээг трассын дагуу трассын дагуу гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон дээрх гэрээний 8.3-т заасан өргөн гүнээр нэг бүрчлэн хэмжилт хийж, асуултад хариулаагүй. Энэ нь талуудын маргааны гол цөм болсон асуултад бүрэн хариулаагүй, шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой хийх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно. Бодит байдлыг үзвэл нэхэмжлэгч талын өөрийн эрх бүхий этгээд хамтран хэмжиж, түүний үндсэн дээр зөвшөөрч гарын үсэг зурсан баримт бичиг нь ажил гүйцэтгэсэн үетэй цаг хугацааны хувьд хамгийн ойр байгаа ба энэ нь үнэмшил төрүүлэхүйц тоо, хэмжээ гэдгийг анхаарах нь зүйтэй байна. 3. Түүнчлэн шинжээчийн багийн бүрэлдэхүүнд орж ажилласан зарим шинжээч нь ашиг сонирхлын зөрчилтэй, нэхэмжлэгчтэй хувийн харилцаатай байгаа нь шинжээч хараат бус, бие даасан байдлаар шинжилгээ хийх боломжгүй тухай нотлох баримт, хүсэлтийг шүүхэд гаргасан ч шүүх хүсэлтүүдийг хүлээн авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийг үнэн зөв шийдвэрлэх боломжгүй шинжээчийн дүгнэлтийг ашиглан шийдвэр гаргахад хүргэсэн. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Нэхэмжлэгч “КЭЭА”ХХК нь хариуцагч “МТЗ”ТӨХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 4 849 289 927 төгрөг, алданги 2 424 644 963 төгрөг, нийт 7 273 934 890 төгрөгийг гаргуулах, хариуцагч “МУХБ” ХХК-д холбогдуулан гэрээт ажлын хөлсний санхүүжилтийг шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч “МТЗ”ТӨХК нь нэхэмжлэгчийг 69141м3 ажил хийснийг зөвшөөрч, үлдэх ажлыг трассын дагуу хийгээгүй, гэрээгээр тохирсон шаардлага хангаагүй тул зөвшөөрөхгүй гэж маргасан бол хариуцагч “МУХБ” ХХК нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч “МТЗ”ТӨХК-иас 6 304 076 905 төгрөгийг гаргуулж “КЭЭА”ХХК-д олгож, гэрээний санхүүжилтийг шийдвэрлэхийг хариуцагч “МУХБ” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх хариуцагч “МУХБ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болсон ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдал, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэрээний бус үүрэг үүссэн эсэх талаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт цугларсан баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүйгээс нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байх ба хэрэгт байгаа баримтын хэмжээнд хууль зүйн дүгнэлтийг хийж, залруулах боломжтой гэж хяналтын шатны шүүх үзэв.

Маргааны үйл баримтыг тогтоосны үндсэн дээр зохигчдын маргасан, маргаагүй үйл баримтыг  болон маргааны зүйлийг тодорхойлох нь шүүхийн үүрэг байдаг бөгөөд харин хууль хэрэглээний асуудлаар талууд маргасан, маргаагүйгээс үл хамаарч шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд эрх зүйн дүгнэлтийг хийдэг. “КЭЭА”ХХК, “МТЗ”ТӨХК нь маргаантай асуудлаар мэтгэлцэхдээ аль аль нь ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар санал, дүгнэлт хийгээгүй нь маргаагүй гэж үзэх, хууль хэрэглэхгүй байх үндэслэл биш бөгөөд шүүх талууд маргаагүй гэж үзэж, ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй гэж үзнэ.

“МТЗ”ТӨХК болон нэхэмжлэгч “КЭЭА”ХХКомпанийн хооронд  байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/006 дугаар гэрээнд “КЭЭА”ХХКомпани нь Даланзадгад-Таван толгой-Цагаансуварга, Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлд баригдах шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу 50 километр хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлс 4 849 289 927 төгрөг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан боловч төрийн өмч, хөрөнгөөр ажил гүйцэтгүүлж байгаа гол шинжийг шүүх анхаараагүй нь буруу болжээ.

Зохигчдын хооронд гэрээний хоёр өөр хувилбар нотлох баримтаар авагдсан байх ба гэрээнүүдийн зарим заалтууд, тухайлбал гэрээний 16 дахь заалт дахь төлбөр гүйцэтгэх хугацаа хоорондоо зөрүүтэй байх бөгөөд зохигчид хэргийн 2 дугаар хавтасны 197-208 тал дахь гэрээний нөхцлийг баримтлахаар харилцан тохиролцсон, энэ талаар маргаагүй тул шүүх уг гэрээг үндэслэснийг буруутгах боломжгүй байна. /199-209/

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөхийг хуулийн 3.1-д заажээ. Уг хуулийн 4.1.1-д зааснаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон  нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан төсөл хэрэгжүүлэгч нь захиалагч байх бөгөөд захиалагч нь бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа хуулийн 7.1-д заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож, гэрээ байгуулахыг хуульчилсан байна. Хуулийн 53.1-д “4.1.2-т зааснаас бусад захиалагч энэ хуулийн 8.1.4-т заасан босго үнээс давсан үнэ бүхий бараа, ажил, үйлчилгээний тендер шалгаруулалтыг зарлан мэдээлэх, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахын өмнө төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна” гэж заажээ. Түүнчлэн тендер ирүүлэх, тендерийг хянаж үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах журмыг хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд зааж, захиалагч энэ хуулийн 53.1, 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр мөн хуулийн 42.1, 42.1.2-т зохицуулжээ.

Хуульд ийнхүү тусгайлан зохицуулсан байхад “МТЗ”ТӨХК нь “КЭЭА”ХХКомпанийг сонгож, ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлаагүй, гэрээг байгуулахдаа энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан зөвшөөрөл аваагүй тул тэдгээрийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус байна. “МТЗ”ТӨХК нь төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа хууль зөрчсөн, нөгөө талаас хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул хуулийг баримтлаагүй “КЭЭА”ХХКомпанийн хэн аль нь гэрээг хүчин төгөлдөр бусд буруутай гэж үзнэ.

Гэрээ хүчин төгөлдөр бус учир талуудын хооронд гэрээний үүрэг үүсэхгүй, нэхэмжлэгч нь ажлын хөлс, алдангийг гэрээний дагуу шаардах эрхгүй болжээ. Харин хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэгч “КЭЭА”ХХКомпани тодорхой ажлын үр дүнг бий болгосон, энэ нь “МТЗ”ТӨХКомпанийн гэрээнд заасан зорилгыг хангасан, хариуцагч нь уг хөрөнгөөр хөрөнгөжсөн байдал тогтоогдож байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хожим хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд буцааж өгөх боломжгүй бол түүний үнийг төлөхийг 493 дугаар зүйлийн 493.2-т заасан байх тул уг зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж үзнэ.

Хоёр шатны шүүх “КЭЭА”ХХКомпанийг гэрээнд заасан ажлыг бүрэн биелүүлсэн гэж үзэхдээ шинжээчийн дүгнэлт, талуудын зүгээс газар дээр нь биечлэн очиж, хөрс хуулалтын байдалд хэмжилт хийсэн баримт, Геомастер ХХК-ийн гаргасан трассын зураг, ажлын гүйцэтгэл зэрэг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж чадаагүй байна.

“КЭЭА”ХХКомпани нь 228 598 м3 хөрс хуулах ажлыг хийж гүйцэтгэсэн, уг ажлыг хариуцагчид хүлээлгэн өгсөн нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч “КЭЭА”ХХК нь хөрс хуулалтын ажлыг 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн, ажлыг хүлээн авч, хөлс төлөх талаар “МТЗ”ТӨХК-д 2011 оны 07 дугаар сарын 17, 2011 оны 07 дугаар сарын 25, 2012 оны 05 дугаар сарын 25, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр санхүүжилт хүсэх тухай албан бичгээр тус тус хандаж байсан баримтууд хэрэгт авагджээ. /2хх 175, 177-180/ Хариуцагч “МТЗ”ТӨХК нь 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1/365 тоот албан бичгээр “КЭЭА”ХХКомпанид ажлын хөлс төлөхийг хүсч, ажлын гүйцэтгэлийн 95 хуудас, 1 боть материалыг Зам тээврийн яаманд хүргүүлсэн, мөн Зам тээврийн яам 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр санхүүжилт шийдвэрлүүлэх хүсэлтийг “МУХБ” ХХК-д гаргасан байна. /1хх 46-47, 3хх 82-85/

“МУХБ” ХХК-ийн зүгээс 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр хариу өгөхдөө ““КЭЭА”ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг “МТЗ”ТӨХК хүлээн авч, хянан баримтжуулж, Зам, тээврийн яамаар баталгаажуулаагүй учраас санхүүжилтийг шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй” гэжээ. /2хх 190/ Эдгээр баримтаас үзвэл “КЭЭА”ХХК тодорхой хэмжээний ажлыг гүйцэтгэсэн байна.

2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “МТЗ”ТӨХК, “КЭЭА”ХХКомпанийн талаас хамтран хөрс хуулалтын ажлын хэмжээг тогтоосон 26 хуудас баримт хэрэгт авагджээ. 1хх-82-107/

Уг баримтад зааснаар хөрс хуулалтын ажлыг 20м тутам хэмжилт хийж, гэрээнд заасан өргөн, гүний хэмжээ, трассын дагуу хийгдсэн эсэхийг хянаж нийт 212 612м3 хөрс хуулалтын ажил хийгдсэн, үүнээс 69 141м3 ажил нь гэрээний бүх нөхцлийг хангасан, бусад хэсэгт гүний хэмжээ дутуу, трассаас зөрсөн талаар тэмдэглэж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулжээ. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед хэмжилт хийгдсэнийг зөвшөөрсөн боловч 2011 онд хийгдсэн ажлыг 2013 онд хэмжих үед байгалийн хүчин зүйлээс шалтгаалж, ухсан газар эргэж булагдсан учраас гүний хэмжээ бодитой гараагүй гэж маргасан байна. 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “МТЗ”ТӨХК дээр болсон хурлын тэмдэглэлээс үзвэл “КЭЭА”ХХКомпанийн гүйцэтгэх захирал Д.Даваажав  “...сая ажлыг хэмжихэд 212000 м3 гарсан байна. Трасс зөрсөн, илүү км ухсан асуудлыг ойлгож байгаа ба илүү дутуу яриа байхгүй. Хамгийн гол нь тухайн үеийн хийсэн ажлыг одоогийн байдлаар хэмжихэд 2,5 жил өнгөрсөн, байгаль цаг агаарын хүчин зүйлүүдээс болж маш их өөрчлөгдсөн, ялангуяа говь, зүүн аймгуудаар шороо их хэмжээгээр шуурдаг. Иймд гэрээгээр 0.3 хүртэлх тоо хэмжээг хассаныг хасуулмааргүй байна.” гэсэн тайлбар гаргаж байжээ. /1хх-80/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй, шинжээч  Монголын төмөр замын нэгдсэн холбооны гаргасан дүгнэлтийг дутуу, үндэслэл муутай гэх хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй байна.

Шинжээч Монголын төмөр замын нэгдсэн холбоо нь талуудыг байлцуулан, ...аргачлалаар хэмжилт хийж, “КЭЭА”ХХК-ийн нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээг 362 507 м.куб гэж тогтоож, трассын дагуу ажлыг хийгээгүйгээс илүү 1 173 км буюу 10 694 м3 хөрс хуулсан, трассаас зөрсөн, трассаас илүү хийгдсэн ажлын хэмжээ нийт 133 909 м3, үүнийг хасч тооцвол 228 598м3 ажлыг трассын дагуу хийсэн гэжээ. Ажлын энэ хэмжээ 2013 онд гэрээний талуудын хамтран хэмжиж тогтоосон 212 612м3 ажлаас хэт зөрүүгүй болохоос гадна бодитой хийгдсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь хууль зөрчихгүй байна. 2013 онд хэмжилт хийх үед 212 612 м3 байсан атал 2017 оны 4 сард 228 598м3 гэж тогтоосон нь хөрс өөрөө ухагдсан агуулгатай, үндэслэл муутай дүгнэлтийг гаргасан гэж хариуцагч “МТЗ”ТӨХК-ийн зүгээс гомдол гаргаж байгааг хүлээж авах боломжгүй байна. 2013 онд талуудын хийсэн хэмжилт хөдөлбөргүй үнэн баримт биш болохоос гадна тухайн үед хунгар цас тогтсоноос хэмжилт алдаатай, дутуу гарсан байх боломжтой гэж шинжээч дүгнэлтдээ шалтгааныг дурджээ./4хх-229-249/

Түүнчлэн 2011 онд хийгдсэн ажлыг 2013, 2017 онд хэмжиж тогтоосон тул байгалийн хүчин зүйлээс шалтгаалж ухсан газар шороонд булагдсан байх боломжтой, улмаар гүний хэмжээг гэрээнд зааснаас дутуу ухсан гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн хийсэн ажлын хэмжээг 228 598 м3 гэж үзэж, 1 м3 хөрс хуулах ажлыг 14 670 төгрөг гэж тогтоосон зах зээлийн үнэлгээг баримталж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагчаас 3 353 532 660 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Гэрээ хүчин төгөлдөр бус тул гэрээний нэмэлт үүрэг болох алдангийг гаргуулах үндэслэлгүй болно.

Хариуцагч “МУХБ” ХХК нь гэрээ байгуулаагүй, “КЭЭА”ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Иймд “МУХБ” нэхэмжлэлийг хариуцах ёстой гэх хариуцагч  “МТЗ”ТӨХКомпанийн гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “МТЗ”ТӨХКомпанийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 614 дүгээр магадлалын 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00011 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг баримтлан “МТЗ”ТӨХК болон нэхэмжлэгч “КЭЭА”ХХКомпанийн хооронд байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/006 тоот ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, хариуцагч “МТЗ”ТӨХК-аас 3 353 532 660 /гурван тэрбум гурван зуун тавин гурван сая таван зуун гучин хоёр мянга зургаан зуун жаран/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “КЭЭА”ХХКомпанид олгож, нэхэмжлэлээс 3 920 402 230 /гурван тэрбум есөн зуун хорин сая дөрвөн зуун хоёр мянга хоёр зуун гуч/ төгрөгийн шаардлагыг болон хариуцагч “МУХБ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “...”МТЗ”ТӨХК болон ““МУХБ” “ ХХК нараас улсын тэмдэгтийн хураамж /хангасан хэмжээ 6 304 076 905 төгрөгт ногдох/ нийт 31 678 335 төгрөгийг тус бүрээс 15 839 167 төгрөгийг тус тус...гэсэн хэсгийг, “...”МТЗ”ТӨХК-аас 16 925 613 төгрөгийг...” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31 678 335 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                        ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА