Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2021/0384/З |
Дугаар | 221/МА2022/0170 |
Огноо | 2022-03-03 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2022/0170
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: АМГТГГУУКХ
Нэхэмжлэлийн шаардлага: “АМГТГГУУКХ-ийн даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 846 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2021/0384/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК нь “АМГТГГУУКХ-ийн даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 846 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-аас АМГТГГУУКХт холбогдуулан гаргасан АМГТГГУУКХ-ийн даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
3.1. АМГТГ-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 8/779 дүгээр албан бичгийг нэхэмжлэгч “М” ХХК-д хаягласан байдаг ба тус албан бичигт “Танай компани Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд дараах тусгай зөвшөөрлийн ээлжит 6 дахь жилийн төлбөрөө төлсөн тухай баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна” хэмээн дурдсан ба улмаар тус мэдэгдлийг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг явцууруулсан юм.
3.2. Тухайлбал, нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар 04-ний өдрийн шийдвэрээр ХV-020021 дүгээр тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн бөгөөд 6 дахь жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлөх ёстой бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7-д тус тус заасны дагуу 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд буюу 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр /2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нь амралтын өдөр болно/ хүртэл хугацаанд 0.3 хувийн алданги тооцуулан тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх хууль зүйн боломжтой байсан.
3.3. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34-т заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж тус тус заасан.
3.4. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасны дагуу нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд алданги тооцуулах замаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх хууль зүйн боломжтой байсан ба уг хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд мөн хуулийн 56.2-т заасны дагуу нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг ажлын 10 хоног буюу 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өгөх үүрэгтэй байсан юм.
3.5. Гэтэл төрийн захиргааны байгууллагын зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.2-т заасан хуулийн хугацааг зөрчиж буюу 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 8/779 дүгээр мэдэгдлийг ирүүлсэн /2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ирүүлэх ёстой/ бөгөөд уг мэдэгдлийг үндэслэн тусган зөвшөөрлийг цуцалсан байдаг.
3.6. Анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй ба Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг тус тус зөв тайлбарлан хэрэглээгүй бөгөөд нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрхийг явцууруулсан шийдвэр гаргасан захиргааны актыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.
3.7. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад АМГТГГУУКХ-ийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8/779 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулахаар 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн боловч анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 7397 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн.
3.8. Хариуцагчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.4 дэх хэсгийг тус тус зөрчиж, нэхэмжлэгчийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн ба анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.
3.9. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, мөн хуулийн 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасан боловч хариуцагч нь хуульд заасан дээрх ажиллагааг хийгээгүй.
3.10. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 08-аас 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хооронд “М” ХХК-ийн эзэмшлийн XV-020021 дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид ирүүлэх ёстой байсан ба “М” ХХК-ийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-т тус тус заасныг үндэслэн дээрх мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар санал хүсэлт, холбогдох баримт, тайлбарыг гарган өгч шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан боловч уг боломжийг мөн л хариуцагчийн зүгээс хязгаарласан.
3.11. Нөгөөтэйгүүр АМГТГГУУКХ нь “М” ХХК-ийн эзэмшлийн ХV-020021 дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасны дагуу цуцлахын тулд мөн хуулийн 56.2-т заагдсан ажиллагаа зайлшгүй хийгдсэн байхаар хуульчилсан юм.
3.12. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн тайлбар, холбогдох баримтыг хүлээн авч дүгнэсний үндсэн дээр үндэслэлгүй тохиолдолд төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийг цуцалж, энэ тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т хуульчлан заасан юм.
3.13. Гэтэл хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан ажиллагааг гүйцэтгээгүй буюу нэхэмжлэгч компанийг хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүйн зэрэгцээ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах хууль зүйн урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад “М” ХХК-ийн эзэмшлийн ХV-020021 дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар шийдвэрээр цуцлах шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй.
3.14. Мөн анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй юм.
3.15. Дээр дурдсанчлан анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуульд заасан нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах, явцууруулах замаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу Хэнтий аймгийн Мөрөн, Хэрлэн сумын нутаг, Өндөр дэнж нэртэй газарт орших 2341.99 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-020021 дүгээр тусгай зөвшөөрлийн ээлжит 6 дахь жилийн төлбөр төлөх хугацаа нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байсан, мөн хуулийн 34.6-д заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх боломжит хугацаа нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөр дуусгавар болсон, тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК нь хуулиар тогтоосон дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлөөгүй байна.
3.1. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй шалтгаанаа “Монгол Улс Ковид-19 цар тахлыг дотооддоо алдсаны улмаас Монгол Улсын Засгийн газар тогтоол гаргаж, улсын хэмжээнд 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд дээрх хугацаанд манай компани тогтвортой үйл ажиллагаа явуулах, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хайгуулын ажлыг гүйцэтгэх зэрэг үйл ажиллагаа явуулах эдийн засгийн боломж байгаагүй” гэж тайлбарлах боловч тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөл болдог онцлогтой.
3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:”, 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан байх тул АМГТГГУУКХ-ийн даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр “М” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-020021 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтуудад нийцсэн, нэхэмжлэгч ”М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
3.3. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлж, тусгай зөвшөөрөл цуцлахаас өмнө төлбөрөө төлөх боломж, хугацааг харгалзан үзэж, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасанд нийцүүлэн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаанаас хойш төлбөрийг алдангитай төлөх боломжит 30 хоногийн хугацаа өнгөрсний дараа маргаан бүхий актыг гаргасан байна. Гэтэл нэхэмжлэгчээс “мэдэгдэл хүргүүлэх хугацааг 3 хоногийн өмнө хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн” хэмээн маргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд мэдэгдэл хүргүүлснээс хойш төлбөрөө төлөөгүй байна.
3.4. Тодруулбал, нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө төлөөгүй, энэ нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бусад баримтуудаар тогтоогдож байх энэ тохиолдолд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
3.5. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “тусгай зөвшөөрөл цуцлах урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 846 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ