Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 21

 

 

          Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

         Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Х.С.ИТХ-ын нэхэмжлэлтэй, 

         Хариуцагч: Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргад холбогдох, 

        Нэхэмжлэлийн шаардлага:  “Улсын Их Хурлын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоол, Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын  20-ны өдрийн 25 дугаар тогтоолуудыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлж ажиллахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.С.ИТХ-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, Б.М, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Х, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд  Баянтүмэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э, түүний өмгөөлөгч Д.Г, гуравдагч этгээд Чойбалсан сумын Засаг дарга Ц.А, түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Дорнод аймгийн Х.С.ИТХ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Монгол Улсын нийгмийн болон эрх зүйн тогтолцоо шинэчлэгдэж байсан 1990 онд тус аймгийн шинэчлэн зохион байгуулагдсан аймгийн Ардын Хурлаас нийгмийн шинэчлэл, хотын хэтийн төлөвлөлтийг харгалзан 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Х сумын төв Чойбалсан хотын хилийн цэсийг доорх байдлаар тогтоож нийт талбайг 65200 га байхаар тогтоосон.  Тогтоолд төрийн бичиг хэргийн стандартын дагуу өмнөх Ардын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1974 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцох шийдвэрийг гаргасан тул дээрх тогтоол хүчингүй болсон хууль зүйн үр дагавар үүссэн байна. Уг тогтоол хүчингүй болсонтой холбоотойгоор төрийн болон хуулийн байгууллагад өнөөдрийг хүртэл ямар нэгэн гомдол гаргаагүй байна. Тиймээс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 25 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна.

     УИХ-ын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт “аймгийн төв хотуудын одоогийн хилийн цэсээр хилийн цэс нь тодорхойлогдох нутаг дэвсгэрт дараахи сумдыг байгуулж төвийг дор дурдсанаар нэрлэсүгэй” гэж тогтоосон. Уг тогтоолд одоо байгаа хилийн цэсээр хилийн цэсийг тогтоохоор эрх зүйн актыг баталсан ба 1990 оны  12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор тодорхойлсон хилийн цэс хүчин төгөлдөр байсан байна.

       УИХ-ын 1994 оны 33 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үед Х сумын нутаг дэвсгэр 65200 га нийт талбайтай байсан тул аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор хилийн цэс нь УИХ-аар баталгаажсан байна. Нэгэнт аймгийн Ардын Хурлын 1990 оны 25 дугаар тогтоол, УИХ-ын 33 дугаар тогтоолуудаар Х сумын хилийн цэс, эзэмших талбайн хэмжээ баталгаажсан байхад, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид мөн  Дорнод аймгийн Засаг дарга нар нь дээрх тогтоолуудыг үйл ажиллагаандаа өнөөдрийг хүртэл мөрдөж, хэрэгжүүлж ажиллахгүй байгаагаас Чойбалсан хотын иргэд хохирч байна.

      Иймд УИХ-ын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоол, аймгийн Ардын Хурлын 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолуудыг үйл ажиллагаандаа мөрдөхийг, Х сумын хилийн цэсийг дээрх тогтоолуудын хэмжээнд тогтоож, тогтоолуудыг хэрэгжүүлж ажиллахыг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг дарга нарт даалгаж өгнө үү гэжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1990 оны 25 дугаар тогтоолыг үндэслэж Улсын Их Хурлын 33 дугаар тогтоол гарсан гэж үзэж байгаа учраас энэ тогтоолуудын хэрэгжилтийг хангаж ажиллахыг, аймгийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгахыг хүсэж нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэгт цугларсан материалаас харахад ч тухайн үеийн 25 дугаар тогтоол гарсанаас хойш шилжилтийн үе буюу одоогийн Улсын Их Хурлын бүтэц 1990 оноос хойш болсон. Энэ хооронд бага зэрэг хугацаа алдсан байж магадгүй, гэхдээ 33 дугаар тогтоол бол 25 дугаар тогтоолыг үндэслэж гарсан нь тодорхой харагдаж байна гэж ажлын хэсэг хоорондоо ярилцаж байгаа юм. Бид 2016 оны иргэдийн сонголтоор байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ...үүнээс өмнөх  4 жилийн хугацаанд ч энэ асуудал яригдаж байсан юм байна лээ. 2016 онд иргэдээс маш их гомдол ирж байсан. Газар нутгийн маргаантай асуудлаас болж хөөгдөж, Тухайлбал: “Шар бүрдэд”, ... танайх энд амьдарч байгаа бол манай Чойбалсан сумын харъяанд шилж, үгүй бол малаа аваад нүү...” гэсэн асуудал ч гарч байсан. Мэдээж Х сумын газар нутгийн хэмжээ 65200 га-аас 28800 болж багассан учир Х сумын иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа юм гэв.

        Хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Х шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чойбалсан хотын Ардын депутатын Хурлын Гүйцэтгэх захиргааны 1974 оны 15 дугаар тогтоолоор, Хотын эдэлбэр газрын бүртгэлийг баяжуулах комисс томилогдож, хөрш сумдын буюу одоогийн Баянтүмэн, Чойбалсан сумдын хил тогтоох комисс, аймгийн  комисс, ХАА-н яамны газар зохион байгуулах отрядтай хамтран газар дээр үзэж, протокол үйлдсэн. Энэхүү үйл ажиллагаанаас гарсан судалгаа материалыг үндэслэн Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1974 оны 48 дугаар тогтоол батлагдан гарсан. Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны шийдвэрийг Ардын Их Хурлын шийдвэрээр баталгаажуулсан. Маргаан бүхий Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 25 дугаар тогтоолыг гаргахдаа мэргэжлийн комисс байгуулах, холбогдох сумдын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авах зэрэг хууль тогтоомжоор тогтоосон журмыг зөрчсөн хууль зүйн хувьд зөрчилтэй захиргааны акт бөгөөд тус актаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар зарлигаар тогтоосон сумдын хилийн цэсийг өөрчилсөн бөгөөд тус өөрчилсөн хилийн цэс нь Чойбалсан, Баянтүмэн сумдтай давхацдаг болох нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын зургаар тогтоогддог.

       Монгол улсын Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт тус тус сумын хилийн цэс тогтоохтой холбоотой үндсэн суурь зохицуулалтыг бий болгосон. ...материалыг бүрдүүлж, сумын Засаг даргад хүргүүлнэ. Сумын Засаг дарга дүгнэлт саналаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, холбогдох материалыг аймгийн Засаг даргад хүргүүлж, Засаг дарга уг асуудлыг нягтлан хянаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж, хэлэлцүүлэн гаргасан шийдвэрийн хамт Газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагад хүргүүлнэ, ...Улсын Их Хурал эцсийн шийдвэр гаргана....Иймд  Дорнод аймгийн  Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 25 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байна гэв.

       Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 75 дугаар зарлигаар Дорнод аймгийн Чойбалсан хотын хилийн цэсийг 28800 га-аар тогтоож өгсөн. Аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 25 дугаар тогтоолоор 65200 га болгож, эрх ашиг нь зөрчигдөж байгаа Баянтүмэн, Чойбалсан сумдын нутаг дэвсгэрээс тодорхой хэсгийг нь авч байгаа. Тэгэхээр энэ 25 дугаар тогтоолыг мөрдөж ажиллахад дээрх сумдын эрх ашгийн асуудал хөндөгдөнө. Тухайн үед Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдаж гараагүй байсан учир Үндсэн хуулийн хилийн цэсийг зохицуулсан зохих заалтыг барихаас өөр арга байхгүй. Үндсэн хуулийн 58 дугаар зүйлд “Аймаг, сум, дүүргийн хилийн цэсийг тогтооход Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална” гэж заасан. Шинээр 2006 онд батлагдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар ч тэр, хилийн цэсийн харилцааг зохицуулсан журмаар ч тэр аймаг, сум, дүүргийн хилийн цэсийг тогтооход тухайн шатны Хурлын өргөн мэдүүлснээр Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, баталдаг зохицуулалттай. Тиймээс аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 25 дугаар тогтоол бол баталгаатай тогтоол биш. Мэргэжлийн байгууллагын газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, судалгаа, газрын кадастрын солбилцлын мэдээлэл дээр 1977 оны 75 дугаар зарлигаар тогтоож өгсөн хилийн цэсийг тодорхой тусгаж өгсөн. Аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 25 дугаар тогтоолыг үндэслэж Улсын Их Хурлын 1994 оны 33 дугаар тогтоол гарсан гэх үндэслэл харагдахгүй байгаа юм. Одоогийн байдлаар аймгийн архив болон Хууль зүйн яамны архивт дээрхи маргаан бүхий тогтоолын талаар мэдээлэл харагдахгүй байгаа юм. Энэ тогтоол нь зөрчилтэй, тухайн үед эрх мэдлээ хэтрүүлж гаргасан захиргааны маргаантай акт гэдэг нь олон зүйлээр нотлогдож байна. 25 дугаар тогтоолыг гаргахдаа эрх, ашиг нь зөрчигдөж байгаа Чойбалсан, Баянтүмэн сумдаас саналыг нь аваагүй байдаг. УИХ-ын 75 дугаар зарлигийн тухайд гэвэл, 1974 онд анх холбогдох байгууллагаас нь ажлын хэсэг гараад, судалгаа тооцоогоо хийгээд, үүний дагуу 48 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолыг үндэслэн хилийн цэсийг тогтоож, тухайн үеийн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар баталгаажуулсан байдаг. Дээрх зөрчилтэй захиргааны актуудыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хэрэгжүүлэх үндэслэлгүй. Хэрэв энэхүү тогтоолыг дахин хүчин төгөлдөр болгож, хэрэгжүүлье гэвэл үүнийг зохицуулсан Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, холбогдох дүрэм журмуудыг бүгдийг  баримтлан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ажлын хэсэг гарч, саналаа аваад Засгийн газарт хүргүүлж, Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хуралд оруулаад батлуулах боломжтой. Үүний дараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг даргаас хэрэгжүүлэх боломжтой юм.

         Иймд тус маргаан бүхий актын үйлчлэлийн талаарх ойлголтыг нэг мөр болгосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.

       Гуравдагч этгээд Чойбалсан сумын Засаг дарга Ц.А шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий захиргааны актаас харахад манай сумын хилийн цэсийг өөрчлүүлэх асуудал тус сумын нийт иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. 1990, 1994 оны захиргааны актыг биелүүлэх шаардлагыг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байсан бол даруй хэрэгжих байсан. Гэтэл 14-18 жилийн дараа энэ актыг хэрэгжүүлээчээ гэж шаардаж буй нь хугацааны хувьд хүчин төгөлдөр бус юм. Манай сумын газар нутгийн хилийн цэсийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар зарлигаар тогтоосон, одоог хүртэл мөрдөж байна.

        Иймд сумын нийт иргэдийнхээ эрх ашгийн зүгээс Засаг даргын хувьд хууль бус захиргааны актыг хэрэгжүүлэх асуудлыг дэмжихгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэв.

        Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоолын улмаас Х.С.ИТХ-ын ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна вэ? Хэрвээ эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байна гэж үзвэл Х.С.ИТХ хэний, ямар зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна вэ гэдэг асуудал нэгдүгээр ээлжинд байх ёстой. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө хэний, ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн бэ гэдэг зүйлийг гаргаж ирж, үүнийг төлөөлөн нэхэмжлэл гаргах байсан. Энэ зарчим алдагдсан байна гэж миний хувьд үзсэн.

     Нэхэмжлэгч нар 1990, 1994 оны захиргааны актуудтай холбогдуулан маргаан гаргасан. Өнөөдөр 2018 он, шүүхэд хэргийг хянан хэлэлцэх хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг. Энэ асуудал 2015 онд Х.С.ИТХ дээр хэлэлцэгдэж эхэлсэн. Үүнээс өмнө Дорнод аймгийн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 25 дугаар тогтоолын асуудал дээр эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна гэх зүйл байхгүй байгаа. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр дүгнэлт гаргах ёстой гэж үзэж байна.

       Дорнод аймгийн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 25 дугаар “Чойбалсан хотын хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хилийн цэсийг шинэчлэн тогтоохдоо, 1960 оны Үндсэн хуулийг баримтлан энэ асуудлыг шийдвэрлэж чадсан уу,  Энэ 25 дугаар тогтоол 1960 оны Үндсэн хуулиар Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар хүчин төгөлдөр болж баталгаажих ёстой. Гэтэл энэ 25 дугаар тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Дараагийн нэг шаардлага нь Улсын Их Хурлын 1994 оны 33 дугаар “Сум байгуулах тухай” тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах гэж байгаа юм. Тодруулбал:   Дорнод аймгийн төвийг Хэрлэн сум гэдэг нэршлээр оруулсан байгаа юм. Өнөөдрийг хүртэл Хэрлэн сум газар нутгийн статусаараа сумаар баталгаажчихсан. Энэ тогтоолоор яривал Х.С.ИТХ-ын эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна уу, үгүй юу гэдэг асуудал яригдана. Тухайн тогтоолын “тогтоох” хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг барьсан. Тэгэхээр Улсын Их Хурал бол Үндсэн хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 33 дугаар тогтоолыг гаргасан. Сум байгуулагдчихсан, өнөөдрийг хүртэл хэрэгжээд явж байна. Хариуцагч нарын хувьд хилийн цэсийг тогтоох, эцэслэн баталгаажуулах эрх бүхий субъект мөн үү. Монгол Улсын Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т “аймаг, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална” гэж заасан байдаг.

        Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл байна гэж үзэж байгаа учраас шүүхээс энэ талаас нь харж шийдвэр гаргаж өгнө үү гэв.

      Гуравдагч этгээд Баянтүмэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.С.ИТХ-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэл байхгүй. 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Х.С.ИТХ хуралдаж анх эх үүсвэр нь гарсан юм байна лээ. Энэ хурлын протокол нь ойлгомжгүй. Чойбалсан, Баянтүмэн сумдын иргэд хохирч байгаа шүү. Хоёрдугаарт, Хэрлэн суманд одоо 35 төлөөлөгч байгаа. Үүнээс 2 хүн нь санал тавьсан байгаа юм. Тэгээд 3 хүнтэй ажлын хэсэг байгуулчихсан. 35 төлөөлөгчөөс бусад нь юм хэлээгүй юм уу. Энэ ажлын хэсгийг ойлгохгүй байгаа. Та нарыг би бодохдоо газар нутгийн хилийн цэсийг судлах ажлын хэсэг гэж ойлгож байна. Дорнод аймгийн Х.С.ИТХ нь Баянтүмэн, Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт болон иргэдэд хилийн цэсийн асуудлаар ямар нэгэн мэдэгдэл, албан бичиг ирүүлээгүй, тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг авалгүйгээр шууд иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, шүүхээр албадан хууль бусаар хилийн цэс тогтоох гэж байгаа нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж үзэж байна.

 Мөн нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг зөрчиж дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэр гаргаж байгаа нь ямар нэгэн ашиг сонирхлыг зөрчиж байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-д заасан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

       Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс 2 тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт, актын хууль зүйн үндэслэл нь ямар юм бэ, нөгөө талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ямар байна вэ гэж 2 хувааж яръя гэж бодож байна.

      Нэхэмжлэгч нараас “Энэ 2 тогтоолыг хэрэгжүүлэхгүйн улмаас танай Хурлын ямар эрх ашиг хөндөгдөөд байна вэ“ гэж асуухад “...Хурлын эрх ашиг хөндөгдсөн юм байхгүй. Зөвхөн Х сумын иргэдийн эрх ашиг хөндөгдөөд байгаа...” мэтээр ярилаа. Х.С.ИТХ-ын хувьд иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа нь зөв зүйтэй асуудал байх. Хамгийн гол нь нэхэмжлэл гаргах эрх та бүхэнд байна уу, үгүй юу гэдэг хуулийн дагуу шалгагдах ёстой. Хуульд Захиргааны хэргийн шүүхэд хандах гол үндэслэл нь тухайн иргэн, хуулийн этгээд миний эрх ашиг хөндөгдөж байна гэдэг байдлаар хандах ёстой. Түүнээс биш манай иргэдийн эрх ашиг хөндөгдөөд байна гэж хандах хууль зүйн үндэслэл байхгүй. Нийтийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага хандаж болдог.

      Хоёрдугаарт, нэхэмжлэлийн агуулгаас харахад тухайн 2 тогтоолыг хэрэгжүүл гэсэн даалгах агуулгатай зүйл харагдаад байгаа юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны хэргийн шүүхэд хандах нэхэмжлэлийн хэд хэдэн төрөл байдаг. Үүнд, захиргааны актыг хүчингүй болгуулах, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, өөрийнх нь эрх ашгийг хөндөөд байгаа зүйлийг арилгасан захиргааны акт гаргахыг даалгах гэсэн хэд хэдэн төрлүүд байдаг. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаас харахад ямар нэгэн акт гаргахыг даалгасан зүйл байхгүй байгаа юм. Тэгэхээр энэ нь Захиргааны хэргийн шүүхэд хандах нэхэмжлэлийн аль төрөлд хамаараад байгаа нь ойлгомжгүй байна.   

      1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар “Чойбалсан хотын хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолд Чойбалсан хот гэдэг зүйл дурдагдаад байгаа юм. Нэхэмжлэл гаргаад байгаа субъект нь Х.С.ИТХ. Монгол Улс бол нийслэл болон аймгуудад хуваагддаг. Нийслэл нь хороо, дүүрэг, аймаг нь сум, баг гэж задарч байгаа. Түүнээс биш хот гэсэн зүйл байхгүй байгаа юм. Үүнийг мөн анхаарах хэрэгтэй. Энэ тогтоолыг хэрэгжүүлбэл үр дагавар нь 3 сумын хилийн цэст өөрчлөлт орох гээд байна. Сумын хилийн цэсийг өөрчлөх асуудал нарийн эмзэг асуудал. Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг харгалзан Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Энэ заалтыг үндэслээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд бүр нарийвчлан зааж өгсөн байгаа. Гэтэл хэрэгжүүлэхийг даалгах гээд байгаа энэ акт маань Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шаардлагын дагуу гараагүй. Энэ 25 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт “Тус аймагт байрлаж байсан зөвлөлтийн цэргийн хотхонуудад Чойбалсан хотын хөдөлмөрчдийг суурьшуулах. Үйлдвэр, албан газар, байгууллага, шинээр нүүж ирсэн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн саналыг харгалзан аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдээс тогтоолоо” гэж байгаа юм. Түүнээс биш Чойбалсан хот, Баянтүмэн сумын иргэдийн саналыг харгалзсан зүйл байхгүй. Өнөөдрийн бидний дагаж мөрдөж байгаа журмаар тухайн орон нутгийн Хурлын саналыг Засгийн газарт өргөн мэдүүлээд, Засгийн газраас Улсын Их Хуралд оруулна. Улсын Их Хурал үүнийг шийдвэрлэнэ.

     1994 оны 33 дугаар тогтоолоор “Хэрлэн сумыг байгуул” гэсэн байгаа болохоос биш хилийн цэсийг тогтоосон зүйл байхгүй. Нэхэмжлэгч нар энэ тогтоолыг 1990 оны 25 дугаар тогтоолыг үндэслэсэн гэж яриад байгаа.  Эцэст нь хэлэхэд 1990 оны тогтоолыг өнөөдөр бид барьж сумдын хилийн цэсийг өөрчлөхгүй. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Х.С.ИТХ нь “Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоол, Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолуудыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлэн ажиллахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно[1].

    Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судалж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

      Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, Улсын Их Хурлын “Сум байгуулах тухай” 33 дугаар тогтоолоор[2]Дорнод аймгийн төвд Хэрлэн сум, төвийг Чойбалсан хот” хэмээн ...сумдыг байгуулж, төвийг нь нэрлэн заажээ. Энэхүү тогтоол нь /хилийн цэстэй хамааралгүй/ бөгөөд ...сумын иргэдийн нийтийн Хурал болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах, тэдгээрийн Засаг дарга нарыг томилох, арга хэмжээг хэрэгжүүлж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу зохион байгуулахыг үүрэг болгосны дагуу, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1. 9.1.2, 9.1.3 дахь хэсгүүдэд заасан “аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”, “сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”, “баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал” тогтолцоотой байгаа болно. Иймд Улсын Их Хурлын 1994 оны 33 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр аймаг орон нутгийн хэмжээнд Дорнод аймгийн төвд “Хэрлэн сум” статусаар үйл ажиллагаа нь хэрэгжиж байгаа болно.

    Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолын тухайд[3]:  Тус аймагт байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн хотхонуудад хотын хөдөлмөрчдийг суурьшуулах, үйлдвэр албан газар, байгууллага шинээр нүүж ирсэн, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн саналыг харгалзан , ... Чойбалсан хотын хилийн цэсийг шинэчлэн, “...баруун цементэн гүүр, шар хонхор / 755.8/, 790.9, 809.0, 792.3 тоотууд, эхний ухаа 761.6, 728.4, 745.9,  тоотууд, Давхар уул /838.6/, Зүрх уул /835.1/  748.9, 785.9, 756.3, 804.3, 825.4, 755.2 тоотууд  баруун цементен гүүр хүрч нийт талбайг 65200 га” болгон нэмэгдүүлсэн болох нь Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 25 дугаар тогтоол, Хуралдааны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар тэмдэглэл[4], хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг[5], Хилийн цэсийн Кадастрын зураглал[6], бусад нотлох баримтаар нотлогддог.  Тодруулбал: дээрхи 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Чойбалсан, Баянтүмэн сумын Чойбалсан хоттой хиллэсэн хэсгийг нь хүчингүйд тооцож, Баянтүмэн сумын нутаг дэвсгэрээс 26543.2 га, Чойбалсан сумын нутаг дэвсгэрээс 11704.6 га тус тус хасагдсан байна.

      Дорнод аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1974  оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр тогтоолын дагуу[7], бүх сумдын газар эдэлбэрийн бүртгэлийг цэгцэлж, хилийн тодотгол хийх аймгийн комиссыг байгуулж,  сумын газар эдэлбэрийн хилийг тодотгож, газрын тоо бүртгэл явуулах бэлтгэл хангах ажлыг, сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт үүрэг болгосны дагуу,  ...хилийн цэсийн  тодотгол хийх комиссыг сумдууд болон Чойбалсан хотын хэмжээнд тус тус байгуулсан болох нь Баянтүмэн сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1974 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 05[8], Чойбалсан сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны 1974  оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 08[9], Чойбалсан хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1974 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар тогтоолууд[10] болон хэрэгт авагдсан бичгийн баримтаас харагддаг.

     Чойбалсан хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1974 оны 15 дугаар тогтоолоор, хотын эдэлбэр газрын бүртгэлийг баяжуулах комисс томилогдож, хөрш сумдын буюу одоогийн Баянтүмэн, Чойбалсан сумдын хил тогтоох комисс,  аймгийн комисс нь ХАА-н яам газар зохион байгуулах отрядтой хамтран, 1974 оны 4 дүгээр сарын 01-нээс 6 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд тус аймгийн 14 суманд аж ахуй хоорондын газар зохион байгуулалтыг хийж, сумдын нутаг дэвсгэрийн заагийг нарийвчлан тогтоох, хилийн цэсийг шинэчлэх, ...1959 онд тогтоогдсон хилийг одоогийн нутаглалт, ашиглалтын байдлыг харгалзан зохицуулж, сумдын төвд эдэлбэр газар олгох, улсын нөөц газар тогтоох... зэрэг судалгааны материалуудад үндэслэн, Дорнод аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 48 дугаар тогтоолыг[11] 1974 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн  1977 оны  4 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар зарлигаар[12] нийт аймаг болон сумдын “Нутаг дэвсгэрийн хилийн цэс”-ийг шинэчлэн баталсан байна. Үүнд: Чойбалсан хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг “Эрээн толгой” /755.8/, 795,3 тоот, Адуунчулуун уул /811,2/, 749.7, 737,3 тоотууд,  Зүүн Өлзийтийн уул /774,9/, 746,1, 785.9, 756,3 тоотууд, Зүүн баян овоо, 804.3, 825.4, 755.2 тоотууд/, хуучин төмөр замын гүүр, овоот /803.7/, Чулуут толгой, Эрээн толгой /755.8/ тус тус тогтоосон байна.

       Гуравдагч этгээд Чойбалсан сумын хилийн цэсийг “Мэлхийн булаг” ордог замын дэргэдэх хилийн шон, дунгийн өндөр /833,0/, 853,6 тоот, Дэлгэрмөнх /967,3/, ямаат /916,8/, Сүүний өндөр /943,3/, Шилийн өндөр /936,4/, Гардаг өндөр /862,1/, Цахилдагийн худгийн урьд толгой /768,2/, 738,5 тоот, 738,5 тоотын дэргэдэх төмөр замын гүүр, Төмөр зам, Төмөр замын 37-ийн гарам, Дөрвөлжин, 674,8 тоот, Мандал толгой /661,3/, 647,6, 655,2, 596,2, 616,4, 663,6 тоотууд, Зургаан /752,9/, 765,4 тоот, Монгол-Хятадын хилийн шугам, Монгол-Хятадын хил Заагийн овоо, 798,4, 730,1 тоотууд, Холбоо хялганат /698,4/ Голын овоотын өндөр /697,2/, Их овооны булан, Хэрлэн гол, 724,4 тоот, Лэн овоо /732,9/, 737,5, 792,4 тоотууд, Эхэн ухаа /802,5/, Эхний худаг /747,3/ 787,8 тоот, Гэзгийн худгаас баруун тийш 500 метрт байгаа Шон, Хар амын зүүн урьд толгой /шон/, Улаан далан /шон/ Баянхошуу /711,9/, 800,8 тоот, Яхийн цагаан өндөр /801,6/, Дунгийн цагаан нуур /шон/ Мэлхийн булаг ордог замын дэргэдэх хилийн шон,

      Мөн түүнчлэн гуравдагч этгээд Баянтүмэн сумын хилийн цэсийг Бөөлжихийн модот /861,0/, Алаг замын хилийн шон, Засмал зам, засмал зам дээр байгаа хилийн шон, хоёр өлийн өндөр /871,5/, 845,6, 813,3 тоотууд, Гэзгийн худгаас баруун тийш 500 метрт байгаа хилийн шон, 787,8 тоот, эхний худаг /747,3/, Эхэн ухаа /802,5/ 792,4, 737,5 тоотууд, Лэн овоо /732,9/ 724,4 тоот, Хэрлэн гол, Их овооны булан, Галын овоотын өндөр /697,2/ Холбоо хялганат /698,4/ 730,1, 798,4 тоотууд, Монгол-Хятадын хил заагийн овоо /    -р хилийн багана/, Монгол-хятадын хилийн шугам, Монгол-хятадын хил хашаат овоо /610-р хилийн багана/, Хашаатын цав /792,7/, Заагийн булаг, 723,6, 724,4 тоотууд, Геологийн хойт өндөр /741,4/, өвөр цагаан худаг, 770,1 тоот, Хар овоо /803,9/, Хөх усны худаг, Чойбалсан хотоос модон гүүрээр гарч Матад сумын төв ордог машин зам, 804,3 тоот, Зүүнбаян овоо, 756,3, 785,9, 746,1 тоотууд, Зүүн өлзийтийн уул /774,9/, 737,8, 749,7 тоотууд, Адуунчулуун уул /811,2/, 795,3 тоот, эрээн толгой /755,8/, Чулуун толгой, овоот /803,7/, Хуучин төмөр замын гүүр, Хэрлэн гол, Хилийн шон, 796,2 тоот, Баян өндөр /863,8/ Бөөлжихийн модот /861,2/ тус тус тогтоожээ.

      Гэтэл маргаан бүхий Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор дээрхи  Дорнод аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх Захиргааны 1974 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн   48 дугаар тогтоолын, “...Чойбалсан Баянтүмэн сумын Чойбалсан хоттой хиллэсэн хэсгийг” хүчингүй болгосон байгаа бөгөөд “Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны  тэмдэглэл”-ээс үзэхэд: хуралдаанд тэргүүлэгч гишүүн Буянтогтох, Л.Хэрээ, Л.Батчулуун, Цэрмаа, Будханд нар оролцож, “Чойбалсан хотын хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай“ асуудлыг ХАА-н хэлтсийн мэргэжилтэн Лхүндэв танилцуулан хэлэлцэж, Ардын Хурлын Тэргүүлэгчдийн дээрхи 25 дугаар тогтоолыг баталсан байна. Энэхүү тогтоолыг батлахад, ...тусгай комисс ажиллуулж, нарийвчилсан тооцоо судалгаа гаргаж, өөрчлөх болсон шалтгааныг тодруулах, Ардын Депутатуудын Хуралдаанаар хэлэлцүүлсэн эсэх талаархи холбогдох нотлох баримтыг аймгийн архиваас шүүлгэж үзэхэд “...хуралдааны тэмдэглэл”-ээс өөр баримт гарч ирээгүй бөгөөд энэ тогтоол нь ...хууль тогтоомжийн санд бүртгэлгүй[13], ... байгаа бөгөөд Монгол Улсын Архивын Ерөнхий газар Үндэсний Төв архиваас, Дорнод аймгийн Х сумын нутаг дэвсгэрийн “Хилийн цэс” холбоотой баримтыг шүүж үзэхэд, 1977 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар зарлигаас өөр холбогдох баримт байхгүй талаар  ирүүлсэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний  03/369 дүгээр албан бичиг[14] зэргээс үзэхэд, дээрхи 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болох нь тогтоогдохгүй байна.

      Нэхэмжлэгч Дорнод аймгийн Х.С.ИТХ нь “1990 оны 25 дугаар тогтоолоор 65200 га байхаар шинэчлэн тогтоосон, ... 28500 га газар нутагтай байгаа нь хилийн цэсийн маргаан үүсгэх нөхцлийг бүрдүүлж байна”  ... гэж үзээд “Сумын хилийн цэсийн тухай”  2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 23[15], 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр албан бичгүүдийг[16] Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын нэр дээр хүргүүлэхэд,  ...1994 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоолын хуулбараас өөр хариу ирүүлээгүй байна.

    Тухайн үед Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчид нь 1990 оны 25 дугаар тогтоолыг батлан гаргахдаа... цаашид хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоогүй орхигдуулсан гэж үзэхээр байна.

     Иймд нэхэмжлэгч Х.С.ИТХ нь ...нутаг дэвсгэрийн хилийн  цэсийн маргаантай асуудлыг...,  Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их хурал шийдвэрлэнэ” хуулийн 58 дугаар зүйлийн 2-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг батлах, өөрчлөх асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар[17] баталсан “Газар зохион байгуулалт хийх журам”-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг тогтоох, өөрчлөлт оруулах, тодотгох асуудлыг шийдвэрлэх журмын дагуу,  Х сумын хэмжээнд мэргэжлийн комиссыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр байгуулах ба тухайн комисс нь хилийн цэсийг  ... өөрчлөлт оруулах, тодотгох шалтгаан, уг газрын өмчлөл, эзэмшил, ашиглалтын байдал, комиссын илтгэх хуудас, дүгнэлт, санал, гаргах шийдвэрийн төсөл, газрын зураг, түүнд орсон өөрчлөлт, тооцоо зэрэг баримт материалыг бүрдүүлж, сумын Засаг даргад хүргүүлж, сумын Засаг дарга дүгнэлт, саналаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлсэн шийдвэр холбогдох материалыг аймгийн Засаг даргад хүргүүлнэ.

       Аймгийн Засаг дарга уг асуудлыг нягтлан хянаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ... асуудлыг хэлэлцүүлж, гаргасан шийдвэрийг, ...газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага буюу Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар холбогдох материалыг хүлээн авч, зохих хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянаж, ... газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ. Газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний оруулсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг тогтоох, түүнд өөрчлөлт оруулах, тодотгох тухай асуудлыг Засгийн газар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаас эцсийн шийдвэр гаргана” гэж заасны дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй. Энэ талаар хэргийн оролцогчид харилцан ойлголцолд хүрэх боломжтой талаар тайлбарлаж байгаа болно.

      Нэхэмжлэгч нь “Улсын Их Хурлын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоол, Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолуудыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлэн ажиллахыг даалгах” гэжээ. Даалгах  нэхэмжлэлийн  тухайд,  ...“эс үйлдэхүй”  байх бөгөөд дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтанд, ...захиргааны актыг үйл ажиллагаандаа мөрдөн хэрэгжүүлэхийг даалгах шийдвэрийг гаргахын тулд тухайн актын хууль зүйн  үндэслэл, үйлчлэл, хүчин төгөлдөр хэрэгжих боломжтой нөхцөл байдлыг шалган судлах шаардлага зүй ёсоор тавигдана. Тэрээр ...дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтанд захиргааны шийдвэр гаргахыг даалгахаас гадна  бусад  ...шаардагдах үйлдэл хийж гүйцэтгэх, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж болох юм.

    Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн ...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ...эрх ашиг хөндөгдөж байгаа болон төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа талаар, ...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар, ... тайлбарлаж байгаагийн тухайд:

       Х.С.ИТХ нь тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн, хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх,  Хурлын төлөөлөгч нь иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн тодорхой асуудлыг ...эрхийн дагуу шийдвэрлэх, ... шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.  Тодруулбал:  ...хуулиар бүрэн эрх нь олгогдсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Батмөнх нь шүүхэд нэхэмжлэл гаргаж,  улмаар  2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 47 дугаар шийдвэрээр, ...Ч.Эрдэнэбат, Р.Б, Б.М  нарыг  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасны дагуу  ...эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд бүрэн эрхийг хэрэгжүүлэх итгэмжлэлийг олгосон[18] нь хууль зөрчөөгүй байна.

       Нэхэмжлэлийн шаардлага болох Улсын Их Хурлын болон Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн эрхийн акт болох 33, 25 дугаар тогтоолууд нь бодитоор гарсан байгаа бөгөөд хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулах талаар даалгуулахыг шаардсан агуулга бүхий учраас хөөн хэлэлцэх хугацаанд тодорхой нөхцөл тавигдаагүй болно.

        Иймд Улсын Их Хурлын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бөгөөд  Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгааг буруутгах үндэслэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3, 58 дугаар зүйлийн 2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан,  Дорнод аймгийн Х.С.ИТХ-ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргад холбогдох, “Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоол, Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолуудыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлэн ажиллахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.С.ИТХ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн  төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                     Б.ОЮУН

 


[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 45-46-р хуудас

[3] Хавтаст хэргийн 12-р хуудас

[4] Хавтаст хэргийн 172-183-р хуудас

[5] Хавтаст хэргийн 84-85-р хуудас

[6] Хавтаст хэргийн 87-90-р хуудас

[7] Хавтаст хэргийн 91-р хуудас

[8] Хавтаст хэргийн 94-р хуудас

[9] Хавтаст хэргийн 92-р хуудас

[10] Хавтаст хэргийн 97-р хуудас

[11] Хавтаст хэргийн 5-11-р хуудас

[12] Хавтаст хэргийн 142-146-р хуудас

[13] Хавтаст хэргийн 62-р хуудас

[14] Хавтаст хэргийн 141-р хуудас

[15] Хавтаст хэргийн 33-р хуудас

[16] Хавтаст хэргийн 79-р хуудас

[17] Хавтаст хэргийн 109-112-р хуудас

[18] Хавтаст хэргийн 3-р хуудас