Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 679

 

“Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/01365 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Шим” ХХК,

Хариуцагч “Эм Ти Би Агро” ХХК-д холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 21 735 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Галбадрахын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шим” ХХК-ийн захирал н.Гантөгс миний бие 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Эм Ти Би Агро” ХХК-ийн захирал Б.Тэнгистэй харилцан тохиролцож №32 тоот гэрээ байгуулж 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дотор Монгол Улсад хэрэглэхэд зөвшөөрөгдсөн Лорнет, Форвард нэрийн ургамал хамгааллын бодисыг “Эм Ти Би Агро” ХХК-д нийлүүлж, нийт 20 790 000 төгрөгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу “Шим” ХХК нь тогтоосон хугацаанд ургамал хамгааллын бодисыг нийлүүлж “Жаргалант амуу тариа” ХХК-иас урьдчилгаа төлбөрт нийт үнийн 30 хувь болох 6 300 000 төгрөгийг гэрээ байгуулах үед төлж үлдэгдэл төлбөр болох нийт үнийн 70 хувь буюу 14 490 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон ч санхүүгийн боломжгүй гэх шалтгаанаар үлдэгдэл төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүргээд байна.

Бизнесийн үйл ажиллагаа эрхлэж буй манай компанийн хувьд төлбөр төлөгч байгууллагад үлдэгдэл төлбөрөө төлөх хангалттай хугацаа олгосон ч бодитой үр дүнд хүрээгүй учир шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйд нийцэхээр байна. Иймд “Эм Ти Би Агро” ХХК-тай байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №32 тоот худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 14 490 000 төгрөг, гэрээний 4 дүгээр зүйлийн Б хэсэгт заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцүүлэн 7 245 000 төгрөг, нийт 21 735 000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Эм Ти Би Агро” ХХК нь “Шим” ХХК-иас 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 32 тоот гэрээгээр 20 790 000 төгрөгийн үнэ бүхий ургамлын хорыг 6 300 000 төгрөгийн урьдчилгаа төлж, мөн 2015 оны 7 дугаар сард 800 000 төгрөгийн үнэ бүхий шавьжны хорыг бэлнээр тус тус худалдан авч тариалалтад ашигласан болно. Манай компани 2015 оны тариалалтын жилд “Эрээнцав” ХХК-ийн эзэмшлийн 800 га талбайг техник, тоног төхөөрөмжийн хамт түрээслэн тосны ургамал тариалсан боловч талбайд их хэмжээний зэрлэг ургамал ургасан, мөн их хэмжээний шавьж буюу ургамлын бясаа гарсан ба бид цаг тухайд нь “Шим” ХХК-иас зориулалтын хор, бэлдмэлүүдийг худалдан авч шат дараалсан арга хэмжээ авч ажилласан боловч үр дүнд хүрэлгүй ургац алдаж 2015 оны тариалалтын жилд гаргасан зардлаараа шатсан.

Ургамлын өсөлт, ургацын хэмжээ зэрэгт олон хүчин зүйлс нөлөөлдөг ба зэрлэг ургамал болон шавьжны хор хөнөөл нь тэдгээрт нөлөөлөх гол хүчин зүйлс юм. Харин “Шим” ХХК-иас авсан шавьжны хорын хугацаа дуусаад 1 жил болсон байсан хэдий ч үйлчилгээгээ алдаагүй байгаа гэж тайлбарласны дагуу бид худалдан авч хэрэглэсэн ч олигтой үр дүн гаралгүй ургац алдсан. “Эм Ти Би Агро” ХХК-ийн хувьд энэхүү хүнд байдлаас одоог хүртэл гарч чадаагүй бусад байгууллага, хувь хүнд өр, зээлтэй явж байгаа ба “Шим” ХХК-ийн нэхэмжилсэн мөнгийг төлөх төлбөрийн чадваргүй байгаа. Бидний зүгээс 2015 оны тариалалтын жилд “Шим” ХХК-ийн ургамал арчлалтын хор, бэлдмэлүүдийг хэрэглэсэн ч үр дүн гаралгүй ургац алдсан гэж үзэж байгаа тул “Шим” ХХК-ийн “Эм Ти Би Агро” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 262 дугаар зүйлйин 262.1-т зааснаар хариуцагч “Эм Ти Би Агро” ХХК-иас 21 735 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Шим” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 266 700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Галбадрах давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж байна. “Эм Ти Би Агро” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Галбадрах миний бие 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд бүтэн 2 cap шахуу хугацаагаар хөдөө орон нутагт ажиллаж байсан бөгөөд энэ тухайгаа шүүгчийн туслахад 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр албан бичиг хүргүүлж хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Миний бие хөдөөнөөс ирээд холбогдох хэрэгт эрх зүйн зөвлөгөө авч өөрийн гаргасан тайлбартаа шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэн шүүх хуралдаа бэлтгэж байтал Хан-Уул дүүргийн шүүхээс надруу утасдаж “шүүхийн шийдвэр гарсан тул шийдвэрээ ирж авна уу” гэж мэдэгдсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хэргийн оролцогчийн эрх, үүргийг нарийвчлан зааснаас үзэхэд анхан шатны шүүх хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3-т заасан эрхийг ноцтой зөрчиж зөвхөн нэг талын оролцоотой хурлыг явуулан шийдвэр гаргасан байна. Бидний зүгээс шүүх хуралдаанд оролцож чадаагүй тул хуралдааны үеэр шаардлагатай нотлох баримтуудыг шалгаж, хариу тайлбарыг хамгаалах боломжийг бидэнд олгоогүй юм. Тиймээс дээрх үндэслэлээр анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Шим” ХХК нь хариуцагч “Эм Ти Би Агро” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 21 735 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 32 тоот гэрээ, /хх 6/ тооцооны үлдэгдлийн баталгааны баримтад заасан /хх 5/ төлбөрийн үлдэгдлийн хэмжээний тухайд хариуцагч үгүйсгэж маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрх нотлох баримтад зааснаас үзэхэд хариуцагч “Эм Ти Би Агро” ХХК нь гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийн үлдэгдэл 70 хувь буюу 14 490 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх үүрэгтэй байх бөгөөд уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч “Шим” ХХК-д төлсөн болохоо баримтаар нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр болох 14 490 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэгдсэн байх боловч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан бэлэн мөнгөөр болон хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ, хүүгийн хэмжээ зэрэг зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заавал тусгах нөхцөлүүдийг тусгаагүй, талууд энэ талаар тусгайлан тохиролцсон гэх баримтгүй, хүлээн авсан барааны үнийг 2 хувааж төлөх хэмжээ, хугацаа, эд хөрөнгийн өмчлөлийг худалдан авагчид шилжүүлэх талаар тохиролцсон байх тул худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсссэн гэж үзнэ.

Мөн гэрээний 4.1.б-д төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасанд нийцэж байгаа тул шүүх мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүй тооцож, алдангид 7 245 000 төгрөг, үндсэн төлбөрт 14 490 000 төгрөг, нийт 21 735 000 төгрөгийг хариуцагч “Эм Ти Би Агро” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх  хэсэгт заасанд нийцсэн байна.

Хариуцагч “Эм Ти Би Агро” ХХК нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар “баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг ...шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн...” бол энэ талаар шаардлага гаргах эрхтэй ч уг хугацаанд шаардлага гаргасан баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Мөн хариуцагчаас гэрээгээр шилжүүлсэн Лорнет, Форвард шавьжны хорын үйлчлэх хугацаа дууссан доголдолтой байсан гэж маргасан ч “...шавьжны хорын хугацаа дуусаад 1 жил болсон байсан хэдий ч үйлчилгээгээ алдаагүй гэсэн ч хэрэглэхэд олигтой үр дүн гараагүй...” гэж тайлбарласнаас үзэхэд худалдан авсан бодисын ашиглах хугацаа нь дуусч байгаа буюу доголдолтой талаар гэдгийг гэрээ байгуулах үед мэдэж байсан гэж үзэх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар уг эд хөрөнгийн ашиглах хугацааны талаар мэдсэн ч түүнийг хүлээн авсан тул шаардлага гаргах эрхээ алдсан байна.

Нэгэнт хуульд заасан журмын дагуу шаардлага гаргах эрхээ алдсан тул хариуцагч компаниас ургамлын хор үйлчилгээ үзүүлээгүйгээс болж ургац алдаж, санхүүгийн хүнд байдалд орсон, бусдад өр, зээлтэй, төлбөрийн чадваргүй байгаа гэж тайлбарлаж байгаа нь гэрээний дагуу төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Шүүгч хариуцагчийн төлөөлөгч Б.Галбадрахад 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, шүүх хуралдаан болох 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэлд татгалзал, түүнийг нотлох баримт гаргах хангалттай хугацаа олгосон байх бөгөөд хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргахдаа шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотлоогүй тул /хх 11-12/ тул шүүх уг хүсэлтийг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн, хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

Шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зээлээр худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь алдаатай боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн заалт нь нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүн болон хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/01365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 266 625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ