Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 129

 

      Ш.М, О.А, Э.У, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Ням-Очир,

            шүүгдэгч О.А,

            шүүгдэгч Ш.М-н өмгөөлөгч Д.Алтантуяа,

            шүүгдэгч О.А, Э.У нарын өмгөөлөгч Ж.Жавзандулам,

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 588 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.М, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа, шүүгдэгч О.А, Э.У, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Жавзандулам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Ш.М, О.А, Э.У, Б.Б нарт холбогдох 1705000530032 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Я овгийн Ш-ын М, 19.. оны .. дугаар сарын 3-ны өдөр ........ аймгийн .......... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............ дээд сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ..........аймгийн ....... сумын 5 дугаар баг, ........ гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;

2. Б овгийн О-ын А, 19... оны .. дүгээр сарын 5-ны өдөр ........... аймгийн ............. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... Дээд сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ............аймгийн ...... сумын 5 дугаар баг, ............. - тоотод оршин суух бүртгэлтэй,

........... аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20.. оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД: ............./;

3. Х.овгийн Э-ын У, 19.. оны ... дугаар сарын ..-ний өдөр ............ аймгийн ......... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............... Их сургуулийн ............ менежментийн 3 дугаар дамжааны оюутан, ........... аймгийн ......... сумын 5 дугаар баг, ............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................../;

4. С овгийн Б-н Б, 20... оны .. дугаар сарын ..-ны өдөр ........аймгийн .............суманд төрсөн, .......настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ........ аймгийн .......... сумын 12 жилийн дунд сургуулийн 12 дугаар ангид сурдаг, ......... аймгийн ............. сумын 5 дугаар баг, ............. тоотод оршин суух бүртгэлтэй,

............... аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20.. оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД: .............../;

Ш.М, О.А, Э.У, Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Ганьтын 40с байрны гадна иргэн Н.Н-т хүч хэрэглэн, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, 110.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ш.М, О.А, Э.У, Б.Б нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.М, О.А, Э.У, Б.Б нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ш.М-ыг 2 жил, Э.У-г 2 жил, О.А-г 2 жил, өсвөр насны шүүгдэгч Б.Б-г 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.М, О.А, Э.У нарт тус бүр оногдуулсан 2 жил хорих ял, өсвөр насны шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Б-т 2 жил хорих ял оногдуулсан шүүхийн энэ шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд ......... аймгийн ......... сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангид суралцахыг даалгаж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг дурдаж,   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Б.Б санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг дурдаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, шүүгдэгч Ш.М, Э.У, О.Ам нарыг цагдан хорьж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ш.М тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх миний гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан үзэлгүй ял оногдуулсан гэж үзэж байх тул дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Надад анхнаасаа хохирогч Н.Н-г дээрэмдэх санаа зорилго байгаагүй ба хохирогчийг нэг удаа өшиглөсөн буруутай үйлдэл бий. Хохирогчийн шүдийг цохиж гэмтэл учруулсан болон түрийвчийг авсан хүн мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байгаа. Тухайн үед шүүгдэгч Б.Б хохирогчийн түрийвчийг авсан үйлдлийг би хараагүй. Ийм учраас өөрийн үйлдэлд тохирсон хуулийн зөв заалтаар шийтгүүлмээр байна. Хохирогчтой эвлэрч учирсан хохирлыг нөхөн төлж, өөрийн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, амьдралд анх удаа хөл тавьж, төгсөх курст суралцаж байгаа зэргийг харгалзан үзэж, хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлан хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэжээ.

            Шүүгдэгч Ш.М-н өмгөөлөгч Д.Алтантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүгдэгч Ш.М-т холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч, сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн бусад баримтуудад анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, дангаараа нотлох баримт болохгүй хохирогчийн мэдүүлгийг үндэслэн огт байгаагүй 110.000 төгрөг байсан гэж, шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг үгүйсгэн хэргийн талаар болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар алдаатай дүгнэлт хийж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

1. Ш.М бусад Э.У, О.А, өсвөр насны Б.Б нарын хамт шөнө 02 цагийн орчимд хохирогч гэх Н.Н-ыг бүлэглэн, хүч хэрэглэн 110.000 төгрөг дээрэмдэн авсан хэрэгт холбогджээ.

            2. Тэр шөнөдөө хэрэг болсны дараа буюу 1 цагийн дараа Ш.М өсвөр насны Б.Б-н хамт эргүүлийн машинтай цагдаа нарт баригдаж, бусад нь маргааш өдөр нь баригдсан талаарх шүүгдэгч нарын мэдүүлэг, мөн хохирогчийн 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 5.35 минутад өгсөн тайлбар, мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан байна.                                                       

3. Хохирогч Н.Н тухайн үед юу болсон талаар нэг бүрчлэн санахгүй байна, архи уучихсан байсан, эднийг машин тойруулж хөөсөн эсэхээ мэдэхгүй байна, түрийвчний талаар надаас яаж авсныг мэдэхгүй байна, тухайн үед харанхуй байсан, нөгөө нөхдүүд цаашаа зугтаад явсны дараа биедээ эд зүйлээ үзэхэд түрийвч байгаагүй, гар утас байсан, эмнэлэгт үзүүлээгүй, эмчилгээнд зориулж 500.000 төгрөг авсан, өөр гомдолгүй гэжээ.

4. Хохирогчийн эргэлзээтэй, эх сурвалжаа зааж чадаагүй мэдүүлгийг үндэслэн, 1 цагийн дараа баригдсан шүүгдэгч нараас хурааж авсан эд мөрийн баримтгүй, хохирлын мөнгийг хэрхэн зарцуулсан тухай ямар нэг нотлох баримтгүйгээр хохирогчид 110.000 төгрөг байсан гэж алдаатай дүгнэлт хийж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар дээрэм гэж зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

5. Шийтгэх тогтоол 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тухай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйл, 2.1, 2.2 " Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр" зэргийг шийтгэх тогтоолд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж тусгахаар хуульчилсан байхад орхигдуулж, шүүгдэгч нарт бүгдэд нь ижил 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна.

6. Иймд шүүхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйл, 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шинжийг тогтоосон нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж үзэхээр байна.

7. Шүүгдэгч Ш.М мэдүүлэхдээ би Ганьтын 40С гэдэг байрны хажуугаар Э.Уртнасантай явж байхад нэг согтуу ах тааралдахад энэ хэддүгээр байр вэ гэж асуухад Юу гэнээ, пизда минь гээд урдаас дайраад ирэхээр нь машин тойроод зугтсан, шүүгдэгч Э.У мэдүүлэхдээ М бид хоёр явж байхад нэг ах тааралдсан, М нөгөө ахаас энэ хэддүгээр байр вэ гэж асуухад тэр ах согтуу байсан, их ууртай хүн байсан, тэгээд Мөнхбаатар бид хоёр машин тойрч зугтааж байтал араас нөгөө гурав гүйцэж ирсэн, би айгаад түрүүлээд зугтсан, би энэ хэрэгт оролцоогүй, модны 2-ын ТҮЦ-ний дэргэд бид уулзалдахад Б.Б түрийвч гаргаж ирсэн, дотор нь 1200 төгрөг байсан гэж мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх дүгнэлтдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгасан гэж үзэв гэж буруу бичсэн байна. Иймд эх сурвалжаа зааж чадаагүй, дангаараа нотлох баримт болохгүй хохирогчийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шинжийг тогтоосон нөхцөл байдлыг тогтоогоогүй нь шүүхийн алдаатай дүгнэлт, шийдвэр гарахад нөлөөлсөн тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч О.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би дээрэм хийх санаа зорилгогүй байсан. Би бааранд орохоор явж байсан. Мөнхбаатар, Уртнасан хоёрыг нэг согтуу хүн хөөгөөд байхаар нь харах гэж очсон. Хамт очсон Б.Б түрийвч авсныг мэдээгүй. Би энэ хэрэгт огт оролцоогүй. Иймд хэргийг бодит үнэнээр нь тогтоож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Э.У давж заалдах гомдолдоо: “... Надад дээрмийн гэмт хэргээр ял оногдуулсанд гомдолтой байна. Тухайн үед найзтайгаа уулзахаар явж байсан болохоос биш ямар нэгэн байдлаар дээрэм хийх, хүний биед гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй. Хохирогч гэх Н-с “энэ хэд дүгээр байр вэ” гэж асуухад тэрээр согтуу байсан ба согтуурхаж биднийг хөөсөн. Би айгаад зугтаж байшингийн буланд зогсож байсан. Б-н олсон түрийвчинд 1200 төгрөг байсан. Хохирогчийн мэдүүлгээр 110.000 төгрөг байгаагүй. Нямбаярын өгсөн мэдүүлэг зөрүүтэй байгаа нь миний эрх зүйн байдлыг сөргөөр харуулж байна. Иймд үнэн зөвийг тогтоож, гэмт хэрэгт холбогдолгүй болохоо мөн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийлгэж, шалгуулах хүсэлтэй байна...” гэжээ.

            Шүүгдэгч О.А, Э.У нарын өмгөөлөгч Ж.Жавзандулам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бөгөөд уг заалтад “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ” гэж хуульчилсан байна. Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт мөн зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана. 2.1, 2.2 дахь заалтад заасны дагуу нотлох баримтыг шийтгэх тогтоолд тусгахаар хуульчилсан байхад түүнийг орхигдуулж, зөвхөн мөн зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтын агуулгыг бичээд шууд шүүхийн дүгнэлтийн талаар гэж мөн зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хууль зүйн дүгнэлт хэсэг рүү орж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэг: Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.7-р зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэсэн заалттай тохирч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд шүүх “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шинжийг тогтоосон нөхцөл байдлыг тогтоогоогүй” гэж үзэхээр байна. Учир нь хохирогч Н.Н тухайн өдөр согтуу байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд мэдүүлэгтээ таван залуу, дөрвөн залуу байсан гэх зэргээр зөрүүтэй мэдүүлдэг, нэг нь нүүр лүү өшиглөж унагасан, бусад нь цохиж зодоогүй, би мэдэхгүй байна, ямар ч байсан нэг нь ам руу цохисон, өөр хүн надад гар хүрээгүй гэж мэдүүлж байсан. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр уг шөнийн болсон асуудлыг санахгүй байгаа нь үнэн гэж үнэнээ хүлээсэн нь хэргийн 170 дахь талд нотлох баримтаар авагдсан байна. Дээрх хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй, мэдүүлэг өгөгч эх сурвалжаа зааж чадаагүй гэдгийг нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг буюу хохирогчийн мэдүүлсэн хутга мэт зүйлийг хураасан тухай тэмдэглэл, гэмт хэрэг үйлдэж олсон орлого хураасан тухай тэмдэглэл, хохирогчийн 110.000 төгрөгөөс хэдэн төгрөг үлдсэн, бусад мөнгийг хаана хэрхэн яаж зарцуулсан зэрэг мэдүүлэг байх ёстой байсан. Гэтэл эдгээр баримтуудын аль нь ч хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байгаа нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж байна. Анхан шатны шүүх дүгнэлтдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгасан гэж үзэв гэж буруу дүгнэлт хийсэнд гомдолтой. Түүнчлэн хохирогч Н.Н-н биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тухайн үед шүд хугарсан бол шинжилгээг нь тэр дор нь хийлгэх байтал хийлгээгүй. Сарын дараа шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад шүд хугарсан гэх боловч хэзээ учирсан гэмтэл гэдгийг тогтоогоогүй. Харлаж хорхойтсон байгаагаар нь 1 сарын өмнө шүд хугарсан гэдэг нь ч эргэлзээтэй байх тул шинжээчийн дүгнэлтийг дахин хийлгэх зайлшгүй шаардлагатай байна.

2. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох өөрчлөх үндэслэл.

Анхан шатны Шүүхийн Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Жишээ нь: Шүүгдэгч Ш.М, Э.У, О.А, Б.Б нар нь бүлэглэж Н.Н*н эрүүл мэндэд нь үүдэн дээд, зүүн 2-р шүдний гэмтэл бүхий хохирол учруулан биед нь хүч хэрэглэн довтолж, 110.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Н.Н, шинжээчийн 9154 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг үндэслэн Ш.М, О.А, Э.У, Б.Б нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, дээрэмдсэн гэмт хэрэгт буруутайд тооцон Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар дөрвөн шүүгдэгч нарт адилхан хоёр жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан хуульд бүлэглэж гэсэн тодорхойлолт байхгүй, харин бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол гэж байдаг болно. Ш.М, О.А, Э.У, Б.Б нар хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн үед бид нарт дээрэм хийх зорилго байгаагүй... Ш.М тэр ахаас “энэ хэд дүгээр байр вэ” гэж асуухад уурлаад хөөсөн. Энэ үед Ш.М нэг өшиглөсөн. Энэ үед Т тэр ахын нүүр лүү цохисон... түрийвчийг нь Б.Б авсан байсан... түрийвчийг Б.Б авсныг Ш.М, Э.У, О.А нар мэдээгүй сүүлд ТҮЦ-ний дэргэд ирээд Б.Б түрийвч авсныг мэдсэн байдаг. Шүүгдэгч нарын мэдүүлгээс үзвэл Э.У, О.А нар хохирогч Н.Н-г дээрэмдэх зорилгоор хүч хэрэглээгүй, хүч хэрэглэхээр заналхийлээгүй учраас энэ хэргийн оролцогч биш энэ хэргийг хамтарч үйлдээгүй. Хохирогч Н.Н-н түрийвчийг Б.Б авсныг Э.У, О.А нар мэдээгүй, ав гэж хэлээгүй, хохирогчийг дээрэмдэх зорилго байгаагүй. Харин хохирогч Н.Н эхэлж Ш.М-тай муудалцсан учир Ш.М түүнийг өшиглөсөн, Тэмүүжин гэх хүн түүний нүүр лүү цохисон, Б.Б түрийвчийг нь авсан. Гэхдээ Б.Б хохирогчийн түрийвчийг хаанаас авсныг нь тогтоогоогүй, халааснаас нь авсан уу, эсвэл газар унасныг авсан уу гэдгийг тогтоогоогүй. Мөн энэ хэрэгт Э.У, О.А нар ямар арга хэлбэрээр оролцсон болохыг тогтоогоогүй атлаа ял оноосонд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, Э.У, О.А нарын үйлдсэн үйлдэл, хэрэг нотолгоогүй гэж үзэхээр байна. Хохирогч Н.Н-н хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй ... харанхуй байсан би согтуу байсан учраас юу болсныг санахгүй байна ... миний нүүр лүү нэг залуу цохисон... бусад нь намайг зодоогүй... гэсэн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол гэж заасан. Анхан шатны шүүх хохирогч Н.Н-н мэдүүлэг нь шүүгдэгч нарын гэм бурууг дүгнэсэн дүгнэлтэд нөлөөлж болох байсан. Гэтэл анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Мөн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад нь аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол гэж заажээ. Гэтэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр хохирогчийн түрийвчийг Б.Б-с Ш.М аваад онгойлгож үзсэн, эсхүл Э.У аваад онгойлгож үзсэн гэх ... мэдүүлгүүд зөрүүтэй. Хохирогч Н.Н түрийвчийг түүний халааснаас авсан газар дээр унасан байсныг авсан гэдгийг мэдээгүй ... халаасанд байсан болохоор тэндээс авсан байх гэж таамагласан мэдүүлгийг шүүгдэгч нарт бүгдэд нь нялзааж бүлэглэж, биед нь хүч хэрэглэн довтолж гэсэн дүгнэлт хийсэнд гомдолтой. Анхан шатны шүүхийн гэм буруугийн тухай хийсэн дээр дурдсан дүгнэлт нь Э.У, О.А нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд, ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Прокурор Н.Н тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын гомдолд дурдагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан шүүгдэгч нар нь өсвөр насны байж болно. Шүүх хуралдааны үед шүүгдэгч нар өөрсдийн сонгон авсан өмгөөлөгчтэйгөө оролцсон тул өмгөөлүүлэх эрхийг хангаагүй гэсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгч Ш.М хохирогчийг цохисноо хүлээн зөвшөөрдөг. Харин нөгөөдөх нь цохисноо хүлээн зөвшөөрөөгүй байхад эсрэг сонирхолтой гэж өмгөөлөгч тайлбарлаж байна. Үүнийг эсрэг сонирхол гэж үзэх боломжгүй. Нөгөө хүн нь цохисон, цохиогүй асуудалд маргаан үүсгээгүй учраас нэгдмэл сонирхолтой гэж үзнэ. Шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсгийн хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан тул ялыг ялгамжтай оногдуулах боломжгүй юм. Хохирогчийн түрийвчинд 110.000 төгрөг эсхүл 12.000 төгрөг байсан талаар маргадаг. Тухайн дээрмийн гэмт хэрэг нь довтолгоон эхэлснээр төгссөн, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй учраас хохирогчийн мөнгийг авч, хүч хэрэглэсэн үйлдлээрээ дээрмийн гэмт хэрэг гэж зүйлчлэгдэнэ. Мөн уг гэмт хэргийг үйлдэж байх явцад орцноос нэг эмэгтэй гарч ирэхийг хараад шүүгдэгч нар зугтсан гэж мэдүүлдэг. Шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээд өөр бааранд орох гээд мөнгөгүй явж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Хохирогчийн түрийвчнээс авсан 1.200 төгрөгөөр 4 ширхэг тамхи авч татсан гэж мэдүүлдэг. Хохирогчийг зодож байх явцдаа ямар нэг байдлаар заналхийлээд, ярилцаж байх боломж гараагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Харин шийтгэх тогтоолд шүүгдэгч нарыг өсвөр насны шүүгдэгч гэдгээр өөрчлөлт оруулах боломжтой...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ш.М, О.А, Э.У, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 588 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, өөрөөр хэлбэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна.

Тодруулбал, хавтаст хэрэгт Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Н.Н-н биед үүдэн дээд зүүн 2 дугаар шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9154 тоот дүгнэлт /хх 29/ авагджээ. Дээрх дүгнэлтээр хохирогч Н.Н-н бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан байхад энэ үйл явдалд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Хохирогч Н.Н-н биед учирсан зүүн 2 дугаар шүдний хугарал гэмтэл нь хэдийд үүссэн, хэний үйлдлийн улмаас уг гэмтэл үүссэн болохыг хөдөлбөргүй тогтоосны эцэст хэргийг зүйлчлэн, эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Түүнчлэн, шүүх хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “би шүүх хуралд оролцож чадахгүй, надад гомдол санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 108/-ийг үндэслэн түүний оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай бөгөөд дээрх мэдүүлэгт мөрдөгч гарын үсэг зураагүй байхад тухайн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолд иш татан бичсэн нь буруу юм.    

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 588 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.М, О.А, Э.У, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарт  холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: