| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0168/Э |
| Дугаар | 147 |
| Огноо | 2020-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 147
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З,
Шүүгдэгч З.М- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.М-д холбогдох 2013000000157 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1958 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр БӨ аймгийн Б суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл-1, ганцаараа амьдардаг, БӨ аймгийн Ө сумын 09 дүгээр багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт З-ийн М-, регистрийн дугаар БА............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч З.М- нь БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “3айд” хороололд байрлах өөрийнхөө гэрт 2020 оны 06 дугаар сарын 09-ний шөнийн 01 цагийн үед М.Ж-тай хамт архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж, улмаар хэрүүл маргааны улмаас М.Ж-ын зүүн талын гуяны арын хэсэгт хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.М- мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
Эрүүгийн 2013000000157 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
1. Хохирогч М.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 17-19-рх/,
“...бид нарыг очиход М- /М-ы хоч нэр нь/ гэртээ халамцуу байсан ба 0,75 граммын “Сэржим” нэртэй архийг хийсэн. Бид уг архийг нийлээд уусан бөгөөд А, Ай нар нэлээд оройтоод бид нар явлаа гэж явчихсан. Би М- гэх хүнтэй юм яриад тухайн гэрт хэсэг суусан юм. Архи нэлээд дундаа орчихсон байсан ба би гараад үүдний амбаарт иртэл М- архи ууя гэхэд би харих гэж байна гэтэл шууд гарч ирээд намайг гэр лүүгээ оруулахыг завдаж чирэхэд нь миний өмсөж явсан улаан өнгийн юндэнтэй цамц болон хар өнгийн жинсэн майкны урд хэсэг нь урагдсан. Тэгтэл М шууд миний зүүн гуяны тус газарт хутгалсан. ...М- намайг гурван удаа хутгалсан байх гэж бодсон байсан, шинжээч эмчид очоод үзүүлэхэд минь нэг удаа хутгалсан байсан” гэх мэдүүлэг,
2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-
10-рх/,
3. Шүүх шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 232 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30-рх/,
4. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлээр 1.43% промилль гарсан байдал /хх-ийн 05-рх/,
5. Шүүгдэгч З.М-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 41-42-рх/
“...миний хийсэн архийг уугаад М.Ж- бид хоёр хоорондоо хэрэлдээд улмаар намайг хашаан дотор гаргаад цээж рүү минь өшиглөхөд би гэдрэгээ хойшоо унасан. Намайг газарт унасан байхад М.Ж- миний дээр мордож сууж аваад намайг боомилсон ба миний амьсгаа давчидсан юм. Тэгэхээр нь би гутлын түрийнд байсан бор өнгийн модон иштэй хутгыг хуйнаас нь сугалж гаргаж ирээд уг хутгаар М.Ж-ын гуянд нь нэг удаа хутгалсан.” гэх мэдүүлэг,
6. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/839 дугаартай “Иргэн З.М-ы /БА.........../-ын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 43/,
- 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон “РД:БА..........., овог:Б, эцэг /эх/-ийн нэр:З, нэр:М-, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1958/01/04, төрсөн газар:Баян-Ө , Б , хаяг:Баян-Ө , Б , 6-р баг, Сөнхөл, бүртгэлийн дугаар:831648562205, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/,
- БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Тус багийн иргэн З овогтой М- нь БА........... регистрийн дугаартай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг.” гэх тодорхойлолт /хх-ийн 45/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Шүүгдэгч З.М- нь БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “3айд” хороололд байрлах өөрийнхөө гэрт 2020 оны 06 дугаар сарын 09-ний шөнийн 01 цагийн үед М.Ж-тай хамт архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж, улмаар хэрүүл маргааны улмаас М.Ж-ын зүүн талын гуяны арын хэсэгт хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч М.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17-19-рх/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-10-рх/, шүүх шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 232 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30-рх/, согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлээр 1.43% промилль гарсан байдал /хх-ийн 05-рх/, шүүгдэгч З.М-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41-42-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч М.Ж-ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 232 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч З.М-ы дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч М.Ж-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч М.Ж-ын “БӨ аймгийн Улаанхус сумын 03 дугаар багийн иргэн М.Ж- намайг маргааны улмаас 2020 оны 06 дугаар сарын 09-ний шөнө З.М- архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ хөл рүү минь хутгалж миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан юм. Хохирогч М.Ж- миний бие яллагдагч З.М-тай сайн дураараа эвлэрсэн. Одоо надад эд материалын хохирол болон нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд одоо яллагдагч З.М- бид нарын дунд ямар нэгэн хохирлын маргаан байхгүй болно. Одоо миний зүгээс цаашид ямар нэгэн гомдол, саналгүй тул яллагдагч З.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно.” гэх баталгаа /хх-ийн 54/-г үндэслэн шүүгдэгч З.М-ыг хохирогч М.Ж-т төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч З.М-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч З.М- урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч З.М-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.М-ы үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4.Бусад асуудлаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч З.М- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч З.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт З-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.М-ыг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч З.М- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч З.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК