Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 151

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

орчуулагч, хэлмэрч А.Е,

улсын яллагч М.Ф,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

шүүгдэгч З.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.С-д холбогдох эрүүгийн 2013001150141 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Бүгд Найрамдах Казакстан Улсын харьяат, 1983 оны 03 дугаар сарын 18-ны өдөр БӨ аймгийн Б суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, БӨ аймгийн Өлгий сумын 3 дугаар багт түр оршин суух хаягтай, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг, 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, хугацаанаас өмнө тэнсэн сулласан, хэрэг хариуцах чадвартай, Ш.а овогт З-ийн С-, регистрийн дугаар БЮ...............

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч З.С- нь 2020 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө БӨ аймгийн Б сумын 3 дугаар багийн иргэн Ш.Б-ийн өвлийн байшингийн хажуу талд зэрэгцээ байрлах махны амбаарын хаалганы цоожийг нь эвдэн, нууцаар нэвтэрч, шуудайнд байсан адууны 2 гуя, үхрийн 1 гуя, хонины 1 гуя махыг хууль бусаар авч, 337150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч З.С- мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан болно.” гэв.

 

Хоёр: Эрүүгийн 2013001150141 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 09-11-р хуудас/,

2. Хулгайлагдсан маханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р хуудас/,

3. “Мөнх эстимэйт” ХХК-ны шинжээч Х.К-ын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 20/022 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,

4. Хохирогч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 20-21-р хуудас/,

“...Би эхнэр, хүүхдүүдийн хамт хадам аавын гэрт очихоор 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр БӨ аймгийн Б сумаас гарсан. Тэгээд өчигдөр цагдаагийн газраас хүмүүс холбогдож БӨ аймгийн Б сумын 3 дугаар багт байрлах танай амбаарт хулгай орсон байна гэхээр нь ирэхэд амбаарын хаалганы цоожийг эвдсэн, хулгай орсон байдалтай байсан. Манай гэрийн амбаарт өвлийн идшээр бэлтгэж авсан 2 шуудайд байсан махнаас адууны 2 гуя, үхрийн 1 гуя, хонины 1 гуяны махыг хулгайд алдсан. Би хулгайд алдсан махыг хүлээж авсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,

5. Гэрч З.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 27/,

“...он, сар, өдрийг нь сайн санахгүй байна, миний төрсөн ах З.С- согтуу тал шуудайд хийсэн махыг гэртээ шөнийн 01-02 цагийн үед авч ирж нуугаад өглөө 07 цаг өнгөрч байхад авч явсан. Харин хаанаас, хэнээс авсан талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг,

6. Гэрч П.В-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 26/,

“...2020 оны 03 дугаар сарын 02, 03-ны өдрүүдийн аль нэгэнд байсан байх З.С- нь надтай БӨ аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хостерек” худалдааны төвийн урд нэлээн согтуу таарч, би сая энэ доод талын шар континерт дугуй засдаг Ж гэх хүнд 15 000 төгрөгөөр мах худалдлаа гээд мөнгөө үзүүлээд надад архи уух уу гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

7. Шүүгдэгч З.С-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 37-38/

“...миний бие БӨ аймгийн Б сумын 3 дугаар багийн иргэн Ш.Б-ийн амбаарт орж тал шуудай махыг хулгайлсан. Уг махыг тэр шөнөдөө өөрийн амьдарч буй дүү З.М-ийн гэрийн үүдний өрөөнд оруулж тавьсан. Маргааш нь өглөө 08 цагийн үед босоод махаа аваад гэрээс гараад 10-11 цагийн үед БӨ аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах “Москва” нэртэй дэлгүүрийн чанх урд хэсэгт байрлах автомашины дугуй засварын газар нээлттэй байхаар нь уг газарт очсон. Тэнд очиход засварчин нь ч юм уу нэг үл таних хүн байсан. Би түүнд хандаж надад мөнгө хэрэгтэй болоод байна, та мах авах уу гэхэд тэрээр надад махаа авчирч үзүүл гэсэн. Тэгээд би үзүүлэхэд наад махыг чинь 50000 төгрөгөөр авъя гэхээр нь зөвшөөрч, тэр доороо махаа түүнд 50000 төгрөгөөр зарсан. Би махыг зарж мөнгө олох зорилгоор хулгай хийсэн. Амбаар нь цоожтой байсан ба би гараараа цоожийг нь мушгиад цоожийг цүүнээс нь унагааж орсон ба ямар нэгэн багаж ашиглаагүй.” гэх мэдүүлэг

8. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/772 дугаартай “Танай 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 29/2006 тоот албан бичгийн дагуу манай цахим мэдээллийн санг шалгаж үзэхэд З.С- /БЮ............../-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар мэдээллийн санд бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэл байхгүй байна. З овогтой С нь биеийн давхцахгүй өгөгдөл болон иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байна. Мөн манай мэдээллийн үндсэн санд 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 103 тоот зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан бүртгэлтэй байна.” гэх албан бичиг /хх-ийн 40/,

- БӨ аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-43/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/,

- Шүүгдэгч З.С-д холбогдох саатуулсан хүний бүртгэл, торгуулийн хуудасны бүртгэл, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 46-51/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.С-н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд:

 

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүгдэгч З.С- нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө БӨ аймгийн Б сумын 3 дугаар багийн иргэн Ш.Б-ийн өвлийн байшингийн хажуу талд зэрэгцээ байрлах махны амбаарын хаалганы цоожийг нь эвдэн, нууцаар нэвтэрч, шуудайд байсан адууны 2 гуя, үхрийн 1 гуя, хонины 1 гуя махыг хууль бусаар авч, 337150 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-11-р хуудас/, хулгайлагдсан маханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р хуудас/, “Мөнх эстимэйт” ХХК-ны шинжээч Х.К-ын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 20/022 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/, хохирогч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, гэрч З.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27/, гэрч П.В-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26/, шүүгдэгч З.С-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 37-38, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Хууль зүйн дүгнэлт

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас:

1. Шүүгдэгч З.С- нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө БӨ аймгийн Б сумын 3 дугаар багийн иргэн Ш.Б-ийн өвлийн байшингийн хажуу талд зэрэгцээ байрлах махны амбаарын хаалганы цоожийг нь эвдэн, нууцаар нэвтэрч, шуудайнд байсан адууны 2 гуя, үхрийн 1 гуя, хонины 1 гуя махыг хууль бусаар авч, 337150 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А нь шүүгдэгчийн гэм буруугийн талд маргаж мэтгэлцээгүй.

Шүүгдэгч З.С-н үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд хангалттай тогтоогдсон ба шүүгдэгч З.С- нь гэм буруугийн талаар мөн маргаагүй болно.

Иймд шүүгдэгч З.С-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба хулгайлах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч З.С-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Б-т 337150 төгрөг хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хулгайд алдсан гэх эд зүйлсийг хохирогчид биет байдлаар буцааж өгсөн, мөн хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч З.С- нь бусдад төлөх төлбөргүй байна.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч З.С-н үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч З.С-н үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч З.С- урьд нь БӨ аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар шүүгдэгч З.С-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, нийт эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ зэргээр тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч З.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 6.6 дугаар зүйлд заасан гэмт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэн үзэх нөхцөл байдалгүйг авч үзэв.

Шүүгдэгч З.С-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, мөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч З.С-д оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч З.С-г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

4. Бусад асуудлаар.

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч З.С-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд энэхүү таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч З.С-н эдлэх ялыг өнөөдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.а овогт З-ийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч З.С-г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт хураан ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З.С-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч З.С-н эдлэх ялыг өнөөдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК