| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0142/Э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 152
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Д даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
орчуулагч, хэлмэрч А.Е,
улсын яллагч Б.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,
шүүгдэгч Н.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-т холбогдох 2013001770143 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын харьяат, яс үндэс казах, 1999 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, БӨ аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, насанд хүрээгүй тул 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Х овогт Н-ын Н-, регистрийн дугаар БД...............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Н- нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн үед БӨ аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр байрлах хохирогч Е.С-ийн “Керей" хүнсний дэлгүүрт улсын дугааргүй “Тэнхлэг” маркийн мотоциклоороо очиж, тус дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 694230 /зургаан зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун гучин төгрөг/ төгрөгийн үнэтэй бэлэн мөнгө, гар утас болон хүнсний зүйл хулгайлж, хулгайлсан эд зүйлээ унаж очсон улсын дугааргүй “Тэнхлэг” маркийн мотоциклоороо зөөвөрлөж авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Н.Н-ээс мэдүүлэхдээ: “Миний бие 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Е.С-ийн дэлгүүрт хулгайгаар орсноо хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2013001770143 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Е.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 35-36-рх/,
“... Миний бие Б сумын 4 дүгээр багт оршин суудаг юм. 2020 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Б сумын төвд байрлалтай “Керей” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар өөрөө ажиллаж байгаад шөнө 22:00 цагийн үед дэлгүүрийн хаалга, цонхыг хааж гэр лүү очиж амарсан. Маргааш нь гэрээс 09:50 цагийн үед гарч өөрийн дэлгүүрийн хажууд ирэхдээ хойд талын хаалга онгорхой, цонхны 2 тасалгааны шил нь хагарсан байдалтай байсан учраас дэлгүүрийн дотор орж үзэхэд бэлэн мөнгө, лангуунд байсан гар утаснууд хулгайлагдсан тул сумын цагдаагийн хэсэгт ирж мэдэгдсэн.” гэх мэдүүлэг,
2. Гэрч Ш.К-ийн /Гүлин хочтой/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 43-44-рх/,
“....хэсэгт хугацааны дараа хоол цай ууж, гэр лүү 22 цагийн үед харих гэж байхад надтай хамт Н.Н- нь манай гэрт миний мотоциклийг унаж бид хоёр К.Н-ын гэрээс дээшээ явж бид хоёр манай гэрт ирсэн. Орж ирж сууж байхад Н.Н- надтай тоглон та надад архи хийхгүй юм уу гэхээр нь гэрт байсан “Ерөөл” нэртэй 0.5 л нэг шил архийг Н.Н- бид хоёр хувааж уусан. Архийг хувааж уугаад би гэрт үлдсэн. Миний мотоциклийг унаж Н.Н- гэр лүүгээ явсан байсан. Тэгээд би гэрт унтаж амраад маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн үед гэрийн доод хэсэгт байдаг К.Н-ын гэрээс өөрийн мотоциклийг авахаар очсон. К.Н-ын гэрт очиход гэрт нь эхнэр, охин, бага хүүхдийн хамт байсан. К.Н-, Н.Н- нар өөрийн мотоциклоор хөдөө хувийн ажлаар явсан гэж эхнэр нь хэлсэн. Тэгээд би К.Н-ын гэрийн гадаа байсан өөрийн шар өнгөтэй мотоциклийг унаж гэр лүү явсан." гэх мэдүүлэг,
3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12-рх/,
4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 13-17-рх/,
5. Хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй, шар өнгийн “Тэнхлэг" маркийн нэг мотоциклийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, /хх-ийн 18-20-рх/,
6. Хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тэнхлэг” маркийн, улсын дугааргүй мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-22-рх/,
7. Хулгайлсан эд зүйлс болон хулгайн гэмт хэрэг үйлдэх үед өмсөж явсан гэх гутлаа яллагдагч Е.Н өөрөө гаргаж өгснийг хүлээн авч, үзлэг хийж, хавтаст хэрэгт тусгасан тухай тэмдэглэл, тогтоол, хулгайлагдсан мөнгө, эд зүйлсийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-32-рх/,
8. Хулгайлагдсан эд зүйлсийн үнэ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-рх/,
9. Хулгайлагдсан гадаад валютын албан ёсны ханшны тухай лавлагаа /хх-ийн 46-р
10. Шүүгдэгч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 57-59-рх/
“...Ш.К-ийн мотоциклээр гэрээс гараад түүнийг гэрт нь хүргэж өгсөн. Түүний гэрт нь ирэхэд Ш.К- /хоч нэр нь Гүлин/ сумын төвөөс авч ирсэн гэх 0,5 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж ирээд бид 2 хувааж уусан. Тэрээр согтоод би нэлээн халсан байсан. Тэгээд би түүнд “би одоо гэр лүүгээ буцлаа, та намайг гэрт хүргэж өгөх үү” гэж хэлэхэд тэрээр надад “би согтсон байна, чи өөрөө наад мотоциклээ унаад явчих, би маргааш танай гэрээс авчихъя” гэж хэлсэн. Би түүний мотоциклийг унаад гэр лүүгээ харихгүйгээр шууд сумын төв рүү ороод сумын Засаг даргын Тамгын газрын урьд нь ирж мотоциклийг тэнд тавиад өөрөө ганцаараа Е.С-ийн дэлгүүрийн ар талын хашаанаас давж орж ирээд дэлгүүрийн цонхыг гараараа цохиж хагалсан. Тэгээд дэлгүүрийн ар талын хаалгыг нь татахад өөрөө онгойлгогдож байсан болохоор дотогшоо нэвтэрч ороход бас нэг хаалга байсан. Уг хаалга нь мөн адил онгорхой байсан. Түүнээс дотогш ороход гадна талыг нь төмрөөр бэхэлсэн модон хаалга байсан. Уг төмрийг нь татах үед хаалганы дотор талаас нь түгжигдсэн түгжээ нь тайлагдсанаар би дотогшоо орсон. Дэлгүүрийн дотор тал нь харанхуй байсан болохоор би тэнд бэлэн байсан аккумляторын гэрлийг асаагаад эхлээд лангууны дотор талд байсан “LG" маркийн шар өнгийн гадаргуутай гар утас, мөн “Samsung G3” маркийн гар утас болон цагаан өнгийн “Sаmsung” маркийн гар утас 1 ширхэг, нийт 3 ширхэг гар утсыг аваад лангууны доод хэсэг рүү харахад хайрцаг байсан. Уг хайрцгийг нээж харахад дотор нь мөнгө байсан. Тухайн үед миний бие ямар нэгэн хүн харчих вий гэж бодоод яараад хайрцаган дотор байгаа уг мөнгөнүүдийг тоололгүйгээр бүгдийг нь авч өөрийн хармаандаа байсан гялгар уутыг гаргаж ирээд дотор нь хийсэн. Мөн хүнсний бүтээгдэхүүн байрлуулсан тавиур дээр байсан нэг шилэн сав бүхий шингэн зүйл байсныг авсан. Тэгээд аккумляторын гэрлийг унтраагаад дэлгүүрээс гараад мотоциклээ унаад гэрийн зүг рүү явж байх замдаа нэг удаа мотоциклээс савж унасан. Тэгэхэд нөгөө дэлгүүрээс авч гарсан шилтэй зүйл тэнд үлдсэн байсан ба би түүнийг авалгүйгээр шөнийн 01 цаг өнгөрч байхад гэрийн хажууд ирж зогсоод дэлгүүрээс хулгайлсан мөнгө, мөн 3 ширхэг гар утсыг малын хашааны дотор талын буланд нуугаад гэр лүүгээ орсон. Тэгээд намайг гэрт ороход аав К.Н- нь унтаж байснаа сэрээд чи шөнө дөлөөр хаагуур тэнэж яваад байгаа юм бэ гэж загнахад би урьдаас нь нэг их юм хэлэлгүйгээр гал тогооны өрөөнд унтаж амарсан. Тэгээд маргааш өдөр нь намайг гэртээ байхад манай сумын хэсгийн төлөөлөгч А нь намайг сумын төвд авч ирж шалгахад би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, уг дэлгүүрээс авч гарсан ундаа мэтийн шингэн зүйлээс бусдыг нь нуусан газраасаа авч гаргаж хүлээлгэж өгсөн юм.” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Н-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Н- нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн үед БӨ аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр байрлах хохирогч Е.С-ийн “Керей" хүнсний дэлгүүрт улсын дугааргүй “Тэнхлэг” маркийн мотоциклоор очиж, тус дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 694230 /зургаан зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун гучин төгрөг/ төгрөгийн үнэтэй бэлэн мөнгө, гар утас болон хүнсний зүйл хулгайлж, хулгайлсан эд зүйлээ унаж очсон улсын дугааргүй “Тэнхлэг” маркийн мотоциклоор зөөвөрлөж авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Е.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36-рх/, гэрч Ш.К-ийн /Гүлин хочтой/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44-рх/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12-рх/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 13-17-рх/, хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй, шар өнгийн, “Тэнхлэг" маркийн нэг мотоциклийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, /хх-ийн 18-20-рх/, хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тэнхлэг” маркийн, улсын дугааргүй мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-22-рх/, хулгайлсан эд зүйлсээ болон хулгайн гэмт хэрэг үйлдэх үед өмсөж явсан гэх гутлаа яллагдагч Е.Н өөрөө гаргаж өгснийг хүлээн авч, үзлэг хийж, хавтаст хэрэгт тусгасан тухай тэмдэглэл, тогтоол, хулгайлагдсан мөнгө, эд зүйлсийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-32-рх/, хулгайлагдсан эд зүйлсийн үнэ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-рх/, хулгайлагдсан гадаад валютын албан ёсны ханшны тухай лавлагаа /хх-ийн 46-рх/, шүүгдэгч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 57-59-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Хууль зүйн дүгнэлт:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас:
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Н- нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн үед БӨ аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр байрлах хохирогч Е.С-ийн “Керей" хүнсний дэлгүүрт улсын дугааргүй “Тэнхлэг” маркийн мотоциклоороо очиж, тус дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 694230 /зургаан зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун гучин төгрөг/ төгрөгийн үнэтэй бэлэн мөнгө, гар утас болон хүнсний зүйл хулгайлж, хулгайлсан эд зүйлээ унаж очсон улсын дугааргүй “Тэнхлэг” маркийн мотоциклоор зөөвөрлөж авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К нь шүүгдэгчийн гэм буруугийн талд маргаж мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Н.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд хангалттай тогтоогдсон ба шүүгдэгч Н.Н- нь гэм буруугийн талаар мөн маргаагүй болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Н.Н- нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Н- нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь болсон гэж дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Н.Н-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Е.С-т 694230 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад уг бэлэн мөнгө, гар утас болон хүнсний зүйлсээ хохирогчид хүлээлгэж өгсөн байх тул шүүгдэгч Н.Н- нь бусдад төлөх төлбөргүй байна.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Н-ийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг биет байдлаар төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч Н.Н-ийн хувийн байдлыг дүгнэж үзэхэд урьд БӨ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Н.Н-ийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан шийтгэх тогтоолыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг К.Н, хууль ёсны төлөөлөгч К.Н нарт даалгаж шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-70/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Н- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо биет байдлаар төлсөн хэдий ч шүүгдэгч Н.Н-ийн хувийн байдлыг шалгаж үзэхэд урьд 2002 оны Эрүүгийн хуулийн Арван есдүгээр бүлэгт заасан орон байр агуулахад нэвтэрч “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” үйлдэж, БӨ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж байсан. Гэтэл шүүгдэгч Н.Н нь уг үйлдлээ ухамсарлахгүйгээр дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс ял оногдуулахдаа анхааран үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Н-т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
4. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Н.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй байна.
Шүүгдэгч Н.Н-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй, “L82PCKL1413384” арлын дугаартай, шар өнгийн “Тэнхлэг” маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн Ш.К-ийн эзэмшлийн эд хөрөнгө болох нь гэрч Ш.К-ийн мэдүүлэг /хх-ийн 43-44/, шүүгдэгч Н.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 57-59/ зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 600000 төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй, “L82PCKL1413384” арлын дугаартай, шар өнгийн “Тэнхлэг” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ш.К-эд буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 600000 төгрөгийг шүүгдэгч Н.Н-ээс гаргуулж, улсын орлого болгохыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Н-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд энэхүү таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Н.Н-ийн эдлэх ялыг өнөөдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Н-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Н-ийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-т оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Н.Н- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Н-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл болох улсын дугааргүй, “L82PCKL1413384” арлын дугаартай, шар өнгийн “Тэнхлэг” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ш.К-эд буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Н.Н-ээс гаргуулж, улсын орлого болгохыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК