| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/1023/Э |
| Дугаар | 0835 |
| Огноо | 2020-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 0835
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Б.Энэрэл,
шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008000001107 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эрдэм Транс” ХХКомпанид жолооч ажилтай, ам бүл-2, ....... тоотод албан ёсны бүртгэлтэй боловч эхнэрийн хамт ........... тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт Г.О (РД:...............)
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Г.О нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн уед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 12 дугаар гудамжны 5 тоот гэртээ иргэн Б.О-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар гараараа зүүн хацар руу нь нэг удаа алгадаж, мөн хөлөөрөө нүүрэн тус газар луу нь нэг удаа өшиглөж, зодон эрүүл мэндэд нь “эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын дотор салстын язарсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр голын эрэг дээр найзуудын хамтаар юм ярингаа “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн 4 ширхэг шар айраг уусан. ...Орой 00 цагийн үед найз залуу Жавхлан, найз Байгальмаагийн хамтаар явах гэтэл машин шаварт суугаад гаргаж чадахааргүй болоод голын эрэг дээрээ хонохоор болсон. Маргааш өдөр 15 цагийн орчим машинаа шавраас гарган Байгальмааг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. 17 цагийн үед Байгальмаагийн гэрт очиход Байгальмаагийн найз залуу Отгондалай юу ч хэлэлгүйгээр миний зүүн хацар луу нэг удаа гараараа цохиж, газар унахад зүүн хацар луу нэг удаа өшиглөсөн. Тэгээд гаднаас найз залуу Жавхлан орж ирээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү үзүүлэхээр авч явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дугаар хуудас)
2. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 06 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр Л.О найз Ононгэрэлтэй маргалдаад түүний нүүр рүү нь алгадаж, өшиглөсөн. Тэгээд бид нар Гэмтлийн эмнэлэг дээр орой 21 цагийн үед очиж үзүүлээд шөнө 01 цагийн үед би гэртээ ирж амарсан...намайг гэртээ хоноогүй болохоор гадуур дагуулан хонууллаа гэж уурлаад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26-р хуудас)
3. Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Байгальмааг гэрт нь хүргэж өгсөн. О, Байгальмаагийн хамт гэрт орж, би хашааных нь гадаа машиндаа хүлээгээд сууж байсан. Хэсэг хугацааны дараа О орилохоор нь би гүйгээд гэрт орсон. Байгальмаагийн хамт амьдардаг залуу О-г зодсон байсан. Би юунаас болоод цохиж зодсон талаар асуухад намайг уучлаарай. Би өөрийн биеэ барьж чадсангүй алгадчихлаа гэж хэлсэн. Тэгээд түргэн тусламж, цагдаа дуудах гэхэд хаягаа зааж өгөхгүй байсан болохоор О-г аваад Гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд шөнө ирж цагдаад өргөдөл гаргаж өгсөн. ...тухайн үед зүүн хацар хавдсан, аман дотор язарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34-р хуудас)
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 7561 дугаар:
1. Б.О-н биед эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17-р хуудас)
5. Шүүгдэгч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед Байгальмаа найз О-тэй хамт гэрт орж ирэхээр нь би О-д “та нар ямар учиртай найзууд юм бэ, наад хүн чинь эмчилгээ хийлгээд явж байхад архи уулгаад уруу татаад гадуур хонуулчих юм” гэж хэлээд уурласан. Тэгтэл өөдөөс “чиний арчаагүй амьдралаас болоод наад хүн чинь одоо ийм байдалтай байгаа гэж” хэлэхээр нь “тийм арчаагүй юм бол наад хүнээ дагуулаад зайл” гэж хэлээд О-н хацар луу гараараа нэг удаа цохих үед амнаас нь цус гараад нүүрээ гараараа дараад доош явган суусан. Тэгээд намайг элдэв янзаар хараагаад доромжлоод байхаар нь хөлөөрөө эрүү хэсэг рүү нь өшиглөсөн... Үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байгаа тул надад хуулийн хариуцлага оногдуулахад татгалзах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас)
- Шүүгдэгч Г.О-н хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50-р хуудас), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 55-р хуудас), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 56 дугаар тал), Хаан банкан дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 57-63 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.О нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн уед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 12 дугаар гудамжны 5 тоот гэртээ иргэн Б.О-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан алгадах, өшиглөн зодож түүний эрүүл мэндэд эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
- хохирогч Б.О-н мэдүүлэг (хх10-11), гэрч Б.Байгальмаагийн мэдүүлэг (хх-25-26), гэрч Б.Ж-н мэдүүлэг (хх33-34), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 7561 дугаар дүгнэлт (хх16-17), шүүгдэгч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх71-72) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Г.О нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж хохирогч Б.О-н эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс шүүгдэгч Г.О-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.О нь өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг (хх-82) гаргажээ.
Иймд шүүгдэгч Г.О-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагч: ”шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт”-ийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Г.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.О нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хх-83) гаргаж, прокурортой ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч тохиролцож, шүүхэд шилжүүлсэн (хх 85, 86) нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймээс шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн 2008000001107 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Гомбосүрэнгийн О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Отгондалайд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Энэ 2008000001107 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР