| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/1142/Э |
| Дугаар | 0836 |
| Огноо | 2020-07-23 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 0836
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш (Үнэмлэхийн дугаар-1481) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2003003090235 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт ......... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б.Г (РД: ..............).
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд “Тоёота Приус-30” маркийн 35-95УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Б-г мөргөж, амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-13 дугаар хуудас)
2. Хууль ёсны төлөөлөгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Миний төрсөн ээж Гүржав овогтой Энхтуяагийн төрсөн дүү нь талийгаач байсан. Миний нагац ах байгаа юм...2020 оны 05 дугаар сарын 12-ны өглөө 10 цаг 30 минутын орчимд хамаатны дүү Цэвэлмаагаас утсаар Г.Б-ыг зам тээврийн осолд орж нас барсан талаар дуулсан...оршуулгын зардалд 4.4 сая төгрөгийг Г дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг төлсөн тохиолдолд гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38, 179-180 дугаар хуудас)
3. Гэрч С.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Машины зүүн гар талаас нэг юм гэнэт л ороод ирсэн. Тэгээд нөхөр машиныхаа тоормосыг гишгэж баруун гар тал руугаа шахаад зогссон. Би нөхөрийн хамт машинаас буутал машины урд нэг эрэгтэй хүн доошоо хараад хэвтэж байсан...3амын хөдөлгөөн сийрэг талдаа байсан. Ойр хавьд явган хүний гарц, гарам байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас)
4. Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Энэ үед би зүүрмэглээд дохиод л явж байсан. Тэгтэл гэнэт охин С.З ээжээ машинаасаа буугаарай хүн мөргөчихсөн байна гэж хэлсэн. Тухайн үед би юу болсон талаар мэдээгүй. Би суудлын бүсээ тайлаад машинаас буусан чинь замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд хөндлөн байрлалтай нэг эрэгтэй хүн машины зүүн урдхан талд хэвтэж байсан...Жолоог хүргэн Б.Г бариад, жолоочийн хажуу талд охин С.З, би охин С.З-ын ар талын суудалд сууж явсан...Миний харснаар ослын ойр орчим нь үзэгдэх ямар нэгэн гэрэл гэгээтэй зүйл байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас)
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1096 дугаар:
1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр духны баруун хэсгээс, баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн духны суурийн хэсгийн эдийн няцрал, зулай дагз хэсгийн хатуу хальс доорх шингэн цусан хураа, аалзан хальс доорх цус харвалт, духны хуйхны дотор хэсгийн цус хуралт, олон хавирганы хугарал, 2 уушгины авчилт, уушгины эдийн няцрал, цээжний хөндийд хий, шингэн хуралт, баруун бөөрний эдийн язрал, өөхлөгийн цус хуралт, аарцаг ясны хугарал, баруун хөмсөг, баруун нүдний дотор буланд шарх, баруун зовхи, хөмсөг, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн шанаа, хамар, хуухнагийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтэл үүссэн дпарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл болно.
3. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчингүй байна.
4. Талийгаач нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ.
5. ГССҮТ-ийн №22643 тоот өвчний түүхэнд тэмдэглэгдсэнээр 2020.05.12-ны 20:20-Даргалагчаас: нас барсан байна.
6. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна.
7. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цус, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй. Ходоодны шингэнд нитрит, демидрол, хүчтэй үхчил шүлт илрээгүй:. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илэрээгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 97-107 дугаар хуудас)
6. 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 67 дугаартай мөрдөгчийн магадлагаа:
“1. “Тоёота Приус-30” маркийн 35-95УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа (хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас)
7. Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“... 2020 оны 05 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед би сувдан цагаан өнгийн “Тоёота Пирус-30” маркийн УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон эхнэр С.Зулжаргал, хадам ээж Д.Нарантуяа нарын хамт гэрийнхээ гаднаас Хүй долоон орох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг Эмээлтийн ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 40-50 км/ц-ийн хурдтай явж байтал зүүн гар талаас буюу баруунаасаа зүүн чиглэлтэй нэг эрэгтэй хүн нь гэнэт гараад ирсэн. Тэгэхээр нь би харсан даруйдаа тоормосоо гишгэж чадаагүй ба машиныхаа зүүн урд хэсгээр тухайн хүний биеийн баруун хажуу хэсэг мөргөөд зогссон. Би эхнэрийнхээ хамт машинаас буусан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 171-172 дугаар хуудас)
6. Шүүгдэгч Б.Г хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 137 дугаар тал), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 138 дугаар тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 142 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дүгээр тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 139 дүгээр тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх -ийн 162 дугаар хуудас), Хаан банкиндахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 175-177 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ганбилэгт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд “Тоёота Приус-30” маркийн 35-95УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Б мөргөж, амь нас хохирсон болох нь:
- 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх5-13) хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэ-Очирын мэдүүлэг (хх36-38,179-180), гэрч С.Зулжаргалын мэдүүлэг (хх84-85), гэрч Д.Нарантуяагийн мэдүүлэг (хх88-89), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1096 дугаартай дүгнэлт (хх97-107), 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 67 дугаартай мөрдөгчийн магадлагаа (хх133-134) шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх171-172) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлох зорилгоор 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 67 дугаар мөрдөгчийн магадалгаагаар (хх133-134)-ээр “Тоёота Приус-30” маркийн 35-95УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна… гэсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэх үндэслэл болж байна.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын шинж нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол гарч хуульд заасан хохирол, хор уршиг бий болсон байхыг шаарддаг.
Нөгөөтээгүүр жолооч суурин газарт, тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хурдны дээд хязгаар болох 60 км/цаг гэлтгүй түүнээс бага хурдыг сонгож явах, анхаарал болгоомжтой зорчих, үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй үед шаардлагатай тохиолдолд тээврийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авахаар хурдыг сонгож явж чадаагүйгээс зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг дайрч осол гарган хүний амь нас хохирсон нь тогтоогдож байна.
Мөн явган зорчигч Г.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дахь заалт Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно.“ а/үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэх дүгнэлт нь зам тээврийн осол гарахад зохих хэмжээгээр нөлөөлсөн байна.
Иймд шүүхээс Б.Г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тус тус заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн оршуулгын зардалд баримтаар мөрдөн шалгах ажиллагаанд 5.639.305 төгрөгийг (хх-184) нэхэмжилсэн ба шүүгдэгч 7.300.00 төгрөгийг төлж барагдуулжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэ-Очироос 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “7.300.000 төгрөгийг хүлээн авсан, цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт(хх-209)-ыг гаргасан байх тул шүүгдэгч Б.Ганбилэгийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнсэх дүгнэлт” гаргасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Б.Ганбилэг нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-162) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ”гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хх-210) гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолоор хүсэлтийг хангаж (хх-211) эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Г анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хор уршигтай холбоотой гарсан зардлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэх үндэслэлтэй байна.
Энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тухайн гэмт хэрэг нь мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэгддэг.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан, цаашид гарах хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар Б.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүй тэнссэнтэй холбогдуулан тухайн гэмт хэргийн ялын зорилгыг хангах, дахин тухайн төрлийн гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт зааснаар шүүгдэгч Б.Г-т “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус авахаар тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгох нь зүйтэй юм.
Шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулахыг шүүгдэгч Б.Ганбилэгт анхааруулж, түүний В,С ангиллын 761604 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн 2003003090235 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт зааснаар шүүгдэгч Б.Г-т “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус авахаар тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Ганбилэгт анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Б.Г-ийн В,С ангиллын, 761604 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн 2003003090235 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР