| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0143/Э |
| Дугаар | 153 |
| Огноо | 2020-07-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 153
2020 оны 07 сарын 02 өдөр Дугаар 2020/ШЦТ/153 Ө сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
улсын яллагч М.Ф,
шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-өд холбогдох эрүүгийн 2013000000155 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын харьяат, 1962 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр БӨ аймгийн Ө суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, дээд боловсролтой, улс төрч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт, БӨ аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй, Хилийн цэргийн хүндэт жуух бичиг, Монгол Улсын Онц хилч, Цэргийн гавьяаны одон зэрэг улсаас авсан гавьяа шагналтай, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ш.б овогт Д-ийн Б-, регистрийн дугаар БЮ............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Д.Б- нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 20-ноос 21-ний 05 цаг 20 минутын үед БӨ аймгийн Ө сумын 13 дугаар багийн нутагт байрлах иргэн Х.Х-ы хашаан дотор байсан амбаарын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, дотор нь байсан 2 ширхэг домбор хөгжмийн бэлдцийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Д.Б- мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2013000000155 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-10-р хуудас/,
2. Хулгайлсан гэх домбор хөгжимд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 11, 14-16-р хуудас/,
3. Эвдэн орсон гэх амбаарын хаалганы цоожийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол болон хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-13-р хуудас/,
4. Хохирогч Х.Х-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 32-34-р хуудас/,
“....Би гадаа гарахад миний хүү Х.С- танихгүй согтуу хүн дагуулаад хашаанд оруулж ирсэн байсан ба яагаад хулгай хийсэн талаар асуухад нь би юм аваагүй гээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай амбаар цоожтой байсан ба уг цоожийг эвдэж орсон байсан. Хохирол болох 70000 төгрөгийг бэлнээр авчирч, уучлал гуйсан. Надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
5. Гэрч Х.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 35-р хуудас/,
“.... Хашаан дотор чимээ гарахаар нь би сэрээд гадаа гарахад манай гэрт орж ирсэн үл таних хүн гартаа 2 ширхэг домбор хөгжим бариад гарч байхаар нь би хойноос нь очоод барьж авахад гартаа байсан хоёр домбор хөгжмийг газарт шидэж нэг нь цуурч, нөгөөх нь зүгээр байсан. Би хөгжмийг авч тэр залууг хашаандаа дагуулж ороод “чи яагаад манайхаас хулгай хийж байгаа юм бэ, би эхлээд чамд боломж олгоод яв гэсэн байхаа, одоо харин боломж байхгүй цагдаад дуудлага өгч хуулийн дагуу арга хэмжээ авхуулна” гээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд 15-20 минутын дараа цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг,
6. Гэрч Х.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 37-р хуудас/,
“...удалгүй 20-30 минутын дараа байх манай хүү Х.С- нэг согтуу эрэгтэй хүнийг хашаанд дагуулж ирээд та яагаад хулгай хийж байгаа юм гээд цагдаад дуудлага өгсөн. Би яг гадна юу болсныг сайн мэдэхгүй. Амбаараас 2 ширхэг домбор хулгайлаад нэгийг нь хагалчихлаа гэж манай хүү надад хэлсэн. Тухайн хулгай хийсэн амбаар нь шар өнгийн цоожтой байсан ба цоожийг нь эвдсэн байсан.” гэх мэдүүлэг,
7. Мал эмнэлгийн тасгийн дарга, мал эмнэлгийн улсын байцаагч, шинжээч Х.Б-ийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/,
8. Шүүгдэгч Д.Б-ийн хувийн байдлыг тогтоосон Цагдаагийн газрын цахим бүртгэлийн хайлтын лавлагаа /хх-ийн 23-27-р хуудас/,
9. Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 45-р хуудас/,
“...Би 2020 оны 05 дугаар сарын 21-ний өглөө үүрээр 05 цагийн үед Ө сумын 12 дугаарт багт байрлах өөрийн гэр лүүгээ харих гэж явж байгаад замаар Хилийн цэргийн 0165 дугаар ангид хамт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Н.А-ийн гэрийг хайж байгаад өөр айлын гэрт орчихсон байсан. Тэгээд нэг залуу ирэх шиг болохоор нь би энэ Н.А-ийн гэр мөн үү гэж асуухад мэдэхгүй, тийм хүн байхгүй, та манай гэрээс гар гээд намайг гэрээсээ гаргасан. Тэгээд тэдний хашаанаас гарч явснаа санаж байна. Тэгээд би их согтчихсон байсан болохоор цааш нь яг ямар үйлдэл хийснийг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд гартаа 2 ширхэг домбор барьчихсан явж байхад ардаас нэг залуу ирж намайг барьж аваад хашаандаа оруулсан. Нэг харахад цагдаа нар ирээд намайг машиндаа суулгад авч явсан юм. Миний уг хулгайлсан гэх 2 ширхэг домбор нь бүтэн домбор хөгжим биш байсан, домбор хөгжмийн бэлдэц байсан. Би хохирол нөхөн төлөхөөр очихдоо 2 ширхэг домбор хөгжмийг харахад бэлэн болсон хөгжим биш 2 ширхэг домбор хөгжмийн бэлдэц байсан ба нэг домборын зүүн доод талын хэсэгт цуурчихсан байсан. Би хийсэн хэргээ ухамсарлаж, гэмшиж байна. Миний үйлдсэн хэрэгт хуулийн хөнгөлөлт олгож өгнө үү.” гэх мэдүүлэг,
10. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/818 дугаартай “Танай 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 29/2136 тоот албан бичгийн дагуу манай цахим мэдээллийн санг шалгаж үзэхэд Д.Б- /БЮ.........../-ийн нэр дээр Ө сумын 12 дугаар багт байршилтай, 68 м.кв талбайтай, Ү-0213006401 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, мөн тус хаягт 900 м.кв талбайтай, Г-0213000990 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газарт тус тус бүртгэгдсэн байна.” гэх албан бичиг /хх-ийн 47/,
- БӨ аймгийн Ө сумын 12 дугаар багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 12/21 дугаар “Ө сумын 12-р баг, Хилчин 3-314 тоотод байнгын оршин суугч Д овогтой Б, БЮ........... тоот регистрийн дугаартай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, цэргийн тэтгэвэрт, бэлтгэл хошууч, нас 58. Авсан шагнал: Цэргийн гавьяаны одон, онц хилчин,Хилийн цэргийн хүндэт жуух бичиг болон бусад ойн медаль, цэргийн медалиуд авсан болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 55/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/,
- 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгосон “РД:БЮ..........., овог:Ш.б, эцэг /эх/-ийн нэр:Д, нэр:Б, яс үндэс:Урианхай, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1962/04/22, төрсөн газар:БӨ, Ө, хаяг:БӨ, Ө, 4-р баг, Их булан, 5 гудамж, 6 тоот, бүртгэлийн дугаар:831165031439, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Б-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1 Шүүгдэгч Д.Б- нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 20-ноос 21-ний 05 цаг 20 минутын үед БӨ аймгийн Ө сумын 13 дугаар багийн нутагт байрлах иргэн Х.Х-ы хашаан дотор байсан амбаарын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, дотор нь байсан 2 ширхэг домбор хөгжмийн бэлдцийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-10-р хуудас/, хулгайлсан гэх домбор хөгжимд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11, 14-16-р хуудас/, эвдэн орсон гэх амбаарын хаалганы цоожийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол болон хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-13-р хуудас/, хохирогч Х.Х-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/, гэрч Х.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/, гэрч Х.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/, мал эмнэлгийн тасгийн дарга, мал эмнэлгийн улсын байцаагч, шинжээч Х.Б-ийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/, шүүгдэгч Д.Б-ийн хувийн байдлыг тогтоосон Цагдаагийн газрын цахим бүртгэлийн хайлтын лавлагаа /хх-ийн 23-27-р хуудас/, шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас:
1. Прокуророос шүүгдэгч Д.Б- нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 20-ноос 21-ний 05 цаг 20 минутын үед БӨ аймгийн Ө сумын 13 дугаар багийн нутагт байрлах иргэн Х.Х-ы хашаан дотор байсан амбаарын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, дотор нь байсан 2 ширхэг домбор хөгжмийн бэлдцийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд хангалттай тогтоогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар мөн маргаагүй болно. Шүүгдэгч шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр оролцсон бөгөөд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба хулгайлах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Д.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Х-д 1 домборын бэлдэц хугарч гэмтсэн тул 70000 төгрөг хохирол учирсан ба уг хохирлыг төлж барагдуулсан. Мөн 1 домборын бэлдцийг биет байдлаар буцаан өгсөн байна. /хх-ийн 28/, Хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн /хх-ийн 34/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/-аар тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Б-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 6.6 дугаар зүйлд заасан гэмт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэн үзэх нөхцөл байдалгүйг авч үзэв.
Шүүгдэгч Д.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, мөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч Д.Б-өд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-өд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
4. Бусад асуудлаар.
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4х5 см хэмжээтэй, дөрвөлжин хэлбэртэй, “FENGHUAN” гэх бичигтэй, хуучин ажиллагаагүй цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б-өөс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.б овогт Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-өд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4х5 см хэмжээтэй, дөрвөлжин хэлбэртэй, “FENGHUAN” гэх бичигтэй, хуучин ажиллагаагүй цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК