Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 154

 

БӨ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч М.Ф,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.А,  

Шүүгдэгч Ж.А-, Т.А- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2013001700147 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын харьяат, 1988 оны 08 дугаар сарын 29-ний өдөр БӨ аймгийн Н суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, БӨ аймгийн Н сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, БӨ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан,  хэрэг хариуцах чадвартай, И овогт Ж-ий А-, регистрийн дугаар БЗ...........

2. Монгол Улсын харьяат, 1997 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр БӨ аймгийн Н суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, малчин, БӨ аймгийн Н сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Т-ийн А-, регистрийн дугаар БЗ.............

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.А-, Т.А- нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед БӨ аймгийн А сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хааны худаг” гэх газарт тус багийн иргэн Ш.А-, Ш.Д- нарын малын хашааны хажуу талын модыг авч байгаад 32 тооны бог малыг, мөн иргэн А.С-гийн малын хашааны уяаг тайлж, дотор нь байсан мал дотроос 3 тооны бог малыг тус тус үргэлжилсэн үйлдлээр хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ж.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарны 23-ны өдөр морь хаяж яваад морио олохгүй 2 шил архи уусан. Буцах замдаа халамцуу явж байгаад хэдэн мал авчихсан юм.  Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

2. Шүүгдэгч Т.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Морь хаяж  энэ залуу манайд ирсэн. Мэдэлгүй дагаж яваад ийм хэрэгт холбогдсон. Урьд өмнө нь ийм хэрэгт холбогдож байгаагүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Эрүүгийн 2013001700147 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-13-р хуудас/,

2. Хулгайлагдсан малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-40-р хуудас/,

3. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналгыг битүүмжилсэн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-50-р хуудас/,

4. Хохирогч Ш.Д-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 59-64-р хуудас/

“...Миний бие Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ах Ш.А-тай хамт амьдардаг. Бид хоёрын бүх мал хамт байдаг ба ээлжилж хариулдаг байсан. 2020 оны 4 дүгээр сарын 23-ны орой малаа малын хашаанд оруулсан ба маргааш өглөө харахад малын хашааны модыг хөдөлгөж олон малыг гаргаж авсан байсан. Тэгээд хулгай орсныг мэдээд энэ тэндээс хайсан боловч олоогүй болохоор сумын цагдаад мэдэгдсэн. Улмаар хулгайд алдсан малаа 15 хоногийн дараа 8 бог малыг Н сумын “Чихтэй” гэх газарт ууланд байсан газраас, харин 12 бог малыг арал дотроос олж авсан. Үлдсэн малыг Ж.А-, Т.А- нар өөрсдөө авч ирж өгсөн.” гэх мэдүүлэг,

5. Хохирогч Ш.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн  52-57-р хуудас/

“...Миний бие Алтанцөгц сумын “Хааны худаг” гэх газарт мал маллаж амьдардаг. Манай гэрийн хажууд дүү Ш.Д-ы гэр байдаг ба бид хоёрын бог мал хамт байдаг байсан. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны орой малаа малын хашаанд оруулсан гэтэл маргааш өглөө харахад манай малын хашааны модыг суглаж малыг гаргаж аваад явсан байсан. Тэгээд уг алга болсон малыг эрж хайж явж байгаад Ж.А- хулгайлсан байх гэж сэжиглээд сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Шалгалтын явцад Ж.А- нь Т.А- гэгчтэй бүлэглэн хулгайлсан болох нь тогтоогдсон. Ж.А-, Т.А- нар манай малыг хулгайлж авч явсны дараа 15 хоногийн дараа 8 бог малыг Н сумын “Чихтэй” гэх газарт ууланд байсан газраас, харин 12 бог малыг арал дотроос олж авсан. Үлдсэн малыг Ж.А-, Т.А- нар өөрсдөө авч ирж өгсөн.” гэх мэдүүлэг,

6. Хохирогч А.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 66-71-р хуудас/

“...2020 оны 4 дүгээр сарын 24-ний өглөө босоход манай малын хашааны хаалга онгорхой байсан ба зарим бог мал гадаа явж байхаар нь очиж малаа тоолоход хоёр эр хонь, нэг сэрх алга болсон байсан. Тэгээд хажууд байдаг ах Ш.А-, Ш.Д- нарын гэрт очиж миний гурван малыг хулгайлсан талаар хэлэхэд тэд нар ч гараад өөрсдийн малаа тоолоход тэд нараас 32 тооны мал байхгүй байсан. Тэр үед манай малын хашаанд хулгай орсон талаар мэдсэн. Дараа нь өөрсдөө алга болсон малаа эрж хайж олоогүй болохоор манай ах нар сумын цагдаа нарт мэдэгдсэн байна. Улмаар уг хэргийг шалгаж байхад Ж.А-, Т.А- нар бүлэглэн хулгайлсан болох нь тогтоогдсон. Ж.А-, Т.А- нар манай малыг хулгайлж авч явсны дараа 15 хоногийн дараа хулгайд алдсан 3 малаа олж авсан.” гэх мэдүүлэг, 

7. Гэрч П.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 79-80-р хуудас/

“... Манай нөхөр А.С- нь Б сум руу ажил гараад явсан. Нөхөр явсны дараа би 20 цагийн үед бүх хонь, ямаагаа тоолоод хашаанд хашиж бүрэн байхаар нь хашааны амыг хааж уяагаар уясан. 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө 06 цагт босоод гадаа гарахад манай ямаанаас 5-6 ямаа хашаанаас гарсан байсан. Тэгээд яаж гарсан бол гээд малын хашаанд очиход малын хашааны хаалгыг уясан уяа байхгүй байхаар нь хонь, ямаагаа тоолоход 2 ирэг, 1 ямаа дутуу байсан. Тэгээд суманд байгаа нөхөр лүүгээ утсаар ярьж хэлсэн.” гэх мэдүүлэг, 

8. Гэрч Т.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 74-76-р хуудас/

“... 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ж.А- /хоч нэр нь Хотыр/ манай гэрт машинтай ирээд хэдэн мал байна, хариулж өгөөч гэж хэлсэн. Тэгээд би тус малыг нь авч үлдээд хотонд байгаа малтай нийлүүлээд хариулж байсан.” гэх мэдүүлэг,

9. Гэрч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 72-73-р хуудас/

 “...Одоогоос 2-3 хоногийн өмнө манай хадам ахын хүүхэд хоч нэр нь Хотыр \Ж.А-\ гэгч бор өнгийн Уаз-31512 машинтай манай гэрт ирж ус авч ирж өгөөд явсан.” гэх мэдүүлэг,

10. Гэрч А.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 91-р хуудас/

“... Ж.А- манай гэрт ирээд ус оруулж өгөөд явсан. Тэр үед уулзсан ба ямар ажлаар явж байгааг асуухад зүгээр зам зуур явж байна гэж хэлсэн. Харин маргааш өглөө мал дотор танихгүй хэдэн мал явж байхаар нь учрыг нь лавлахад манай залуу Т.Ж- өчигдөр Ж.А- ах түр хариулж байгаарай 2-3 хоногийн дараа ирж авна гэж хэлээд үлдээгээд явсан гэхээр нь би өөрийн **** дугаарын утаснаас Ж.А-ийн ******** дугаарын утас руу залгаж энэ чиний им тамгатай мал биш байна, хулгайн мал юм биш үү, энэ малаа ирээд аваад яв, би хариулж чадахгүй гэж хэлэхэд Ж.А- за би маргааш очиж аваад явъя гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

11. Шүүгдэгч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 124-125-р хуудас/

“...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр миний аавын төрсөн эгчийн хүүхэд нь Ж.А- над руу залгаж “би нэг адуугаа алдчихсан, хоёулаа тэр адууг хайж ирье” гэж хэлэхээр нь би түүнийг зөвшөөрсөн. Тэгээд би гэрт байж байхад өдөр 15 цагийн үед Ж.А- морьтой манайд ирсэн. Би өөрийн морийг унаад хоёулаа ***** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт адуу хайж явж байхад миний бие гэрээсээ авч гарсан “Монгол” нэртэй 0,5 литрийн архийг гаргасан. Тэгээд хоёулаа уг архийг хувааж уусны дараа Ж.А- “Соёрхол” нэртэй 0,5 литрийн архийг гаргаж ирсэн. Тэгээд бид хоёр уг хоёр шил архийг хувааж уусан үед нэлээд согтсон байсан ба хайсан адуугаа олоогүй болохоор гэр лүү явж байх замдаа Ж.А-тэй бүлэглэн бусдын бог малыг хулгайлж арал дотор оруулсан байна. Тэр үед Ж.А- өөрөө 10 бог малыг авч явсан байсан. Харин би 16 малыг авч үлдээд арал дотор оруулсны дараа гэрт ирээд амарсан. Маргаашнаас нь эхэлж өдөр бүр очиж уг малыг тоолж харж байсан. Би тухайн үед архины халуундаа Ж.А-тэй бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлж гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

12. Шүүгдэгч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 121-122-р хуудас/

“...Т.А- бид хоёр 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр миний хул хүрэн зүсмийн 2 адуу алга болоод тэрийг хайхаар Н сумын Ховд багт байдаг гэрээс гараад Алтанцөгц сумын 3 дугаар багт “Т*****” гэх газарт явж байхад Т.А- нэг шил 0,5 литрийн Монгол нэртэй архи задлаад бид хоёр хамт хувааж уусан. Дараа нь би 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архи гаргаад талыг нь уусан. Тус арал дотор адуугаа хайгаад ололгүй Улаанхарган багийн “Хааны худаг” гэх газраас хайгаад явж байтал орой болоод буцаад гэр лүү явсан. Гэр лүү явж байтал ойролцоогоор шөнийн 1 цагийн үед “Хааны худаг” гэх газарт байрлах иргэн Ш.А-, Ш.Д-, А.С- нарын гэрийн ойролцоо ирээд Т.А- бид 2 хэдэн мал авч явахаар тохирч гэрийн ойролцоо харгана дотор би эхэлж очоод А.С-гийн мал хашсан хашаанаас 2 ирэг аваад Т.А-д аваачиж харганын хажууд уясан. Дараа нь дахиж очоод Ш.А-, Ш.Д- нарын мал хашсан хашаанд очиж хашааны хажуу талын модыг аваад нэлээн олон малыг туугаад гаргаж ирсэн. Тухайн хулгайлж авсан малаа Т.А- бид 2 хамтад нь тууж аваад голоос зарим малыг хоёулаа тууж, заримыг нь морьтой чирээд гаргасан. Гол гаргасны дараа Т.А- 16 тооны бог мал, би 10 тооны бог мал аваад хоёулаа 2 тийшээ салаад явсан. Би авч явсан малаа аралд хашиж байлгаад 3 хоногийн дараа малаа очиж тууж ирэхээр очиход 3 тооны мал алга болсон байсан ба үлдсэн 7 тооны малыг голын эрэгт шахаж байгаад өөрийн 00-27 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж төрлийн ах Т-гийн гэрт очиж энэ хэдэн малыг хариулж байгаач, хэд хоногоос ирээд авна гэж Т-гийн хүүхэд Жардембект хариуцуулж өгөөд явсан. ...Амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор уг үйлдлийг хийсэн.” гэх мэдүүлэг,

13. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /135-136/,

- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/664 дугаартай “Т.А- /***********/, Ж.А- /БЗ........./ нарын нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 129/,

-  2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр олгосон “РД:Б********9, овог:Х, эцэг /эх/-ийн нэр:Т, нэр:А, яс үндэс: Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: БӨ, Н , төрсөн огноо:19972/01/25, хаяг:БӨ, Н , 0-р баг, Ховд, хүчинтэй хугацаа:2022/01/25, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 130/,

-  2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр олгосон “РД:БЗ........., овог:Ители, эцэг /эх/-ийн нэр:Ж, нэр:А, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: БӨ, Н , төрсөн огноо:1989/02/11, хаяг:БӨ, Н , 0-р баг, Ховд, хүчинтэй хугацаа:2033/08/29, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 131/,

- БӨ аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 66 дугаар “Ж овогтой А-ийн /БЗ........./ нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна” гэх албан бичиг /ххийн 138/,

- Шүүгдэгч Т.А-д холбогдох тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 139/,

-БӨ аймгийн Н сумын 0 дугаар багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03/55 дугаартай “Тус сумын Ховд 0-р багийн иргэн Ж овогтой А нь БЗ.......... тоот регистрийн дугаартай. Ам бүл-5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Урд өмнө ямар хэрэгд холбогдож байгаагүй болно. Эд хөрөнгөрөө аав нь болох Ш.Ж нь 2019 эцсийн мал тооллогоор Бүгд-320. үүнээс: Адуу-10, үхэр-10, хонь- 100, ямаа-200 толгой мал тоолуулсан нь үнэн болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /хх-ийн 140/,

-БӨ аймгийн Н сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 03/55 дугаартай “Тус сумын Ховд 0-р багийн иргэн Т овогтой А нь БЗ............. тоот регистрийн дугаартай. Ам бүл-2. Эхнэртэй хамт амьдардаг. Урд өмнө ямар хэрэгд холбогдож байгаагүй болно. Эд хөрөнгөөрөө 2019 эцсийн мал тооллогоор Ээж нь К Бүгд 126 үүнээс: Адуу-14, үхэр-9, хонь- 8, ямаа-95 толгой мал тоолуулсан нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 141/,

- Шүүгдэгч  Ж.А- нь урьд ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон шалгах хуудас /хх-ийн 133/,

- Шүүгдэгч  Т.А- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг шалгах хуудас /хх-ийн 132/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт байхгүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, цаг хугацаа, үйл баримтын талаар тохирч байна.

Уг нотлох баримтуудыг цуглуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогч болон гэрчийн хуульд заасан эрхийг хязгаарласан, хангаагүй зэрэг байдал тогтоогдоогүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Ж.А-, Т.А- нар нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор шунахайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг санаатай үйлдэж, бусдад мэдэгдэлгүй хэн нэгэнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан малын эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр анхнаасаа мал хулгайлах зорилгоор очиж уг гэмт хэргийг санаатай үйлдсэн байна.

Эрүүгийн хуульд зааснаар мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг бөгөөд олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг  ойлгодог юм.

Шүүгдэгч нар нь 35 бог мал хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтай гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч Ж.А-, Т.А- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ш.А-д нэг бүрийн үнэ 150.000 төгрөгийн үнэтэй ирэг /эр хонь/ 4 толгой буюу 600.000 төгрөг, нэг бүрийн үнэ 60.000 төгрөгийн үнэтэй хурга 3 толгой буюу 180.000 төгрөг, нэг  бүрийн үнэ 100.000 төгрөгийн үнэтэй сэрх 6 толгой буюу 600.000 төгрөг, нэг бүрийн үнэ 60.000 төгрөгийн үнэтэй эм ямаа 3 толгой уюу 180.000 төгрөг, нэг бүрийн үнэ 150.000 төгрөгийн үнэтэй хуц 1 толгой буюу 150.000 төгрөг, нийт 1.710.000 төгрөгийн,

Хохирогч Ш.Д-д нэг бүрийн үнэ 150.000 төгрөгийн үнэтэй ирэг /эр хонь/ 4 толгой буюу 600.000 төгрөг, нэг  бүрийн үнэ 100.000 төгрөгийн үнэтэй сэрх 4 толгой буюу 400.000 төгрөг, нэг бүрийн үнэ 30.000 төгрөгийн үнэтэй борлон 5 толгой буюу 150.000 төгрөг, нэг бүрийн үнэ 100.000 төгрөгийн үнэтэй 2 толгой төлөг буюу 200.000 төгрөг, нийт 1.350.000 төгрөгийн,

Хохирогч А.С-д нэг бүрийн үнэ 150.000 төгрөгийн үнэтэй ирэг /эр хонь/ 2 толгой буюу 300.000 төгрөг, 100.000 төгрөгийн үнэтэй сэрх 1, нийт 400.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна. /хх-ийн 99/.

Дээрх хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч нарыг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ж.А-, Т.А- нарын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.

Шүүгдэгч нар нь олон тооны буюу 35 тооны бог мал хулгайлсан, мөн улсын яллагчаас 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан болон шүүгдэгч нарын хувийн байдал, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Алтайгаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Шүүгдэгч Ж.А-, Т.А- нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.А-, Т.А- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Т.А- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч Ж.А- нь урьд ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнд хамааруулаагүй болно.

Шүүгдэгч Ж.А-, Т.А- нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед БӨ аймгийн  А сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хааны худаг” гэх газарт тус багийн иргэн Ш.А-, Ш.Д- нарын малын хашааны хажуу талын модыг авч байгаад 32 тооны бог малыг, мөн иргэн А.С-гийн малын хашааны уяаг тайлж, дотор нь байсан мал дотроос 3 тооны бог малыг тус тус хулгайлсан үйл явдлын хувьд үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг юм. Учир нь тэрээр хэдийгээр 3 хүний эд хөрөнгөд халдаж байгаа боловч нэг цаг хугацаанд, эхлэл төгсгөлтэй, нэг санаа бодлын хүрээнд л хэд хэдэн үйлдэл хийсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчлан заажээ.

Шүүгдэгч Ж.А- нь мал хулгайлах гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн, мөн гэмт хэргийг зохион байгуулсан байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж заасныг үндэслэн түүнийг энэ гэмт хэргийн гүйцэтгэгч, зохион байгуулагч гэж үзлээ.

Шүүгдэгч Т.А- нь мал хулгайлах гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д  заасныг  үндэслэн түүнийг энэ гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн зохион байгуулагчийг тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно” гэсний дагуу шүүгдэгч Ж.А-ийг гэмт хэргийг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцлоо.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан,  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан хорих ялыг ялгамжтай оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ж.А-ийг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Т.А-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

4. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Т.А- нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 1 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Т.А-ын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  Ж.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.А-ийн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан хээр алаг зүсмийн 10 насны үнэ 750000 төгрөгийн үнэтэй морь /хх-ийн 107-109/, шүүгдэгч Т.А-ын гэмт хэрэг үйлдэх үед ашигласан хээр зүсмийн 5 насны 700000 төгрөгийн үнэтэй морь /хх-ийн 112-114/ зэргийг хурааж улсын орлого болгохыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Т.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ж.А-, Т.А- нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч И овогт Ж-ий А-, Х овогт Т-ийн А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ж.А-ийг 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Т.А-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-т оногдуулсан 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хорих ял, шүүгдэгч Т.А-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  Ж.А- нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний хувийн бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.А-ийн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан хээр алаг зүсмийн 10 насны үнэ 750000 төгрөгийн үнэтэй морь, шүүгдэгч Т.А-ын гэмт хэрэг үйлдэх үед ашигласан хээр зүсмийн 5 насны 700000 төгрөгийн үнэтэй морь зэргийг хурааж улсын орлого болгохыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Т.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          А.ДАУРЕНБЕК