Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 6901

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Монгол Улс, Дархан Уул аймаг, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 4 дүгээр байр, 142 тоот хаягт оршин суух Боржигон овогт Цэвээндоржийн Тунгал /рд:ТИ60020304/-ын гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 81 дүгээр байр, 33 тоот хаягт оршин суух Борхүүгийн Ариунтуяа /рд:ФЖ88072503/-д холбогдох,

 

4,643,593.00 төгрөг гаргуулах, эвдсэн эд зүйлийг өөрийн зардлаар нөхөн сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Тунгалын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Булган Эрдэнэ, хариуцагч Б.Ариунтуяа, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

                                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Ц.Тунгалын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Булган Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Иргэн Ц.Тунгалаас Хос тулга ХХК-иар дамжуулан 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.Ариунтуяатай Түрээсийн гэрээ байгуулж, түүнд өөрийн өмчлөлийн орон сууцыг хөлслүүлэхээр тохирсон юм.

 

            Уг гэрээг хариуцагч Б.Ариунтуяа байгуулсан бөгөөд тэрээр Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 81 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг сарын 565,000.00 төгрөгөөр 1 /нэг/ жилийн хугацаатай хөлсөлж, төлбөрийг 3 сараар төлж байхаар тохиролцсон.

 

            Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад хариуцагч Б.Ариунтуяад эвдсэн эд хөрөнгийг өөрийн зардлаар нөхөн сэргээх, байрны ашиглалтын зардал болон гэрээний дагуу төлөх ёстой дутуу төлбөрийг алдангийн хамт тус тус нэхэмжилж байна.

 

            Гэтэл бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагад байрны ашиглалттай холбоотой нийт 1,141,744.03 төгрөгийг оруулаагүй байна.

 

            Өөрөөр хэлбэл, 4,643,593.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд дээр дурьдсан 1,141,744.03 төгрөг нэмэгдээгүй гэж ойлгож болно.

 

            Хариуцагч Б.Ариунтуяа өнөөдрийн байдлаар 5 сар, 13 хоногийн орон сууц хөлсөлсний төлбөр 3,069,216.00 төгрөг, алданги 1,545,689.00 төгрөг, нийт 4,643,593.00 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

            Хэрэгт авагдсан баримтаар шүүхийн захирамжийн дагуу өмнөх хэргээс шаардлагатай материал ирсэн бөгөөд зургаар харуулсан баримтаар тодорхой эд хөрөнгүүдийн өмнөх үеийн болон ашиглалтын дараах үеийн байдлаас үзвэл тодорхой эд хөрөнгийг эвдэж, гэмтээсэн.

 

            Хэдийгээр хариуцагч Б.Ариунтуяагийн зүгээс сүүлийн 2 сарын хугацаанд тус байранд амьдраагүй, нөхөр Х.Бат Эрдэнэ амьдарсан, түүнээс төлбөрийг гаргуулах ёстой хэмээн тайлбар өгсөн байгаа ч бид зөвхөн Б.Ариунтуяатай гэрээ байгуулсан учраас хамтран хариуцагчаар Х.Бат Эрдэнийг татахыг зөвшөөрөхгүй.

 

            Хариуцагч тал гэрээнд зааснаар 650,000.00 төгрөгийн барьцааг Ц.Тунгалын дансанд байршуулж, эхний 2 улирлын төлбөр болох 3,390,000.00 төгрөгийг төлсөн ба  дараагийн улирлын төлбөрийг төлөөгүй буюу нийт 5 сар, 13 хоногийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

 

            Иймд, хариуцагч Б.Ариунтуяагаас эвдсэн эд хөрөнгийг өөрийн зардлаар нөхөн сэргээийг даалгаж, гэрээний дагуу төлөх ёстой төлбөр 3,096,216.00 төгрөг, алданги 1,545,689.00 төгрөг, нийт 4,643,593.00 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

 

Хариуцагч Б.Ариунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие нэхэмжлэгч Ц.Тунгалын орон сууцыг хөлслөхөөр түүнтэй гэрээ байгуулсан нь үнэн, уг гэрээ болон Ц.Тунгалын орон сууцанд амьдарсан үйл баримтын хувьд маргахгүй.

 

            Харин гэрээг хэдийгээр би байгуулсан боловч тус байранд миний нөхөр Х.Бат Эрдэнэ амьдарч байсан, тэрээр байрны төлбөрийг төлж байсан тул түүнээс нэхэмжлэх нь зүйтэй болов уу.

 

            Би, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш уг байранд нөхөртэйгээ хувийн харилцааны улмаас удаан хугацаагаар амьдарч байгаагүй, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 30-ны хүртэл амьдарсан бол дараа нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр хүртэл амьдарсан байдаг.

 

            Гэрээнд зааснаар 650,000.00 төгрөгийн барьцааг Ц.Тунгалын дансанд байршуулж, эхний 2 улирлын төлбөр болох 3,390,000.00 төгрөгийг төлсөн, харин дараагийн улирлын төлбөрийг төлөөгүй буюу нийт 5 сар, 13 хоногийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа.

 

            Нэхэмжлэгч Ц.Тунгал алдангийг тооцохдоо яагаад төлөх ёстой байсан дүнгээс бус нийт 3,096,216.00 төгрөгөөс тооцож байгааг болон миний зүгээс 650,000.00 төгрөгийн барьцааг өгсөн байхад хасахгүй байгааг ойлгохгүй байна, түүнчлэн эд зүйлийг би эвдэж, гэмтээгээгүй.

 

            Миний бие 2 хүүхдийн хамт амьдардаг, өөрийн гэсэн орлогогүй, сургуульд сурдаг бөгөөд нөхөр Х.Бат Эрдэнээс гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдэд тэтгэлэг тогтоолгосон боловч өнөөдрийг хүртлэх хугацаанд тэтгэлэг авч чадахгүй байна.

 

            Х.Бат Эрдэнэ хувьдаа ачааны машинтай, түүгээрээ орлого олдог учраас түүнээс эдгээр төлбөрийг нэхэмжлэх шаардлагатай гэж үзэж байна” гэв.

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

         

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Тунгалаас хариуцагч Б.Ариунтуяад холбогдуулан 4,643,593.00 төгрөг гаргуулах, эвдсэн эд зүйлийг өөрийн зардлаар нөхөн сэргээхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Ариунтуяагаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэхүү гэрээ болон нэхэмжлэгч Ц.Тунгалын өмчлөлийн орон сууцыг түрээслэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч нөхөр Х.Бат Эрдэнийг хариуцах ёстой хэмээн мэтгэлцэж байна.

 

            Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.Тунгал нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хос тулга зууч ХХК-иар дамжуулан хариуцагч Б.Ариунтуяатай Түрээсийн гэрээ байгуулж, түүнд Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 81 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг түрээслүүлэхээр болжээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ, тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас тус тус үзвэл хэдийгээр энэхүү гэрээг зохигчид Түрээсийн гэрээ гэж байгуулсан боловч хариуцагч Б.Ариунтуяа нь гэрээний зүйл болсон орон сууцыг аж ахуйн үйл ажиллагаа болон ахуйн үйл ажиллагаа эрхлэхээр бус харин тухайн зүйлийн зориулалтын дагуу суурьшин амьдрах зорилгоор тодорхой хугацаанд эзэмшилдээ шилжүүлэн авсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

  Зохигчдын хооронд байгуулсан гэрээ ёсоор хариуцагч Б.Ариунтуяа нь орон сууцыг 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 1 /нэг/ жилийн хугацаанд хөлслөх, 1 /нэг/ сард 565,000.00 төгрөгийн хөлс төлөх,  ингэхдээ хөлсийг улирлаар тооцож, урьдчилан буюу 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр эхний улирлын, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хоёрдах улирлын, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гуравдах улирлын, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дөрөвдэх улирлын хөлсийг тус тус төлөхөөр болж, хэрэв хөлслөгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс суутгах зорилгоор 650,000.00 төгрөгийг хөлслүүлэгчид барьцаалуулахаар тус тус тохирчээ.

 

Нэхэмжлэгч Ц.Тунгалаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болон 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төлөх ёстой хөлсийг хариуцагч Б.Ариунтуяа төлөөгүй гэх үйл баримтын хувьд зохигчид маргахгүй байх бөгөөд хариуцагчаас төлбөрийг гагцхүү өөрийн нөхөр Х.Бат Эрдэнийг хариуцах ёстой гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/05047 тоот шийдвэрээр Х.Бат Эрдэнэ болон Б.Ариунтуяа нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Тунгалтай Орон сууц хөлслөх гэрээ байгуулж байх үед Х.Бат Эрдэнэ, Б.Ариунтуяа нар Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэр бүл, гэрлэгчид, гэр бүлийн гишүүн байсан ажээ.

 

  Иргэний хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д “Хөлслөгчтэй хамт амьдарч байгаа нөхөр буюу эхнэр, хүүхэд, эцэг, эхийг түүний гэр бүлийн гишүүн гэж үзнэ” гэж, мөн  306.4-т “Орон сууц хөлслөгчтэй хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн нь хууль буюу орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлслөгчийн бүх эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус зааснаас гадна 306.5-д “Орон сууц хөлслөгч буюу түүний гэр бүлийн гишүүний хүсэлтээр орон сууц хөлслөх гэрээг гэр бүлийн аль нэг гишүүнтэй байгуулж болно” гэж заасан.

 

Энэ нь, хэдийгээр гэрлэгчдийн аль нэгэн гэрээг хөлслүүлэгч этгээдтэй байгуулсан ч гэр бүлийн бусад гишүүд хөлслүүлэгчийн өмнө гэрээг байгуулсан хөлслөгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх тул Х.Бат Эрдэнийн хувьд нэхэмжлэгч Ц.Тунгалын өмнө үүрэг хүлээнэ гэж ойлгоно.

 

Гэвч нэхэмжлэгч Ц.Тунгалаас зөвхөн гэрээ байгуулсан Б.Ариунтуяагаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа ба тэрээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-д заасны дагуу үүргийг хариуцагч Б.Ариунтуяагаас шаардах эрхтэй юм.

 

Учир нь, Х.Бат Эрдэнэ болон Б.Ариунтуяа нар Иргэний хуулийн 306 дугаар зүйлийн 306.4 дэх заалт болон 242 дугаар зүйлийн 242.1 “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, мөн 242.2 “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэсний дагуу тэд хөлслүүлэгч Ц.Тунгалын өмнө хамтран үүрэг гүйцэтгэгчид юм.

 

Иймд, нэхэмжлэгч Ц.Тунгал нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” хариуцагч Б.Ариунтуяагаас үүргийг шаардах эрхтэй болно.

 

Нэхэмжлэгч Ц.Тунгалаас хариуцагч Б.Ариунтуяад холбогдуулан хүлээлгэн өгсөн эд зүйлийг ердийн элэгдэл хорогдлоос эрс муутгасан, эвдэж, гэмтээсэн учраас өөрийн зардлаар нөхөн сэргээхийг даалгахыг хүсчээ.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т зааснаар Орон сууц хөлслөх гэрээний харилцаанд Иргэний хуулийн бусад заалтууд нэгэн адил хамаарах тул хөлслөгч нь тус хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т заасны дагуу хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс муутгахгүй байх үүргийг хүлээдэг.

 

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.Тунгалаас гэрээний зүйл болсон орон сууцыг тавилга, эд хогшлын хамт хөлслүүлсэн эсэх, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.3-д эд хогшлын хамт хөлслөх агуулгатай зохицуулалт байх боловч зураг дээрх хаалга, 00-ын өрөөний суултуур, ханын цаас, галын өрөөний тавилга зэргийг хөлслөгч Б.Ариунтуяа болон түүний нөхөр Х.Бат Эрдэнэд ямар байдалтай байхад ийнхүү хүлээлгэж өгсөн, эдгээр эд зүйлүүд тухайн орон сууцны дагалдах зүйл байсан зэрэг үйл баримтууд тодорхойгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хөлслүүлэгч Ц.Тунгалаас хариуцагч Б.Ариунтуяад хичнээн төрлийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн, уг хүлээлгэн өгсөн эд зүйл анх ямар байдалтай байсан, одоо анхны байдлаас хэрхэн дордсон буюу ердийн элэгдэл хорогдоос муутгасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Иймд, Ц.Тунгалаас хариуцагч Б.Ариунтуяад холбогдуулан хүлээлгэн өгсөн эд зүйлийг ердийн элэгдэл хорогдлоос эрс муутгаж, эвдэж, гэмтээсэн учраас өөрийн зардлаар нөхөн сэргээхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

   

Харин нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц хөлсөлсний төлбөр 3,069,216.00 төгрөгийг алданги 1,545,689.00 төгрөгийн хамт хариуцагч Б.Ариунтуяагаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Тунгалд өгөх үндэслэлтэй байна.

 

Учир нь, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон сууц хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч Ц.Ариунтуяа гэрээний зүйл болсон орон сууцанд 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 30-ны хүртэл, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр хүртэл амьдарсан нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараас нотлогдож байгаагаас гадна Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-д зааснаар хөлслөгч нь орон сууцыг өөрийн буруугаар эзэмшиж, ашиглаж чадаагүй бол хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4, 289 дүгээр зүйлийн 289.2.1-д тус тус зааснаар хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах зохицуулалттай.

 

Гэвч хариуцагч Б.Ариунтуяагаас өөрийн нөхөр Х.Бат Эрдэнэтэй холбоотой хувийн харилцааны асуудлаас улбаалан ийнхүү тухайн орон сууцанд амьдарч, эзэмшиж чадаагүйн хөлслүүлэгч болон орон сууцны биет болон эрхийн доголдлоос шалтгаалаагүй тохиолдолд хөлслөгчийн хүлээсэн хөлс төлөх үүрэг хэвээр хадгалагдана.

 

Нэхэмжлэл болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл хариуцагч Б.Ариунтуяа 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр, 2016 оны  03 дугаар сарын 24-ний өдөр тус тус төлөх нийт 3 болон 4 дүгээр улирлын хөлс нийт 3,390,000.00 төгрөгийг төлөөгүй, нэхэмжлэгч Ц.Тунгалын зүгээс хөлсийг 5 сар, 13 хоногоор тооцож, нийт 3,069,216.00 төгрөг төлөгдөөгүй гэх үйл баримтыг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, баримтаар үгүйсгээгүй.

 

Иймд, хариуцагч Б.Ариунтуяагаас 3,069,216.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.10-т зааснаар талууд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-д д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох Анзыг хэрэглэхээр тохирчээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.6 “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасан.

 

 Талуудын Орон сууц хөлслөх гэрээнд алдангийн талаарх тохиролцоо нь хуульд заасан шаардлагыг хангаж байх тул энэхүү тохиролцоо хүчин төгөлдөр байна.

 

Нэгэнт хариуцагч Б.Ариунтуяа Орон сууц хөлслөн гэрээний дагуу хөлс төлөх хугацааг хэтрүүлсэн учраас тэрээр нэхэмжлэгч талд алданги төлөх үүрэг хүлээх ба гагцхүү энэхүү алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй юм.

 

Хариуцагч Б.Ариунтуяагийн гэрээний дагуу төлөх ёстой 3 дугаар улирлын төлбөр 1,695,000.00 төгрөгөөс, мөн 4 дүгээр улирлын буюу 2 сар, 13 хоногийн хөлс 1,374,216.00 төгрөгөөс тус тус алдангийг тооцоход түүний хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т хэмжээтэй буюу 1,545,689.00 төгрөгт нийцэж байх тул хариуцагчаас 1,545,689.00 төгрөгийн алдангийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Харин нэхэмжлэгч Ц.Тунгалаас хариуцагч Б.Ариунтуяагаас нийт 4,643,593.00 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагчаас Орон сууц хөлслөх гэрээний дагуу төлөх 3,069,216.00 төгрөг, алданги 1,545,689.00 төгрөг, нийт 4,614,905.00 төгрөг байхад үндэслэлгүйгээр 28,688.00 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгов /4,643,593-4,614,905=28,688/.

 

Түүнчлэн талууд хэрэв хөлслөгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс суутгах зорилгоор хөлслүүлэгчид барьцаалуулсан 650,000.00 төгрөгийг хариуцагч Б.Ариунтуяаас төлөх 4,614,905 төгрөгийн төлбөрөөс хасч шийдвэрлэх нь зөв болно.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсныг тус тус үндэслэн хариуцагч Б.Ариунтуяагаас орон сууцны хөлс 3,069,216.00 төгрөг, алданги 1,545,689.00 төгрөг, нийт 4,614,905 төгрөгөөс барьцаа 650,000.00 төгрөгийг хасч, 3,964,905.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Тунгалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас эвдсэн эд зүйлийг өөрийн зардлаар нөхөн сэргээхийг даалгах тухай болон 678,688.00 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4, 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Б.Ариунтуяагаас 3,964,905.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Тунгалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас эвдсэн эд зүйлийг өөрийн зардлаар нөхөн сэргээхийг даалгах тухай болон 678,688.00 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Тунгалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,145.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Ариунтуягаас 78,388.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Тунгалд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МАНДАЛБАЯР