Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХ ХХК

Хариуцагч: Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагч Г.Э-т холбогдох

Улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн /Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай/ №14-04-020/162 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2018/0027/з тоот индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ХХ ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7 дугаар хороололд орон сууцны зориулалтаар 7 га газар эзэмшдэг. Энэхүү захирамжаар олгогдсон газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах дүгнэлтийг Улсын байцаагч нь гаргахдаа дараах үндэслэлийг дурджээ. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газраа актаар хүлээн авч газрын гэрээ байгуулан гэрчилгээгээ авахыг мэдэгдсэн боловч биелүүлээгүй, газраа 2016 оноос хойш зориулалтын дагуу ашиглаагүй зэргийг үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар ХХ ХХК-д Цагаанчулуут баг дахь 7 дугаар хороололд орон сууцны зориулалтаар 7 га газрыг 3 жил ашиглуулах шийдвэр гарсныг хүчингүй болгох шаардлагатай гэж дүгнэв гэжээ. Газрын гэрээ, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь төрийн захиргааны чиг үүргийн хүрээний ажил бөгөөд ХХ ХХК-ийн энэхүү эрх үүргээ хэрэгжүүлэхийг Орхон аймгийн Засаг дарга болон холбогдох этгээдүүдэд хандаж байсан. Мөн энэхүү улсын байцаагчийн дүгнэлт гарсан болохыг хариуцагчийн хариу тайлбарт хавсарган өгсөн материалаас анх харж, танилцаж байна. Улсын байцаагчийн дүгнэлт нь өөрөө анхнаасаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байх тул Орхон аймгийн Байгаль, орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагч Г.Эын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14-04-020/162 дугаар /Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай/ дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгал орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагч Г.Э-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Улсын байцаагчийн дүгнэлттэй яаж танилцсан бэ? гэхээр Орхон аймгийн Засаг даргын А/78 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад дээрх А/78 тоот захирамжид Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэл болгосон байсан. Шүүхээс энэ асуудлыг тусад нь шийдвэрлүүлэх боломжтой гэсэн учраас уг дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл өгөөд хариуцагчийн хариу тайлбар болон нотлох баримтууд ирэхэд 2018 оны 7 дугаар сард уг маргаан бүхий Улсын байцаагчийн дүгнэлттэй танилцсан. Тиймээс мэдсэн хугацаанаас тоологдож байгаа юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.т Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана гэж зааснаас харвал ...хяналт шалгалтыг хийхдээ удирдамжтай байх ёстой гэсэн хуулийн энэ заалтыг хангаагүй. Ямар бүрэлдэхүүнтэй шалгалт хийх,шалгалтын зорилго, үндэслэл, шалгалтын төрөл, арга, хэлбэр, шалгалтын хүрээ, шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч хэн байх талаар огт дурдаагүй байгаа.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.т Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж болно гэж заасан байна. Гэтэл хавтаст хэргийн 32 дугаар талд байгаа шалгалтын удирдамжийг харахаар хяналтын хуудасны дагуу шалгалтыг явуулна гэсэн байгаа. Газар, газрыг ашиглахтай холбоотой шалгалт хийх эрх зүйн үндэслэл нь энэ хяналтын хуудас байдаг. Энэ дүгнэлтэд газрыг зориулалтын дагуу ашигласан ашиглаагүй гэсэн л дүгнэлт гарах ёстой. Гэтэл хэргийн материалд өнөөдрийн байдлаар ийм баримт ирээгүй байна.

Хяналтын хуудас гэдэг зүйл хэрэгт ирээгүй, ийм хуудас байхгүй байгаа. Удирдамжийн хүрээнд газар ашиглалтын байдлаар дүгнэлт гаргана гэсэн байтал шийдсэн байдал дээр газар ашиглах эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах тухай буюу өөр асуудлын хүрээнд шалгалт явуулсан мэт агуулга бүхий тэмдэглэл байдаг. Мөн Засгийн газрын 2003 оны 37 дугаар Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэмд Улсын мэргэжлийн хяналтын чиглэл гэсэн хэсгийн 2.10.1-д газар, газрын хэвлий, түүний баялаг, ус, ой, ургамал, амьтан, агаарыг хамгаалах, тэдгээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, ой, хээрийг түймрээс хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, стандарт, хэм хэмжээ, дүрэм, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих гэж заасан байна. Улсын байцаагчид энэ зүйлд зааснаар газрыг ашиглах, эзэмших эрх олгосон актыг хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах эрх хэмжээ олгоогүй байгаа. Шалгалтын арга гэж удирдамж дээр тухайн шалгалт хийх гэж байгаа газар дээр очиж үзлэг хийх, эрхийн гэрчилгээ болон түүнтэй адилтгах холбоотой баримтыг үзэж танилцах гэсэн байна. Тухайн газар дээр очоод манай компаний эдгээр баримтыг үзэх боломжгүй. Шалгалтын арга хэрэгсэл, удирдамж, холбоотой дүрэм журмууд хоорондоо зөрүүтэй байгаа. Мөн маргаан бүхий акт дээр 7 га газрыг 2016 оноос хойш зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон. Энэ үндэслэлээр гэрээг цуцлах асуудал нь өөрөө гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд гэрчилгээг хүчингүй болгох цуцлах асуудал яригдах ёстой. Тэгтэл манайд гэрээ, гэрчилгээ олгоогүй байсан. Гэрээ, гэрчилгээ олгох асуудал нь өөрөө Газрын тухай хууль, түүнд холбогдох дүрэм журмын дагуу эрх бүхий байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа байдаг.

Тэгэхээр энэ нь төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа болохоор бид өөрсдөө гэрээ байгуулж, гэрчилгээгээ авах боломжгүй. Уг актад үндэслэл болгосон хуулийн заалт нь Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Газар зохион байгуулалт хийх тухай Засгийн газар, түүний эрх бүхий байгууллага, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн байна гэжээ. Энэ заалтыг авч үзэхээр гэрчилгээгүй байж газар ашигласан гэж буруутгаад байгаа. Мөн 2016 оноос хойш газар ашиглаагүй байна гэж дүгнэлт дээр бичсэн байна. Нэг Улсын байцаагчийн акт дээр нэг болохоор ашигласан байна, эсвэл ашиглаагүй байна гэсэн зөрүүтэй тайлбар бичсэн. Сүүлд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтууд ирсэн. Шүүхээс газрын гэрээ, гэрчилгээ, хувийн хэрэг болон газар хүлээлгэн өгсөн актыг шаардсан боловч нэхэмжлэгч компанид газрыг хүлээлгэж өгөөгүй, газрын нэгж талбарын хувийн хэрэг үүсгээгүй, гэрээ гэрчилгээ олгоогүй байна гэсэн хариу Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирж хавтаст хэрэгт авагдсан. Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудад заасан хуульд үндэслэсэн байх зарчмыг алдагдуулсан байх тул Улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн хариу тайлбар дээр гэрээ, гэрчилгээгээ аваач гэж мэдэгдсэн 256 тоот албан бичгийг үндэслэсэн байдаг. Өөр хуулийн зүйл заалт бүхий баримт байдаггүй. Энэ баримтаар манай талд гардуулсан гэж маргаж байгаа. Бид байнга төрийн захиргааны байгууллагатай холбоотой байсан. Газрын хэмжээг нэмэгдүүлээд, гэрээ гэрчилгээ олгоод өгөөч гэж удаа дараа албан бичгээ илгээж байсан. Энэ тухай асуудлаар аймгийн удирдлагуудыг ажлын уулзалтаар Бээжин хот руу хүртэл авч явж байсан. Гэтэл бидэнд гэрээгээ байгуулж, гэрчилгээгээ ав гэж удаа дараа шаардаж байсан мэт яриад байгаа. Гэхдээ 256 дугаар албан бичгийг хавтаст хэргийн 40 дүгээр талд Энхтунгалаг гэх хүн гарын үсэг зурж авсан байдаг. Хуулийн этгээдийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө гэж хуулинд заасан. Хэн нэгэн энэ компанийн баримтыг авъя гэхэд өгөх боломжгүй. Тэгэхээр хариуцагч талаас ирүүлсэн баримтаас харахад Энхтунгалаг гэдэг хүнд ХХ ХХК-иас итгэмжлэл олгосон, төлөөлөх эрхтэй баримт байхгүй байгаа.

Энэ хүнийг мэдэхгүй, манай компанид ажилладаггүй. Итгэмжлэл олгож байсан баримт байхгүй. Гардуулаад өгсөн бол итгэмжлэлийг шалгаж хуулбарлаж аваад гардуулсан байх ёстой. Өнөөдрийг болтол энэ баримтаа гаргаж өгөөгүй. Удаа дараа шаардаж байсан болон дүгнэлт дээр байгаа зүйлс бусад баримтаар үгүйсгэгдэж байна. Мөн Улсын байцаагч дүгнэлтийг гаргах ажиллагаанд шалгуулагч этгээдийг оролцуулах нэг ч ажиллагаа хийгээгүй байгаа. Акт гарахтай холбоотой асуудалд оролцож санал, тайлбар гаргах боломж олгохгүйгээр дүгнэлтээ гаргасан. Актаа гаргасныхаа дараа танилцуулах талаар мэдэгдсэн байдаг. Тэмдэглэлийн нэг хувийг өгөх, хяналт тавих ажиллагаанд оролцуулах зэрэг процесс ажиллагаа зөрчигдсөн байх тул нэхэмжлэлд дурдсан Улсын байцаагчийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагч Г.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн Хууль зүйн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулан авсан бүртгэл мэдээллийн дагуу тус компаний **дугаартай утсанд удаа дараа залгасан боловч ХХ ХХК-тай холбогдоогүй буюу зарагдсан дугаар гэсэн хариуг өгсөн. Шуудангийн хаяг, компаний байршил тодорхойгүй байсан тул Улсын байцаагчийн 14-04-020/162 дугаартай дүгнэлтийг тус компанид мэдэгдэж ажиллахыг зөвлөж, аймгийн Хууль эрх зүйн хэлтэст 14/588 тоот албан бичгээр дүгнэлтийг хүргүүлсэн болно. Тус нэхэмжлэлд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн талаар тодорхой дурдаагүй байна. Иймд Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагч Г.Э нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчөөгүй байна... гэжээ.

Шүүх хэргийн оролцогч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХ ХХК нь Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагч Г.Э-т холбогдуулан Улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн /Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай/ №14-04-020/162 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэн уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг ба дээрх шүүхэд гаргасан нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан мөн, нэхэмжлэгч талаас урьдчилсан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн тул дээрх нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэв.

1. Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Газар ашиглуулах тухай №А574 тоот захирамжаар 7 га газрыг ХХ ХХК-д ашиглуулахаар /Хавтаст хэргийн 113 дугаар тал/ шийдвэрлэжээ.

2. Захиргааны байгууллага болох Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай 1/1171, мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай №256, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай №369 албан бичгүүдээр Газраа актаар хүлээн авч, гэрээ байгуулан гэрчилгээгээ авах, мөн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороололд байрлалтай эзэмшил газрыг тойруулж барьсан хашаа эвдэрч унасан нь хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байгаа тул эзэмшил газрынхаа хогийг цэвэрлэх, барилгын түр хашаа барих ажлыг барих талаар хугацаа зааж, дээрх албан бичгүүдийг /Хавтаст хэргийн 39-43 дугаар тал/ ХХ ХХК-д хүргүүлсэн,

нэхэмжлэгч ХХ ХХК-иас 2016 оны 03 дугаар сарын 14, 2017 оны 06 дугаар сарын 14, мөн оны 09 дүгээр сарын 11-ний өдрүүдэд Орхон аймгийн Засаг даргад хүсэлт гарган, ХХ ХХК-д олгогдсон газрын хэмжээг нэмэгдүүлэх болон гэрээний хугацааг сунгах саналыг шийдвэрлэж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгож өгнө үү гэх хүсэлтийг /Хавтаст хэргийн 146, 147 дугаар тал/ гаргаж байсан гэжээ.

3. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн /...ХХ ХХК нь эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд дүгнэлт гаргаж ирүүлнэ үү гэх/ 5/2967 тоот албан бичиг /хавтаст хэргийн 34 дүгээр тал/-ийн дагуу Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагч Г.Э нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14/265 тоот Хяналт шалгалтын удирамж /хавтаст хэргийн 32 дугаар тал/-ийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14-04-020/162 тоот Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дүгнэлтэд:

-Маргаан бүхий Улсын байцаагчийн дүгнэлт /захиргааны акт/-д: ХХ ХХК-ийн орон сууцны зориулалттай 7 га газрыг 2016 оноос хойш зориулалтыг дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон,

-Газраа актаар хүлээн авч, гэрээ байгуулж, гэрчилгээ авч газар ашиглах эрхээ баталгаажуулаагүй,

-Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газраа актаар хүлээн авч, гэрээ байгуулж, гэрчилгээ авахыг мэдэгдсэн боловч газраа актаар хүлээн авч, гэрээгээ байгуулан, гэрчилгээ аваагүй болох нь /Хавтаст хэргийн 118, 133 дугаар тал/ тогтоогдсон.

Энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/, дээрх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 /гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах/, 35.3.2 /газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх/ заалтуудтай зөрчилдөж байгаа тул аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар ХХ ХХК-д Цагаанчулуут баг дахь 7 дугаар хороололд орон сууцны зориулалтаар 7 га газрыг 3 жил ашиглуулахаар шийдвэр гаргасныг хүчингүй болгох шаардлагатай гэж дүгнэлт гаргасан нь хуульд нийцээгүй болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна.

1/. Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 тоот тогтоолын 1-ийн 1.10-т зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыгойлгоно гэж заасан.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасанчлан ...зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг газар ашиглах гэрээ байгуулсанаас хойш тооцох зарчимтай бөгөөд ХХ ХХК-д газрыг актаар хүлээлгэж өгөөгүй, гэрээ байгуулж, газар ашиглах гэрчилгээгээ аваагүй байхад буюу газар ашиглах эрх үүсээгүй байхад Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.2 дахь заалтыг хэрэглэсэн нь хуульд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь газраа актаар хүлээн авч, гэрээ байгуулахаар захиргааны байгууллагатай эрх зүйн харилцаа үүсгээгүй байхад газар ашиглах эрх үүссэн мэтээр дүгнэж, гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах, мөн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэхүүргээ биелүүлээгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлтэй.

Мөн хариуцагч нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглоно/-т заасанчлан нэхэмжлэгчийг 7 га газар эрхийн гэрчилгээгүй эзэмшсэн мэтээр дүгнэсэн нь буруу болжээ.

Улсын байцаагч нь хяналт шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 /шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны 1 хувийг өгөх, 5.7 /хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ/Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 /захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно/-т заасанчлан, шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамж, хяналтын хуудасны 1 хувийг өгөх, мөн маргаан бүхий дүгнэлт /захиргааны акт/-ийг гаргахын өмнө ХХ ХХК-д тайлбар, санал гаргах боломж олгоогүй болох нь хариуцагчийн /тус компаний **дугаартай утсанд удаа дараа залгасан боловч ХХ ХХК-тай холбогдоогүй буюу зарагдсан дугаар гэсэн хариуг өгсөн, шуудангийн хаяг, компани байршил тодорхойгүй байсан тул Улсын байцаагчийн 14-04-020/162 дугаартай дүгнэлтийг тус компанид мэдэгдэж ажиллахыг зөвлөж, аймгийн Хууль эрх зүйн хэлтэст 14/588 тоот албан бичгээр дүгнэлтийг хүргүүлсэн болношүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар /хавтаст хэргийн 18 дугаар тал/-аар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Мөн Хяналт шалгалт хийх удирдамжийн Долоо. Хяналт шалгалтыг хийх чиглэл, хамрах хүрээ, хяналтын хуудас, мөн 2.12 Газар ... ашиглагч иргэн болон аж ахуйн нэгж байгууллагыг шалгах хяналтын хуудас-ны талаар заасан ба хариуцагчаас хяналт шалгалт хийх хяналтын хуудас байгаа эсэхийг шүүхээс шаардсан боловч /хавтаст хэргийн 31 дүгээр тал/ гаргаж өгөөгүй, түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн тайлбар, холбогдох нотлох баримтыг үндэслэн миний оролцоогүйгээр шүүх хурлыг явуулж өгнө үү гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 /Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй/, Төрийн хяналт шалгалтын тухай туулийн 52 дугаар зүйлийн 52.3 /төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд явуулна гэх удирдамжид заасан хяналт шалгалтын хуудаст ямар асуудлын хүрээнд шалгалт явуулахаар заасан талаар тодорхойгүй байгаа нь дээрх хуулиудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Мөн хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай захиргааны акт /маргаан бүхий дүгнэлт/-ыг гаргажээ.

 

Тодруулбал Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэж заасан ба Газрын тухай хуульд заасанчлан Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан Засаг дарга нь тухайн шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй байхаар хуульчилжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагч /Г.Э/-ийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай №14-04-020/162 тоот дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлтэйгэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 5.7, 52 дугаар зүйлийн 52.3, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагч /Г.Э/-ийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай №14-04-020/162 тоот дүгнэлтийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ