Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2022/0154

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ба” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү

Нэхэмжлэгч: “Ба” ХХК

Хариуцагч: нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Ба” ХХК-ийн Хан-Уул дүүргийн нутаг “Тавантолгой” нэртэй газарт 77.12 га талбай бүхий 16825А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ашигт малтмалын ашиглалтын 11913А дугаар тусгай зөвшөөрлийг Газрын хэвлийн тухай хуулийг үндэслэн цуцалсан хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 860 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, С.Ү нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа

Хэргийн индекс: 128/2021/0270/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ба” ХХК нь “нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Ба” ХХК-ийн Хан-Уул дүүргийн нутаг “Тавантолгой” нэртэй газарт 77.12 га талбай бүхий 16825А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ашигт малтмалын ашиглалтын 11913А дугаар тусгай зөвшөөрлийг Газрын хэвлийн тухай хуулийг үндэслэн цуцалсан хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 860 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ба” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын “Ба” ХХК-ийн МV-11913 дугаар тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг болон МV-016825 дугаар тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцаагүй 10,45 га талбайд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үзмээ анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ.

3.1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтаар тус компани нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй тул Нийслэлийн Засаг дарга “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" 2017 оны А/609 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалтыг үндэслэн тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн.

3.2. “Ба” ХХК-д 11913А дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, М\/- 016825 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр олгосон байдаг. Тус аж ахуйн нэгж хуульд заасан хугацаанд үйл ажиллагаа эхлүүлэх бүрэн боломжтой байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлүүлээгүй тул газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

3.3. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ" хэмээн Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т “энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор Нийслэлийн Засаг дарга дуусгавар болгох” эрхтэй хэмээн тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Хэрэв газрын хэвлийг ашиглагч нь дор дурдсан зөрчил гаргавал газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно”: 21.2.1-т “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” хэмээн тус тус хуульчилсан.

3.4. Нийслэлийн Засаг дарга Газрын хэвлийн тухай хуулийн 7.2.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж газрын хэвлий ашиглахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй тул газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосны үр дагавар нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохыг шүүх дүгнээгүй.

3.5. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг”-ийг заасан. Тус зүйлийн 35.3-т “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь бичиг баримтыг уурхай дээр байлгана”, 35.3.6-д “уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт” хэмээн,

3.6. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйл “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг"-ийг заасан. Тус зүйлийн 25.3-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 35.3.1-35.3.7-д заасан баримт бичгийг бүрдүүлнэ” хэмээн тус тус заасан.

3.7. Үүнээс үзэхэд тус аж ахуйн нэгж нь “уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт”-ыг зохих байгууллагад хүсэлтээ гарган тус баримт бичгийг бүрдүүлэх үүрэгтэй болохыг хуульчилсан байна Тус аж ахуйн нэгж нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэгт тусгагдсан дээрх үүргээ биелүүлээгүй байна.

3.8. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно”, тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно”, Тайлбар: Хэвшсэн журмаар нийтэд танилцуулах гэж захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбар, цахим хуудас, орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг ойлгоно” хэмээн тус тус хуульчилсан.

3.9. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамж нь 95 аж ахуйн нэгжид хамаарч гарсан тул Нийслэлийн Засаг дарга тус өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, уг захирамжийг олон нийтэд мэдээлсэн бөгөөд захирамжид орсон аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтыг тухайн өдрийн 08 цаг 15 минут 21 секундэд нийслэлийн албан ёсны цахим хаяг болох www.Ulaanbaatar.mn веб сайтад байршуулснаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй бүх аж ахуйн нэгжүүдэд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6, 43.7 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн.

3.10. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “Ба” ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна гэж үзсэн нь хуульд заасан үндэслэл, ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч ”Ба” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн ”Ба” ХХК-ийн Хан-Уул дүүргийн нутаг “Тавантолгой” нэртэй газарт 77.12 га талбай бүхий 16825А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ашигт малтмалын ашиглалтын 11913А дугаар тусгай зөвшөөрлийг Газрын хэвлийн тухай хуулийг үндэслэн цуцалсан хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

4. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаас 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч ”Ба” ХХК-д Налайх дүүргийн “Зуунмод” нэртэй газарт 77 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч, ашигт малтмалын ашиглалтын MV-011913 дугаар тусгай зөвшөөрлийг, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 364 дүгээр шийдвэрээр Хан-Уул дүүргийн “Тавантолгой” нэртэй газарт 77.12 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч, ашигт малтмалын ашиглалтын MV-016825 дугаар тусгай зөвшөөрлийг тус тус олгосон байх ба маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжаар тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй гэсэн үндэслэлээр нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосны дотор “Ба” ХХК хамрагдаж, тус компанийн ашигт малтмал ашиглах эрхийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгожээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ...зааснаас үзэхэд нэхэмжлэгч “Ба” ХХК-ийн газрын хэвлийг ашиглах тухай зөвшөөрлийг нийслэлийн Засаг дарга дуусгавар болгох эрхгүй ... Ашигт малтмал, газрын тосны газар эрх хэмжээнийхээ хүрээнд ... хүчингүй болгох эрхтэй” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн авах боломжтой байна.

6. Анх нэхэмжлэгч компанид Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдээр 30 жилийн хугацаатай ашиглалтын тусгай зөвшөөрлүүд олгосон, ашигт малтмалын ашиглалтын MV-016825 дугаар тусгай зөвшөөрөл бүхий 77.12 гектар талбай нь усан сан бүхий энгийн хамгаалалтын бүстэй 66.67 гектар хэмжээгээр давхцалтай, талууд энэ талаар маргадаггүй.

7. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар бусад бичгийн нотлох баримтуудаас үзвэл маргаан бүхий газарт нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсэг нэхэмжлэгч “Ба” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу олборлолтын үйл ажиллагаа эрхлэх, энэ зорилгоор газар хэвлий ашиглах эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

8. Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-ийн 1-д газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй бол газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болохоор, мөн зүйлийн 5-д газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгохоор зохицуулсан байхаас гадна Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 онд батлагдаж, тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахаар заасан, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална:”, 37.1.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон;”, 37.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 37.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан;”, 37.1.4-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нэрээр өөр төрлийн ашигт малтмал хайж, ашигласан нь тогтоогдсон” гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагч нийслэлийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа Газрын хэвлийн тухай хуулийн холбогдох заалтаар газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох буюу газрын хэвлий ашиглах эрх олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэх үндэслэл нь тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлд хамаарахааргүй байна.

9. Өөрөөр хэлбэл, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олборлолтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор газар эзэмших эрхтэй холбоотой харилцаанд нарийвчилсан зохицуулалттай Түгээмэл тархацтай малтмалын тухай хуулийн холбогдох заалт хэрэглэгдэхээр байх тул хариуцагчийн  давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй тул дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 860 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

22. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

    

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ