Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 680

 

Т.Тулгабатын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00138 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Тулгабат,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Т.Тулгабатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ундармаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00242 дугаар шүүгчийн захирамжаар Т.Тулгабат болон эхнэр Д.Болортуяагаас 130 964 639 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлд эхнэр Д.Болортуяагийн  өмчлөлд  бүртгэлтэй Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205047131 дугаарын Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельсийн гудамж, 21 дүгээр байр 49 тоотод байрлах 112,7 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалсан байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд тус албанаас үл хөдлөх эд хөрөнгөө хэдэн төгрөгөөр үнэлэх талаар асууж хандахад миний бие 4 өрөө орон сууцаа 282 000 000 төгрөгөөр үнэлэх талаар хэлсэн.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба миний үл хөдлөх эд хөрөнгөө үнэлсэн үнэ болох 282 000 000 төгрөгийн үнэлгээг үндэслэлгүйгээр буруулан өнөөдрийн зах зээлийн үнэ ханш, орон сууцны үнэлгээнээс хэт доогуур буюу 197 400 000 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Т.Тулгабат надад мэдэгдсэн. Ямар учраас миний 282 000 000 төгрөгийн үнэ бүхий 4 өрөө орон сууцыг 197 000 000 төгрөг болгон үндэслэлгүйгээр үнийг бууруулан, улмаар албадан дуудлага худалдаанд оруулж байгаа талаар асууж тодруулахад хариу тайлбарлаж өгөөгүй бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг миний үнэлгээнээс 100 000 000 төгрөгөөр бууруулан үнэлж байгаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд ийм бага үнэлгээ тогтоож байгаад маш их гомдолтой байна.

Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр эхнэр Д.Болортуяагийн нэр дээр бүртгэлтэй байгаа энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т  “гэр бүлийн бусад гишүүний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө нь хамтран өмчлөх дундын хөрөнгө байна” гэж заасны дагуу Т.Тулгабат миний болон бидний 3 хүүхдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болно. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үндэслэлгүйгээр үнийг бууруулан үнэлж, өмчлөгч миний эрх ашгийг зөрчиж байгаад маш их гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл өнөөдрийн зах зээлийн  ханшаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельсийн гудамжны 21 дүгээр байрны болон тус хотхонд байрлах 110-120 м.кв  талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө 300 000 000-350 000 000 төгрөгийн үнэ ханштай байдаг. Гэтэл  ямар үндэслэлээр  миний өмч хөрөнгийг ийм доогуур үнээр үнэлж байгааг ойлгохгүй, маш их гомдолтой байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний үл хөдлөх эд хөрөнгийг үндэслэлгүйгээр үнэлгээг бууруулсан  тухай 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр анх мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд дээрх үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Т.Тулгабат миний хамтран өмчлөлийн 4 өрөө орон сууцыг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 148/1 дүгээр тогтоолоор битүүмжилж 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 148/2 дугаар тогтоолоор хураасан бөгөөд битүүмжлэх, хураах тогтоол үйлдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг оролцуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл тус алба хуулиа зөрчин  үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн гэрчийг огт оролцуулалгүй явуулж, битүүмжлэх тогтоолын арын нүүрт хөндлөнгийн гэрчийн гарын үсэг зурах  хэсгийг хоосон орхиж битүүмжилсэн. Харин үл хөдлөх хөрөнгийг хураах ажиллагааг явуулахдаа мөн хөндлөнгийн гэрч оролцуулаагүй явуулж, хөндлөнгийн гэрч зурах ёстой гарын үсгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан дээр ирсэн хойноо шийдвэр гүйцэтгэгч хамт ажилладаг бололтой М.Ганзориг, Б.Бямбазориг гэх хүмүүсийн гарын үсгийг миний нүдэн дээр нөхөн зуруулж хууль бус ажиллагааг хийсэн. Эдгээр хүмүүс миний  үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагаанд байгаагүй, тийм ажиллагаа явуулсан гэдгийг мэдээгүй.

Мөн түүнчлэн надад хөндлөнгийн гэрчээр ийм хүмүүс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгаа гэдгийг танилцуулаагүй, хэлээгүй учраас миний бие эдгээр хөндлөнгийн гэрч гарын үсэг зурсан хүмүүсийн овог нэр, регистрийн дугаар хаяг зэрэг нь хуурамч байх гэж үзэж байна. Энэхүү хууль зөрчин хийсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгчийн хуульд заасан эрх ашгийг хөндөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан эрх, үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй ажиллагаа болсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч миний бие орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаас хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулалгүй битүүмжилсэн  ажиллагааг болон хууль бус үйлдлээр хөндлөнгийн  гэрч хэмээн нөхөн гарын үсэг  зуруулан үл хөдлөх эд хөрөнгийг хураасан ажиллагааг хүчингүй болгуулах хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд орон сууцыг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 148/1 дүгээр тогтоолоор битүүмжилсэн, 148/2 дугаар тогтоолоор хураасан ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00242 дугаартай шүүгчийн захирамжаар Т.Тулгабат, Д.Болортуяа нараас 130 964 639 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 812 823 төгрөг, нийт 131 777 462 төгрөгийг Хас банкинд олгохоор шийдвэрлэж үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч нарыг шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөрөө сайн дураараа төлж барагдуулах талаар 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 148/1, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 148/2, 9 дүгээр сарын 30-ны өдрийн 148/3 дугаар мэдэгдлүүдээр мэдэгдсэн боловч  шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельсийн гудамжны 21 дүгээр байрны 49 тоотод байрлах 112.7 м/кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжилж,  хураасан.

Төлбөр төлөгч Т.Тулгабат, Д.Болортуяа нараас Иргэний хуулийн 177 дугаар 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг 282 000 000 төгрөгөөр  үнийн саналаа өгсөн. Уг үнэлгээг төлбөр авагч тал зөвшөөрч албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлт тавьсан. Төлбөр төлөгч Т.Тулгабат, Д.Болортуяа төлбөр авагч Хас банкинд харилцан тохиролцсон үнэлгээг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3/31136 албан бичгээр биечлэн мэдэгдсэн. Уг мэдэгдлээр төлбөр төлөгч Т.Тулгабат, Д.Болортуяа нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцсон үнэ 282 000 000 төгрөгийн 70 хувь болох 197 400 000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох үнийг тогтоохыг мэдэгдсэн.

Төлбөр төлөгч Т.Тулгабатын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Болортуяагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 148/1 тогтоолоор битүүмжилж, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 148/2 дугаар тогтоолоор хураан авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт төлбөр төлөгчийн орон байр ,эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг нэгжлэг хийх, түүнийг хураан авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг оролцуулан явуулна гэж заасан байх тул 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанд гэрчгүй явуулсан болно.

2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр ШБ76021519 регистрийн дугаартай Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, зээлийн 19-29 тоотод оршин суух М.Ганзориг, ЖБ96032310 регистрийн дугаартай, Сонинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 33-16 тоотод оршин суух Б.Бямбазориг нарыг оролцуулан энэ тухай шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл тусгаж, танилцуулан гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул Т.Тулгабатын нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ундармаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хас банкнаас нэхэмжлэл гаргаж Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00242 дугаартай шүүгчийн захирамжаар Т.Тулгабат, Д.Болортуяа нараас 130 964 639 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 812 823 төгрөг, нийт 131 777 462.20 төгрөгийг Хас банканд олгохоор шийдвэрлэж үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг төлбөр төлөгч нар сайн дураараа гүйцэтгээгүй тул өргөдөл гарган албадан гүйцэтгэх хуудас бичүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.

Төлбөр төлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэх алба авсан бөгөөд тэд 282 000 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг Хас банк хүлээн зөвшөөрч анхны дуудлага худалдаанд оруулахаар болсон. Гэтэл төлбөр төлөгч Т.Тулгабат шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан тогтоолыг хууль бус явуулсан талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүхэд нэхэмжлэл ирснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зориуд удаашруулж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байна. Үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх, хураасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Төлбөр авагчийн эрх, ашиг хөндөгдөж хохирч байна гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.3 дахь зүйлд заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00242 дугаартай шүүгчийн

захирамжаар Т.Тулгабат, Д.Болортуяа нараас 130 964 639 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 812 823.20 төгрөг нийт 131 777 462.20 төгрөгийг Хас банканд олгохоор шийдвэрлэсэн захирамжийн дагуу явагдсан  үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолуудыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Тулгабат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь үндэслэл бүхий авч хэлэлцээгүй. Миний бие 3/31136 тоот мэдэгдэлийг хүлээн аваагүй бөгөөд, энэ мэдэгдэлийг хүлээн авсан талаар миний гарын үсэг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хэрэгт үгүй байхад шүүх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3/31136 тоот мэдэгдэлээр үнэлгээг мэдэгдсэн гэж буруу дүгнэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч миний бие орон сууцыг 197 400 000 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мэдэж, үүнээс хойш 7 хоногийи дотор хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлсэн.

Нэмэгдүүлсэн шаардлагын дагуу нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байсан хүсэлтүүд буюу хөндлөнгийн гэрч хэмээн гарын үсэг нөхөн зуруулсан иргэдийг гэрчээр асуулгуулах, мөн битүүмжлэх, хураах ажиллагаанд оролцсон өмчлөгч Д.Болортуяаг гэрчээр асуулгуулах тухай хүсэлтүүдийг удаа дараа үндэслэлгүйгээр хүлээн авахгүй, хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгч миний эрх ашгийг хохироосонд гомдолтой байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагаанд М.Ганзориг, Б.Бямбазориг нар гэх хүмүүс гарын үсэг зурсан гэдэгт маргаагүй, харин эдгээр хүмүүсийг шийдвэр гүйцэтгэгч хураах ажиллагаа дууссан хойно буюу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан дээр ирсэн хойно хууль бусаар нөхөн гарын үсэг зуруулсан тул энэхүү ажиллааг хүчин төгөлдөр бус гэж үзэж, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэгч миний гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ойлгож хянан шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл хөндлөнгийн 2 гэрч оролцсон байна энэ нь хуулийн дагуу ажиллагаа болсон байна гэж дүгнэж шийдвэрээ гаргасан. Хэрэв нэхэмжлэгч миний хуульд заасан эрх ашгийн дагуу гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч гэрчээр М.Ганзориг, Б.Бямбазориг нарыг асуулгуулсан бол шүүх үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагаа хөндлөнгийн гэрчгүйгээр явагдсан болохыг мөн хөндлөнгийн гэрчүүд биечлэн оролцоогүй болох нь тогтоогдох байсан. Харин шүүх миний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заасан эрхийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан баримтад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн заалтыг оновчгүй хэрэглэсэн тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.Тулгабат нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00242 дугаар шүүгчийн захирамжаар /хх 24-27/ Т.Тулгабат болон түүний эхнэр Д.Болортуяагаас 131 777 462 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэснийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19598 дугаар албадан гүйцэтгүүлэх захирамж, /хх 28-29/ уг захирамжийн дагуу мөн оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02270 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 23/ бичигдэж, улмаар 08 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолоор /хх 30/ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас нэхэмжлэгч Т.Тулгабатад шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг 2016 оны 8 дугаар сарын 30, 09 дүгээр сарын 13-ны өдөр тус тус мэдэгдэж, /хх 32-33/ уг үүргээ биелүүлээгүй тул 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр эд хөрөнгийг битүүмжлэн, мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хурааж, тогтоол үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйийн 36.1.2, 36.2, 36.4, 36.5 дахь хэсэгт заасанд нийцсэн байна. /хх 37-42/

Төлбөр төлөгч нараас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон, Энгельсийн гудамжны 21 дүгээр байрны 49 тоотод байрлах 112.7 м/кв талбай бүхий 4 өрөө орон сууцаа 282 000 000 төгрөгөөр үнэлж, саналаа хариуцагч байгууллагад ирүүлснийг /хх 43,44/ төлбөр авагч тал хүлээн зөвшөөрч, дуудлага худалдаанд оруулж өгөхийг хүссэн тул /хх 45/. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцож  анхны албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг 197 400 000 төгрөгөөр тогтоосон нь хууль зөрчөөгүй байна. Түүнчлэн хариуцагч байгууллагаас энэ талаар 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3/31136 тоот /хх 46/ мэдэгдлээр төлбөр төлөгч болон авагч нарт мэдэгдсэн ба нэхэмжлэгч Т.Тулгабат үнэлгээтэй холбоотой гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дотор гаргаагүй байна.

Шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, шүүх хэргийн баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 148/2 дугаар эд хөрөнгө хураах тогтоолд хөндлөнгийн гэрчээр М.Ганзориг, Б.Бямбазориг нар оролцсоноо баталж,  тэмдэглэлд гарын үсэг зурсан тул уг ажиллагааг хөндлөнгийн гэрчгүйгээр журам зөрчиж явуулсан гэж үзэх үндэслэлгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан журамд нийцсэн гэж үзнэ. Харин  мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийн “...бусад ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулж болно...” гэж заасан тул эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй нь гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Хөндлөнгийн гэрч гэх М.Ганзориг, Б.Бямбазориг нар нь шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад ажилладаг, тогтоолд сүүлд гарын үзсэг зурсан гэх үндэслэлээ нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Т.Тулгабат нь эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаатай холбоотой гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн “7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргах”, “ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гомдлыг шийдвэрлэсэн тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах” журмын дагуу гаргаагүй байна.  

Дээрхээс нэхэмжлэгч Т.Тулгабатын эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 148/1 тогтоол, хураан авсан 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 148/2 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй бөгөөд шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй  боловч шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй “34 дүгээр зүйлийн 36.1” гэсэн заалтыг алдаатай хэрэглэснийг хасч шийдвэрийг зөвтгөх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00138 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “34 дүгээр зүйлийн 34.3,” гэсний дараа “34 дугаар зүйлийн 36.1” гэснийг хасч өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ