| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0146/Э |
| Дугаар | 156 |
| Огноо | 2020-07-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 156
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Фарида,
Шүүгдэгч М.Х- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Х-д холбогдох 2013000000167 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуу, хөгжмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суудаг, ам бүл-2, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М.м овогт М-гийн Х-, регистрийн дугаар:ПО..............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч М.Х- нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шөнийн 03 цагийн үед Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян-Цамбагарав” дэлгүүрийн гадна талын машины зогсоол дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус сумын 4 дүгээр багийн иргэн Е.Ж-ийг хэрүүл маргааны улмаас нүүрэн тус газарт гараараа зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Х- мэдүүлэхдээ: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
Эрүүгийн 20130000001167 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
1. Хохирогч Е.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 13-15-рх/,
“...бид нарыг машины зогсоолд байж байтал М.Х- гэх залуу хажуудаа Ж.Ж- болон бидний таньдаггүй хоёр залуу нийлээд 4 залуу машинаар бидэн дээр ирсэн. Тэд нар бас бүгдээрээ согтуу байсан ба М.Х- бид хоёр Е-ы машин дотор сууж юм ярилцаж байгаад хоорондоо маргалдсан. Тэгээд би машинаас буугаад тэрэнтэй маргалдаж байтал М.Х- миний зүүн талын нүүр лүү цохиод газарт унгаасан.” гэх мэдүүлэг/хх-ийн 13-15-р х/,
2. Гэрч А.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 16-р х/,
“...нэг харсан чинь М.Х- Е.Ж-тэй зодолдож байхаар нь бид гурав очоод салгасан.” гэх мэдүүлэг,
3. Гэрч Е.Еийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 16-р х/,
“...Тэгээд М.Х- Ж.Ж-ыг машинд суулгаад өөрөө Е.Ж-тэй юм яриад зогсож байсан. Гэтэл нэг харсан чинь М.Х- Е.Ж-тэй зодолдож байхаар нь бид гурав очоод салгасан. М.Х- Е.Ж-тэй зодолдож эхлэхэд тэр бас машинаас буугаад тэр хоёрыг салгасан.” гэх мэдүүлэг,
4. Гэрч Ж.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 18-р х/,
“...Тэгээд би өөрсдийнхөө машины ард талд сууж байхад Е.Ж-ийн машины ард талд хүмүүс шуугилдаж байхаар нь бууж очиход Е.Ж- М.Х- хоёр харилцан зодолдож байхаар нь очиж салгасан. Тэр хоёр хоёулаа газарт унасан байдалтай харилцан зодолдож байсан.” гэх мэдүүлэг
5. Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 241 дугаартай: “...иргэн Жархынбекийн биед тархины доргилттой, зулайд хавдартай, цус хуралттай, зүүн дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын яс хугарсан, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, баруун хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, ар нуруунд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, дээд уруулд хавантай, дээд эрүүний үүдэн шүд эмзэглэлтэй гэмтэл тогтоогдлоо. ...биед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. ....гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2, 4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22-р х/,
6. Шүүгдэгч М.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 29-30-рх/
“...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн үед миний найзууд болох Ж.Ж, Ес, Е нар Өлгий сумын 5 дугаар багт байрлах манай гэрт ирсэн юм. Тэрээр найзуудын хамт манай гэрт хоол, цай идэж уугаад орой 00 цагийн үед манай гэрээс гараад Цамбагарав дэлгүүрийн хажууд хоорондоо юм яриад зогсож байх үед Е.Ж- гэх залуу машинтайгаа ирээд бид нарын хажууд ирж зогсоод тухайн машиныхан ар талаас миний зүс таних С, Х гэх хоёр охин буусан юм. Тэгээд миний бие 3 найзын хамт уг хоёр охиныг хүргэхээр болоод байрныхаа гадна байгаа машинаа авахаар явсан. Е.Ж- нь машинтайгаа яваад өгсөн юм. Тэрээр миний бие машинаа авч ирээд 3 найз болон С, Х нарыг машинд суулгаж байх үед Е.Ж- нь машинтайгаа ирээд миний найз болох Ж.Ж-ыг миний машинд суу гэхэд миний бие Ж.Ж-ад хандаж наад залуу чинь согтуу, битгий суу гэж хэлээд өөрийнхөө машинд суулгасан юм. Энэ үед Е.Ж- намайг дуудахаар нь миний бие түүний машины туслах талын цонхоор нь очиж шагайгаад яасан бэ гэж асуухад Е.Ж- нь намайг гараараа миний нүүрэн тус газар луу алгадахаар нь миний бие жолооч талаар нь очиход Е.Ж- нь намайг барьж аваад миний нүүр лүү цохисон. Миний уур хүрээд Е.Ж-ийг зодсон юм. Яаж зодож, цохисон талаараа сайн санахгүй байна. Е.Ж- бид хоёр хоорондоо зодолдож байгаад газарт уначихсан байхад миний найзууд болон Е.Ж-тэй хамт явж байсан үл таних нэг залуу бид нарыг салгаж аваад явцгаасан юм. Би Е.Ж-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Е.Ж- нь надаас нэхэмжилсэн зүйл байхгүй. Миний бие Е.Ж-т эмчилгээ хийлгэхдээ ашигла гэж хэлээд сайн дураараа 450.000 төгрөг өгсөн юм.” гэх мэдүүлэг,
6. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/964 дугаартай “Иргэн М.Х- /ПО....../-ын нэр дээр өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн эд хөрөнгө болон гэрлэлтийн бүртгэл бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 32/,
- 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр олгосон РД:ПО......, овог:М.м, эцэг /эх/-ийн нэр:М, нэр:Х, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1996/02/02, төрсөн газар:белиз,49, хаяг: Ховд, Эрдэнэбүрэн, 5-р баг, Хар ус, бүртгэлийн дугаар:844917632325, хүчинтэй хугацаа:2021/02/02, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Тус багийн иргэн М овогтой Х нь ПО...... регистрийн дугаартай, ам бүл 2.” гэх тодорхойлолт /хх-ийн 31/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Шүүгдэгч М.Х- нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шөнийн 03 цагийн үед Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян-Цамбагарав” дэлгүүрийн гадна талын машины зогсоол дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус сумын 4 дүгээр багийн иргэн Е.Ж-ийг хэрүүл маргааны улмаас нүүрэн тус газарт гараараа зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Е.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13-15-рх/, гэрч А.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16-р х/, гэрч Е.Еийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16-р х/, гэрч Ж.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18-р х/, шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 241 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22-р х/, шүүгдэгч М.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Е.Ж-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 241 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Х-н дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Е.Ж-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Е.Ж-ийн “Миний бие Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Е овогтой Ж би эрүүгийн 2013000000167 дугаартай хэргийн хохирогч бөгөөд Б.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйж миний эмчилгээний зардал болох 450.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Надад Б.Х-гаас өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо эвлэрсэн тухай баталгаа гаргаж байна. Энэ хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү.” гэх баталгаа /хх-ийн 44/-г үндэслэн шүүгдэгч М.Х-г хохирогч Е.Ж-т төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Х-н үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Х- урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч М.Х-н үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Х-н үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4.Бусад асуудлаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч М.Х-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.м овогт М-гийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Х-г 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Х- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч М.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК