Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 158

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч Х.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С,

Шүүгдэгч М.Ц-О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ц-О-т холбогдох 2013001650154 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц овогт М-гийн Ц-О-, 1972 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн 48 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй малчин, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 1 дүгээр баг, Хөх эрэгт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БЕ...............

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч М.Ц-О- нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах засмал замд 2020 оны 04-р сарын 22-ны өдөр Уаз-31512 маркийн саарал өнгийн 53-54 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад авто осол гарган улсын дугааргүй МН150 маркийн мотоциклийг мөргөж, улмаар мотоциклийн жолооч М.Т- нас барсан, тухайн авто осол гаргасан жолооч М.Ц-О- хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ц-О- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. гэв.

Эрүүгийн 2013001650154 дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

1. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр хх-ийн 7-8, 9-12-рх/,

2. 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 13-14, 15-16-рх/,

3. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 18-22-рх/,

4. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургаар /хх-ийн 23, 24-25-рх/,

5. 2020 онь. 06 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл гэрэл зургаар /хх-ийн 28-29, 30-32рх/,

6. Хохирогч М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

 “...М.Т- нь миний төрсөн хүүхэд юм. Манай Толбо сумын 5-р багт оршин суудаг бөгөөд М.Т- маань айлын том хүүхэд байсан. Энэ жил 11 дүгээр ангийг төгсөх байсан. Толбо сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр ангид сурч байсан юм. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр миний бие аймгийн төвд явж байсан. Тухайн өдөр 15 цагийн үед юм шиг байна хүү М.Т- нь миний мотоциклээр Толбо сумын төвөөс 5 км-ийн зайтай аймаг руу явах засмал замын ойролцоо байрлах тоосгоны үйлдвэр орохоор засмал зам дээр явж байхад хойноос нь явж байсан Уаз-469 маркийн тээврийн хэрэгслийн жолооч мөргөж, улмаар хүүхдийг минь сумын эмнэлэгт хүргэж өгчхөөд хэргийн газраас зугтааж явсан байсан юм. Ийм асуудал болсныг би тухайн өдрийн 17 цаг өнгөрч байхад сонсож мэдсэн. Миний ойлгож байгаагаар хүү маань тоосгоны үйлдвэр орохоор эргэх үед хойноос нь явж байсан тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэх гээд мөргөсөн байна лээ. Маш их харамсалтай байна. Нөгөө тээврийн хэрэгслийн жолоочид гомдолтой байна. ...Надад одоогоор өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хүүхдээ алдаж харамсаж сууна. Сэтгэл санааны маш их дарамтад байна. Сэтгэл санааны хохирлоо тусдаа иргэний журмаар нэхэмжлэх болно. Одоогоор өөр нэхэмжлэх зүйлгүй байна. Учирсан бодит хохирлыг барагдуулж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 38рх/,

7. Гэрч Г.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“ ...М.Ц-О-ын машинтай Ховд аймаг явж очоод буцаад Баян-Өлгий аймгийн Буянт сум руу явж байхдаа Толбо сум өнгөрөөд 4 гаруй километр явж байсан байх жолоочийн хажуу талын урд суудалд Ж, хойд суудалд Д.Ч, Б.О- бид гурав сууж явсан юм. Хойд суудалд утасны сүлжээ орж байсан болохоор фейсбүүк ашиглаж үзэж явсан ба миний сууж явсан машин нь урдаа явсан мотоциклийг мөргөж зогссон байсан. Миний зорчиж явсан тээврийн хэрэгсэл нь Уаз 469 маркийн 5354 бөт улсын дугаартай цагаан саарал өнгийн машин байсан. Бид хэд осол болсон газар машинаас бууж очиход М.Ц-О- мотоциклийн жолоочийн толгой хэсгээс тэвэрсэн байдалтай байсан би холоос харж байсан. Улмаар удаагүй Б.О- бид хоёрыг осол болсон газар үлдээгээд М.Ц-О-, Ж, Д.Ч нар Толбо сумын Эрүүл мэндийн төв рүү хүргэхээр явсан. Мотоциклийн эвдрэл гэмтсэн эд ангийг сайтар харж чадаагүй. Харин М.Ц-О-ын машины урд салхины шилний баруун талын доод булан хэсгээрээ хагарсан байсныг харсан, өөрөөр харсан үзсэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 43рх/,

8. Гэрч Д.Чын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“... 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр хөрш М.Ц-О, түүний эхнэр Ж, миний эхнэр Б.О-, Б бид  тав М.Ц-О-ын машинаар Ховд аймаг руу явсан. Миний бие эхнэрийн хамтаар Ховд аймаг явах болсон шалтгаан гэвэл эхнэр Б.О-ийн бие өвдөөд эмнэлэгт үзүүлж онош тодруулахаар очоод үзүүлэхэд зүрх нь өвддөг гэх онош тогтоолгоод энэ хооронд Ховд аймагт 2 хоноод өнөөдөр буюу 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1 цагийн орчимд Ховд аймгаас бид 5 гараад замдаа бензин авахаар Толбо сум орсон юм. Толбо сумаас бензин аваад шууд хөдлөөд Баян-Өлгий аймаг явах засмал зам руу ороод 4 км гаруй өнгөрүү явсан байтал М.Ц-О- урдаа явсан мотоциклийг мөргөж унгаачихлаа гэж машин дотор явсан хүмүүс орилолдоод уг мөргөсөн мотоциклээс 50 метр гаруй яваад зогссон байсан. М.Ц-О- нь өөрөө машинаасаа буугаад уг мотоциклийн жолооч руу гүйгээд явчихсан. Бид нар ч гэсэн машинаас буугаад хойноос нь яваад очтол мотоциклийн жолооч ухаангүй байдалтай түүний толгойг М.Ц-О- тэвэрсэн байсан. Энд их удаан байгаад яахав гэж хэлээд М.Ц-О-, Ж бид гурав Толбо сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгөөд ямар нэгэн эмч, эмнэлгийн ажилтан нарт болсон үйл явдлаа тайлбарлаж хэлэхгүйгээр эмнэлгийн хаалгаар шууд оруулаад зүүн талын өрөөнд байх орон дээр хэвтүүлчхээд яваад өгсөн юм. Мотоциклийн жолоочийг Эрүүл мэндийн төв рүү хүргэх үед ямар нэгэн юм хэлж яриагүй бөгөөд хамарнаас нь цус гарсан, мөн зүүн талын чамархай хэсэгтэй шалбарсан байсан харагдсан. Өөр ямар нэгэн ил харагдах шарх гэмтэл байгаагүй. М.Ц-О- тухайн үед ямар нэгэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, замын хөдөлгөөний хурд хэтрүүлээгүй бөгөөд ямар учраас мотоциклтэй мөргөлдөж осол гаргасныг хойд суудалд гар утсаараа фейсбүүк орж явсан болохоор сайн анзаарч харж чадаагүй юм. Мөргүүлсэн мотоцикл нь ерөнхийдөө аймаг руу явах засмалын хот руу буюу Толбо сум руу явах чиглэлийн урсгалд мотоцикл баруун талаараа унасан байдалтай байсныг би босгож уг мотоциклийн хүрд нь араатай байсан болохоор конс /араа салгагч/ атгаж хөдөлгөж замын урд хэсэгт гаргаж данхраадаж тавьсан юм. Харин уг мотоциклийн бензиний банкны зүүн тал нэлээд хонхойж орсон байсан бөгөөд урд дугуйны сэрээ хэсгээрээ тахирч муруй болсон байсан. Харин М.Ц-О-ын машины улсын дугаарыг сайн санахгүй байгаа бөгөөд цагаан саарал өнгийн Оросын Холбооны улсад үйлдвэрлэсэн Уаз-469 маркийн хуучин машин байсан бөгөөд мотоцикл мөргөсөн газраасаа ойролцоогоор 30-40 метрийн зайтай явж өнгөрөөд зогссон байсан машины салхины шилний жолоочийн эсрэг тал буюу баруун талын доод булан хэсгээр хагарч шуурсан, мөн баруун талын их гэрэл нь хагарсан байдалтай харагдаж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46рх/,

9. Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“... Тус өдөр миний бие нөхөр Д.Ч, хөрш Б, М.Ц-О- түүний эхнэр Ж нарын хамт Ховд аймгаас 11 цагийн орчимд Буянт сум руу М.Ц-О-ын машинаар гарч яваад Буянт гэрт очих бензин хүрэхгүй байх гэж хэлээд Толбо сумын колонкоос бензин аваад хөдлөөд явж байтал М.Ц-О- урдаа явж байсан мотоциклийг шүргэчихлээ гэж машин дотор явсан хүмүүс бүгд орилж хашхирсан. Тэгээд М.Ц-О- бид нарыг машин сууж байгаарай гэж хэлээд мөргөсөн мотоциклийн жолоочийн дэргэд очоод байж байхад нь манай нөхөр Д.Ч, Ж, Б бид хэд очиход М.Ц-О- уг мотоциклийн жолоочийн толгойг тэвэрч өндийлгөсөн байдалтай сууж байсан. Улмаар удалгүй М.Ц-О- машинаа асааж ирээд Б бид хоёрыг хэрэг болсон газарт Д.Ч, Ж нар Толбо сумын Эрүүл мэндийн төвд мотоциклийн жолоочийг хүргэхээр явсан бөгөөд 30 орчим минутын дараа М.Ц-О-ын машинтай буцаж ирээд Б бид хоёрыг суулгаад хөдөлсөн. М.Ц-О-ын машины жолоочийн эсрэг талын их гэрэл нь хагарсан байсан. Өөр надад ил харагдах эвдрэл гэмтэл харагдаагүй. Замдаа машиныхаа гэрэл, чийдэнг засаж янзлахгүйгээр манай нөхөр бид хэдийг гэрт буулгаад явсан. Бид нар гэрт 17-18 цагийн хооронд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-рх/,

10. 2020 оны 05-р сарын 11-ний өдрийн 15 тоот Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы гаргасан Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 58-60, 61-62-рх/,

11. 2020 оны 05-р сарын 19-ний өдрийн №02 дугаартай Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Э.Г-ын Зам тээврийн осол, хэргийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, схем зургаар “...Тээврийн хэрэгслийг нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, тухайн ослын талаар Цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Осол гарсан шууд шалтгаан нь Уаз 31512 маркийн 53-54 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Ц-О- нь гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаараагүй, аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс болсон байна” гэх дүгнэлт /хх-ийн 83, 86-рх/,

12. Шүүгдэгч М.Ц-О-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...Би тухайн үед аль болох нөгөө мотоциклийг мөргөхгүйгээр өнгөрөөд цаашаа явах санаатай дээрх үйлдлийг хийсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80-рх/,

 

13. Шүүгдэгч М.Ц-О-ын хувийн байдлын талаар нотлох баримтууд:

-Баян-Өлгий аймгийн Буянт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “М овогтой Ц-О нь БЕ.............. тоот регистрийн дугаартай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. М.Ц-О- нь Монгол Улсын аварга малчин цолтой, хөдөлмөрч, аливаа  үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцдог нэр төртэй хүн юм. Урьд өмнө ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх тодорхойлолт /хх-ийн 108/,

- Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаартай “М.Ц-О-ын /БЕ............../ нэр дээр 5354 БӨТ улсын дугаартай, УАЗ 31512 маркийн, 4814 БӨТ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна” гэх албан бичиг /хх-ийн 110/,

- Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 84 дугаартай “5354 БӨТ улсын дугаартай 31512 маркийн тээврийн хэрэгсэл нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр техникийн хяналтын үзлэгт орсон байна” гэх албан бичиг /хх-ийн 161/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/837 дугаартай “М.Ц-О-ын /БЕ............../ нэр дээр өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэл байхгүй байна.” гэх албан бичиг /хх-ийн 112/,

-  2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр олгосон “РД:БЕ.............. овог:Ц, эцэг /эх/-ийн нэр:М, нэр:Ц-О, яс үндэс:Урианхай, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Буянт, төрсөн огноо: 1972/08/09, хаяг: Баян-Өлгий, Буянт, 1-р баг, Хөх эрэг,  хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 113/,

- Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 297 дугаартай “М овогтой Ц-О /БЕ............../-д Буянт сумын Засаг даргын 1997 оны 16 тоот захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хөх эрэг гэх газраас  өвөлжөөний зориулалтаар 700 мкв газрыг эзэмшүүлсэн байна” гэх албан тоот /хх-ийн 158/,

- Шүүгдэгч М.Ц-О- нь урд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон “Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 114/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.Ц-О- нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах засмал замд 2020 оны 04-р сарын 22-ны өдөр Уаз-31512 маркийн саарал өнгийн 53-54 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад авто осол гарган улсын дугааргүй МН150 маркийн мотоциклийг мөргөж, улмаар мотоциклийн жолооч М.Т- нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8, 9-12-рх/, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14, 15-16-рх/, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22-рх/, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургаар /хх-ийн 23, 24-25-рх/, 2020 онь. 06 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл гэрэл зургаар /хх-ийн 28-29, 30-32рх/, хохирогч М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36-37, 38рх/, гэрч Г.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43рх/, гэрч Д.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 44-46рх/, гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 47-рх/, 2020 оны 05-р сарын 11-ний өдрийн 15 тоот Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы гаргасан Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 58-60, 61-62-рх/, 2020 оны 05-р сарын 19-ний өдрийн №02 дугаартай Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Э.Г-ын Зам тээврийн осол, хэргийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, схем зураг /хх-ийн 83, 86-рх/, шүүгдэгч М.Ц-О-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 79-80-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн авто осол гаргасан жолооч М.Ц-О- нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь 2020 оны 05-р сарын 19-ний өдрийн №02 дугаартай Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Э.Г-ын “Зам тээврийн осол, хэргийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг”, 2020 оны 05-р сарын 11-ний өдрийн 15 тоот Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы гаргасан Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт, гэрэл зураг, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч М.Ц-О- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул үнэн зөв, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Ц-О-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан “Гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч М.Ц-О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан “Гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Ц-О- нь уг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 4.334.950 төгрөг төлсөн, мөн амь хохирогчийн жолоодож явсан мотоциклийн үнэ 2000000 төгрөг,  түүнээс гадна сайн дураараа 3.500.000 төгрөг, нийт 9.833.500 төгрөг төлж барагдуулсан байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд “...надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 134/ гэх мэдүүлгээр шүүгдэгч М.Ц-О-ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Ц-О-оос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Ц-О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан “Гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” эмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Ц-О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.Ц-О- урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 114 дүгээр хуудас/ тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Ц-О-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,  2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.  

Мөн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан ялаас торгох ялыг сонгож 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч М.Ц-О- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч М.Ц-О-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 3 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

     Шүүгдэгч М.Ц-О- нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч М.Ц-О-ыг тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Шүүгдэгч М.Ц-О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч М.Ц-О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт М-гийн Ц-О-ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон”, “Гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Ц-О-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М.Ц-О-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-О- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-О- нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч М.Ц-О-ыг тэнссэн хугацаанд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шүүгдэгч М.Ц-О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч М.Ц-О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          А.ДАУРЕНБЕК