Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 146/ШШ2017/00047

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газарт хийсэн шүүх хуралдаанаар     

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 1 дүгээр баг, Улаан ам гэх газар оршин суух, ЙБ90011900 дугаарын регистртэй, Ө овгийн Г-гийн Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 1 дүгээр баг, Улаан ам гэх газар оршин суух, ЙБ84031919 дугаарын регистртэй, Д- овгийн А-ийн Д-д холбогдох,

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д, хариуцагч А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.Д миний бие А.Д-тай 2007 онд танилцаж улмаар гэр бүл болсон. 2007 онд хүү Д.Б, 2008 онд охин Д.П нар төрсөн. Хамт амьдрах хугацаанд А.Д нь архи ууж, агсам тавьж, удаа дараа зодож нүддэг болсон. Тодорхой ажил төрөл хийхгүй, сул дэмий тэнэж үр хүүхдээ хайхрахаа байсан. А.Д нь 2013 онд миний биед халдан халуун хар цайгаар зүүн гар, хөлийг түлж удалгүй зүүн гарын булчинд хутгалж гэмтээсэн. Энэ хэргээр Хархорины 131 дүгээр ангид 3 жил, 6 сар хоригдоод 2015 оны 11 дүгээр сард зарлигаар гарч ирсэн. Суллагдсанаас хойш өнөөг хүртэл байнга дарамтлан түгшүүртэй амьдрах боллоо. Би цаашид энэ хүнтэй хамтран амьдарч чадахгүй нь. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Миний хүү Б, охин П нар нь надтай хамт амьдардаг. А.Д-аас хоёр хүүхдийнхээ тэтгэмжийг хууль дүрмийн дагуу гаргуулж өгөхийг хүсэж байна...” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Д нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...Г.Д миний бие тус шүүхэд гэрлэлт цуцлуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Хариуцагч А.Д-аас телевизор, нарны шил, 69 авто машин, мотоцикль, гэрийн шал, хонда мотор, дружба хөрөө, 27 ширхэг ямаа, тугалтай үнээ, бяруу, шүдлэн, 5 ханатай гэр зэргийг нэхэмжилж байна...”   гэжээ.

Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “...Г.Д миний бие тус шүүхэд гэрлэлт цуцлуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Охин Д.П-ыг Д-ын аав А-т үрчлүүлсэн тул гэрчилгээ гарсан. Иймээс охин П-д асрамж тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн хэсгээсээ татгалзаж байна...” гэжээ

Нэхэмжлэгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2006 оны 12 дугаар сард А.Д-тай танилцаж үерхэж байгаад гэр бүл болсон. Улмаар 2007 онд хүү Д.Б, 2008 онд охин Д.П нарыг төрүүлсэн. Би энэ хүнд алдаж явахад нь хэлээгүй юм болов уу гэж бодоод уучлахыг хичээж цаашдаа хамт амьдрах гэсэн боловч энэ хүн архи ууж олон хоногоор алга болоод байдаг. Энэ хүнийг ял эдлээд гарч ирэхэд нь би сайхан хүлээж авсан. Энэ хүн гэртээ долоо хоног л эрүүл байдаг бусад үед байнгын согтуу байдаг. Одоо миний хөл гар байнга өвддөг болсон. Би группт орох гэсэн боловч намайг худлаа өвддөг гэх үндэслэлээр группт оруулахгүй байгаа. А.Д-ын ах Батбаяр гэж хүн хүүхдүүдийг эмээтэйгээ байхгүй бол ална энэ тэр гээд хичээл дээр нь очиж их дарамталдаг болсон. Би одоо энэ хүнээс салмаар байна. Хоёр хүүхдээ өөр дээрээ авна. Мөн хоёр хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно. “...Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж телевизор, нарны шил, 69 авто машин, мотоцикль, гэрийн шал, хонда мотор, дружба хөрөө, 27 ширхэг ямаа, тугалтай үнээ, бяруу, шүдлэн, 5 ханатай гэр зэргийг нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна...” гэв.

Хариуцагч А.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие нэхэмжлэгч Г.Д-тэй 2006 оны 12 дугаар сарын 01-нд айл гэр болсон. 2007 онд хүү Б төрж, 2008 онд охин П төрсөн. Бага хүүхдээ аав ээждээ үрчлүүлсэн. 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хамт амьдарсан. Өнгөрсөн зун хамт амьдарч байгаад Д гэрлүүгээ явсан. Тэгээд дахиж ирээгүй. Тэгээд би араас нь очоод 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан. Хамт амьдарч байх хугацаанд маргалдсан удаа байгаагүй. Нэг өдөр намайг хөөж туугаад байсан. Тэгээд намайг явахгүй байсан чинь цагдаа дуудаж өгсөн. Нэхэмжлэл шүүхэд гаргаж өгсөнг нь мэдээгүй. Би 2016 оны 12 дугаар сарын 12-ноос хойш 2 хүүхэдтэйгээ уулзаагүй. Би 2 хүүхдээ бодоод салмааргүй байна. Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2 хүүхдээ харж хандаж хамт амьдармаар байна...” гэжээ.

Хариуцагч А.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн телевизор, нарны шил, 69 авто машин, мотоцикль, гэрийн шал, хонда мотор, дружба хөрөө, 27 ширхэг ямаа, тугалтай үнээ, бяруу, шүдлэн, 5 ханатай гэр зэрэг нь бүгд байхгүй. Анх гэр бүл болоход 69 авто машин байсан нээх унадаггүй эвдэрхий байсан. Одоо байхгүй. Үхэр, үнээ мал өвөл зуднаар үхсэн. Сүүлд нэг эр үхэр үлдсэн байсан. Д-тэй хамт амьдарч байхдаа өвөл идшэнд идсэн. Мотоциклийг хүнд өгсөн. Одоо болтол мөнгийг нь аваагүй байгаа. Телевизор эвдэрчихсэн. Ямаа гэвэл хүүхдүүдэд өгсөн 5 ширхэг ямаа л байгаа. Хөрөө ноднин зуураад гэрийн гадаа хаячихсан байсан сүүлдээ алга болсон байсан. Цахилгаан асдаггүй мотор байгаа. Одоо байгаа нь гэвэл нарний толь, 5 ханатай гэр л байна. Нэхэмжлэгчийн шаардсан зүйлүүд одоо надад байхгүй тул байгаа эд хөрөнгөө хувааж авъя...” гэжээ.

Хариуцагч А.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би энэ хүнээс салах ч хоёр хүүхдээсээ салмааргүй байна. Өнөөдөр энэ хурал дээр би үнэн зөвөө хэлмээр санагдаж байна. Энэ хүн намайг өдийг хүртэл гүтгээд байна. Энэ хүний ярьж байгаа бүх зүйл худлаа. Би гэртээ гэрийн ажлаа хийгээд байж байдаг. Харин энэ хүн өөрөө дэлгүүр орчихоод ирье гээд дэлгүүрт өр тавиад өнждөг. Б, Б хоёр намайг архинд уруу татаад байдаг. Гэрлэлтээ цуцлуулсан ч би үрчилж авсан охин П өгөхгүй өөр дээрээ авна. Бидний дунд хуваагаад байх эд хөрөнгө байхгүй ...” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч А.Д-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Зохигчид нь 2006 онд танилцаж гэр бүл болсон бөгөөд тэдний дундаас 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү Д.Б нь эх Г.Д-гийн асрамжид эрүүл өсч, хүмүүжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан хүү Д.Б-гийн ¹ 0040489-0072 дугаарын төрсний гэрчилгээний хуулбар, хүү Д.Б-гийн эрүүл бойжиж байгааг тодорхойлсон 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн эмнэлгийн тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаартай тодорхойлолт, насанд хүрээгүй хүүхэд Д.Б-гийн тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэрлэгчид нь 2006 онд гэр бүл болсон бөгөөд одоогоор хамт амьдраагүй,  цаашид хамт амьдрах боломжгүй гээд нэхэмжлэгчийн гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн нь гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй байдал зэргийг үндэслэн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Г.Д нь эцэг А.Д-аар 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Д.Б-г тэжээн тэтгүүлж өөрийн асрамжинд авна, охин Д.П-ыг А-т өргүүлсэн тул тэтгэмж нэхэмжлэхгүй гэснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хүү Д.Б-г өөрийн асрамжинд үлдээхийг хүссэн бөгөөд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ёс суртахууны байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Д.Б-г эх Г.Д-гийн асрамжинд үлдээж, харин эцэг А.Д-аас 2007 онд төрсөн хүү Д.Б-д тэтгэлэг гаргуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул А.Д-аас хүү Д.Б-д нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж болох 23.526 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6., 135 дугаар зүйлийн

135.2.8-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Ө овгийн Г-гийн Д, Д овгийн А-ийн Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар 2007 онд төрсөн хүү Д.Б-г эх Г.Д-гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2007 онд төрсөн хүү Д.Б-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Д-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар тэтгэлгийг гагцхүү 2007 онд төрсөн хүү Д.Б-гийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Д-д даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

7. Зохигчид нь эд хөрөнгийн маргаагүй гэснийг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаас нэхэмжлэгч Г.Д нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж хариуцагч А.Д-аас улсын тэмдэгтийн хураамжинд  70200 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн 5556458111 тоот дансанд оруулсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар хариуцагч А.Д-аас хүү Д.Б-г нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж болох 23.526 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн 5556458111 тоот дансанд оруулсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ДАГИЙМАА