| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0250/э |
| Дугаар | 2020/ШЦТ/252 |
| Огноо | 2020-08-11 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/252
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд
Шүүгдэгч Б
Гэрч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Бод холбогдох эрүүгийн 2021000000273 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ....-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, .................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 98 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 172.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар 1 жил нийт 2 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ...... овогт Б. /РД: ......../
Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй ******* талбайгаас зүүн тийш 24 километрт 2020 оны 06 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчимд ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар зорчигч Д-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Халхгол сумын Ялалт багийн “Өндөр хүрээ” гэх газар хөдөө гэртээ байж байхад манай буйрт байдаг хүү ******* машинтайгаа хөдөө гэрт ирээд ах Д хөдөө гэр рүү машинтай ирж яваад ******* талбайгаас зүүн тийш зам дээр осолд орж нас барсан байна гээд хөгшин бид хоёрыг аваад, тэр өдрөө аймагт ирсэн. ...Жолооч Б нь манай хүргэн бөгөөд миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 18 тал/
Гэрч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...*******, Б ах, эгч хоёрын гэрээс гарахад цаг 21:30 минут болж байсан. ******* эгчийн машинд би, манай нөхөр Д, Б ах, манай бага хүү *******, ******* эгчийн хүү ******* бид 6 хөдөлсөн. ******* талбайгаас 20 гаруй километр өнгөрөөд зам дээр ариутгалын өвс тавьчихсан байсан. Ямар ч анхааруулах тэмдэглэгээ байхгүй, цацруулагч байхгүй байсан. Тэгээд манай машин ариутгалын өвсний хажуугаар гарахад машины жолооч талын 2 дугуйн дээр хэсэг явж байгаад өнхөрчихсөн. ...машинаас буугаад нөхөр Д-д хандаж “зүгээр үү” гэж хэлэхэд над руу хараад 2 удаа амаа ангайлгаад юу ч хэлээгүй, ухаан алдсан. ...Тухайн үед аавынх руу хөдөө явахаар болсон. Бид нар Б ахаар аавынх руу хүргүүлэх гээд явж байх замд осол гарсан. Б ахын зүгээс хохирол төлж барагдуулсан. Надад гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 22-25 тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 74 тоот Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлтэд:
1. Талийгаач Д-н цогцогт хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний з-р нугалам, баруун талын сээрний 4,5,6-р хавирганы хугарал, нугасны гэмтэл, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, зулайн хуйхны язарсан шарх, зулай, дагзны цус хуралт баруун шуу тохой, зүүн бугалга, зүүн шуу, баруун сарвууны цус хуралт, зүүн бугалга, зүүн сарвууны зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Талийгаач нь зүрхний архаг эмгэгтэй байжээ.
5. Талийгаач нь их тархины зүүн талын бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, хүзүүний 3-р нугалам, баруун талын сээрний 4,5,6-р хавирганы хугарал, нугасны гэмтлийн улмаас нас баржээ.
6. Талийгаачийн цогцосноос авсан цусанд спиртийн алкоголь илрээгүй” гэжээ. /хх-ийн 47-49 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 тал/
- Ослын газрын схем зураг, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /11-12 тал/
- Зам тээврийн осолд холбогдсон “Musso” маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13 тал/
- Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 тал/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 16 тал/
- Дорнод аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 481, 479, 480, 482, 483 тоот дүгнэлтүүд /хх-ийн 28-29, 32-33, 36-37, 40-41, 43-44 тал/
- Цогцогт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 40-52 тал/
- Дорнод аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 93 тоот дүгнэлт /хх-ийн 64-65 тал/
- Мөрдөгчийн 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн магадлагаа /хх-ийн 67 тал/
- Б-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 19, 76-77 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ...... овогт Б нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй ******* талбайгаас зүүн тийш 24 километрт “Musso” маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Д-н амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******, гэрч Д.*******, С.*******, насанд хүрээгүй гэрч Б.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын газрын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам тээврийн осолд холбогдсон “Musso” маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 481, 479, 480, 482, 483 тоот дүгнэлтүүд, цогцогт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 93 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 74 тоот Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт, мөрдөгчийн 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн магадлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б-од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас Д-н амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн Б-ын ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, “В” ангиллын ........... дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........... овогт Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б-од оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б-од мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б-ын ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, “В” ангиллын ........ дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ