Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 146/ШШ2017/00048

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг, “Төмөрт” гэх газар оршин суух, ЙБ67010109 дугаарын регистртэй, Дамбил овогт Батжаргалын Даасмаагийн

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Даасмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Даасмаа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Даасмаа миний бие нь 1983 оны 06 дугаар сарын 01-нээс Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1990 оныг дуустал ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр хаягдаж байхгүй болсон учир улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй байна. Иймд намайг 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Даасмаа нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Даасмаа нь 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Үүнд: 1983 оны 06 сараас 1990 онуудын хөдөлмөрийн хөлс түүвэрлэсэн Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 720 дугаартай архивын лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн даргын 1990 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №10 дугаартай “Эхчүүдэд цалингүй нэмэгдэл чөлөөтэй байсны тэтгэмж олгох тухай” тушаалын хуулбар, гэрч Б.Бямбацэрэнгийн “...Би 1984 онд Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг төгсөөд 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн 2 дугаар бригадад зоотехникчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Намайг 2 дугаар бригадад ажилд орох үеэр Б.Даасмаа нь 2 дугаар бригадад бог мал малладаг байсан бөгөөд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн 2 дугаар бригадад 1983 онд орсон байх. Б.Даасмаа нь “Батзам” нэгдлийн 2 дугаар бригадад ихэвчлэн бог мал маллаж байсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл 1990 онд хувьчлагдаж тарсан юм. Тэр үеэр л ажлаасаа гарсан байх. Би “Батзам” нэгдлээс 1985 онд Хархорин сумын Сангийн аж ахуйд нөхөртэйгээ хамт ажиллахаар гарсан юм. Би Бат-Өлзий сумын унаган хүн. Б.Даасмаатай нэг нутагт нэг гол усанд тоглож өссөн болохоор мэдэж байна. Б.Даасмаа нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн 2 дугаар бригдад малчнаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Жигмэдсэрчингийн “...Би 1982 оны 01 дүгээр сараас 1984 оныг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Намайг ажилд орсноос хойш буюу 1983 онд Б.Даасмаа нь бог мал маллаж эхэлсэн. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл 1990 онд хувьчлагдаж тарсан юм. Тэр үеэр л ажлаасаа гарсан байх. Би “Батзам” нэгдлээс 1984 онд гараад цэрэгт явж 1987 онд цэргээс халагдаж ирээд Хархорин суманд шууд ирсэн. Б.Даасмаа нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн 2 дугаар бригдад малчнаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Дамбил овогт Батжаргалын Даасмааг 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 он хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Дамбил овогт Батжаргалын Даасмааг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 он хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Даасмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА