Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 6839

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,707,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэн тэй Зээлийн гэрээ байгуулж, түүнд 10,000,000.00 төгрөгийг 6 /зургаа/ сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн юм.

 

            Бодит байдал дээр 10,000,000.00 төгрөг бус харин 14,000,000.00 төгрөгийг түүнд зээлдүүлсэн боловч үүнийг баримтаар нотолж чадахгүй байна.

 

            Надаас, өмнө нь 4,000,000.00 төгрөгийн зээл авсан, тэрхүү зээлийг буцаан төлөх гэж манайд ирэхдээ “Казакстан улс руу автомашин гаргах гэсэн юм, машиныг гаргаж чадах юм бол нилээн ашигтай юм байна, мөнгө хэрэг болоод байна, Монголоос машин худалдан авна гээд нэмж 10,000,000.00 төгрөг”-ийг зээлсэн.

 

            Энэ өдрөөс хойш тэрээр зээлийг буцаан төлөхгүй их удсан, би эхний удаад чимээгүй л байдаг байсан боловч сүүлдээ утсаар ярих гэхээр утсаа авдаггүй, зээлийг буцаан төлөхгүй удаж, миний итгэлийг их алдсан.

 

            Гэрээний хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй, үүргээ ноцтой зөрчиж байна.

 

            шүүх хурал дээр 4,000,000.00 төгрөгийг урьд өмнө зээлээгүй, харин 10,000,000.00 төгрөгийг зээлсэн мэтээр худал ярьж, төөрөгдөлд оруулж байна.

 

            2016 оны 08 дугаар сард намайг түүнтэй уулзаж, шүүхэд нэхэмжлэл өгнө гэхэд тэрээр “та нэхэмжлэлээ өгчих, манай ах, дүү нар шүүхийн шийдвэр, захирамжтай бол хамаагүй миний зээлийг төлнө гэсэн” гэхэд нь бид хамт шүүхэд ирж нэхэмжлэл өгсөн юм.

 

2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 14,000,000.00 төгрөгийг т зээлдүүлэхдээ энэ талаар тодорхой гэрээ байгуулаагүй, харин 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл өгөхдөө бид өмнө тохирсон тохиролцоогоо баталгаажуулж, мөнгө зээлсэн тухай баримт үйлдсэн.

 

            Хариуцагч ээс надад энэ хугацаанд 2014 онд 1,300,000.00 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3,759,000.00 төгрөг, 2016 оны 07 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд түүний цалингийн данснаас 1,184,000,000.00 төгрөг авсан ба нийт 6,063,000.00 төгрөг болсныг зээлийн хүүнд суутган тооцсон.

 

            Учир нь, Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дууссан байхад зээлийг буцаан төлөөгүй, зээлийн хүүг сарын 5 /тав/ хувиар тохирсон, үүнээс хүүг тооцвол 18,000,000.00 гаруй төгрөг болж, ээс өмнө төлсөн 6,063,000.00 төгрөгийг хасч тооцвол өнөөдрийн байдлаар 13,707,000.00 төгрөгийн хүү төлөөгүй байна.

 

            Хариуцагч талаас цалингийн картын хуулгыг ирүүлсэнтэй танилцсан, уг нотлох баримтын хувьд ямар нэгэн тайлбар, татгалзал байхгүй, би дээр дурьдснаар түүний цалингийн картаас 1,184,000,000.00 төгрөг авсан нь үнэн.

 

            Иймд, хариуцагч ээс үндсэн зээл 10,000,000.00 төгрөг, зээлийн хүү 13,707,000.00 төгрөг, нийт 23,707,000.00 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

             

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Би, гаас 14,000,000.00 төгрөг бус харин 10,000,000.00 төгрөгийн зээл авсан нь үнэн.

 

            Бид, анх ярилцаж тохирохдоо зээлийг хүүгүй байхаар ярилцаж, 1 /нэг/ сарын хугацаатай гэж тохирсон юм, гэвч миний Казакстан улс руу авч явсан машин тус улсын хуулиар он залуу биш байсан учраас худалдаж чадаагүй.

 

            Намайг, энэ хугацаанд зээлийг төлөхгүй, утсаа авсангүй гэж байна, гэтэл би түүнд нийт 6,063,000.00 төгрөгийг төлсөн, миний цалингийн карт д байдаг учраас цалин орох бүрт авчихдаг, одоо миний бие үндсэн зээл төлсөн үү эсхүл зээлийн хүү төлсөн үү гэдгийг өөрөө ч ойлгохгүй байна.

 

            Гэхдээ бодит байдал дээр 6,063,000.00 төгрөг бус мөн 500,000.00 төгрөгийг төлсөн байхад аваагүй гэж тайлбарлаж байгаад гайхаж байна.

 

            Бид нар 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000.00 төгрөгийг зээлэх талаар ярилцахдаа гэрээ байгуулаагүй, харин 2016 оны 08 дугаар сард шүүхэд нэхэмжлэл өгөх болоход харилцан ярилцаад Мөнгө зээлсэн тухай баримт үйлдэхдээ хугацаа, хүүг тусгаж, шүүхэд өгсөн.

 

            Нэхэмжлэгч надаас зээлийн хүү гэж 13,707,000.00 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй.

 

            Учир нь, тухайн үед зээл авах талаар тохиролцохдоо 1 /нэг/ сарын хугацаатай гэж ярилцсан болохоос бус хүүтэй гэж харилцан тохироогүй, сүүлд шүүх дээр хамт ирэхдээ зээлийн хүүг 5 хувь, хугацааг 6 /зургаа/ сар гэж ярилцаад машин дотор тус баримтыг үйлдсэн юм.

 

            Иймд, миний зүгээс нэхэмжлэгч д төлөх ёстой төлбөр гэвэл өмнө түүнд төлсөн төлбөрийг хасч тооцоод 3,437,000.00 гаруй төгрөг байх ёстой” гэв.

 

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч хариуцагч т холбогдуулан 23,707,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үл хүлээн зөвшөөрч, татгалзаж байна.

 

            Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч нар 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 10,000,000.00 төгрөгийг зээлэхээр тохиролцсон байна.

           

            Энэхүү Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь 10,000,000.00 төгрөгийг 6 /зургаа/ сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр болжээ.

 

            Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл хэдийгээр талууд 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000.00 төгрөгийг ийнхүү 6 /зургаа/ сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэх талаар бичгээр гэрээ байгуулаагүй боловч хожим тэд уг тохиролцоогоо дэмжиж, Зээлийн гэрээг бичгээр байгуулсан, энэ талаар талууд маргаагүй.     

 

            Энэ нь, зохигчид хожим гэрээний гол нөхцлийг бичгээр баталгаажуулсан нь тэдгээрийн анх гэрээг байгуулах болсон хүсэл зоригт нийцэж байсан учраас ийнхүү талууд өмнөх тохиролцоогоо бичгээр нөхөж байгуулсныг хүчингүй гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж мөн 282 дугаар зүйлийн 282.4 “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд ийнхүү Зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан болон зээл өгөх, авах талаар харилцан тохиролцоо байсан хэдий ч мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй тохиолдолд Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.

 

            Иргэний хуулийн 196 дугаар зүйлд талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлийн талаар зохицуулсан ба 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэжээ.

 

            Энэ нь, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар талуудын хувьд Зээлийн гэрээний харилцаа үүсэх гол шаардлага нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байхыг шаарддаг байна.

 

            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч хариуцагч т 14,000,000.00 төгрөгийн зээл өгсөн гэж тайлбарлаж буй боловч үүнийгээ тэрээр баримтаар нотлохгүй байна.

 

Харин зохигчид 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000.00 төгрөг зээлсэн талаар маргахгүй, хариуцагч нь 10,000,000.00 төгрөгийг Казакстан улс руу машин худалдах зорилгоор авсан хэмээн тус тус мэдүүлж байна.

 

Иймд, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000.00 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

            Зохигчдын хооронд байгуулсан гэрээ ёсоор хариуцагч нь 10,000,000.00 төгрөгийг нийт 6 /зургаа/ сар ашиглаж, сарын 5 хувийн хүү 500,000.00 төгрөг, нийт 3,000,000.00 төгрөгийн хүү төлөх үүрэг хүлээжээ.

 

            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч энэ хугацаанд нэхэмжлэгч д нийт 6,063,000.00 төгрөгийг төлсөн, зохигчид энэ талаар маргахгүй байна.

 

            Гэвч хариуцагч ийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 6,063,000.00 төгрөг бус харин 6,563,000.00 төгрөг төлсөн хэмээн тайлбарлаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй юм.

 

Нэгэнт хариуцагч ээс нэхэмжлэгч д 6,563,000.00 төгрөг төлсөн гэдгээ баримтаар нотлохгүй байх тул түүнийг нийт 6,063,000.00 төгрөг төлсөн гэж үзэх нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгч гаас хариуцагч ээс 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойших хугацааны зээлийн хүүг 5 хувиар тооцож, нийт 13,707,000.00 төгрөгийн хүү шаардаж байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар талууд зээлийг хүүтэй байхаар тохиролцож болох ба зээлийн хүү нь зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ юм.

 

            Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн зүгээс зээлийг хүлээн авч ашигласнаар зээлдүүлэгч талд тохиролцсон хүүг төлөх үүрэг хүлээх ба нэгэнт зохигчид зээлийг ашиглах хугацааг гэрээгээр тодорхой тохиролцсон байх тохиолдолд тухайн хугацаан дахь зээлийн хүүг хариуцагч төлөх үүрэгтэй болно.

 

            Иргэний хуулийн 283.1-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заажээ.

 

            Энэ нь, зээлийг тодорхой хугацаатай болон тодорхой бус хугацаагүйгээр байгуулж болохыг зохицуулсан ба хэрэв талууд гэрээг хугацаатай байгуулж, хүү тохиролцсон тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн хүүг гэрээний хугацаагаар тогтоосон гэж үзэх юм.

 

            Гэтэл болон нар 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000.00 төгрөгийг нийт 6 /зургаа/ сарын хугацаатай зээлдэхээр тохиролцсон байх тул хариуцагчийн зүгээс уг 10,000,000.00 төгрөгийг ашиглах зээлийн эцсийн хугацаа буюу эгүүлэн төлөх хугацааг 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэж ойлгоно.

 

            Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 10,000,000.00 төгрөгийг гэрээгээр тохиролцсон 6 /зургаа/ сарын хугацаанд ашиглаж, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үндсэн зээлийг хүүгийн хамт төлж дуусгах үүрэг хүлээсэн ба энэ хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэнд тооцно.

 

            Энэ тохиолдолд талуудын хооронд байгуулсан гэрээнд хугацаа хэтрүүлэхтэй холбоотой хариуцлагын талаар тохиролцоо байгаа эсэхийг шалгах ба зээлийг ашиглавал зохих хугацаанд тохирсон хүүг зохигчид тухайн зээлийг эгүүлэн төлөх хугацаа хэтэрснээс хойш үргэлжлүүлэн тооцохоор гэрээнд тодорхой заагаагүй бол үүнийг хэтэрсэн хугацааны хүү болон төлөх ёстой хүү гэж үзэхгүй.

 

            Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд талууд хэрэв Зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүг үргэлжлүүлэн тооцох талаар тусгайлан тохироогүй байх тул нэхэмжлэгч 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш буюу Зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн үеэс хойших хүүг хариуцагч ээс нэхэмжлэх эрхгүй болно.

 

Иймд, хариуцагч ээс нэхэмжлэгч д төлсөн 6,063,000.00 төгрөгөөс 3,000,000.00 төгрөгийг талуудын тохиролцсон зээлийн хүүг бүхэлд нь төлсөнд тооцож, үндсэн зээлээс үлдэх 3,063,000.00 төгрөгийг хасч, нийт 6,937,000.00 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. 

              

           

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч ээс үндсэн зээл 6,937,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,770,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,500.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ээс 125,942.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР