Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 681

 

“И Эн Пи” ХХК, Н.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00149 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “И Эн Пи” ХХК, Н.Эрдэнэбат,

Хариуцагч “Зургаан талт” ХХК-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 10 047 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Эрдэнэбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч “И Эн Пи” ХХК-ийн төлөөлөгч Н.Бат-Эрдэнэ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд төлөөлөгч Н.Бат-Эрдэнэ, өмгөөлөгч У.Мөнхбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Зургаан талт” ХХК-тай өөрийн өмчлөлийн газар доогуур төлбөртэй бохир, цэвэр усны шугам татуулах тухай гэрээ байгуулсан юм. Энэ гэрээний дагуу хариуцагч “Зургаан талт” ХХК нь өөрийн газар доогуур бохир, цэвэр усны шугам татуулах, бид гэрээнд заасан орон сууцыг тодорхой үнээр худалдах үүрэг хүлээсэн боловч хожим биелэгдээгүй. Манай компани 24 автомашины дулаан зогсоолтой 104 айлын орон сууцыг 2013 оноос 2015 оны хооронд барьж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч “Зургаан талт” ХХК-иас өөрийн барилгын үйл ажиллагааг эхлүүлэхдээ манай компанийн цэвэр усны шугамыг таслан их хэмжээний хохирол учруулаад байна. Хариуцагч талын дараах хууль бус үйлдлээс болж нэхэмжлэгч Н.Эрдэнэбат, “И Эн Пи” ХХК-д дор дурьдсан хохирол учирсан. Үүнд:

2015 оны 03 дугаар сард манай компанийн цэвэр усны шугамыг тасалсан ба энэхүү гэмтлийг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр засварлаж, 2 м газар усны болон цахилгааны шугам шилжүүлэхэд нийт 588 000 төгрөг зарцуулсан, гэрлийн камерын шон эвдэж, суурь хөрснөөс татаж гаргасныг 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 200 000 төгрөгөөр засварласан, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шөнийн 12:00 цагийн орчимд техник хэрэгсэл хэрэглэж, манай эзэмшил газар руу халдаж, нүх ухаж байгаад хашаа болон жорлон эвдэхэд 1 000 000 төгрөг, гадна цахилгааны үндсэн тэжээлийн кабел шугамыг 30 орчим метр ухаж ил гаргасан ба үүнээс болж 2 245 000 төгрөгийн хохирол учирсан, цэвэр усны шугамыг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлэхэд 5 460 000 төгрөгийн зардал, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шөнийн 11:00-12:00 цагийн орчим газар шорооны ажил хийж байгаад цэвэр усны шугам тасалсан бөгөөд үүнийг засварлаж, холболт хийхэд 554 000 төгрөгийн зардал тус тус гаргасан.

Хариуцагч “Зургаан талт” ХХК нь дээр дурдсан үйлдлийг нэг биш хэд, хэдэн удаагийн үйлдлээр хийснээс болж нийт 10 047 000 төгрөгийн хохирол учирсан юм. Бидний зүгээс уг гэм хорын хохирлыг “Зургаан талт” ХХК-иас шаардаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Баянзүрх дүүргийн Прокурорын газарт “Зургаан талт” ХХК-ийн үйлдэлтэй холбоотой эрүүгийн хэргийг шалгаж, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1332 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргасан. Уг тогтоолд хариуцагч “Зургаан талт” ХХК-ийн захирал Ч.Түмэнбаярын гэм бурууг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.Эрдэнбат, И Эн Пи ХХК-д гэм хор учирсан болон 10 047 000 төгрөгийн зардал гарсан гэдэг нь нотлогдоно. Иймд, хариуцагч “Зургаан талт” ХХК-иас гэм хорын хохиролд 10 047 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Эрдэнбат, “И Эн Пи” ХХК нарт өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, өмгөөлөгч Б.Бадраа нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байна, нэхэмжлэгч Н.Эрдэнбат, “И Эн Пи” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлд талуудын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан өөрийн өмчлөлийн газар доогуур төлбөртэй бохир, цэвэр усны шугам татуулах тухай гэрээг зөрчсөн гэсэн атлаа өнөөдөр шүүх хуралдаанд өөр тайлбар өгч байна. Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02-07-095/1099 тоот акт, мөн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02-01-023/1877 тоот актад нэхэмжлэгч “И Эн Пи” ХХК-ийг цэвэр усны шугам татахдаа Барилгын тухай хууль, норм, дүрмийг зөрчсөн гэж дүгнэсэн. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг актыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өгч, хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасан нь энэхүү хэргийг дахин хэрэгсэхгүй болгох нөхцөл байдлыг үүсгэж байна.

Манай компанийн зүгээс цэвэр усны шугамыг санаатайгаар таслаагүй, “И Эн Пи” ХХК нь Барилгын тухай хууль, норм, дүрмийг зохих ёсоор биелүүлсэн бол ийм зүйл болохгүй байсан, өөрөөр хэлбэл, Мэргэжлийн хяналтын газрын актад дурдсанаар “И Эн Пи” ХХК нь орон сууцны барилга, автомашины зогсоолын пандусын норм, дүрмийг зөрчсөнөөс улбаалан барилгын ажил гүйцэтгэж байхад цэвэр усны шугам тасрах нөхцөл бүрдсэн. Нэхэмжлэгчид 10 047 000 төгрөгийн хохирол учирсан гэжээ, гэвч уг компанид ийм хэмжээний хохирол учирсан гэдгийг баримтаар нотлохгүй байна. Тухайлбал, манай компанийн маргааны зүйл болох гэрлийн шонг гэмтээгээгүй, гадна кабелийн шугам 2 245 000 төгрөг, жорлонг засварлахад 1 000 000 төгрөгийн зардал гарсан гэдэг боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, батлагдсан зураг, төслийн дагуу гүйцэтгэсэн бол гэм хорын асуудал гарахгүй байсан. Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02-01-023/1877 тоот актад нэхэмжлэгч “И Эн Пи” ХХК-ийн зөрчлийн талаар тодорхой дурдсан байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагч “Зургаан талт” ХХК-иас 3 007 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Эрдэнбат, “И Эн Пи” ХХК нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 040 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63 062 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс үзвэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Тодруулбал, шүүх Баянзүрх дүүргийн Прокурорын газын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1332 тоот тогтоол, Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02-07/2845 тоот албан бичгийг үнэлж, хариуцагчийн гэм бурууг тогтоосон.

Түүнчлэн маргааны зүйл болсон шугам, сүлжээ хэдийгээр холбогдох дүрэм журмын дагуу угсрагдаагүйгээс хариуцагч тал эхний удаагийн үйлдлээр гэм хор учруулсан боловч хожим барилгын ажил гүйцэтгэхдээ энэ талаар мэдэх ёстой бөгөөд мэдэх боломжтой байхдаа өөрийн үйлдлээр дахин гэм хор учруулсан байх тул түүнийг болгоомжгүй хандсан гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн. Ийнхүү дүгнэлт хийж хариуцагчийг санаатайгаар гэм хор учруулсныг тогтоосон атлаа хариуцагчийн хариуцах хохирлын хэмжээг 50 хувиар багасгаж, нэхэмжлэгчид үлдэх хувийг даалгаж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02-07-095/1099 тоот акт, мөн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02-01-23/1877 тоот актаар ч маргааны зүйл болсон нэхэмжлэгч талын гадна цэвэр усны шугам сүлжээг нь Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийг зөрчиж хариуцагч “Зургаан талт” ХХК-ийн захиалгатай орон сууцны гараашийн пандусын сууриас 1.2 м зайд угсрагдсан, үүнээс улбаалан хариуцагч тал барилгыг гүйцэтгэж байхад гэм хор учирсан байна” гэжээ. Уг дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үнэлж дүгнэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь, тухайн газарт 2014 онд шугам сүлжээ татсаныг хариуцагч тал мэдэж байсан. Тухайлбал, 2014 оны “Зургаан талт” ХХК болон “И Эн Пи” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн өөрийн өмчлөлийн газар доогуур төлбөртэй бохир, цэвэр усны шугам татуулах тухай гэрээ хавтаст хэрэг авагдсан байхад түүнийг үнэлэлгүй дээрх байдлаар дүгнэлт хийжээ. Тус гэрээний 1.1 дэх заалтад А тал буюу “Зургаан талт” ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 11 дүгээр гудамжны 298 тоот газраараа цэвэр усны шугам татуулснаа мэдэж байсан болно. Нөгөө талаар нэхэмжлэгч бусдын газар дээр мэдэгдэлгүйгээр шугам сүлжээ татаагүй болох нь нотлогдоно.

Шүүх гэм хор учрах үйл явдлын учир шалтгаан нь тухайн нөхцөл байдал буюу нэхэмжлэгч тал барилгажилтын норм ба дүрмийг зөрчөөгүй байсан уг үйл явдал өөрөөр тохиолдох эсхүл тохиолдохгүй байсан гэж үзэх нөхцөлийг бий болгож байна гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бус хийсвэр байдлаар дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчаас 3 007 000 төгрөгийг гаргуулах гэснийг 6 014 000 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Н.Эрдэнэбат болон “И Эн Пи” ХХК нь “Зургаан талт” ХХК-иас  гэм хорын хохиролд 10 047 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Н.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд 136004/0163 тоот нэгж талбарын дугаартай газрын, хариуцагч “Зургаан талт” ХХК нь мөн хаягт байрлах 13600/0696/18646310527384 тоот нэгж талбарын дугаартай газрын эзэмшигч бөгөөд эзэмшил газар дээр барилга барих явцдаа нэхэмжлэгчийн газар доогуурх шугам сүлжээг тасалж, гэмтээснээ хариуцагч “Зургаан талт” ХХК үгүйсгээгүй, харин шугам сүлжээг гэмтээхэд нэхэмжлэгчийн техникийн нөхцөл зөрчиж, шугам сүлжээг байрлуулсан нь нөлөөлсөн тул хохирлыг төлөхгүй гэж маргажээ. 

Нэхэмжлэгч Н.Эрдэнбатын захиалгаар “И Эн Пи” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн 104 айлын орон сууцны гадна дулаан, цэвэр усан хангамж болон бохир усны системийн угсралт нь сорилгоор шалгасан актаар сайн үнэлгээ авснаас гадна хариуцагч “Зургаан талт” ХХК-ийг барилгын ажлаа эхлүүлэхээс өмнө хийгдсэн нь нэхэмжлэгчийн захиалгат орон сууцыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн акт, хариуцагч “Зургаан талт” ХХК-д 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр олгогдсон “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” зэрэг бичгийн баримт,  зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан зохигчдын хоорондын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэрээнд зааснаас үзвэл нэхэмжлэгч талын 104 айлын орон сууцны барилгын гадна шугам сүлжээ нь хариуцагчийн өмчлөлийн газар доогуур бохир, цэвэр усны шугамыг татуулах гэрээний дагуу төлбөртэйгээр тавигджээ.

Иймд өөрийн газар доогуур нэхэмжлэгч талын барилгын гадна шугам сүлжээ байгаа гэдгийг хариуцагч тал мэдэж байсан байх тул сүүлд эхэлсэн өөрийн барилгын ажлыг гүйцэтгэхдээ анхаарал болгоомжгүй хандаж, хэд, хэдэн удаагийн үйлдлээр шугам сүлжээг тасалсанд гэм буруутай болох нь тогтоогдсон гэж үзнэ. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учруулсан гэм хорыг мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцан арилгах үүрэгтэй.

Хариуцагч “Зургаан талт” ХХК-ийн өмчлөлийн газар дээр барилга байгууламж баригдаж эхлэхээс өмнө нэхэмжлэгч “И Эн Пи” ХХК нь 104 айлын орон сууцны барилгын ажлыг дуусгаж, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн актаар байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэгч тал шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэхдээ хариуцагчийн эрх, ашиг сонирхолыг зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, сүүлд баригдсан хариуцагч талын орон сууцны гараашийн пандусын сууриас 1.2 м зайд угсрагдсан гэх Мэргэжлийн хяналтын газрын актыг үндэслэн гэм хор учрахад болон хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүх хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг хэрэглэн, хариуцагчийн нөхөн төлөх хохирлын хэмжээг 50 хувиар бууруулсан нь буруу байх тул уг алдааг залруулж, гэм хорын хохирлыг баримтаар нотлогдсон хэмжээнд буюу 6 014 000 төгрөгөөр нөхөн төлүүлж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00149 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...болон 514 дүгээр зүйлийн 514.1” гэснийг хасч, “3 007 000” гэснийг “6 014 000” гэж, “7 040 000” гэснийг “4 033 000” гэж тус тус,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын  “63 062.00 төгрөгийг” гэснийг “111 174 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

А.ОТГОНЦЭЦЭГ