Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 34

 

                                                                  

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад холбогдох

А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн  "Б.А-д сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халах тухай" Б/49 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Б.А-г урьд эрхэлж байсан А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнаар /Иргэний танхим, сум багийн хурал, сургалт, сурталчилгаа хариуцсан/ эгүүлэн тогтоолгохыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Миний бие А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ерөнхий менежерийн 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дүгээр тушаалаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд Иргэний танхим, сургалт сурталчилгаа хариуцсан ажилтнаар томилогдоод 2014 онд байгууллагын шилдэг ажилтан болж тушаал дэвшин, А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ерөнхий менежерийн 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 02 дугаар тушаалаар Тэргүүлэгчдийн дотоод ажил, тогтоол шийдвэрийн биелэлт, нярвын ажил хариуцсан ажилтнаар томилогдсон.

А аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/49 дугаартай “Б.А-д сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халах тухай” тушаал гарч миний бие нь ажлаа хүлээлгэн өгсөн. Тухайн тушаалыг эс зөвшөөрч байна.

Учир нь Ө суманд албан үүргээ гүйцэтгэж явахдаа архи уун согтуурч төрийн албаны тухай хууль бусад хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байхгүй. 2016 онд орон нутагт Монгол Ардын нам засаг барьж эхэлсэн үеэсээ хойш Ардчилсан намын үед ажилд орж байсан гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл удаа дараа дарамт шахалт үзүүлж байгаад эцэст нь ажлаас халлаа ... би И сумын хурлын дарга, 2 төлөөлөгчтэйгээ орж ирсэн гэж андуурсан байна. 

Иймд А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Б.А-д сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн дотоод ажил, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоохыг даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/49 тоот тушаал гарах ёсгүй байсан акт. Учир нь хариуцагч талаас Б.А-г ёс зүйн зөрчил гаргасан гэж үзээд ажлаас нь халсан. Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2.5.5-д энэхүү журмын 1.2-т заасан гомдол, мэдээллээс гадна хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээллийн мөрөөр, түүнчлэн өөрийн санаачлагаар болон байгууллагын удирдлагын шийдвэрээр ёс зүйн зөрчлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах гэж заасан байгаа. Тэгэхээр ёс зүйн зөрчлийг шалган тогтоож, дүгнэлт гаргаагүй учраас Б.А-г М.Б гэдэг хүн ажлаас халах үндэслэлгүй байхгүй. Мөн уг журмын 3.1-д Төрийн албаны зөвлөл болон Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл бүхий төрийн байгууллагын Ёс зүйн хороонд тухайн зөвлөлөөс нэр дэвшүүлэн томилогдсон төрийн захиргааны албаны удирдах албан тушаалтан түүнчлэн тухайн байгууллагын болон энэхүү журмын 2.4-т заасан төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээлэл хамаарна гэж заасан байгаа. Тэгэхээр төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг Ёс зүйн хороо гэдэг газар шалгаж тогтоох ёстой байсан. Хэрвээ ёс зүйн хороогоор дүгнэлт гаргуулаагүй бол энэ тогтоолоо харж үзээд ёс зүйн хороогоо байгуулах нь зүйтэй байх. Уг журмын 5.1-д Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлийн шийдвэр болон Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлгүй төрийн байгууллага нь байгууллагын Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан тухайн төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах тухай шийдвэр гаргана гэсэн байгаа. Үүнд ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн арга хэмжээ авна гээд тодорхой заагаад өгчихсөн байна. Тэгэхээр Б.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн ёс зүйн хорооны дүгнэлт гараагүй байна. Эрх бүхий албан хаагч нь Б.А-д арга хэмжээ авах байсан юм бол ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэж арга хэмжээ авах ёстой байсан байна. 

А аймгийн Ө суманд зохион байгуулсан урлаг, соёлын арга хэмжээнд Б.А-г оройны шоуны арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгаад, орой ажлаа дуусгаад бичиг, цаасаа цэгцэлж байх хооронд нь хаяж явчхаад буцаж ирж авахдаа чи архи уусан байна гэж дарамтлаад, ажлын хамт олондоо архи уусан гэдгээ хэл гэж дарамтлаад, архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрвөл ажлаас халахгүй гэж хэлээд сонсох ажиллагаа явуулсан байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

Хариуцагч А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга М.Б миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь,  Б.А нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 09-ний өдрүүдэд тусгай удирдамж, хөтөлбөрийн дагуу Ө суманд аймгийн хэмжээний 16 сум хамрагдсан сургалт, спортын арга хэмжээ явуулах үед буюу 9 дүгээр сарын 7-ны орой 2100-2300 цаг хүртэл оройн соёл, урлагийн ажлыг хариуцан ажиллах үедээ архи уусан бөгөөд энэ тухай ажлын албаны бүх ажилтнууд мэдсэн ба өөрөө архи уусан гэдгээ тухайн үедээ хүлээн зөвшөөрсөн төдийгүй энэ талаар хэлэхэд би явлаа хэмээн гарч явахад нь их согтуу байгаа тул гол усанд орчих вий гээд ажлын албаны ажилтан Г.Э, Э.Г нарыг араас нь гаргасан. Энэ үед Б.А нь Г.Э-г орж бай гэж оруулаад Э.Г-д М.Б дандаа ингэдэг юм. М.Б пизда юу юм бэ, энэ муугаас айхгүй, ажлаас халвал хална биз, ажил гуйхгүй гэх мэтээр элдэв муухай үг хэлж Э.Г-ийн тавьсан шаардлагыг хүлээн авахгүй агсамнаж, тэр ч бүү хэл цохиж авсан зэрэг зохисгүй дутагдал гаргасан юм. Энэ нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.5-д “...албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх;" заалтыг ноцтой зөрчин, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “... төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;” хэмээн заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй, өмнө сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд үүнээс 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байсан тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь заалтыг үндэслэн мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан сахилгын шийтгэлийг оногдуулсан нь хуулийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэж үзэж байна.  Ө сумын арга хэмжээг зохион байгуулахаас өмнө 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр бүх ажилтнуудад Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолыг нэг бүрчлэн уншиж өгч хувилан тарааж гарын үсэг зуруулсан болно.

 А иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнуудын 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлаар баталсан ажлын албаны дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар албан үүргээ гүйцэтгэж явахдаа архи ууж согтуурсан бол ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэж заасан байна. Ажлын хариуцлага, сахилга бат, ёс зүйн асуудлаар ажилтнуудын хурлаар байнга ярьж ажиллаж буй бөгөөд үзэл бодлоор нь хавчин шахах зүйл огт байхгүй. 

Б.А нь төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг байнга зөрчиж удаа дараа алдаа дутагдал гаргаж байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын хувьд, ахмад ажилтны хувьд Б.А-д удаа дараа зөвлөгөө өгч ажилласан бөгөөд энэ удаа сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулах боломжгүйн дээр ноцтой зөрчил гаргасан учир зохих хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулж, мэдэгдлийг урьдчилан өгч хуулийн дагуу ажилласан гэж үзэж байна. Дарамт, шахалт үзүүлээгүй, би шаардлага тавьсан, би ажилчиддаа бүгдээрэнд нь адилхан шаардлага тавьдаг. Б.А-гийн ярьж байгаа болгон худлаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тэргүүлэгчдээс тогтоосон нийт 10 орон тоотой, үүнээс төрийн жинхэнэ албан хаагч 6 байдаг. Эдгээр төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албан хаагчийг оролцуулж Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ажлын албаны дотоод журмыг баталсан. Мөн Төрийн албан хаагчийн ёс зүй, үйл ажиллагаатай холбоотой бүх асуудлыг ажилчдын хурлаар хэлэлцдэг. Б.А-тай холбоотой асуудлаар 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хамт олны хурлаар шийдвэрлэсэн. Тухайн хурал дээр Б.А-г ёс зүйн зөрчил гаргасан талаар хэлэлцэж тэмдэглэл хөтөлсөн. Хурал дээр Б.А хэлэхдээ, би даараад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, соёлын ажилтны баяр гэдгийг мэдээгүй, арга хэмжээг эхлүүлэх гэтэл эхлэхгүй, орой эхэлсэн учраас дараад согтууруулах ундаа хэрэглэсэн, хамт олноосоо уучлалт гуйж байна, даргыг бухимдуулсандаа уучлалт гуйж байна гэдгээ хэлж, гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн. Б.А өөрөө хэлэхдээ би захирах, захирагдах ёсыг мэднэ гэж хэлсэн. Тухайн хурлын тэмдэглэлийг үндэслэж Б.А-д ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан. Хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагааг хийсэн. Сонсох ажиллагаа нь дээр гаргасан ёс зүйн зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа хэлж, нотолж болно шүү гэдгийг мэдэгдсэн.

Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн дагуу өөрөө удирдах байгууллага нь тухайн байгууллагынхаа бүтэц, орон тоог өөрөө тогтоодог. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд төрийн жинхэнэ албан хаагч 6 байдаг. Аливаа болсон асуудлын талаар хамт олны хурлаар шийдвэрлэдэг. Тийм учраас орон тооны бус ёс зүйн хороо гэдэг зүйл заавал байх шаардлагагүй гэж үзэж байна. А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаас гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.А-гаас А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад холбогдуулан “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн  "Б.А-д сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халах тухай" Б/49 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Б.А-г урьд эрхэлж байсан Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнаар /Иргэний танхим, сум багийн хурал, сургалт, сурталчилгаа хариуцсан/ эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий захиргааны акт нь гадагш чиглэсэн, Б/49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохоор дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

Уг маргааны үйл баримтаас үзвэл: Нэхэмжлэгч Б.А нь Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ерөнхий менежерийн 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” 04 дүгээр тушаалаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн ажлын албанд Иргэний танхим, сургалт сурталчилгаа хариуцсан ажилтнаар 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн; 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” 02 дугаар тушаалаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн  дотоод ажил, тогтоол шийдвэрийн биелэлт, нярвын ажил хариуцсан ажилтнаар 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус томилогдон ажиллаж байжээ. /х.х-н 8-9/

А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Б.А-д сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халах тухай” Б/49 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.4 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтуудыг үндэслэн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны иргэний танхим, сум, багийн хурал, сургалт, судалгаа хариуцсан ажилтан Б.А нь Ө суманд албан үүргээ гүйцэтгэж явахдаа архи уун согтуурч Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.5, Засгийн газрын 2017 оны 1 дүгээр албан даалгавар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  тэргүүлэгчдийн  ажлын албаны дотоод журмын 9.2 дахь заалтуудыг ноцтойгоор зөрчсөн тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасны дагуу 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөр дуусгавар болгон төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халснаар уг маргаан үүсжээ. /х.х-н 5/

Шүүх нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв. 

Маргаан бүхий Б/49 дүгээр тушаалд Б.А нь Ө суманд албан үүргээ гүйцэтгэж явахдаа архи уун согтуурч Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.5, Засгийн газрын 2017 оны 1 дүгээр албан даалгавар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  тэргүүлэгчдийн  ажлын албаны дотоод журмын 9.2 дахь заалтуудыг ноцтойгоор зөрчсөн гэх үндэслэлийг дурдсан байна. Маргаан бүхий захиргааны актын үндэслэлүүдийг хянахад:

1.    Албан үүргээ гүйцэтгэх явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх тухайд:

Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгч, сонгуултнуудын харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх, сайн туршлагыг солилцох, бие биенээсээ суралцах зорилгоор “Аймаг сумдын ИХТ-н төлөөлөгч, БИНХ-н дарга, ажлын албаны дунд зохион байгуулах уулзалт, уралдаан тэмцээн”-ийг 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөрт Архангай аймгийн Ө суманд зохион байгуулахаар удирамжийг баталжээ. /х.х-н 114/

Дээрх удирдамжийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга “Аймаг, сумдын ИТХ, ажлын алба, багийн ИНХ-н дарга нарын уулзалт, тэмцээн зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө”, хөтөлбөрийг баталсан байх бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2000-2300 цагт Соёл урлагийн арга хэмжээг Б.А, Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хариуцахаар тусгасан байна. /х.х-н 115-116, 124/

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “ ... Ө суманд албан үүргээ гүйцэтгэж явахдаа архи уун согтуурч төрийн албаны тухай хууль бусад хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байхгүй ... хариуцагч ёс зүйн зөрчлийг шалган тогтоож, дүгнэлт гаргаагүй учраас Б.А-г М.Б гэдэг хүн ажлаас халах үндэслэлгүй” гэж;

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “ ... Б.А нь оройн соёл, урлагийн ажлыг хариуцан ажиллах үедээ архи уусан бөгөөд энэ тухай ажлын албаны бүх ажилтнууд мэдсэн ... өөрөө архи уусан гэдгээ тухайн үедээ хүлээн зөвшөөрсөн” гэж тус тус маргасан тул шүүх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” , 34 дүгээр зүйлийн 34.1. дэх хэсэгт “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 34.2. дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж зааснаар холбогдох гэрчүүдээс мэдүүлэг авч бичгийн нотлох баримт цуглуулсан болно. Үүнд:

Гэрч Ж.Э-гийн мэдүүлэгт “ ... Урлагийн арга хэмжээ дуусахад бид нар байрлаж байсан гэртээ очсон. Бид нар 2 машинд хуваагдаж суугаад гэртээ очсон. Эхний машинтай хүмүүс гэртээ ороод байж байхад Б дарга утсаар А байна уу гэж асуусан. Бид нар Б.А байхгүй ээ, гэртээ ирээгүй байна гэсэн. Хэсэг хугацааны дараа Б.А Э нар даргатай орж ирсэн. Тэгсэн Б дарга Б.А архи уусан байна. Би Машинд архи уусан байна гэсэн чинь би архи уугаагүй гэж байна. Би та нараар гэрчлүүлэхээр орж ирлээ гэж хэлсэн. Тэгээд бид нар гайхаад харсан чинь Б.А архи уусан байсан ... Б.А би арга хэмжээ зохион байгуулах гэж байгаад даараад юм уучихлаар хурдан согтчихдог юм байна гэж хэлсэн. Даарсан байсан учраас архи уухаар хурдан согтдог юм байна гэж хэлж байсан” гэж;

Гэрч Г.Э-ын мэдүүлэгт “ ... Б.А архи уусан байсан ... архи ууснаа хүлээн зөвшөөрсөн. Тэр хэлэхдээ: Би даараад байсан учраас дулаацахаар архи бага зэрэг уусан гэж хэлсэн ... нилээн согтуу байсан” гэж;

Гэрч Э.Г-ийн мэдүүлэгт “ ... Би хэд байрандаа очоод унтах гээд байж байсан чинь М.Б дарга Б.Аг аваад ороод ирсэн. Тэгээд бид хэдийг бөөнд нь байхад “Та нар энэ А-г хар, ажил үүгээ гүйцэтгэх явах үедээ архи уусан байна, энэ хүнээ харахад яадаг юм бэ, архи уусан байна шүү дээ” гэж хэлсэн. Ажлын албаныханд Ө явахаасаа өмнө Засгийн газрын 258 дугаар тогтоолыг танилцуулсан байсан. Тэгсэн чинь Б.А босоод би юм хэлье гэсэн. Тэгээд босохдоо хөл дээрээ тогтохооргүй, нилээн гуйваад, нүдний харц нь эвгүй болсон, хэл ам нь ээдэрсэн байсан. Тэгээд “Би архи уучихлаа манайхаан, би даараад байхаар нь архи уучихлаа” гэж хэлсэн ...” гэж ;

Гэрч Д.Т-ын мэдүүлэгт “ ... Б.А архи уусан байсан ...” гэж

Гэрч Л.Б-ын мэдүүлэгт“... Арга хэмжээг тармагц нилээн согтуу байсан учраас арга хэмжээ зохион байгуулж байхдаа архи уусан гэж бодож байна” гэсэн мэдүүлгүүд /х.х-н 170-182/

Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны хамт олны 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын  тэмдэглэлд “ ... Б.А-Би даараад согтууруулах зүйл хэрэглэсэн. Соёлын ажилтны баяр гэдгийг мэдээгүй. Арга хэмжээг эхлүүлэх гэж байгаад орой эхэлсэн болохоор даараад юм уучихсан. Хамт олноосоо уучлал хүсэж байна. Даргыг бухимдуулсанд уучлаарай ...” /х.х-н 112/,

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтан Б.А-тай хийсэн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлд “ ... шөнийн 01:40-д арга хэмжээ дууссан. Арга хэмжээ дууслаа гээд тэнд байсан хүмүүс тойрч зогсож байгаад архи уусан. Соёлын ажилтны өдөр гэж ярьцгааж байсан. Их уугаагүй, жаахан уусан. Өмнөх хариуцлагыг харилцан тохиролцсоны үндсэн дээр гарын үсэг зурсан гэж бодож байна ...” /х.х-н 108/ гэж тус тус тэмдэглэгдсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна: 7.1.11.-д “аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;” гэж зааснаар нэхэмжлэгч Б.А нь төрийн захиргааны албан хаагч буюу төрийн жинхэнэ албан хаагч байна.

Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1.-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”; 13.1.2.-т “өргөсөн тангарагтаа үнэнч байх”; 13.1.5.-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд нэхэмжлэгч Б.А-г албан үүргээ гүйцэтгэх байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь, “албан үүргээ гүйцэтгэж байхдаа ... согтууруулах ундаа хэрэглэх ...” гэдэгт ажлын зайлшгүй шаардлагаар оройн цагаар ажиллаж байгаа болон албан томилолтоор өөр газар явах үеийг албан үүргээ гүйцэтгэж яваа тохиолдолд хамааруулан ойлгохоор байна.

Иймд нэхэмжлэгч Б.А нь, Монгол Улсын Засгийн газрын 2010 олны 288 дугаар тогтоолын хавсралт “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.4.5.-т “албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх;” 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1.7.-д “төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох”, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэгүүлэгчдийн ажлын албаны дотоод журмын 9.2.-т “Ажлын байранд болон ажил үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн бол ажлаас халах хүртэл арга хэмжээ авна”  гэж тус тус заасныг зөрчжээ.

Түүнчлэн, гэрч З.М-ын мэдүүлэгт “ ... Би А-тай тааралдсан, 2018 оны 9 дүгээр сарын 08-ны орой бүжиг тарах гээд 00 цаг нилээн өнгөрсөн байхад таарсан. Б.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” /х.х-н 192-193/

Гэрч Ч.Э-ын мэдүүлэгт “ ... Б.А-тай тааралдсан, өглөө 8-9 цагийн үед таарсан, хурлын  ажлын албаныхантай өдөржингөө хамт байсан. Б.А-г архи уусан эсэхийг нь мэдэхгүй байна. Орой бас урлагийн арга хэмжээ болсон. Тэр үеэр Б.А арга хэмжээгээ зохион байгуулаад эрүүл явж байсан.” /х.х-н 200-201/

Гэрч Б.Б-ын мэдүүлэгт “ ... Тэр өдөр 14-15 цагийн үед Б.А-тай таарсан. Тэр үед эрүүл байсан, надтай ирээд гар бариад мэндлээд өнгөрсөн. Тэрнээс хойш орой үдэшлэг, бүжиг болсон. Тэр үед таарсан. Тэр үед ч Б.А эрүүл явж байсан, миний санаж байгаар 22-23 цагийн үед л байсан байх ...” /х.х-н 202-203/ гэсэн мэдүүлгээр;

Улмаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас “... дарамт, шахалт үзүүлж байсан ...” гэх боловч “ ... би ажлын шаардлага тавьсныг буруу ойлгож байсан байна ...” гэсэн мэдүүлгээр няцаагдсан бөгөөд шүүх удаа дараа дарамт шахалт үзүүлж байсан, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодруулахад хэргийн оролцогч, нэхэмжлэгч, хариуцагч нар ашиг сонирхлын зөрчил байхгүй гэж тайлбарласанг тэмдэглэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Ө суманд албан үүргээ гүйцэтгэж явахдаа архи уун согтуурч төрийн албаны тухай хууль бусад хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байхгүй буюу “согтууруулах ундаа хэрэглээгүй” гэж үгүйсгэж байгаа дээрх тайлбар, мэдүүлэгт шүүх дүгнэлт өгөөгүй болно.

2.     Захиргааны акт гаргах ажиллагааны тухайд:

Нэхэмжлэгч талаас “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын дагуу Б.А-гийн зөрчлийг шалгаж тогтоол, дүгнэлт гаргаагүй гэх боловч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.4 дэх хэсэгт зааснаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба нь нийт 10 орон тоотой, үүнээс 6 нь төрийн захиргааны албан хаагч буюу хурлын ажилтнаар ажилладаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд түүний ажлын алба нь иргэдийн Төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчдийн байнгын тасралтгүй үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий бие даасан бүтэц зохион байгуулалттай, нийтийн эрх зүйн субьект байна.

Тухайн маргаан бүхий захиргааны  актад үндэслэгдсэн төрийн захиргааны албан хаагч болох Б.А-гийн ёс зүйн зөрчил нь тогтоогдсон, нэхэмжлэгч өөрөө тухайн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Хариуцагч А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга маргаан бүхий Б/49 дугаартай тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн  26.1. дэх хэсэг “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1.Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.”, 27.6.Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.” гэж заасныг зөрчөөгүй,  захиргааны үйл ажиллагаа нь мөн хуулийн 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6.-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчимтай нийцсэн байна.

Тодруулбал, мараан бүхий 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг гаргахын өмнө 2018 оны 9 дүгээр сарын 13-ны  өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 210 дугаартай “... сахилгын шийтгэл оногдуулж үүрэгт ажлаас халах болсныг мэдэгдье. Та Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцох үндэслэлийн талаар тайлбар, саналаа ирүүлэх эрхтэй. Сонсох ажиллагааг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10:00 цагт аймгийн ИТХ-н тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын өрөөнд хийх болно ..” гэсэн мэдэгдэл хүргүүлжээ. Ийнхүү 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр сонсох ажиллагааг явуулан сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж баримтжуулсан байна. /х.х-н 6, 108-110/

Мөн хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч төлөөлөгч нараас сонсох ажиллагааны талаар маргаагүй. 

Уг хэрэгт маргаан бүхий /Иргэний танхим, сум багийн хурал, сургалт, сурталчилгаа хариуцсан ажилтан/ албан тушаалд өөр этгээд томилогдоогүй, хариуцагчаас нэхэмжлэгч Б.А-гийн ажлын байр сул байгаа талаар тайлбар гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд татан оролцуулаагүй болно.

Түүнчлэн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/11 дүгээр тушаалаар Б.А-д 1 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд уг тушаалд холбогдуулан эрх бүхий байгууллагад гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болохыг тэмдэглэв. /х.х-н 117/

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.А-гийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, “албан үүргээ гүйцэтгэж байхдаа ... согтууруулах ундаа хэрэглэсэн ...” зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсгийн 106.3.14 -т заасныг удирдлага болгон                                                  

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг тус тус баримтлан Б.А-гаас А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн  "Б.А-д сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халах тухай" Б/49 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Б.А-г урьд эрхэлж байсан А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнаар /Иргэний танхим, сум багийн хурал, сургалт, сурталчилгаа хариуцсан/ эгүүлэн тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОДОНТУЯА