Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2022/0157

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Р” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э

Нэхэмжлэгч: “Р” ХК

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын гаргасан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 260016580 дугаар илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 783 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Э.З нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2021/0384/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Р” ХК нь “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын гаргасан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 260016580 дугаар илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 783 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг баримтлан “Р” ХК-аас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын гаргасан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 260016580 дугаар илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

3.1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон. Үүнийгээ Захиргааны ерөнхий хуулийн 47-д заасан үндэслэлийг зааж нэрлэдэг. Гэвч маргаан бүхий захиргааны акт 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гарсан. Захиргааны ерөнхий хууль нь өөрөө тус хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө”  гэж заасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

3.1.2. Иймээс Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхлэхээс өмнө гарсан захиргааны актад Захиргааны ерөнхий хууль хамааралгүй.

3.1.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” мөн хуулийн 106.2.-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх зохицуулалт нь тухайн захиргааны акт гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хууль бусад хэм хэмжээг хэрэглэх, түүнд нийцүүлэн шийдвэрээ гаргах тухай агуулгыг өөртөө багтаана.

3.1.4. Гэтэл шүүхээс Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө гарсан захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан нь дээрх зохицуулалттай нийцэхгүй бөгөөд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хууль хэрэглээний алдаа гаргасан нь шүүхийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэр гаргахыг зөвтгөх үндэслэл биш.

3.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлүүдийн зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй байна.

3.2.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлүүдээр маргадаг.

А. Татварын улсын байцаагчид “Р” ХК-ийг Сингапур улсын “М” ХХК-д 2015 онд 1,639,956,800 төгрөгийн зээлийн хүүг шилжүүлэхдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутган тооцоогүй гэж акт тавьсан нь буруу. Учир нь 2004 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулиар  соёрхон батлагдсан ”Бүгд найрамдах Сингапур улсын Засгийн газар Монгол Улсын засгийн газрын хооронд байгуулагдсан “Орлогын татварыг давхардуулан ногдуулахгүй байх татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх” хэлэлцээрийн 11.2А, 11.1.1-д заасныг хэрэглэх ёстой байсан. Гэтэл татварын байцаагчид акт тавихдаа Монгол Улсын Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай (2006 он) хуулийг хэрэглэсэн нь буруу гэж маргасан.

Б. Татварын улсын байцаагчид “Р” ХК-ийн 2012  онд олгосон 127,258 төгрөгийн 2013 онд 99,922,919 төгрөгийн ногдол ашгийг нийт хувьцаа эзэмшигч нарт тараахдаа хувь хүний орлогын албан татвар суутган тооцоогүй нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасныг зөрчсөн гэж нөхөн төлүүлэх акт тавьсан нь үндэслэлгүй. Учир нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно:”, 9.1.3-т “ногдол ашгийн орлого” гэж заасан нь компани өөрөө хувьцааг нь эзэмшдэг компаниас тараасан ногдол ашгийн орлогыг зохицуулсан заалт юм. Харин компани өөрөө хувьцаа эзэмшигч нарт тараасан хувьцаанаас суутган тооцохтой холбоотой зохицуулалт байхгүй. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг үндэслэж шийдвэр гаргаж байна гэж тааж үзвэл 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хувь хүний орлогын албан татвар суутгагчийн үүрэг аж ахуй нэгжид байгаагүй.

В. Татварын улсын байцаагчид “Р” ХК-г 2012 онд 1,407,034 төгрөг, 2013 онд 150,324,900 төгрөг, 2014 онд 1,407034 төгрөг, 2015 онд 140,133,000 төгрөгийг татвар ногдох орлого олоход ашиглаагүй хайгуулын лицензийн болон орон сууцны зардлыг хасаж тооцсон нь буруу гэж тус дүнгээр акт тавьсан. Компани үйл ажиллагаандаа ашигладаг цементийн үндсэн орц болох шохой чулууны ордын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд үүнтэй холбоотой гаргасан зардал бол байгууллагын аж ахуйн үйл ажиллагааны зардал мөн. Мөн ажилчдын байр болгон ашигладаг өөрийн өмчлөлийн 2 өрөө байрны зардал мөн байгууллагын үйл ажиллагааны зардал мөн бөгөөд тэдгээрийг зардал гэж тооцоогүй акт тавьсан нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15-д заасныг зөрчсөн.

Г. Шохой чулууны М018159 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаагаар тус хөрөнгийн үнэлгээнээс элэгдлийг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Үндсэн хөрөнгийг дор дурдсан хугацаагаар ашиглахаар тооцож, түүний элэгдэл, хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар дараахь байдлаар байгуулна:” 5 дахь баганад “Ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө /Үүнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна/ Хүчин төгөлдөр байх хугацаанд” гэж заасан аргаар тооцож хорогдуулсныг буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д заасныг зөрчсөн.

Д. 2012 онд 83.115.900 төгрөг, 2014 онд 316.123.000 төгрөг, 2015 онд 631,214,000 төгрөг, нийт 1,030,454,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй, 2012 онд 38,301,000 төгрөг 2013 онд 37,720,00 төгрөг, 2014 онд 94,503,000 төгрөг, 2015 онд 131,352,000 төгрөг нийт 300,819,076 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хугацаанд нь төлөөгүй гэж алданги тавьсан нь үндэслэлгүй. Учир нь 2008 он Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “хугацаанд нь төлөөгүй татварын өрийг дор дурдсан аргаар барагдуулна” Үүнд: үл маргах журмаар гаргуулах, эд хөрөнгө цалин хөлс бусад орлогоос гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах гэж заасны дагуу Баянгол дүүргийн татварын албанаас манай компанийн дансыг хааж, эд хөрөнгийг барьцаалж  үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах арга хэмжээ авсан. Гэтэл энэ хожим хяналт шалгалтаар орохдоо тухайн арга хэмжээнээс гадна алданги тооцсон нь Татварын ерөнхий хуулийн /2008 он/-ийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг зөрчсөн.

3.2.2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан.

3.2.3. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй дээрх хууль зүйн үндэслэлүүдэд татварын холбогдох хууль болон Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэж дүгнэлт огт өгөөгүй байгаа нь дээрх заалт болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” мөн хуулийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг тус тус зөрчжээ.

3.3. Дээрх байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасан үндэслэл болох тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дээрх маргаж буй үндэслэлүүдэд дүгнэлт өгүүлэхээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2.1. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар “Р” ХК-ийн 2012 оноос 2015 оныг дуустал хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж татварын улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 260016580 дугаар шийтгэлийн хуудсаар “... зээлийн хүү шилжүүлэхдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутган тооцоогүй ... хувьцаа эзэмшигчдэд олгосон ногдол ашгаас татвар суутган тооцож төлөөгүй ... нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогыг дутуу тооцсон ... зөвлөх үйлчилгээний төлбөр гадагш шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй ... 2012-2015 онуудад татвар ногдох орлого олоход ашиглагдаагүй хайгуулын тусгай зөвшөөрлийн болон орон сууцны 2 өрөө байрны элэгдлийн зардлыг хасч татвар ногдох орлогыг бууруулж тооцсон ... үйлдвэрийн төсөл гэх биет бус хөрөнгийг данснаас хасаж зардалд тооцож, татвар ногдох орлогыг бууруулсан ... ажилтнуудын сургалтын төлбөрийг шилжүүлэхдээ хувь хүний орлогын албан татвар суутган тооцоогүй ... нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй ... хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй” гэсэн зөрчлүүд тогтоон, “Р” ХК-д 4,360,061,332.10 төгрөгийн зөрчилд 355,434,024 төгрөгийн нөхөн татвар, 257,388,698 төгрөгийн торгууль, 172,229,637.50 төгрөгийн алданги, 36,816,30 төгрөгийн хүү, нийт 785,089,175.80 төгрөгийн төлбөр ногдуулахаар шийдвэрлэсэн, “Р” ХК-аас Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан, тус зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагч нарын 260016580 дугаар актаар ногдуулсан төлбөрийг бууруулж, нийт 361,737,434.70 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэжээ.

2.2. Нэхэмжлэгч “Р” ХК-аас “... актын гол хэсгүүд хоорондоо утга агуулгын алдаатай, төлбөр ногдуулж буй үнийн дүн, тооцооллын илт зөрүүтэй, мөн хуулийн ямар зүйл заалтыг үндэслэл болгосон эсэх нь тодорхой бус буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын илэрхий алдаатай” гэсэн үндэслэлээр маргажээ.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “шүүхээс Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө гарсан захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна“ хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрийн хэсэгт давж заалдах журмаар гомдол гаргажээ.

2.4. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай;” гэж тус тус заасан, хэргийн оролцогчдоос “нэхэмжлэгч нь зөрчилд үйлдсэн талаар маргаагүй, нэхэмжлэгчээс “маргаан бүхий татварын улсын байцаагч нарын 260016580 тоот актын хэвлэмэл нүүр хэсэг буюу канттай хуудасны тогтоох хэсэг болон актын үргэлжлэл 6, 7, 8 дугаар хуудсанд дурдсан нөхөн татвар, торгууль, алдангийн хэмжээ нь хоорондоо зөрүүтэй” гэж маргасан, анхан шатны шүүх “утга агуулгын илэрхий алдаатай;”  гэдгийг зөв тайлбарласан боловч хэрэглэх ёсгүй хуулийн заалт баримталсан нь буруу болжээ.

2.5. Гэвч нэгэнт нэхэмжлэгч компани маргаан бүхий актад дурдсан зөрчлийг үгүйсгээгүй, эдгээр зөрчил нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх энэ тохиолдолд хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө гарсан захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг тайлбарлан хэрэглэсэн нь буруу гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

2.6. Утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэдэг нь гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн илэрхийлэгдээгүй, актын заалтууд хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын илэрхий алдаатайд тооцож болно.

2.7. Нөгөө талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;”, Захиргааны ерөнхий хуулийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохоор, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан илт хууль бус захиргааны акт гэж тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт үйлчилдэггүй, хэдийд ч маргах боломжтой энэ онцлогоос хамаарч энэхүү маргаанд Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэснийг буруутгах боломжгүй.

2.8. Харин анхан шатны шүүх маргааны энэ тохиолдолд маргаж буй илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн татварын улсын байцаагчийн акт 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр буюу Захиргааны ерөнхий хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө гарсан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай;” гэж заасныг баримтлах байсныг зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 783 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1” гэснийг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН   

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ