Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01159

 

Ч.Бий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00313 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 762 дугаар магадлалтай,

Ч.Бий нэхэмжлэлтэй

ЭМЯанд холбогдох

Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 5/150 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Бэ, түүний өмгөөлөгч С.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, Д.Хэрлэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Бэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 9 дүгээр сараас эхлэн Эрүүл Мэндийн Хөгжлийн төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон, улмаар 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн захирлаар ажилласан. ЭМХТ-ийн захирлаар ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргалгүй, хөдөлмөрийн сахилгын ямарваа зөрчилгүйгээр, хариуцсан ажил үүргээ хангалттай биелүүлж ирсэн. Уг албан тушаалд Эрүүл мэндийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 366 тоот тушаалаар томилогдон, уг байнгын орон тооны ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын ТҮЭМ-9 зэрэглэлд хамрагдан ажиллаж байсан бөгөөд энэхүү албан тушаал нь байнгын ажлын байранд хамрагддаг юм. Гэтэл, Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 6/150 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас Улс төрийн гэх шалтгаанаар үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Өөр ажилд томилно гэдэг шалтгаанаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хуульд заасан үндэслэл журмын дагуу гардуулж өгөлгүйгээр хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж ирсэн. Уг тушаалын хуулбарыг өөрөө 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ЭМЯ-ны архиваас хуулбарлан авсан. Дээрх тушаалын үндэслэх хэсэгт...Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн тушаах нь гэжээ. Гэвч ажил олгогчтой ямар нэг байдлаар тохиролцоогүй бөгөөд хүсэлт гаргасан, зөвшилцсөн байдал бий болоогүй. Дээр нь ямар шалтгааны улмаас ажлаас чөлөөлж байгаа, үндэслэлээ танилцуулаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцалж байгааг мэдэгдээгүй, тушаалаа эх хувиар нь гардуулж өгөөгүй болно. Хуулийн хүчин төгөлдөр бус дээрх тушаалын улмаас хууль ёсны эрх, ашиг зөрчигдсөн тул Үүнд: Монгол Улсын Эрүүл Сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 6/150 тоот ажлаас чөлөөлөх тухай хууль бус тушаалыг хүчингүй болгох, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, М.Ганзориг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Бэ нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 366 дугаар тушаалаар ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв /ЭМХТ/-ийн даргаар томилогдож, Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/150 дугаар тушаалаар чөлөөлөгдөж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажил хүлээлцсэн. Тухайн үед ажил хүлээлцэхээр ажил хүлээлцэх комиссын даргаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, гишүүн ЭМЯ-ны ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн дарга Т.Содгэрэл нар ажлаас чөлөөлөх тушаалыг танилцуулж, ажил хүлээлцсэн. Албан ёсоор ажил хүлээлцсэн тухай ЭМЯ-ны болон ЭМХТ-ийн цахим сайтад тавигдсан. Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Эрүүл мэндийн сайдын нэр дээр ЭМХТ-ийн дэд захирлаар томилуулах хүсэлт гаргасан бөгөөд Эрүүл мэндийн сайдаас 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1а/335-ө тоот албан бичгээр нэхэмжлэгч Ч.Бийн хүсэлтийг уламжилсан. Нэхэмжлэгч хэдийгээр шаардах эрх нь нээлттэй боловч Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/150 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд энэхүү тушаал гарснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрч Ч.Бэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч Ч.Бэтэй тохиролцсоны үндсэн дээр түүнийг ажлаас чөлөөлсөн тул ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Иймд Ч.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00313 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Бийн ЭМЯанд холбогдуулан гаргасан Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 сарын 24-ний өдрийн Б/150 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Бэ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар Ч.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 930 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж Ч.Бэд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 762 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00313 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан Ч.Бийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15 520 657 төгрөгийг ЭМЯнаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай гэж, 2 дах заалтын олгосугай гэснийг олгож, хариуцагч ЭМЯнаас 235,553 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Магадлалд ЭМЯ нь ажлаас чөлөөлсөн тушаалаа гардуулан өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2017.10.02-ны өдөр хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтын арын хэсэгт хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гэж гарын үсэг зурсан байдал, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна гэжээ. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн ажлаас чөлөөлсөн шийдвэр нь архиваас хуулбарлан авсан дардас тэмдэгтэй баримт юм. Ямар ч хүн архиваас өөрт хамааралтай баримтыг хэзээ ч хуулбарлан авах эрхтэй байдаг. Гэтэл 1 жилийн дараа архиваас хуулбарлан авсан баримтыг үндэслэн сая хүлээлгэн өгсөн байна гэж шүүх үнэлсэн нь нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч 2017.10.02-нд анх шийдвэрээ хүлээн авсан гэж тайлбарладаг бөгөөд хариуцагчийн зүгээс ийм тайлбар хийгээгүй байхад зохигчдын тайлбараар нотлогдсон гэсэн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлж өгсөн байдаг. Учир нь нэхэмжлэгч эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзвэл тодорхой хугацаанд буюу 30 хоногийн дотор гомдол гаргах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй 1 жил өнгөрсний дараа гомдол гаргасан байхад шүүх хөөн хэлэлцэх хугацааг архивын баримтанд тулгуурлан хэтрээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Ажил олгогчийн хувьд ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүлээлгэн өгөх үүрэгтэй хэдий ч өгснөө заавал бичгээр нотлох хууль зүйн үүрэг байхгүй юм. Нэхэмжлэгчийн хувьд ажлаас чөлөөлөгдсөнөө мэдэж, тушаалаа авч дараагийн албан тушаалд томилогдсон хүндээ ажлаа хүлээлгэн өгсөн. Энэ талаарх мэдээлэл яамны цахим хуудсанд тухайн үед байршсан. Үүнийг тогтоолгох зорилготой шүүхэд хүсэлт гаргаж үзлэг хийлгэсэн байхад шүүх үүнийг үнэлээгүй. Хавтас хэрэгт нэхэмжлэгч Бат-Эрдэнийн ЭМЯны сайдад гаргасан хүсэлтэд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар томилохоор тохиролцсон талаар маш тодорхой дурьдсан байдаг. Гэтэл шүүх үүнийг үнэлээгүй бөгөөд үүнд тодорхой няцаалт өгөлгүй хариуцагчийг харилцан тохиролцож ажлаас чөлөөлснөө нотолж чадаагүй гэж үзсэн. Мөн ажилтны дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар тушаалыг үндэслэн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцож олгохоор заасан байдаг. Гэтэл энэ журмыг шүүх хэрэглээгүй. Дээрх үндэслэлээр Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ч.Бийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба магадлалд заасан эрх зүйн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

Нэхэмжлэгч Ч.Бэ нь хариуцагч ЭМЯанд холбогдуулан ЭМЯны сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/150 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талууд харилцан тохиролцсон учир ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэл зааж, маргажээ.

Ч.Бэ нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 366 тоот тушаалаар ЭМЯны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлаар томилогдон ажилласан байна. Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/150 дугаар тушаалаар Ч.Бийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс албан тушаалаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хх-ийн 36 дугаар тал/

Ч.Бийг ажлаас чөлөөлсөн Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/150 дугаар тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг баримталж, ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсноор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж заажээ.

Ажил олгогчийн зүгээс ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосноо нотолж чадаагүй, энэ талаарх үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан байна. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ч.Бэ нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/150 дугаар тушаалыг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гардаж авсан, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл ажлаас чөлөөлсөн тушаал гарсан тул Ч.Бэ нь ажил үүргээ гүйцэтгээгүй нь тогтоогдож байгаа боловч  ажил олгогч тус төвийн дэд захирлын албан тушаалд томилох санал гаргасан тул тушаал гаргахыг хүлээж байсан, энэ талаар шийдвэр гаргаагүй тул Эрүүл мэндийн сайдад өргөдөл гаргаж, хариуг авснаас хойш шүүхэд хандсан байдал тогтоогдсон байна. Зохигчид нь  шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн эсэх талаар мэтгэлцсэн, энэ талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн тул давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хууль зүйн дүгнэлт хийж, Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй болохыг үндэслэлтэй тогтоожээ.

Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэгчийн дундаж цалингийн хэмжээг зөв тогтоогоогүй гэх үндэслэлээр “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 762 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Б.УНДРАХ

  ШҮҮГЧ                                                   П.ЗОЛЗАЯА