Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 146/ШШ2017/00049

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багт, оршин суух, ЙБ62022510 дугаарын регистртэй, Бал овгийн Отгонсүрэнгийн Гантулгын

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Гантулга нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 оны 01 дүгээр сарын 01-нээс 1980 оны 06 дугаар сарын 01 хүртэл “Батзам” нэгдэлд ачигчаар ажиллаж байгаад 1980 оны 06 сараас 1983 оны 06 сар хүртэл цэргийн алба хаасан. 1983 оны 11 дүгээр сарын 10-наас 1990 оны 08 сар хүртэл худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн чанар дээшлүүлэгч, түүхий эдийн туслах, аж ахуйн нярав зэрэг ажлыг хийж байгаад албан байгууллагууд хувьцаат компани болон өөрчлөгдөхөд няравын ажил орон тоогүй болсны учраас ажлаасаа чөлөөлөгдөж хөдөө гарч мал малласан. Иймд намайг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-нээс 1980 оны 06 дугаар сарын 01 хүртэл ачигчаар, “Худалдаа бэлтгэлийн ангид” 1983 оны 11 дүгээр сарын 10-наас 1990 оны 08 сар хүртэл түүхий эдийн чанар дээшлүүлэгч, түүхий эдийн туслах, аж ахуйн няраваар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Гантулга нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-нээс 1980 оны 06 дугаар сарын 01 хүртэл ачигчаар, “Худалдаа бэлтгэлийн ангид” 1983 оны 11 дүгээр сарын 10-наас 1990 оны 08 сар хүртэл түүхий эдийн чанар дээшлүүлэгч, түүхий эдийн туслах, аж ахуйн няраваар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч О.Гантулга нь 1979 оны 01 дүгээр сарын 01-нээс 1980 оны 06 дугаар сарын 01 хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд ачигчаар, 1983 оны 11 дүгээр сарын 10-наас 1990 оны 08 сар хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Худалдаа бэлтгэлийн ангид” түүхий эдийн чанар дээшлүүлэгч, түүхий эдийн туслах, аж ахуйн няраваар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Үүнд: 1979 оны хөдөлмөрийн хөлс түүвэрлэсэн Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 58 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлийн 1979 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №01 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мөн 1985 оны 10 дугаар сарын 05-ны өдөр О.Гантулгад олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №11 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдөр О.Гантулгад олгогдсон мэдэгдэлийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудас, Бат-Өлзий сумын худалдаа бэлтгэлийн ангиас О.Гантулгыг 1985 оны 01 дүгээр сарын 05, 1986 оны 07 дугаар сарын 30, 1987 оны 09 дүгээр сарын 30, 1988 оны 04 дүгээр сарын 22, 1989 оны 05 дугаар сарын 26, 1989 оны 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд шагнасан баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Ж.Бат-Эрдэнийн “...Би 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн туслахаар О.Гантулгын удирдлаган дор ажиллаж эхэлсэн бөгөөд намайг Худалдаа бэлтгэлийн ангид ажилд орох үед О.Гантулга нь түүхий эдийн туслахаар ажиллаж байсан юм. О.Гантулга нь Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байх хугацаандаа түүхий эдийн туслахаар л ихэвчлэн ажилладаг байсан. Мөн няравын ажил давхар хийдэг байсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Худалдаа бэлтгэлийн анги нь дарга, нярав, нягтлан, манаач, түүхий эдийн туслахууд, хөдөөний бригадуудын агентууд, жолооч зэрэг хүмүүс ажилладаг байсан. 1990 онд Худалдаа бэлтгэлийн анги нь Хүрхрээ хоршоо болсон бөгөөд би 1990 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс Хүрхрээ хоршоонд түүхий эдийн туслахаар ажиллаж эхэлсэн. Ерөнхийдөө Худалдаа бэлтгэлийн ангид цомхотгол явагдаж эхэлсэн. О.Гантулга хувьд гэвэл мөн адил надтай 1990 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хүрхрээ хоршоонд цуг ажиллаж эхэлсэн. Сүүлд нь мод бэлтгэгчээр ажиллах болсон. О.Гантулга нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн туслахаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Батсүрэнгийн “...Би 1986 оны өвөл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Худалдаа бэлтгэлийн ангид мухлагын худалдагч буюу агентаар анх жилд орж байсан. Намайг Худалдаа бэлтгэлийн ангид ажилд орох үед О.Гантулга нь түүхий эдийн туслахаар ажиллаж байсан юм. О.Гантулга нь хэдэн оноос эхлэн Бат-Өлзий сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн туслахаар ажиллаж эхэлснийг нь сайн мэдэхгүй байна. Намайг ажилд орох үеэр өмнө нь ажиллаж байсан. Худалдаа бэлтгэлийн анги нийт 20 гаран ажилчидтай байсан. Дарга, нярав, нягтлан, манаач, түүхий эдийн туслахууд, хөдөөний бригадуудын агентууд, жолооч зэрэг хүмүүс ажилладаг байсан. Би 1990 оны 07 дугаар сард Худалдаа бэлтгэлийн ангиас гарч байсан. Тухайн үед Хүрхрээ хоршоо байгуулагдаж худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан хүмүүсийг цомхотгож ажлаас нь халж байсан бөгөөд би тэр үеэр ажлаасаа гарсан. Харин О.Гантулгын хувьд гэвэл намайг ажлаасаа гарах үед ажиллаж байсан. Яг хэдэн онд ажилаасаа гарсныг мэдэхгүй байна. О.Гантулга нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн туслахаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Бал овгийн Отгонсүрэнгийн Гантулгыг 1979 оны 01 дүгээр сарын 01-нээс 1980 оны 06 дугаар сарын 01 хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд ачигчаар, 1983 оны 11 дүгээр сарын 10-наас 1990 оны 08 сар хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Худалдаа бэлтгэлийн ангид” түүхий эдийн чанар дээшлүүлэгч, түүхий эдийн туслах, аж ахуйн няраваар тус тус ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бал овгийн Отгонсүрэнгийн Гантулгыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-нээс 1980 оны 06 дугаар сарын 01 хүртэл ачигчаар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Худалдаа бэлтгэлийн ангид” 1983 оны 11 дүгээр сарын 10-наас 1990 оны 08 сар хүртэл түүхий эдийн чанар дээшлүүлэгч, түүхий эдийн туслах, аж ахуйн няраваар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд  хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА