Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/166

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Од холбогдох эрүүгийн 2025001310086 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ч.О нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын “Эрдэнэт ус” ДТС-ийн салбарын байранд Ч.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын “Эрдэнэт ус” ДТС-ийн салбарын байранд Б.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.О нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн

 

 

 

 

 

 

 

 

 

 

тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.О мэдүүлэхдээ “Он сарыг нь сайн санахгүй байна. Манайд дуудлага ирсэн боловч ажилчид архи уусан байсан. Ажлын цагаар архи уусан байхаар нь уур хүрээд зодсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлнө” гэв.

 

Хохирогч Ч.О “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол болох 100 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Хохирогч Б.Г “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол болох 300 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ч.О-ийн “2020 оны 02 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед байх ажлынхаа өрөөнөөс юм авах гээд найз Эрдэнэбилэг, Наранхүү, Батдалай нарын хамт орсон тухайн үед бага зэрэг согтуу байсан. Тэгээд ажил дээрээ байж байтал манай дарга Ч.О орж ирээд би ажил дээр согтуу ирлээ гээд намайг зодсон. Нэг удаа нүүрэн тус газар алгадсан, баруун талын шилбэ орчим нэг удаа өшиглөсөн. Би тэндээсээ гараад найз Б.Гын гэрт орж унтсан. Гэтэл Ч.О дарга миний араас хүрч ирээд дахин зодсон. Шилбэрүү гуталтай хөлөөрөө өшиглөсөн, толгойруу нэг удаа өшиглөсөн....“ гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/

2. Гэрч Ө.Б-гийн “Орой 20 цагийн үед манай хүүгийн найз Ч.О манайд орж ирсэн, тухайн үед архи уучихсан байсан. Ч.Оийг манай гэрт орж ирээд унтаж байхад араас нь дарга Ч.О нь орж ирээд Ч.Оийг шууд зодсон”...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/

 

3. Гэрч М.Н-гийн “Найз Батдалайтай хамт хороололд архи ууж байгаад хуурай дүү Ч.О, Эрдэнэбилэг нартай таарсан. Тэгээд гадаа хүйтэн байхаар нь сумын төврүү орж 13-р байрын 12 тоотод байх “Эрдэнэт Ус”-ийн Жаргалант суманд байх байранд Ч.О бид нарыг дагуулан орсон. Тухайн үед архи уугаад согтсон байсан. Миний санаж байгаагаар Ч.О Ч.Оийг зодох гээд салгаж байх шиг байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/

 

4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 204 дугаартай “1.Ч.Оийн биед баруун нүдний зовхи, 2 шилбэнд цус хуралт, баруун шанаа, 2 хөлийн шилбэнд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун нүдний зовхи, 2 шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, баруун шанаа, 2 хөлийн шилбэнд зулгаралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 2020-02-11 өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 18-р хуудас/

 

5. Хохирогч Б.Гын “2020 оны 02 дугаар сарын 12-ны өглөө манай ажлын Сайнбуян гэдэг залуу ажил дээр хуралтай гэж байна гэхээр нь би 09 цагийн үед ажил дээрээ очсон юм. Намайг ажил дээрээ очоод байж байтал манай дарга Ч.О чи өчигдөр яасан бэ, яагаад алга болсон бэ гээд намайг зодсон. Ч.О дарга намайг эхлээд нүүрэн тус газар хүчтэй алгадсан. Миний хамраас цус гарсан. Би Ч.О даргад алгадуулаад та яаж байгаа юм бэ гэж хэлээд доошоо суусан. Гэтэл Ч.О дарга намайг хоёр хөлийн маань шилбэ хэсэгт хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөж зодсон. Би ахаа өвдөөд байна шүү дээ гэж хэлэхэд Ч.О дарга өвдөөд байгаа бол босоод ир гээд байсан. Ч.О дарга намайг босоод ир гэж хэлээд үснээс маань зулгаагаад нүүрэн тус газар алгадаж зодсон. Урьд өдөр нь орой 17 цагийн үед Ч.О дарга намайг дуудсан юм. Би тухайн үед нь архи уучихсан байсан болохоор санаа зовоод очоогүй юм. Тэгээд намайг ажил ихтэй байхад архи уулаа гэж зодсон юм.Одоо миний зүүн талын хөл шилбэ хэсгээр их өвдөж байгаа. Удаан сууж байгаад босох гэхээр гишгэж болохгүй их өвдөж байгаа. Толгой маань бас өвдөж байгаа. Тухайн үед Ч.О дарга намайг зодож байхад манай ажлын газрын Ч.О, С, Ц, Ц нар байсан. Сүүлд сантехникч С ах орж ирж харсан. Би ажил дээрээ дарамтгүй ажлаа хиймээр байна. Эмчилгээний зардал болон Эрдэнэтрүү эмчид үзүүлэхээр очсон такси унааны зардал гээд нийт 300 000 төгрөгийг Ч.Оээс нэхэмжилж байна. Миний нэхэмжилсэн мөнгийг гаргаад өгчих юм бол миний зүгээс Ч.Од гаргах гомдол санал байхгүй" гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38-39-р хуудас/

 

6. Гэрч Д.С-гийн “2020 оны 02 сарын 12-ны өглөө 09 цагийн үед би Жаргалант багийн 13-02 тоот байранд байх Эрдэнэт-Ус ДТС-ны ажлын байранд сантехникийн дуудлагаар очсон юм. Намайг уг байранд ортол ажлын өрөөний шалан дээр Эрдэнэт-Усын засварчин Б.Г газар хэвтэж байсан. Эрдэнэт- Усын Жаргалант сумыг хариуцсан хэсгийн ахлагч Ч.О нь Б.Гын хоёр хөлрүү хөлөөрөө өшиглөж зодож байсан. Тэгэхээр нь би дарга нь ажилтандаа арга хэмжээ авч байгаа юм байна гэж бодоод чимээгүй гараад явсан юм. Тухайн үед тэр өрөөнд Б.Г, Ч.О хоёроос гадна С, Ц, Ц нар байж байсан. Энэ гурав болсон үйл явдлыг харж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40-р хуудас/

 

7. Гэрч Г.С-гийн “2020 оны 02 сарын 12-ны өглөө 09 цаг болж байхад би Жаргалант суманд байх “Эрдэнэ-Ус” ХХК-ийн байранд ажил дээрээ очсон юм. Ч.О дарга бид хоёр ажлын өрөөнд ороод Б.Гыг ажилдаа ир гэж дуудсан. Б.Г удалгүй ирсэн. Тэгээд байж байтал Ч.О дарга Б.Гыг чи архи уучихсан байгаа юм уу гэж нэг үнэрлэж үзээд нэг удаа нүүрэн тус газар нь алгадсан. Б.Гын хамраас цус гарсан. Б.Г хамраа дараад доошоо суусан. Гэтэл Ч.О дарга Б.Гыг босоод ир гэж хэлээд 2 хөлийн шилбэрүү нь хөлөөрөө өшиглөөд байсан. Б.Г хоёр гурван хоног архи уугаад байна гээд Ч.О дарга их ууртай байсан болохоор нь би тэр хоёрын голоор ороод яахав гэж бодоод өрөөнд байсан. Цэнгэлмаагийн хамт гадаа гарч тамхи татахаар гарсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42-р хуудас/

 

8. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 199 дугаартай ...“1.Б.Гын зүүн хөлийн шилбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хөлийн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн хөлийн шилбэнд зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 2020 оны 02 дугаар сарын 12 өдөр үүссэн байж болно. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.О нь 2020 оны 2 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд Орхон аймгийн Жаргалант сумын Эрдэнэт ус дулаан түгээх станцын салбарынхаа байранд Ч.О, Б.Г нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хоёр хүний эрүүл мөнгөн хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул Ч.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч Ч.О эмчилгээний зардал 100 000 төгрөг, Б.Г эмчилгээний зардал 300 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Үүнийг шүүгдэгч Ч.О нь төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгуулах саналтай байна. Шүүхээс шүүгдэгч Ч.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ч.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогч Б.Гд 300 000 төгрөг, хохирогч Ч.Оэд 100 000 төгрөгийг тус тус олгуулах, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Оийн “манай дарга Ч.О орж ирээд би ажил дээр согтуу ирлээ гээд намайг зодсон. Нэг удаа нүүрэн тус газар алгадсан, баруун талын шилбэ орчим нэг удаа өшиглөсөн. Би тэндээсээ гараад найз Б.Гын гэрт орж унтсан. Гэтэл Ч.О дарга миний араас хүрч ирээд дахин зодсон. Шилбэрүү гуталтай хөлөөрөө өшиглөсөн, толгойруу нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Гын “2020 оны 02 дугаар сарын 12-ны өглөө манай ажлын Сайнбуян гэдэг залуу ажил дээр хуралтай гэж байна гэхээр нь би 09 цагийн үед ажил дээрээ очсон юм. Намайг ажил дээрээ очоод байж байтал манай дарга Ч.О чи өчигдөр яасан бэ, яагаад алга болсон бэ гээд намайг зодсон” гэсэн мэдүүлэг, гэрч Ө.Болортуяагийн “Орой 20 цагийн үед манай хүүгийн найз Ч.О манайд орж ирсэн, тухайн үед архи уучихсан байсан. Ч.Оийг манай гэрт орж ирээд унтаж байхад араас нь дарга Ч.О нь орж ирээд Ч.Оийг шууд зодсон” гэсэн мэдүүлэг, гэрч М.Наранхүүгийн “Тухайн үед архи уугаад согтсон байсан. Миний санаж байгаагаар Ч.О Ч.Оийг зодох гээд салгаж байх шиг байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Сэргэлэнгийн “2020 оны 02 сарын 12-ны өглөө 09 цагийн үед би Жаргалант багийн 13-02 тоот байранд байх Эрдэнэт-Ус ДТС-ны ажпын байранд сантехникийн дуудлагаар очсон юм. Намайг уг байранд ортол ажлын өрөөний шалан дээр Эрдэнэт-Усын засварчин Б.Г газар хэвтэж байсан. Эрдэнэт- Усын Жаргалант сумыг хариуцсан хэсгийн ахлагч Ч.О нь Б.Гын хоёр хөлрүү хөлөөрөө өшиглөж зодож байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Сайнбуянгийн “Ч.О дарга Б.Гыг чи архи уучихсан байгаа юм уу гэж нэг үнэрлэж үзээд нэг удаа нүүрэн тус газар нь алгадсан. Б.Гын хамраас цус гарсан. Б.Г хамраа дараад доошоо суусан. Гэтэл Ч.О дарга Б.Гыг босоод ир гэж хэлээд 2 хөлийн шилбэрүү нь хөлөөрөө өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 204 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 199 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.О нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн “Эрдэнэт ус” ДТСүлжээ ОНӨҮГ-ын Жаргалант сумын салбарын байранд Ч.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн “Эрдэнэт ус' ДТСүлжээ ОНӨҮГ-ын Жаргалант сумын салбарын байранд Б.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ч.Оийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Од яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас Ч.О, Б.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Ч.О 100 000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Г 300 000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн тул Ч.Оээс гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Од оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оээс 400 000 төгрөг гаргуулж, хохирогч Орхон аймгийн Жаргалант сумын тоотод оршин суух Б.Г 300 000 төгрөг, хохирогч Орхон аймгийн Жаргалант сумын тоотод оршин суух Ч.О -д 100 000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС