| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/1045/Э |
| Дугаар | 0848 |
| Огноо | 2020-07-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Туяана |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 0848
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
улсын яллагч Д.Туяана (томилолт),
шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008018451029 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ...... тоот хаягийн бүртгэлтэй, хамтран амьдрагчийн хамт ....... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д.Г (РД: ...........)
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3-60-38 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н.Э-ыг “хаалга удаан онгойлголоо” гэх шалтгаанаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дагз, баруун духны хуйхны зөөлөн эдийн няцрал, 2 гарын шуу, бугалга, цээж, зүүн даланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3-60-38 тоот гэртээ байж байтал нөхөр Г 20 цагийн үед хаалга тогшоод байсан. Тэр үед би гал тогооны өрөөнд хоол хийж байгаад хаалгаа тайлж өгтөл Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрт орж ирэхээр нь би буцаад гал тогооны өрөө рүү орох гэтэл толгойн дагз хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би “өвдөж байна гэж” хэлээд эргээд хартал духны баруун хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь хоёр гарыг нь барьж байгаад доош дарахад Г газар уначихсан. Тэр үед хөлийн хумс шигдчихсэн өвчтэй байсан болохоор тэнцвэр алдаад Г-ийн цээж хэсэгт санаандгүй гишгэсэн. Г уурлаад чи эр хүнии цээжин дээр хөлөөрөө гишгэдэг хэн бэ гээд учир зүггүй босож ирээд миний баруун зүүн гарны хэсэгт олон удаа цохиод байхаар нь би нүүрээ гараараа хамгаалж байгаад чи одоо болиоч ээ, хүн хайрлаж мэддэггүй хүн бэ гэхэд Г чамайг хайрлана гэж юу байдаг юм, даварчихсан авгай вэ гээд намайг дахиад гараараа цохиод байхаар нь би түлхсэн. Тэр үед миний хамраас цус гарахаар нь би нойлын өрөө рүү орж цусаа угааж арилгаад гарч ирэхэд Г орон дээрээ гараад унтчихсан байсан... Г бид хоёр 2004 оноос эхлэн нэг гэрт орж хамтран амьдарсан, дундаасаа 1 хүүхэдтэй. Миний биед учирсан гэмтлийг Г гараараа олон удаа цохиж учруулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал)
2. Гэрч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ээж Э-тай уулзахаар гэрт нь очиход гар, дал, нуруу нь нэлээн хөхрөлттэй байсан. Тэгэхээр нь ээж Э-аас юу болсон талаар асуутал 2020 оны 05 сарын 01-ний өдөр Г согтуу орж ирээд хаалга удаан тайллаа гээд намайг зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан" гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал)
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5462 дугаар: “Хэсэг газрын үзлэгт баруун шуунд 5х3 см, баруун бугалганд 5х4 см, цээжний баруун дээд хэсэгт 8х4 см, зүүн бугалганд 6х3 см, 5х4 см, 2х2 см, зүүн шуунд 5х4 см, зүүн даланд 2х2 см 6 ширхэг шаргал өнгийн цус хуралттай, зүүн дагзны хуйх, баруун духны хуйх хавдсан, эмзэглэлтэй.
1. Н.Э-ын биед тархи доргилт, зүүн дагз, баруун духны хуйхны зөөлөн эдийн няцрал, 2 гарын шуу, бугалга, цээж, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл юм.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал)
4. Шүүгдэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэртээ ирээд хаалгаа нэлээн удаан тогштол хаалга онгойлгохгүй байж байгаад эхнэр Э гэрийн хаалга онгойлгосон. Тэгэхээр нь би “хаалга ямар удаан онгойлгодог юм” гээд түүний толгой руу нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгсэн эхнэр Э миний хоёр гарыг барьж байгаад газар унагаачихсан. Би босож ирээд баруун, зүүн гарынх нь булчин хавьцаа гараараа 2-3 удаа цохисон. Тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Маргааш сэртэл эхнэр Э “чи намайг өчигдөр зодчихлоо, миний баруун зүүн гарын булчин хөхөрсөн байна” гээд надад харуулж байсан. Э бид хоёр хамтран амьдраад 16 жил болж байна. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй, одоо Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангид сурдаг. Э-ыг зодож байх үед хажууд хүн байгаагүй, бид хоёр л байсан.” Гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дугаар тал)
5. Шүүгдэгч Д.Г-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 36 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Г-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3-60-38 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н.Э-ыг “хаалга удаан онгойлголоо” гэх шалтгаанаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дагз, баруун духны хуйхны зөөлөн эдийн няцрал, 2 гарын шуу, бугалга, цээж, зүүн даланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Н.Э-ын мэдүүлэг (хх-24), гэрч Э.Ариунзаяагийн мэдүүлэг (хх-34), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5462 дугаар дүгнэлт (хх28-29) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг” ойлгох ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилж, тайлбарлажээ.
Шүүгдэгч Д.Г, хохирогч Н.Э нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч 2004 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн, хамтран амьдарч байсан болох нь тэдгээрийг мэдүүлгээр тогтоогдож байна.
Хууль зүйн хувьд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н.Э-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Д.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийг шинжийг хангасан байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Г-т тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Шүүгдэгч Д.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг хохирогч Н.Э хэрэгт ирүүлээгүй бөгөөд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг (хх-24) өгсөн байх тул шүүгдэгч Д.Г-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас: шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтийг шүүгдэгч мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Г-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2008018451029 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Анхбаяр нь цагдан хоригдсон хоногүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн 2008018451029 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР