Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 146/ШШ2017/00051

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1967 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Есөнзүйл сум, 1 дүгээр багт оршин суух, ЙЗ67061903 дугаарын регистртэй, Гэрэл овгийн Чадраабалын Жаргалсайхан

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Жаргалсайхан шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

“...Ч.Жаргалсайхан миний бие Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын хуучин нэрээр “Хөгжил нэгдэлд” 1984 оноос 1990 онд ажиллаж байсан бөгөөд тухайн жилд ажиллаж байсан нь үнэн болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч Ч.Жаргалсайхан нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “...Миний бие Ч.Жаргалсайхан нь Есөнзүйл сумын Холбоогийн бор гэх газар ганц гэрээр нөхрийн хамт амьдардаг тул олон дахин нааш цааш явах боломжгүй байдлыг минь харгалзан үзээд хэргийг маань намайг байлцуулахгүйгээр эзгүйгээр шийдэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Жаргалсайхан ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ч.Жаргалсайхан нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил нэгдэлд” 1984 оноос 1990 оныг дуустал ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №79 дугаартай архивын лавлагааны хуулбар, 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Батсайхан, О.Батбаатар нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Гэрэл овгийн Чадраабалын Жаргалсайханыг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд 1984 оноос 1990 оныг дуустал ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч Ч.Жаргалсайхан нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдсан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Гэрэл овгийн Чадраабалын Жаргалсайханыг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд 1984 оноос 1990 оныг дуустал ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.Жаргалсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ДАГИЙМАА