Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
Хэргийн индекс | 146/2017/00034/И |
Дугаар | 146/ШШ2017/00053 |
Огноо | 2017-02-13 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 146/ШШ2017/00053
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, 51 настай, Түмэнгийнхэн овгийн Дашзэвэгийн Өлзийбаярын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Өлзийбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие Дашзэвэгийн Өлзийбаяр нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Саруул зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Энэ хугацаанд ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир ажиллаж байсныг нотлох зүйлгүй болоод байна. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт орох хугацаа болсон боловч хөдөлмөрийн дэвтэргүйгээс болж тэтгэвэртээ орж чадахгүй байна. Иймээс 1982 оны 08 сарын 01-нээс 1987 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Саруул зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг минь сэргээн тогтоож өгнө үү. Мөн гэрчээр Б.Пүрэвжав, Цэдэвдорж нарыг асууж өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Өлзийбаяр нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Өлзийбаяр нь 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 258 дугаартай Архивын лавлагаа, гэрч Б.Пүрэвжав, Х.Цэдэвдорж нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт ирүүлсэн байх тул хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Түмэнгийнхэн овгийн Дашзэвэгийн Өлзийбаярыг 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН